| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0074/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/77 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/77
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч Ц.Н-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д- овгийн Ц-гийн Н-, М- овгийн Б-ийн Б- нарт холбогдох эрүүгийн 2027000000074 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарыг 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, М- овгийн Б-ийн Б- /___/
2.Монгол улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д- овгийн Ц-гийн Н- /___/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Майг овгийн Б-ийн Б- /___/ нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг Баянголын аманд байрлах хохирогч Г.М-ийн гэрт түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч Г.М-ийг нөхөр Ц.Н-той бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Д- овгийн Ц-гийн Н- /___/ нь согтууруулах ундааны зүйл үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг Баянголын аманд байрлах хохирогч С.Б-, Г.М- нарын гэрт тэдэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч С.Б-ы хуухнагыг базаж, эхнэр Б.Б-тэй бүлэглэн Г.М-ийг зодож тус тус хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Б- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн үед М-ийн ээж намайг нөхрөөсөө өөр хүнтэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэдэг гэж гадуур худлаа цуурхал тараасан. Тэгэхээр би Н-ийг М-ийн ээжээс үнэн ярьсан эсэхийг очиж асуу гэж явуулсан. Тэгээд Н-ийн араас очиход зодолдож байхаар нь Б-, Н- нарыг салгасан. Тэр үед намайг Б- нь миний хоолой руу гараараа багалзуурдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд М-ийн үснээс зулгаасан....гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-68-р хуудас/
Шүүгдэгч Ц.Н- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Н- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны орой эхнэр Б.Б-гээс гадуур намайг гэр бүлийн гадуурх харилцаатай гэж ярьсан гэхээр нь уурандаа би хажуу айл Б- гэдэг айл руу орж дайрч Б-ы төмсөг хэсэг рүү гараараа базсан. Г.М-ийг бөөр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон....”гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-61-р хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, танилцуулсан тэмдэглэл, (хх-ийн 1-10-р хуудас),
Хохирогч Г.М-ийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн ‘...2020 оны 08 сарын 22-ны өдөр айлд Нарийн Хүр багт Намагт айлын найранд нөхрийн хамт хоёр найз болох Ц-, Э- нарын хамт оччихоод буцаад Нарийн Хүр багийн Баянголын аманд байх гэртээ 23 цагийн орчим ирсэн. Тэгээд хоёр найзыгаа гэрт нь хүргэж өгөх гээд байж байхад гаднаас Н- уухилсаар орж ирсэн. Тэгээд дуугарахгүй зогсоод байхаар нь асуухад юм дуугарахгүй байсан. Тэгтэл Ц- рүү Н- “Намар нэг аргалын төлөө юу гээд олон юм яриад байсан юм гээд дайраад байсан”. Тэгтэл Ц-ын эхнэр хажуугаас нь Н-ид чамд манай нөхөр тус болж байснаас буруу зүйл хийсэн юм байхгүй шүү гэж хэлээд Ц- рүү дайрах гэж байснаа болиод Н- нь шууд манай нөхөр Б- руу дайрч төмсгийг гараараа базаж, нэг гараараа чихнээс нь зулгаасан. Тэгээд манай гэрийн ширээг Н- нь хөлөөрөө тийрч эвдэлсэн. Тэгээд би нөхрийгөө салгаж авах гээд бид гурав салгах гэж үзсэн боловч дийлэхгүй байхаар нь эхнэр болох Б-г дуудъя гээд Э- гараад явсан. Тэгээд Н-ийн эхнэр Б- орж ирэхээр нь танай нөхөр яасан гэж бид хэд дээр ирж ингэж байгаа юм бэ гэхэд Б- нь яадаг юм гээд намайг үснээс зулгаагаад нааран дээр унагаасан. Тэгээд яасан гэж зулгааж байгаа юм гээд зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд тавихгүй байхаар нь Ц- бид хоёрыг салгасан. Түүний дараа Н-, Б- хоёр гэрээс гараад явсан. Б- нь гэрээс гарахдаа Ц-ийн чихэнд М-ийн ээж болох Цэвэлмааг ална гэж орж ирсэн юм гээд байхгүй гээд хайгаад гэр рүү нь хайж орсон юм. Тухайн үед манай ээж байхгүй байсан ба айлын найран дээр үлдсэн байсан. Тэгээд ээжийг байхгүй байхаар нь гэрийн гадаа байсан ширээг Б- нь газар савуулсаар байгаад эвдэлсэн. Тэгтэл Ц- наад ширээ чинь чамд ямар гэм хийсэн юм гэхэд нь яадаг юм гээд эвдэлчихсэн. Хэсэг хугацааны дараа Н-ийг согтуу байсан болохоор нь манай нөхөр Б-, Э- хоёр аргадаад яв гэж зөндөө хэлсэн боловч үг хэл авахгүй байсан. Түүний дараа Б- нь гэрийн гадаа намайг дахиад үсдэж хайрган дээр унагааж, миний биеийн хөх, зүүн гарын булчин, нуруу, хэсэгийг базсан. Тэр үед Б-гийн нөхөр Н- намайг газар хэвтэж байхад араас миний биеийн бөөр хэсэг рүү 2 удаа өшиглөчхөөд яваад өгсөн ба тухайн үед миний ухаан балартсан юм. Тэр үед Ц- ирж Б-гээс намайг салгасан юм. Тэгэхгүй бол намайг Б- нь гараараа базчихаад тавихгүй байсан юм...” гэх мэдүүлэг, (хх-ийн 16-18-р хуудас)
Хохирогч С.Б-ы 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...2020 оны 08 сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Н- уухилсаар гаднаас орж ирсэн. Тэгээд дуугарахгүй зогсоод байхаар нь асуухад юм дуугарахгүй байсан. Тэгтэл Ц- рүү Н- шууд үгийн зөрөөгүй дайрсан. Би салгах гээд очиход Н- нь миний төмсөг, баруун чихнээс зулгаачхаад тавихгүй байсан. Тэгээд намайг Ц- арай л гэж Н-оос салгаж авсан юм. Тухайн үед манай гэрийн ширээг Н- нь хөлөөрөө тийрч эвдэлсэн. Араас нь Н-ийн эхнэр нь орж ирээд манай эхнэр М-ийг үстсэн. Ямар учраас эхнэрийг үстсэнийг мэдэхгүй байна. Тэгээд гэрийн гадаа манай эхнэр М-ийг Б- дахиад үстэж хайрган дээр унагаачихсан байсан...Н- нь эхнэрийн араас 2 удаа өшиглөчхөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 20-22-р хуудас)
Гэрч А.Ц-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Тухайн өдөр буюу 2020 оны 08 сарын 22-ны орой 23 цагийн үед айлын найранд орчхоод харих замдаа Б-ы гэрт орсон юм. Тэгтэл Н- гаднаас ирээд над руу чи намар аргалаа надаас харамлаад байсан гэж уурласан. Тэгэхэд нь хажуугаас эхнэр юу яриад байгаа юм бэ манайхаас чи аргал аваал биз дээ гэж хэлсэн. Тэгээд Н- хэрүүл гуйгаад салахгүй байхаар нь эхнэр гаднаас Н-ийн эхнэрийг дуудаж ирсэн. Тэр үед Н-ийн эхнэр Б- шууд М- рүү дайрч үснээс нь зулгаасан. Тэгэхээр очиж салгаж өгсөн. Н- нь үсчээд дайраад байхаар нь Б- бид хоёр гарнаас нь барьж нааран дээр хэвтүүлээд тайвшруулсан. Тэгээд аргалаад гаргаад явуулсан чинь гэрийн гадаа М- Б- хоёр хоорондоо маргаж хоорондоо үстэлчихсэн байсныг би салгасан. Мөн тэр хоёрыг салгах явцад цаанаас «Н- гүйж ирээд М-ийн нуруу хэсэг рүү 1 удаа өшиглөхийг харсан. Өөр цохиж, зодсоныг анзаараагүй...М-ийн толгойны зулай нь халзан болчихсон байсан. Үс нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 25-26-р хуудас)
Гэрч М.Э-ын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн ‘...Тухайн өдөр буюу 2020 оны 08 сарын 22-ны өдөр айлын найранд орчхоод гэртээ хүргүүлэх гээд 23 цагийн үед Б-ынд очсон. Тэгтэл гаднаас Н- орж ирсэн. Гэрт орж ирчхээд хүн хүн харж байгаад манай нөхөр рүү дайрч чи аргалаа харамласан гээд дайраад байхаар нь би юу яриад байгаа юм гэхэд гэнэт М-ийг Н- нь наар руу цохиж унагаасан. Тэгэхээр нь би гэрээс гарч Н-ийн эхнэрийг дуудсан. Тэгтэл Н-ийн эхнэр нь орж ирээд М-ийг үстээд авсан. Арай гэж салгасан чинь хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Н-, Б- хоёрыг аргалаад гэрээс гаргасан. Тэгтэл гэрийн гадаа М-ийг Б-г үстэж байгаад чирж унагаасан. Тэгээд М-ийг уначихсан байхад нь араас нь Н- хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд нөхөр бид хоёр арай гэж тэд нарыг салгасан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 27-28-р хуудас)
Насанд хүрээгүй гэрч Г.Е-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...2020 оны 08 сарын 22-23-нд шилжих шөнө 23 цагийн үед хойд талын айлын Н- ах уухилчихсан орж ирсэн. М- эгч юу болсон юм гэхэд чамд хамаагүй. Тэгтэл Ц- ах руу чи ноднин намар хэдэн аргал авсны төлөө яадаг гэнээ гээд Ц- ах руу дайрсан. Б- ах Э- эгч хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тухайн үед Н- Б- ахын төмсөгнөөс нь базчихсан байсан. Тэгээд Э- эгч Н-ийн эхнэр Б-г дуудаж ирэхэд эхнэр нь орж ирээд шууд М- эгч рүү дайрч үснээс зулгаасан. Тэд нарыг Ц- ах салгаж байсан. Түүний дараа бүгдээрээ гэрээс гарцгаасан ба гэрийн гадаа дахин маргалдаж М- эгчийг газар унагааж байгаад үстэж байсан. Түүнийг Ц- ах салгах гээд байж байхад ардаас Н- миний эхнэрийг яаж байна аа гээд М-ийн бөөр, нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 29-30-р хуудас)
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С.Хишигмаагийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “...5. Магадлуулагч Г.М-ийн биед учирсан тархи доргилт, дух, зулай хэсгээр үс зулгаагдсан, хуйханд зөөлөн эдэд няцралт, зүүн хацарт, зүүн хөхний дээд хэсэгт 2ш, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, ар дунд хэсэгт, гадна дээд хэсэгт, хэвлийн зүүн хажуу ар хэсэгт, цээжний зүүн хажууд, ар доод хэсэгт, зүүн өгзөгөнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэлд...” гэх 458 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 32-33-р хуудас)
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С.Хишигмаагийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “...5. Магадлуулагч С.Б-ы биед учирсан хуухнагны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэлд...” гэх 460 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 46-р хуудас) зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг Баянголын аманд байрлах хохирогч Г.М-ийн гэрт түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч Г.М-ийг нөхөр Ц.Н-той бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Н- нь согтуураалах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг Баянголын аманд байрлах хохирогч С.Б-, Г.Мөнгөнцэцэг нарын гэрт тэдэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч С.Б-ы хуухнагыг базаж эхнэр Б.Б-тэй бүлэглэн Г.М-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь
Хохирогч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас,хохирогч С.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/, гэрч А.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,гэрч М.Э-ын мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нар нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж,
Шүүгдэгч Ц.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав,
Шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураадсан, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д- овгийн Ц-гийн Н-, М- овгийн Б-ийн Б- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д- овгийн Ц-гийн Н-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зууун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Майг овгийн Б-ийн Б-г Н-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зууун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нь битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйлгүй ,хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-, Ц.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА