Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/79

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч Д.Г-, Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х- овгийн Д-гийн Г-, Т- овгийн Б-гийн Г- нарт холбогдох эрүүгийн 2027001050077 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 17 дугаар хороо ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Октябрын районы шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар ял шийтгүүлж байсан, Т- овгийн Б-гийн Г- /РД:___/

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизм инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2007 онд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Х- овгийн Д-гийн Г- /РД: ___/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.Г-тай бүлэглэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар буюу Улиастайн голоос зөвшөөрөлгүйгээр 45 ширхэг Зэвэг /ленок/, 26 ширхэг Хадран нийт 71 ширхэг загас барьсан, агнасан гэх,

Шүүгдэгч Д.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Г-той бүлэглэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар буюу Улиастайн голоос зөвшөөрөлгүйгээр 45 ширхэг Зэвэг /ленок/, 26 ширхэг Хадран нийт 71 ширхэг загас барьсан, агнасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Улаистай голоос 45 ширхэг Зэвэг засаг, 26 ширхэг Хадран загас барьсан. Буцаж явах замд Бат-өлзий сумын цагдаа нарт баригдсан. Тухайн Улиастайн гол гэх газрыг улсын тусгай хамгаалалтай газар нутаг гэж мэдээгүй, аялал жуулчлалын бүс нутаг гэж ойлгож байсан. Ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй...” гэв.

Шүүгдэгч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр загасны хорио тавигддаг гэж бодоод Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Улиастын гол дээр очиж загас барьсан. Тэгээд буцаж явж байхдаа цагдаагийн албан хаагчид баригдсан. 45 ширхэг Зэвэг, 26 ширхэг Хадран загас барьсан. Цагдаагийн алба хаагчид саатуулагдаж үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тус газар болох Улиастайн гол гэх газрыг хариуцан хамгаалдаг бөгөөд миний хариуцсан талбай байгаа юм. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Эдгээр хүмүүс нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан торгуулийн мөнгийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 47 дугаар хуудас/

Гэрч Х.Баасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр Бат-өлзий сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Улиастайн гол дагуу хяналт шалгалт хийж байх хугацаанд Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийг Улиастайн голын хажууд зогсоож шалгахад багажнаас нь хуванцар саванд хийсэн их хэмжээний загаснууд гарч ирсэн. Тэгэхээр нь тухайн хүмүүсийн бичиг баримтыг шалгахад зөвшөөрлийн бичиг, баримт байгаагүй. Цагдаагийн тасаг дээр аваачиж уг загаснуудыг тоолж үзлэг хийхэд 45 ширхэг Зэвэг, 26 ширхэг Хадран төрлийн загаснууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 52 дугаар хуудас/

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 206 дугаартай Бат-өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Улиастайн гол гэх газрын уртраг өргөрөгийн N46044”15.1 E101039.09.4” заагдсан байршил нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаж байна...” гэсэн албан бичиг /хх 41-42 дугаар хуудас/

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04/08 дугаартай Байгаль орчинд учруулсан шууд хохирол нийт 895,000 /найман зуун ерин таван мянган/ төгрөг болж байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 54-55 дугаар хуудас/

Загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарын улсын тусгай хамгаалалттай газраас загас агнахдаа ашигласан уурга 2 ширхэгийг хураан авсан тогтоол /хх 16-24, 28-30 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-33 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2, 5-6 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 31-39 дүгээр хуудас/,           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 93, 106 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Г-, Д.Г- нар нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүлэглэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар буюу Улиастайн голоос зөвшөөрөлгүйгээр 45 ширхэг Зэвэг /ленок/, 26 ширхэг Хадран нийт 71 ширхэг загас агнасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Д.Д- /хх 47/, гэрч Х.Баасан /хх 52/ нарын мэдүүлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 206 дугаар албан бичиг /хх 41-42/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04/08 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 54-55/, загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарын улсын тусгай хамгаалалттай газраас загас агнахдаа ашигласан уурга 2 ширхэгийг хураан авсан тогтоол /хх 16-24, 28-30 дугаар хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 31-33 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2, 5-6 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 31-39 дугаар хуудас/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгч Б.Г-, Д.Г- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-ыг торгох, шүүгдэгч Д.Г-г хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г-, Д.Г- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.Г-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч Д.Г-г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч Д.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,  

Шүүгдэгч Б.Г-од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.Г-, Д.Г- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уурга 2 ширхэгийг улсын орлого болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 71 ширхэг загасыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т- овгийн Б-гийн Г-, Х- овгийн Д-гийн Г- нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х- овгийн Д-гийн Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т- овгийн Б-гийн Г-ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгч Б.Г-, Д.Г- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уурга 2 ширхэгийг улсын орлого болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 71 ширхэг загасыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г-, Д.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН