Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 278

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Автозамчдын гудамж Монполимет цогцолбор 30 дугаар байр “Нар-Урт” ХХК /УБД:9011200097, РД:2872072/-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө Хан-Уул дүүргийн Соёлын ордоны хойд талд байрлах, “Баянгийн эх” ХХК

    Хариуцагч: Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шархад 32-495 тоотод оршин суух, Цагаадай овогт Чулуунбатын Жаргалмаа /РД:ХЛ67041505/ нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 795 237 төгрөгийг “Баянгийн эх” ХХК-иас, гэм хорын хохиролд 16 795 237 төгрөгийг Ч.Жаргалмаагаас  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтох, С.Батбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ, хариуцагч Ч.Жаргалмаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Даваабилэг, хариуцагч “Баянгийн эх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогтхүү, иргэдийн төлөөлөгч Ё.Бямба, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нар-Урт” ХХК нь “Баянгийн эх” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13/25 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гүйцэтгэгч “Баянгийн эх” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 2.2-р зүйлд “...ажлыг хийхдээ барилгын норм дүрэм, ажлын зургийн шаардлагад нийцүүлэн иж бүрнээр нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгнө”, 2.5-р зүйлд “...захиалагчаас эцэслэн баталгаажуулаагүй бараа, материалыг ямар ч нөхцөлд ашиглахгүй...” үүргүүдийг зөрчсөн тул тус гэрээний 8.2, 8.3 дугаар зүйлд тус заагдсанаар захиалагч тал гэрээнээс татгалзан цуцалсан бөгөөд гэрээний 6.4-р зүйлд заагдсанаар учирсан хохирлыг гүйцэтгэгч компани нөхөн төлөх үүрэг хүлээсэн. Дээрх гэрээнд захиалагчийн барилгын ерөнхий инженерээр Ч.Жаргалмаа нь 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллахдаа Иргэний хууль, Барилгын тухай хууль, Барилга захиалагчийн дүрмийг баримтлан гүйцэтгэлийн явцад батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн нөхцөл болон технологийн хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эс үүсвэрийг үр ашигтай зарцуулах, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулах, барилга байгуламжийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулахтай холбоотой үүрэг хариуцлагыг хүлээсэн хэдий ч түүний буруутай үйл ажиллагааны улмаас буюу батлагдсан зургийг авторт болон удирдлагад мэдэгдэлгүй дур мэдэн өөрчлөлт хийн гүйцэтгүүлсэн, хяналтыг бүрэн хийгээгүй, гүйцэтгэчид шилжүүлэх төлбөр дээр зөвшөөрөл өгч төлбөрийг бүрэн шилжүүлэхэд оролцож компанид их хэмжээний хохирол учруулсан. Тус дээврийн ажилтай холбоотойгоор:

- Монгол улсын зөвлөх инженер Ж.Дашчойнхорын Улсын мэргэжлийн хяналлтын газарт 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тохиолдолд “дээврийн ажлыг батлагдсан зурагт өгөгдсөн битум шигтгэсэн хайрган үеийг өөрчилж явган замын хавтан нэг үе зүйж угсарсан, зориулалтын бус хавтанг дээвэрт хэрэглэж болохгүй” , “...хариуцсан инженерт мэдэгдэж шаардлага тавихад хүлээж аваагүй”,

- Мөн түүний дээврийн ажил дээр гаргасан 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн нарийвчилсан дүгнэлтэд “дээврийн 1 м.кв талбайд зургаар 375.1 кг/м.кв, гүйцэтгэлээр 463.3 кг/м.кв ачаа ногдож байна. Зурагт өгөгдсөнөөс дээврийн 1 м.кв талбайд 88.13 кг/м.кв илүү ачаалал нэмэгдсэн байна”

- “Нар-Урт” ХХК-ийн комиссын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ажлын гологдлын актаар “дээврийн ажлыг гүйцэтгэхдээ зургийн дагуу гүйцэтгээгүй, авторын зөвшөөрөлгүйгээр өөрчилсний улмаас дээврийн ус тусгаарлах чанар алдагдаж, дусаал гоожсон”, “...дээврийн ажлыг зургийн дагуу засварлан хийх шаардлагатай болохыг тодорхойлж байна”, “гэрээнд заасан ажлуудаа засалгүйгээр дур мэдэн захиалагч компанид албан ёсоор мэдэгдэлгүй ажлаа хаяж явсан”

- Компанийн дотоод аудиторын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтээр хохирол тодорхойлсон байдал,

- Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-81/1755 тоот дүгнэлтэд “шалгалтаар илэрсэн зөрчил: 1.Барилгын анхны зураг төслөөр 15 давхрын ашиглалттай дээвэрт өгөгдсөн битум шигтгэсэн хайрган үеийг өөрчилж явган замын 100*200*50 мм хэмжээтэй хавтангаар өнгөлгөө хийсэн байна. 2.Барилгын 15 давхрын таазны зарим хэсэг газар ус нэвчиж толбо тогтсон” зэрэг баримтуудаар буруутай үйл ажиллагааг нотолж байгаа ба доголдолтой дээврийг хуулж дахин шинэчилэхэд гарсан зардал, дараагийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дүн болон шилжүүлсэн төлбөрөөр бодит хохирлыг тогтоосон бөгөөд тэдгээрийг баталгаажуулан нэхэмжлэлд хавсаргасан. Иймд гүйцэтгэгч тал болох “Баянгийн эх” ХХК болон “Нар-Урт” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байсан Ч.Жаргалмаагийн хууль тогтоомж зөрчсөнөөс компанид гэм хор учруулсан буруутай үйл ажиллагаанаас учирсан 33 590 475 төгрөгийн хохиролоос хувь тэнцүүлэх буюу 16 795 237 төгрөгийг тус тус нөхөн гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Жаргалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанид хохирол учруулсан гэж нэхэмжилсэн байна. Удаа дараа ийм утгагүй байдлаар миний нэр төрд халдаж, иргэн намайг тохуурхан даажигнаж байна. Миний бие “Нар-Урт”ХХК-д 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Барилгын ерөнхий инженерээр ажилд орсон. Ажилд орох шалтгаан нь Монполимет группын зөвлөх Ц.Гарамжавтай уулзаж, тэрээр “манайд ажиллавал 4 өрөө байр үнэ төлбөргүй өгнө, цалин 3 сая төгрөгөөс эхэлнэ, нийгмийн халамж маш сайн, ажилчдаа сайн харж үздэг, чи алдахгүй, зөв сонголт болно” гэсэн санал тавьсаны дагуу энэ компанид Ерөнхий инженерийн ажилд орсон байдаг. Тухайн үед миний бие “Бодь пропертийз” ХХК-нд төслийн удирдагчийн ажилтай, цалин боломжийн, хангамж нөхцөл өндөр, компаниас өөрийн ажилчдад олгодог орон сууцны хөнгөлөлттэй /хүү 6 хувь/ зээлийн эрх олгосон байсан. Гэхдээ миний бие “Нар Урт” ХХК-иас орон сууцыг үнэ төлбөргүй гэдэг нөхцлийг илүүд үзэж саналыг хүлээн авч, ажлаасаа гарч, энэ компанид ажиллах болсон. Ажилд орох үед хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа туршилтын хугацаанд цалин 2,5 сая төгрөгөөс эхэлнэ, манайх туршилтын хугацаанд дотоод журмаараа цалингийн 20 хувийг бууруулдаг гэхэд миний бие мөн л байр олгох нөхцлийг илүүд үзээд гэрээг байгуулсан. Харин орон сууцаар хангах гэрээг хуулийн зөвлөхөөр төслийг бэлтгүүлж, бэлэн болохоор хийнэ гээд хойшилж хийгдээгүй. Ажиллаж байх хугацаанд 2014 оны 7 дугаар сарын 1-нд шалтгаан тодорхойгүй тушаал бууруулж барилгын инженер болгон 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Миний ажлын байр байнгын ажлын байр байхад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байсан. Тушаал бууруулж барилгын инженер болгосон ч амалсан байраа өгнө гэсэн учраас асуудал үүсгээгүй. Энэ хугацаанд байр олгох гэрээний төсөл талуудаас санал авах түвшинд байсан, эцэслэн зурагдаж амжаагүй байдаг. Гэтэл гэнэт 2014 оны 9 дүгээр сарын 18-нд компанийн уулзалтын өрөөнд намайг дуудаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал өгсөн. Тэд халж байгаа шалтгаанаа хариуцлага алдсан, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн. Би ямар үүрэг даалгавар биелүүлээгүй, юуг хангалтгүй хийснээ огт ойлгоогүй. Ингээд би шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий маргаан үүсгээд 2 жил шахуу явж байж намайг гэм буруугүй байна гээд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 33 сая төгрөгийг гаргуулсан. Миний бие 25 жил барилгын салбарт ажилласан, Монгол улсын Барилгын мэргэшсэн инженер, Монгол улсын Барилгын мэргэшсэн төсөвчин, барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, сургагч багш мэргэжилтэй, үнэ цэнэтэй ажиллах хүчин. Гэтэл хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх хугацаанд энэ компани иргэн Ч.Жаргалмаа намайг маш их доромжилж, нэр төрд халдаж, худал үнэн гүтгэж нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гэх зүйлс гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж шийдвэр гүйцэтгэл дээр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгах зэргээр элдэв янзаар хохироосон үйлдэл гаргаж байсан. Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх явцад иргэн Ч.Жаргалмаа надаас халсан тушаалаараа 71 сая төгрөгийн хохирол учруулсан гэснээ удалгүй 500 сая төгрөг буюу хагас тэрбум төгрөгийн хохирол учруулсан, тэгснээ 100 сая төгрөг гээд амандаа багтсан тоогоо нэхэмжилдэг. Шүүхэд хэний ямар нэхэмжлэл гаргах дурын учраас хэргийг хянан шийдвэрлэх хугацаагаар элдэв янзын ажиллагаа хийлгэн хүнийг хохироох залхаах үйлдлийг хийгээд байгаа бололтой. Би энд хэлэхэд үнэний төлөө Жаргалмаа хэзээ ч залхахгүй, ямар ч хэцүү байсан явсаар байх болно. Харин үүнээс хойш өөрт учраад байгаа удаа дараагийн хохирлуудыг нэхэмжлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Үнэхээр үнэн гэж байдаг тулдаа маш их хугацаа алдаж байгаа, хохирч байгаа ч шүүх зөвхөн үнэнийг тогтоосоор байгаа. Хамгийн сүүлд гурван шатны шүүхээр ажилд эгүүлэн тогтоогдсоор байхад ажилд авахгүй, хагас жил шахуу компанийн үүд сахиулж, сүүлдээ арга буюу дахин ажлаар хангахгүй байх хугацааны цалин 21  сая төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандахад “Нар Урт” ХХК нь эвлэрэн хэлэлцэе гэснээр 15 сая төгрөгөөр эвлэрч хэргийг хаасан байдаг. Гэтэл хэрэг хаагдсанаас хойш дуудаад 15 сая төгөргөөсөө татгалз, тэгэхгүй бол хохирол нэхнэ гэсэн маягаар дарамталж үзснээ одоо ийм ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад, сүүлийн шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлж өг гээд зогсож байна. Ингэх байсан бол яах гэж эвлэрье, хэргээ хаая, нэхэмжлэлээсээ багасга гээд 21 сая төгрөгийн хохиролыг 15 сая төгрөг болгосон юм. “Монполимет” комплекс барилгын 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилгыг барьж, ашиглалтанд оруулах ажлыг гүйцэтгэж байхдаа “Баянгийн эх” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахдаа байгууллагад хохирол учруулсан гэсэн байна. Би ганцаараа тухайн объектыг бариад, гэрээг байгуулаад хариуцлагыг үүрээд явдаг гэж ойлгосон бололтой. Ийм бүтээн байгуулалтын ажлыг багаар хийж гүйцэтгэдэг гэдгийг мэдмээрсэн. Энэ нэхэмжлэл гаргасан, компанийн төлөөлөх эрх бүхий этгээдүүд тэнд ажиллаж байгаа бүх хүний хувь нэмэр оролцооны үндсэн дээр бүтээн байгуулалт явагдана. Намайг энэ компанийн дарга удирдлагууд, зөвлөх инженер гээд маш олон хүн хянана, удирдана. Ямар ч хамаагүй аргаар Жаргалмааг буруутгах гэсэн эрмэлзэлээр бичсэн гэдэг нь илт тодорхой байна. “Баянгийн эх” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд удирдлагаас зөвшөөрөл авалгүй, ажлын зургийг дур мэдэн тухайн компанитай хамтарч өөрчилж, гадна зам талбайд ашиглах зориулалттай явган замын хавтангаар ажлыг гүйцэтгэсэн, даац хэтэрсэн гэжээ. Нэг инженер өөрөө бараа материалыг сонгон худалдан аваад, дур зоргоороо аашлаад явсан мэт бичжээ. Тухайн дээвэр ашиглалттай дээвэр гэдгийг дахин хэлье. Энэ ажил яг л стандарт нормын дагуу явагдсан. Дээврийн материалын хувьд гүйцэтгэгч “Баянгийн эх” ХХК-иас явган замын хавтан, 2 төрлийн плитанаас зөвлөх Ц.Гарамжаваар сонголтыг хийлгэхэд, тухайн явган замын хавтанг сонгож байсан. Энэ үед Монполимет группын гүйцэтгэх захирал Энхтуяа, Монполимет группын Санхүүгийн захирал Мөнхзаяа, Баянгийн эх ХХК-ийн захирал Дашдэлэг болон миний бие хийж байсныг дахин сануулах нь зүйтэй байх. Даац хэтрээгүй гэдэг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Цэнгэлийн дүгнэлт гарсан байдаг. Мөн энэ хавтанг ашиглалттай дээвэр ашиглаж болно гэсэн үйлдвэрлэгч компанийн тодорхойлолт байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлага өмнөх нотлох баримтаар нотлогдон үгүйсгэгддэг үйл баримт. Мөн нэхэмжлэлдээ хүсэлт хавсаргасан байна. Тухайн хүсэлтээр надад төлөх мөнгөн төлбөрийн үүрэг хүлээж, зохигчид эвлэрэн хэлэлцсэн шийдвэрийг түр түдгэлзүүлэхийг хүссэн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн нөхөн төлбөр төлөх шийдвэрээ биелүүлэхгүй байх зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан нь хүсэлтийн утга, нэхэмжлэлийн дүнгээс шууд харагдаж байна. Зохигчид эвлэрэн хэлэлцсэн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00781 тоот шийдвэр нь өмнө гарсан намайг ажилд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн шийдвэрийн үргэлжлэл, энэ шийдвэр түдгэлзэх, биелэгдэхгүй ямар ч үндэслэлгүй. Талууд эвлэрч шийдвэрлэгдсэн байгааг анхаарна уу. “Нар Урт” ХХК нь “надад 15 сая төгрөгийг авахаас татгалз” гэсэн тулгалтаа хэрэгжүүлж чадахгүй болмогц, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх гэсэн арга байна. Энэ мэтчилэн намайг удаа дараа шүүхийн процесс ажиллагаагаар хохироох үйлдлийг хийдэг байгууллага. Нэхэмжэллийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Баянгийн эх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогтхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монполимет групп” ХХК-ийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч хатагтай Гарамжавын шууд удирдлаганд ажилладаг “Нар Урт” ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  5 хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтанд орсон 17 давхар барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13/25 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан дээврийн ажлыг гэрээний 5.2-д заасан захиалагчийн давчуу хугацаанд инженер техникийн болон олон жил ажилласан дадлага туршилгатай 38 ажилтнаа зохион байгуулан ажлын 35 хоногт багтаан ерөнхий хөрөнгө оруулагч, захиалагч талын өдөр тутмын хяналтан доор мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэсэн. “Монполимет групп” –ын охин компани болох “Нар Урт” ХХК гэрээнд заасан ажлуудын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж чанартай гүйцэтгүүлж авсандаа сэтгэл ханамж өндөр байсан бөгөөд тус гэрээний 1.3, 4.1, 4.2, 4.3, 4.3.1, 4.3.2-т заасны дагуу төлбөрөө 100 хувь манай компанид шилжүүлж, тооцоо хийж дуусгасан нь үүний баталгаа болно. Иймд “Нар Урт” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Баянгийн эх” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Нар Урт” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 795 237 төгрөгийг “Баянгийн эх” ХХК-иас, гэм хорын хохиролд 16 795 237 төгрөгийг Ч.Жаргалмаагаас  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

           Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК нь хариуцагч нь дээврийн ажлыг батлагдсан зурагт өгөгдсөн битум шигтгэсэн хайрган үеийг дур мэдэн өөрчилж явган замын хавтан нэг үе зүйж угсарснаас дээврээс ус гоожсон,  “Баянгийн эх” ХХК-ийн захирал Х.Дашдэлэг, мастер Я.Чимэдболь, бригадын ахлах Төмөр нарт 2014 оны 6 сард бороо орж дээврээс ус гоожсон доголдлыг мэдсэн даруйдаа утсаар болон албан бичгээр мэдэгдсэн өөрсдөө ирж үзсэн, доголдлыг арилгана гэсэн боловч арилгахгүй байсан тул өвөл болохоос өмнө “Мөнх ган сүндрэл констракшн” ХХК, “Хас-авдар” ХХК-иудаар засуулсан гэж тайлбарлаж байна. 

 

         Хариуцагч “Баянгийн эх” ХХК нь дээврийн ажилд доголдол үүссэн, доголдлыг арилгах талаар хариуцагчид нэхэмжлэгч мэдэгдээгүй, нэхэмжлэл гардаж аваад доголдол гарсан талаар мэдсэн, ажлын доголдлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн тул доголдлыг арилгасан зардлыг хариуцахгүй гэж маргаж байна.

 

         Хариуцагч “Баянгийн эх” ХХК нь нэхэмжлэгчтэй  2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13/25 дугаар бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ”-г  байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ”Баянгийн эх”  ХХК нь “... барилгын 3 түвшингийн ашиглалттай ба ашиглалтгүй дээврийн ажил, ....”  хийхээр харилцан тохиролцсон, гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй байна.

 

        Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 4 өдрийн А172 тоот албан бичгээр “ 16 давхрын ашиглалтын дээврээс 15-р давхар руу борооны ус нэвчиж байгаа тул дээврийг засах”, мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/07-81/1755 тоот албан бичгээр “Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байна” гэсэн заалтыг үндэслэн гүйцэтгэгч “Баянгийн эх” ХХК нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д “барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах” заалтын дагуу 15 давхрын таазаар ус нэвчдэг шалтгааныг тогтоож түүнийг арилгах шаардлагатай.” гэж дүгнэлтэд дурьдаж хувийг “Баянгийн эх” ХХК-д гэснээр хариуцагчийн нэхэмжлэгч мэдэгдээгүй гэх татгалзал үгүйсгэгдэж байна./хх-32,33,169/

 

        Хариуцагч “Баянгийн эх” ХХК  нэхэмжлэгч нарын хооронд 13/25 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн 2013.10.23-ны өдөр 13/25 тоот, 2013.11.27-ны өдөр  13/25 тоот ажил гүйцэтгэсэн актыг үндэслэн  гэрээний төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлж барагдуулжээ. Нэхэмжлэгч ажлыг 2013.11.27-ны өдрийн 13/25 тоот ажил хүлээлцсэн актаар ажлыг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан “... барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” нь нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлээгүй байна. /хх-17, 19,169 /

        Нэхэмжлэгч доголдлыг арилгуулах тухай саналыг “Баянгийн эх” ХХК-нд хүргүүлсэн боловч хариуцагч ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс уг доголдлыг “Мөнх ган сүндрэл констракшн” ХХК, “Хас-авдар” ХХК-иуд болон дээврийн доголдлыг арилгахад авсан материалын баримтуудаар  доголдлыг  арилгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-36,39,47, 49, 50, 57,58, 60,61, 62, 63/ 

        Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “Баянгийн эх” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 795 237 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК нь хариуцагч Ч.Жаргалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “Тод констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийгдэх ажлын тооцоо нь алдаатай гүйцэтгэснээс компанид 71 419 216 төгрөгийн хохирол учруулж, хариуцлага алдан ажил үүргээ хангалтгүй хийсэн, .. мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслээр хөдөлмөрийн гэрээ цуцласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2015 оны 8542 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 00339 дугаар тогтоолоор тус тус тогтоожээ.

          Нэхэмжлэгч нь Ч.Жаргалмаатай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосноос хойш шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хариуцагч ЧЖаргалмаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ  цуцласан  үндэслэлд дээврийн ажлын зөрчил дурьдагдаагүй байх тул Ч.Жаргалмааг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

         Мөн хариуцагч Ч.Жаргалмаа 16 795 237 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан талаар нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баянгийн эх” ХХК-иас 241 926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Жаргалмаад холбогдох гэм хорын хохиролд 16 795 237 төгрөг гаргуулах “Нар-Урт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Баянгийн эх” ХХК-иас 16 795 237 /арван зургаан сая долоон зуун ерэн таван мянга хоёр зуун гучин долоон/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баянгийн эх” ХХК-иас  241 926  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ

 

                    ШҮҮГЧИД                                 Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                                                                      Д.МӨНГӨНТУУЛ