Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2019/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч *******-д холбогдох “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч *******, нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие “******* *******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцах явцдаа Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагч *******-ын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ******* дугаартай дүгнэлтийг олж үзсэн юм. Уг дүгнэлтээр халаалтын шугам цоорсон нь иргэн миний буруугаас үүдэлтэй гэж дүгнэж. Энэ дүгнэлтийг үндэслэн надаас 1.751.222 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэтэл энэхүү дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасныг зөрчиж миний биед уг шалгалтын талаар танилцуулаагүй, дүгнэлтийг ч танилцуулаагүй юм. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарсан дүгнэлтийг 2018 оны 12 сарын 04-ний өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийн гардаж авахдаа олж үзсэн. Ингээд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзжээ. Иймд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагч *******-ын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0507003/125 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн өдөр хийсэн хяналт шалтгалт нь төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасныг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан нөхцөлд хамаарч байгаа. Тэгэхээр энэхүү хяналт шалгалтын хувьд хүний амь нас хүрээлэн байгаа орчинд шууд болон шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийнэ гээд заасан байгаа. Гэтэл тухайн үеийн нөхцөл нь ноцтой буюу онц их хэмжээний гэсэн үнийн дүнгээс харахад тогтоогдохгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр хариуцагчийн хэлж байгаагаар иргэдийн өргөдөл гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийдэг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжид заасан хяналт шалгалт хийнэ гэсэн байгаа. Тухайн он сар өдрийн хувьд анхаарч үзэх нь зүйтэй. Энэ шалгалт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийсэн шалгалт байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 7-д зааснаар зөвхөн удирдамж хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэсэн байгаа. Энэ хуулийн 5.6, 5.9, 5.10 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй байгаа учраас тухайн хяналт шалгалтыг хийхдээ хуульд заасан журам зөрчсөн байгаа учраас эрхийн зөрчилтэй акт байна гэж үзэж байгаа учраас актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн орон сууцны 34 дүгээр байрны 15 тоотод оршин суугч иргэн *******ын гомдлын дагуу гаргасан болно. Шалгалтыг хийхдээ, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52-ын дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг Мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05/37 тоот удирдамжийн дагуу хийсэн. Шалгалтыг иргэн *******, ******* нарыг байлцуулан хийж, иргэн ******* шалны паркетийг хохирогч *******-д өгөхөө тайлбарлаж, хохирлыг түрүүчээс нь барагдуулж байгаагаа надад танилцуулж байсан. Тэр үед иргэн *******-ынд засварын ажил эхлэн явагдаж байсныг санаж байгаа байхаа. Иргэн ******* доод айлдаа халаалтын ус алдаж хохирол учруулснаа өөрийн буруугүй мэтээр тайлбарлажээ. Холбогдох хуулиудад ашиглагч, хэрэглэгчийн үүргийг доорх заалтуудаар тодорхой зааж өгснийг дурдвал Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн “Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүргийн 46.1.4 /барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах/ үүрэгтэйг, Барилга ашиглалтын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.4 /барилгын даацын бүтэц, хийц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих/ үүрэгтэйг, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 31 дүгээр заалт, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 /өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх/ үүрэгтэйг тус тус заасан байдаг. Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн дүгнэлтийг гаргасан болно.” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Даатгуулагч -ын дээд айлын дулааны шугам цоорсноос болж их хэмжээний ус алдаж, орон сууцанд нь 1.751.220 төгрөгийн хохирол учирсан. Даатгалын гэрээний дагуу даатгуулагчийн нөхөн төлбөр хүссэн өргөдлийг үндэслэн 1.751.220 төгрөгийг даатгуулагчийн эхнэр, хөрөнгийн хамтран өмчлөгч *******-ын Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Даатгалын тухай хууль болон гэрээний холбогдох заалтыг үндэслэн иргэний шүүхэд *******-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Манай компанийн зүгээс нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор ******* нь 2019.01.22-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот дүгнэлтээр “22 тоотын иргэн н.Бын халаалтын шугам цоорсны улмаас ус алдсан, энэ нь иргэн н.Б-ын буруугаас болсон” гэж тогтоосон. Тус дүгнэлтийг Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар хянаж үзээд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/15 дугаар албан тоотоор Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан эрхийн дагуу тус газарт очиж хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул дүгнэлтийг хэвээр үлдээж, *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч *******-д холбогдох “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Иргэн *******-аас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт “манайх 1-34-15 тоотод амьдардаг. 2018 оны 9 сарын 25-ны өдөр ******* тоотод халаалтын төв шугам задарч ус алдаж, манай байранд ус гоожиж тааз, обой, пракетан шал бүгд хуурч унаж их хэмжээний хохирол учирсан. Тухайн үед аймгийн *******аас ирж, хохирлыг үзэж, зураг авсан. Даатгалын үнэлгээний байгууллагаас тухайн үед ус алдсан шалтгааныг мэргэжлийн үүднээс тогтоосон дүгнэлт шаардсан тул холбогдох дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэсэн өргөдлийн дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хяналт шалгалтын удирдамжийн дагуу *******, ******* тоотод оршин суугч ******* нарыг байлцуулан уг алдсан газарт шалгалт хийж, Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг гаргажээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хяналт шалгалтын 05/37 дугаар удирдамж нь иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлт, гомдлын дагуу барилга, техникийн чиглэлээр хийх төлөвлөгөөт бус шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамрахаар баталсан байна.

Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар дүгнэлтэд: Тус орон сууцны 22 тоотын /иргэн *******-ын/ халаалтын шугам цоорсны улмаас ихээхэн ус алдаж, иргэн *******-ын өрөөний тааз, барилгын заслууд ховхорч, шал усанд норж ихээхэн хохирол үүссэн нь шалгалтаар тогтоогдлоо. Энэ нь иргэн *******ын буруугаас болжээ. Шалгалтаар оршин суугч айлуудын халаалтын шугамнууд цоорч гагнасан, резинээр боосон, уг гоожсон, гадна тохижилт хийгдээгүй, шугам сүлжээний бүх хаалтыг чанаргүй хийснээс эвдэрсэн, гамшиг, аюул, шаардлага гарсан үед эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Дээврын ажил БНбД *******-ын, Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-04-03-ын заалтуудыг тус тус зөрчсөн гээд дээрх байдлыг үндэслэн “Орон сууцны 34 дүгээр байрны *******-ын 15 тоот нь иргэний эрүүл, таатай амьдрах нөхцлийг хангахгүй байгаа тул цаашид их засвар хийх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Энэхүү дүгнэлт нь иргэн *******-ын гэрт ямар шалтгааны улмаас хаанаас ус алдсаныг тогтоосон байна, харин хэдэн төгрөгний хохирол учирсан, хэнээс гаргуулах талаар тогтоогоогүй юм.

Баримт бичгийн шийдвэрлэлтийн явц гэх баримтад “иргэн *******-тай уулзаж, хохирлын шалтгааныг тогтоож, хохирлыг хариуцахаар болов” гэсэн, мөн шүүх хуралдаанд ******* нь “******* нь та манай шалыг янзлаад өгчих гэсний дагуу би манай байрнаас ус алдсан тул 700,000 төгрөгийн үнэ бүхий пракетан шал авч өгсөн. ******* нь надаас шалны мөнгө авчихаад *******ын компаниас давхар мөнгө авчихсан байна. Гэтэл *******ын компани мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд надад 1.750.000 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн. ******* нь ус алдсаны дараа гэртээ уналттай тааз хийлгэж, өрөөнүүдийнхээ обойг сольж, шалаа сольсон. Өрөөнийхөө ханыг буулгаж өөрчлөн зассан байсан, миний өгсөн пракетаар усанд автсан шалаа хангалттай засахаар байсан” гэх тайлбараас харахад ******* нь өөрийн байрнаас ус алдсаны улмаас *******-ын гэрт учирсан хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч сайн дураараа төлжээ.

Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигчийн хүлээх үүргийг тусгасан бөгөөд 46 46.1.4-т “барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах”, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх” гэж тус тус заасны дагуу ******* нь өөрийн эзэмшлийн байрны шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар үйлчилгээг хангах үүрэгтэй байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрхийг нарийвчлан тусгасан бөгөөд 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.9.11, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч *******-ын гаргасан “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА