Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 121/2022/0003/З |
Дугаар | 221/МА2022/0508 |
Огноо | 2022-07-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2022/0508
2022.07.22-ны өдөр 221/МА2022/0508
Л.Э-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Нэхэмжлэгч Л.Э
Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Л.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Т.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Хэргийн индекс: 121/2022/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Э-оос Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан “...Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Л.Э-оос Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхээс “... маргаан бүхий газарт ямар нэгэн барилга байгууламж бариагүй байх бөгөөд төмөр хашаа татсан, гэрийн буурь байсан нь тогтоогдсон. Ийнхүү хашаа татсан, зуны улиралд гэр барьж буудаг байсан зэргийн газраа зориулалтын дагуу буюу Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар ашиглаагүй байна гэж үзэхээр байна..., ковид-19 цар тахлын үеэр ирэгдийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрэн зогсоож хязгаарлаагүй тул нэхэмжлэгчийн энэ тайлбарийг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэн Л.Э-ыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын 00 баг, Дайргын 00 гудамж, 00 тоот хаягт байршилтай 4 га газрыг зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж дүнэн тус сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 тоот захирамжийг хэвээр үдээж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
3.2. Л.Э-ын зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг Ц.Б-оос шилжүүлэн авсан байдаг бөгөөд шилжүүлэн авсан цагаас хойш барилга байгууламж буюу төмөр хашааг өөрийн зардлаар барьж байгуулан зуны цагт эзэмшил газрын чанарын түвшинг хадгалах, арчлах зэргээр ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Эзэмшил газарт хашаа барьсан үйлдэл нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаагийн хэлбэр бөгөөд зориулалтын дагуу ашиглах байгууламжид тухайн хашаа нь орох боломжтой гэж үзэж байна.
3.3. Л.Э-д эзэмшүүлсэн 4 га газрыг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, цогцолбор зориулалтаар эзэмшүүлсэн ба газрыг эзэмшүүлэх тухай гэрээнд 11 жилийн хугацаанд хэрхэн зориулалтын дагуу ашиглахдаа хэзээ ямар үед барилга байгууламж барих үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан тусгаагүй байх тул төрийн байгууллага болон шүүхээс барилга байгууламж барих ёстой байсан мэтээр шууд шаардах, тулгах эрхгүй гэж үзэж байна.
3.4. Зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацаа нь ковид-19 вирусын дэгдэлт, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд хамаарч байх ба тус нөхцөл байдал нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, бизнес төлөвлөгөөнд нөлөөлсөн нь илтэд тодорхой байхад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож хязгаарлаагүй гэж шүүхээс дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.
3.5. Тэгэхээр хариуцагчийн гаргасан захиргааны актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй тул Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамж нь хууль бус юм.
3.6. Мөн тухайн газар нь гол мөрний татамд хамаарч байна гэж дүгнэсэнг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Учир нь тухайн газар нь гол мөрний татамд хамаарч байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр газрын гэрчилгээг хүчингүй болгох боломжтой ба үндэслэл бүхий хуулийн заалтыг баримталж газрын гэрчилгээг хүчингүй болгоогүй байхад нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжгүй, анхнаасаа хууль зөрчсөн мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхийн шинжлэн судлах хэмжээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт гаргаж, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн.
3.7. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Л.Э-ын эзэмшлийн газар нь Дайргын голын онцгой хамгаалалтын бүсэд хамааралтай болох нь хэрэгт авагдсан Онги-таац голын сав газрын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар албан бичгүүд, түүний хавсралт сансарын зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэргээр тогтоогджээ.
2.2. Тухайлбал, “... Уртын багийн нутаг Дайргын голын хадат хошуунаас дээш байршилтай фермерийн аж ахуйн зориулалт бүхий 4 га газар”-т анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүднээс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн байх бөгөөд тус үзлэгийн тэмдэглэл болон фото зураг, түүний тайлбараас үзвэл, нэхэмжлэгчээс тухайн газартаа “төмөр хашаа” татсан, түүн дотор “гэрийн буйр” зэрэг харагдаж байгаагаас гадна төмөр хашаан дотор “ус урсаж хөлдсөн байдалтай”, хашаан дотроос “Дайргын гол харагдах байдалтай, Дайргын голын онцгой болон энгийн хамгаалалттай бүсийг заасан самбар” зэрэг үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг тухайн газраа 2019 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгосныг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хашаа барьсан үйлдэл нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаагийн хэлбэр...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.3. Өөрөөр хэлбэл, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй зэргийг ойлгох бөгөөд дан ганц төмөр хашаа татсанаар Л.Э-ыг гэрээнд заасан “фермерийн аж ахуйн зориулалттай 4 га газар ашигласан” гэж үзэхээргүй байна.
3. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... харилцааг зохицуулахад оршино”; 3 дугаар зүйлийн 3.1.3-т “… захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар …”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:” гээд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй байна.
3.1. Гэтэл хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/121 дугаар захирамжаар анх маргаан бүхий газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж газар эзэмших эрх олгосон байх бөгөөд “...Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй” болгосон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсгэхээргүй байна.
3.2. Учир нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар усны сан бүхий газрын эргээс 50 мөтрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоох бөгөөд 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглохоор заасан. Мөн хуулийн 22.4-д зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох бөгөөд 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглохоор хуульчилсан.
3.3. Нэгэнт хуульд зааснаар усны сан бүхий газарт барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах зэргээр тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хуулиар хориглосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх ийнхүү хууль зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг зөвтгөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч дээр дурдсанаар маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор сэргэх нөхцөл бүрдэхгүй.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тухайн газар нь гол мөрний татамд хамаарч байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл заавал хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсны дараа тухайн газрын ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй, нэгэнт үйл ажиллагаа явуулахаар хориглосон бол уг газрыг ашиглуулах боломжгүйд хүрнэ. Тиймээс анхан шатны шүүхийн “... Тарагт сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тотоосон үндэслэл бүрдсэн гэж өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн” гэх дүгнэлт нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцсэн байна.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН