Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 918

 

“Монголын алт МАК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00099 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Монголын алт МАК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Түмэн цагаан” ХХК-д холбогдох,

 

201 197 301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Агиймаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ганбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Манай компани 2012 оны 9 дүгээр сард “Түмэн цагаан” ХХК-тай 499-0712 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “Мок ап” /Моск-uр/ барилгад хаалга, цонх хийх ажлыг нийт 48 100 ам.долларт багтаан 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуанлийн 60 хоногийн дотор хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэтэл гүйцэтгэгч нь “Мок ап” /Моск-uр/ барилгад хаалга, цонхны рам (хүрээ) суурилуулсанаас өөр ажил хийж гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн болно. Уг гэрээний дагуу манай компани “Түмэн цагаан” ХХК-д 2 удаагийн шилжүүлгээр нийт 51 385.90 ам.доллар шилжүүлсэн. Мөн манай компанийн санхүүгийн албаны буруутай үйл ажиллагааны улмаас 3 285.90 ам.долларыг илүү шилжүүлсэн байна. Хаалга, цонх хийгдээгүйн улмаас барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байсан тул энэ тухай “Түмэн цагаан” ХХК-д албан бичгээр шаардлага тавьсан. “Түмэн цагаан” ХХК-иас “...2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажил эхлэх тул хамгийн түрүүнд танай компанийн ажлыг яаралтай дуусгаж өгнө” гэсэн хариуг өгсөн.

Гэвч 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээт ажлыг гүйцэтгэж эхлээгүй, арга хэмжээ аваагүй, тогтоосон хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй тул манай компани гэрээнээс татгалзсан. Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт тус тус заасанчлан талууд өгсөн авснаа харилцан буцаах буюу гүйцэтгэгчээс нийт 51 385.90 ам.доллар буюу 100 366 426 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Талууд 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших захиалагчийн төв байрны гадна талын шилэн фасадны дарагч, гоёлын тагийг солих, засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгүүлэхээр 336-0713 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд гүйцэтгэгч нь гэрээт ажлыг хуанлийн 60 хоногийн дотор нийт 62 601 000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэх, гэрээт ажлын эцсийн үр дүнг талуудын эрх бүхий төлөөлөгчид хамтран шалгаж акт үйлдэж хүлээлцэхээр заасан байдаг.

Улмаар манай компаниас 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болгон 35 901 000 төгрөгийг “Түмэн цагаан” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл “Түмэн цагаан” ХХК-ийн одоогоор хийж гүйцэтгэсэн ажлын өртөг нь нийт 10 450 000 төгрөг байна. “Түмэн цагаан” ХХК-ийг 336-0713 тоот гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын үр дүн гэрээнд заасан тоо хэмжээнд хүрэхгүй байгаа тул доголдолтой гэж үзэж, манай компанийн нийт төлсөн төлбөрөөс гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг хасч тооцоход нийт 25 451 000 төгрөгийн илүү төлөлттэй байна.

Мөн гэрээний 8.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөхөөр заасан байдаг. Хугацааг 641 хоног хэтрүүлсэн. Гэрээнд заасан хувь хэмжээгээр алдангийг тооцож үзвэл нийт 100 286 373 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан нийт 26 075 500 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй байна.

Манай компани “Түмэн цагаан” ХХК-тай нийт 3 гэрээ байгуулж ажиллаж байсан бөгөөд эдгээр гэрээний дагуу Төв аймгийн Өвгөний ам, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх захиалагчийн төв оффисийн барилгуудад хийж гүйцэтгэх ажлууд байсан. Гэтэл манай санхүү, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэнгүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас огт үндэслэлгүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 25 243 ам.долларыг “Түмэн цагаан” ХХК-д шилжүүлсэн болохыг олж тогтоосон. Уг шилжүүлгийг гүйцэтгэхдээ төлбөрийн утга хэсэгт “Төв аймаг залаатын шилэн фасадны ажлын төлбөр” гэсэн байдаг.

Төв аймагт баригдаж “Мок ап” /Моск-uр/ барилга дээр ч фасадны ажил хийгдээгүй байгаа тул манай компаниас “Түмэн цагаан” ХХК-д шилжүүлсэн 25 243 ам.доллар нь огт үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-ийг баримтлан үндэслэлгүй олж авсан хөрөнгө болох 25 243 ам.доллар буюу 49 304 375  төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.  

Иймд дээр дурдсан гурван үндэслэлээр гүйцэтгэгчээс 499-0712 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 51 385.90 ам.доллар буюу 100 366 426 төгрөг, 336-0713 тоот гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөс гүйцэтгэгчийн бодит хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасч илүү төлсөн 25 451 000 төгрөг, 336-0713 тоот гэрээнд заасан алданги 26 075 500 төгрөг, үндэслэлгүй олж авсан 25 243 ам.доллар буюу 49 304 375 төгрөг, нийт 201 197 301 төгрөг гаргуулж, манай компанид олгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.  

Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа алдсан нь үнэн. Гэхдээ бодит байдал дээр нэхэмжлэгч тал цонхны хүрээг суулгахад бэлэн болгож өгөөгүй, биднийг ажлаа бүрэн хийж гүйцэтгэхэд өөрсдөө саад болсон. Нэхэмжлэгчээс ямар ч арга хэмжээ авахгүй, хариу өгөөгүй учраас бид өөрсдөө гэрээнд заагдаагүй илүү ажлыг хийж, өрлөг өрөөд хүрээг суулгасан. Хүрээг суулгаж дуусахад гэрээний хугацаа аль хэдийн хэтэрсэн байсан.

Манай компани 24 000 000 төгрөгийн гэрээнд заагдаагүй ажил хийж гүйцэтгэсэн. Гэтэл шинжээч ердөө 231 200 төгрөгийн өрлөгийн ажлыг хийсэн гэж дүгнэсэн байна. Үүнийг зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардаж байгаа бол анх гэрээ байгуулсан үеийн ханшаар шаардах учиртай. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар бодох ёстой. Хэрэв үнэхээр гэрээний үүргээ биелүүлээгүй гээд бид төлөх ёстой юм бол үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар буюу 1 ам.долларыг 1402 төгрөгөөр бодох ёстой.

336-0713 тоот гэрээний 4.1.11-д зааснаар гадна фасадны силиконыг хийсэн, гэрээнд зааснаар уг ажлыг гүйцэтгэлээр тохирох ёстой байсан. Гэтэл гэрээний 4.1.11-д заасны дагуу хийсэн ажлыг маань дөнгөж 2 893 500 төгрөг болсон гэж шинжээч дүгнэлтдээ дурдсан байгааг зөвшөөрөхгүй. Манай тооцооллоор бид нийтдээ 25 000 000 төгрөгийн ажил хийсэн байгааг багасгасан үнийн дүнг гаргасан байна. Нэгэнт бид гэрээний дагуу хийх ажлаа дутуу гүйцэтгэсэн хэдий ч бид гэрээнд заагдаагүй илүү ажлыг хийсэн тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 35 901 000 төгрөгт хийсэн ажил маань багтаж байгаа.

            Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн хооронд ажил хэргийн харилцаа байсан. Бид нийтдээ 2 гэрээг бичгээр, 1 гэрээг амаар хийсэн. Бид нэхэмжлэгчтэй аман гэрээ байгуулж Төв аймгийн Өвгөний аманд байрлах сүмийн барилгын бүх хаалга цонхны ажлыг нь хийсэн. Бас Төв аймагт байрлах газарт нэхэмжлэгчийн ажилчдын байрыг бүхэлд нь барьсан. Уг ажлуудын хүрээнд нэхэмжлэгч 25 243 ам.долларыг шилжүүлсэн. Тэгсэн атлаа одоо биднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч компани нь нэхэмжлэгчийн захиалгын дагуу дээр дурдсан ажлуудыг хийсэн, нэхэмжлээд байгаа мөнгө нь хийсэн ажлуудын төлбөр байх гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч тайлбарлахдаа уг мөнгийг шилжүүлэхдээ “Төв аймаг залаатын шилэн фасадны ажлын төлбөр” гэж бичсэн байдаг. Энэ мөнгө манай дансанд орсон эсэх нь тодорхойгүй. Тэгэхээр гүйлгээний утга хэсэг зөрсөн байгаа нь манайх авсан гэсэн зүйл биш юм. Хоёр компанийн ажил гүйцэтгэх гэрээнд бусад компаниуд гуравдагч этгээдээр ажилд оролцоод явж байсан. Тэр компани руу шилжүүлсэн байх магадлалтай. Үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн гээд байгаа ч манайд энэ талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй. Тухайн үед ам.долларын ханш 1462 төгрөг байхад мөнгөө шилжүүлчихээд одоо 2015 оны ханшаар үүргийн гүйцэтгэлийг шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ам.долларын ханш бага байхад шилжүүлчихээд 2015 оны байдлаар ам.долларын үнэ өссөн байхад буцааж нэхэмжилж байгаа нь манайд мөнгөө хадгалуулчихаад буцааж өндөр үнийн дүнгээр нэхэмжилж байгаа юм шиг харагдаж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид шинжээчийн зардлуудыг хөрөнгө, мөнгөний бололцоогүйн улмаас төлж чадаагүй гэжээ.   

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Түмэн цагаан” ХХК-иас 157 367 286 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Монголын алт МАК” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 830 015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 163 936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 944 786 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагчаас 330 000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д 1 000 000 төгрөг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр 43 830 015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс нийт 33 880 015 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 336-0713 тоот гэрээний 4.1.8-д заасан салхивчны дулаалга хийх 4 500 000 төгрөг, 4.1.9-д заасан консаль дулаалга хийх 5 000 000 төгрөгт ажлын хөлс болон материалын зардал багтсан дүн юм.

Гэтэл шинжээч дүгнэлтдээ "Захиалагчийн хүлээн зөвшөөрсөн 2 ажлын хувьд гэрээний үнийн дүнгээр тооцоход НӨАТорсон материалын өртөг 10 450 000 төгрөг байна. Энд гүйцэтгэсэнд тооцож буй 2 ажлын ажлын хөлс нэмэгдэх ёстой" гэж дүгнээд гэрээнд заасан үнийн дүн дээр даруй 14 522 279 төгрөгийг нэмж тооцсон. Шинжээч гэрээтэй сайн уншиж танилцалгүй, дээрх 2 дулаалгын ажлыг хийж гүйцэтгэхэд 14 000 000 төгрөгийн ажлын хөлс гарна гэж тооцсон нь буруу юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдсэн байх тул энэ хүртэлх гэрээний харилцааг хэвээр үлдээж гэрээг цуцлах, илүү төлсөн төлбөр, алдангийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардлагыг гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүхээс "гэрээнээс бүхэлд нь татгалзаж байгаа нөхцөлд гэрээний заалт бүрээс, түүн дотроо анзын тухай заалтаас татгалзсан" хэмээн дүгнэж шийдсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр нийт 2 удаа шинжээч томилсон бөгөөд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24745 дугаар захирамжийн дагуу томилогдсон Барилгын төсөвчдийн холбоо нь хариуцагчаас шинжээчийн зардал төлөхгүй байна гэсэн шалтгаанаар дүгнэлтээ гаргалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүтэн 9 сарын турш түдгэлзсэн тул манай компаниас 2016 оны 05 дугээр сарын 09-ний өдөр шинжээчийн зардлаас 500 000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбоонд шилжүүлж, баримтыг хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан. Гэтэл шүүхээс манай компанийн ийнхүү шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулалгүй орхигдуулсан байна.

Талуудын хооронд байгуулсан 336-0713 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг гэрээний үнэлгээгээр буюу нийт 10 450 000 төгрөгөөр тооцох, 336-0713 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн анз болох нийт 26 075 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн төлбөрт төлсөн 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийт 33 880 015 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 499-0712 тоот гэрээний тухайд нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 51 385.90 ам.долларыг нэхэмжилж, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2015 ооны 06 дугаар сарын 30-ны өдрийн долларын ханш 1953.19 төгрөгөөр тооцож 100 366 426 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдаж, үүрэг үүссэн өдөр нь 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр юм. Энэ өдрийн ам.долларын ханш 1402.68 төгрөг байсан. Үүнээс тооцвол нэхэмжилж байгаа 51 385.90 ам доллар нь 72 076 711 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 25 243 долларыг хариуцагчиин дансанд үндэслэлгүйгээр, андуурч шилжүүлсэн гээд буцаан нэхэмжилж байгаа. Нэхэмжлэхдээ мөн нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 1953.19 төгрөгөөр тооцож 49 304 375 төгрөг нэхэмжилж байна. Мөнгө шилжүүлсэн гэх 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн долларын ханш нь 1462.75 төгрөг байсан ба энэхүү ханшаар тооцвол 36 905 266 төгрөг болж байгаа юм.

Нэхэмжлэгч нь түүний өөрийн ажилтны буруугаас шалтгаалан үндэслэлгүйгээр хариуцагчийн дансруу энэ мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл "танай дансанд буруу мөнгө шилжүүлчлээ" гэж манайд нэг ч удаа амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй атлаа гэнэт 2 жилийн дараа банкинд мөнгө хадгалуулсан юм шиг долларын ханшийн зөрүүг ашиглан 2 дахин нугалж, манай байгууллагын буруу мэтээр нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Долларын ханшийн зөрүүгээр тооцсон мөнгө нь 12 399 109 төгрөг болж байгаа ба үүнийг нэхэмжлэгчид ямар ч үндэслэлгүйгээр төлөх үүрэг үүсгэн шүүх шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иймээс нэхэмжлэлийн энэ шаардлагын тухайд хэргийн бодит үнэнийг тогтоох зорилгоор өөр ажлууд хийгдсэн байдал, төлбөр мөнгөө дансаар шилжүүлсэн баримт, зөвхөн гүйлгээний утгаа андуурч бичсэн нь мөнгөө буцааж авах үндэслэл мөн эсэх, энэ талаар тухайн үед болон өмнө нь яагаад нэг ч удаа мэдэгдэж байгаагүй нөхцөл байдал, энэ мөнгө нь хариуцагчийн дансанд орсон эсэх эсхүл хэлбэрийн төдий гүйлгээ эсэх, мөн хэргийн үнэн бодит байдлыг тогтоолгох зорилгоор хариуцагч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авалгүй, тодорхойгүй нөхцөл байдалд шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхийг хүртэл хязгаарлаж, алдаа гаргасан.

Анхан шатны шүүх "нэхэмжлэгч тал ам.долларыг буцаан шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасантай харшлахгүй" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа долларын ханшийг гэрээ байгуулж, үүрэг үүсэх үеийн ханшаар 2 жилийн дараах бус нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан атлаа дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг хангалгүйгээр шүүх хуралдаан явуулж, шийдвэр гаргасан.

Талуудын хооронд гэрээтэй болон гэрээгүй хэд хэдэн ажил хийгдсэн. Үүнээс 2 л гэрээтэй холбоотой зүйлийг нэхэмжилж байгаа. Талууд ажил гүйцэтгэхтэй холбоотой үйлдсэн бичиг баримт цөөн бөгөөд үйлдсэн бичиг баримт болон фото зургуудыг гүйцэтгэгч тал захиалагч талд бүгдийг хүлээлгэн өгсөн. Тийм ч учраас нэхэмжлэгч талаас бүхий л баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргуулсан боловч бүгдийг гаргаж өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулах эсхүл хэргийн үнэн зөв байдлыг тогтоох, хэргийн оролцогчийн эрхийг хангуулах зорилгоор, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Монголын алт МАК” ХХК нь хариуцагч “Түмэн цагаан” ХХК-д холбогдуулан 2012 оны 09 дүгээр сард байгуулсан 499-0712 тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 51 385 ам.доллар буюу 100 366 426 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 336-0713 тоот гэрээний гүйцэтгэлд илүү төлсөн 25 451 000 төгрөг, алданги 26 075 500 төгрөг, үндэслэлгүй олж авсан 25 243 ам.доллар буюу 19 304 375 төгрөгийг буцаан гаргуулахаар, нийт 201 197 301 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “Монголын алт МАК” ХХК болон “Түмэн цагаан” ХХК-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 499-0712 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл Төв аймгийн “Өвгөнтийн ам” гэх газар баригдаж буй “Мок ап” загварын барилгад хаалга, цонх хийх ажлыг “Түмэн цагаан” ХХК гүйцэтгэж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ажлын хөлс 48 100 ам.долларыг “Монголын алт МАК” ХХК төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээний хугацаа 60 хоног, “Монголын алт МАК” ХХК нь 48 100 ам.долларыг 3 285,90 ам.долларын хамт нийт 51 385,90 ам.доллар шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх  хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

            Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасанаар хугацаа хэтрүүлсэнд тооцогдох бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

            Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлын тоо хэмжээг дутуу гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн доголдолтой гэж үзнэ. Ажлын үр дүнгийн доголдлыг ажил гүйцэтгэгч арилгаагүй тул түүнийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

 

             Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 705 дугаар тоот дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 231 200 төгрөгөөр тодорхойлсныг хариуцагч няцаагаагүй байна.

 

            Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 48 100 ам.долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар 1 ам.долларыг 1953,19 төгрөгөөр тооцож, гүйцэтгэсэн ажлын үнэ 231 200 төгрөгийг хасвал 93 717 239 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч энэ гэрээний үүрэгт 3 285,90 ам.долларыг илүү шилжүүлсэн тул хариуцагчийн энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй. 1 ам.долларыг 1953,19 төгрөг гэж тооцвол энэ үнийн дүн 6 417 987 төгрөгөөр тодорхойлогдох байна. Иймд нийт 100 135 226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.

 

            Мөн талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 336-0713 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээний зүйл нь “Монголын алт МАК” ХХК-ийн төв байрны гадна талын шилэн фасад дарагч, гоёлын тагийг солих, засвар үйлчилгээ зэрэг 6 төрлийн ажил байх бөгөөд нэхэмжлэгч нь 62 601 000 төгрөгийг гэрээний үнэд төлөх, 6 дахь ажлыг гүйцэтгэлээр тооцох, гэрээний хугацаа 60 хоног байхаар тохиролцсон байна.

 

            Тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Энэ гэрээний үнэд нэхэмжлэгч 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 35 901 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон.

 

            Хариуцагч гэрээний хугацааг хэтрүүлсэн, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, ажлын үр дүн доголдолтой талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 225 дугаар зүйлийн 225.1, 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Иймд ажил гүйцэтгэгч үүргээ ноцтой зөрчсөн тул захиалагч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах, хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Иймд “Барилгын хөгжлийн төв” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ШД06/16 тоот дүгнэлтээр тогтоогдсон ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ болох 24 972 279 төгрөг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 705 тоот дүгнэлтээр тогтоогдсон гүйцэтгэсэн ажлын хэмжээ болох 2 893 500 төгрөгийн буюу нийт 27 865 779 төгрөгийг нэхэмжлэгчийн урьдчилгаанд шилжүүлсэн 35 901 000 төгрөгөөс хасч үлдэх 8 035 221 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 336-0713 тоот гэрээний 8.1 дэх заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор талууд тохиролцсон боловч захиалагч нийт гэрээний үнэ болох 62 601 000 төгрөгийг шилжүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох боломжгүй юм. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

            “Монголын алт МАК” ХХК-иас хариуцагч “Түмэн цагаан” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 25 243 ам.долларыг шилжүүлсэн байна. Энэ үнийн дүнтэй холбоотой ажил гүйцэтгэсэн байдал тогтоогдохгүй байх тул гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

            Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.

 

            “Барилгын төсөвчдийн холбоо” ХХК-ийн шинжээчийн ШД06/16 дүгнэлтээр хариуцагч зарим ажил хийж гүйцэтгэсэн гэсэнтэй холбогдуулж нэхэмжлэлийн зарим шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр шүүх зардлыг хувиарлаж шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн шүүхийн зардалд төлсөн 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлээгүйг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх  хэсэгт заасан үүргийг гүйцэтгэх үеийг нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцсон нь хуульд нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлтээ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн шинжээч дахин томилуулах, мөнгөн хөрөнгө үндэслэлгүй шилжүүлсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нотлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр нотлогдох үйл баримтад хамаарахгүй гэх үндэслэлээр хангахгүй орхисныг буруутгах боломжгүй. Учир нь дээрх үйл баримтыг уг баримтыг тогтооход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг шаардлагагүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Монголын алт МАК” ХХК-иас төлсөн 327 351 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 945 000 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД                                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА