| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/0070/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/81 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/81
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Хохирогч Д.Я-, Ч.Г-,
Шүүгдэгч Д.Я-гийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- овогт Ч-ын Г-, Ө овогт Д-ийн Я- нарт холбогдох эрүүгийн 2027000000047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б- овогт Ч-ын Г- /РД: ___/.
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1231-2-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Өрд овгийн Д-ийн Я- /РД: ___/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ч.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Өвтийн хороонд байрлах өөрийн гэртээ Д.Я-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Д.Я-гийн нүүр хэсэг үү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх,
Шүүгдэгч Д.Я- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Өвтийн хороонд байрлах хохирогч Ч.Г-ын гэрт түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Ч.Г-ын хүзүү, мөр хэсэгт архины шилээр хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Ч.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Я- манайд нутгийн буян нэртэй архитай орж ирсэн. Архиа ууж дуудсаад хамгийн сүүлийн хундагыг намайг уутал Я.Г- өөртөө их хийж уулаа гээд байхаар нь би архиа уучихаад аягаа түүн рүү шидсэн. Гэтэл Ч.Г- архины шилээр миний хүзүү, мөр хэсэг рүү цохьсон. Удалгүй гаднаас цагдаа орж ирсэн” гэв.
Шүүгдэгч Д.Я- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дүүгийндээ очиж монгол архи уучихаад явах гэтэл нэг шил 0,5 гарммтай нутгийн буян нэртэй архи өгсөн. Тэр архийг аваад Ч.Г- дээр очсон. Архиа ууж байгаад Ч.Г-тай маргаж архины шилээр цохьсон. Тэгээд гүрээнээс нь цус гараад байхаар нь би айгаад цагдаад очиж хүн алчих шиг боллоо гэж мэдэгдсэн” гэв.
Хохирогч Д.Я-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар багт М-гийнд орсон чинь 1 шил архи өгсөн. Тэгээд би тэр архийг аваад Г-ын гэрт очсон. Тэгээд Г- байхаар нь хамт архи уухуу гэсэн чинь Г- ууя гэсэн. Тэгээд архи ууж байсан чинь Г- архиа өөртөө хийж уугаад байхаар нь Г-аа чи өөртөө архи их хийж уугаад байгаа юм биш үү гэсэн чинь Г- ууж байсан аяга над руу шидээд миний хацрыг оноод хацраас цус гарсан. Тэгээд би ууж байсан архины шилээ хагалаад Г- хүзүү, мөр хэсэг рүү нь шилээр зүссэн юм. Тэгээд би гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, (хх 19-20 дугаар хуудас)
Хохирогч Ч.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар багт гэртээ байж байсан чинь гаднаас Я- орж ирсэн. Тэгээд Я- нэг шил Нутгийн буян гэсэн шошготой архи гаргаж ирээд хамт уухуу гэсэн. Тэгээд би Я-тэй нэг шил авчирсан архийг хамт уугаад байж байсан чинь намайг Я- өөртөө их хийгээд архи уугаад байна гэхээр нь чи энэ архиа харамлаад байгаа юм уу гээд архи ууж байсан цайны шаазан аягыг Я-гийн нүүр хэсэг рүү шидсэн чинь Я-гийн зүүн хацар хэсгийг оноод хацарнаас нь цус гарсан. Тэгээд Я- ууж байсан архины шилээ хагалаад ирээд миний хүзүү, мөрлүү шилээр хатгасан. Тэгээд удалгүй манай эхнэр Алтай ирээд миний цусыг цэвэрлээд байсан чинь цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, (хх 16-17 дугаар хуудас)
Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...19 цагийн үед гэртээ ирсэн чинь Г- гэртээ согтуу хүзүүнээсээ цусаа гоожуулчихсан байж байсан юм. Тэгээд би юу бослон талаар Г-аас асуухад Я-тэй архи ууж байгаад намайг Я- архины шил хагалаад хүзүү, мөр рүү зүсээд хаяачихлаа гэсэн...” гэсэн мэдүүлэг, (хх 27 дугаар хуудас)
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 215 дугаартай “...Үзүүлэгч Д.Я-гийн зүүн хацарын төвгөр хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх 31 дүгээр хуудас)
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 214 дугаартай “...Үзүүлэгч Ч.Г-ын биед хүзүү, зүүн гарын бугалга хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, (хх 39 дүгээр хуудас)
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 14 дүгээр хуудас/
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 45, 47 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 75 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Шүүгдэгч Ч.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Өвтийн хороонд байрлах өөрийн гэртээ Д.Я-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Д.Я-гийн нүүр хэсэг үү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх,
Шүүгдэгч Д.Я- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Өвтийн хороонд байрлах хохирогч Ч.Г-ын гэрт түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Ч.Г-ын хүзүү, мөр хэсэгт архины шилээр хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Я-, Ч.Г- нарын мэдүүлэг (хх 19-20, 16-17 дугаар хуудас), гэрч Н.А-ийн өгсөн мэдүүлэг (хх 27 дугаар хуудас), Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №214, 215 дугаар дүгнэлтүүд (хх 31, 39 дүгээр хуудас), гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 14 дүгээр хуудас/, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 45, 47 дугаар хуудас, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.
Талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
шүүгдэгч Д.Я-гийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас 48 цагийг хасч, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 462 /дөрвөн зуун жаран хоёр/ цагаар, шүүгдэгч Ч.Г-ын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас 48 цагийг хасч, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 452 /дөрвөн зуун тавин хоёр/ цагаар тус тус тогтоож,
шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж
Шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нар нь 6 хоног тус тус цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарт хорихоос ял оногдуулсан тул цагдан хоригдож буй шүүгдэгч нарыг суллаж,
шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэглэж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өрд овогт Д-ийн Я-, Б- овогт Ч-ын Г- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өрд овогт Д-ийн Я-г 510 /таван зуун арав/ цаг хүртэл хугацаагаар,
шүүгдэгч Б- овогт Ч-ын Г-ыг 500 /таван зуун/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-гийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас 48 цагийг хасч, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 462 /дөрвөн зуун жаран хоёр/ цагаар, шүүгдэгч Ч.Г-ын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас 48 цагийг хасч, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 452 /дөрвөн зуун тавин хоёр/ цагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нар нь 6 хоног тус тус цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарт хорихоос ял оногдуулсан тул цагдан хоригдож буй шүүгдэгч нарыг суллаж,
шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Я-, Ч.Г- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН