| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0204/э/ |
| Дугаар | 203 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Х-т холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эхнэр, ... хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг, “ТТ” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ..........., Ч.Х.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ч.Х нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг “ТТ” гэх газарт иргэн Г.Н-г зодож биед нь тархины хүнд зэргийн няцралт, зүүн талын зулай чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ч.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Х-н “...би гартаа барьж байсан урт шилбүүрээр нэг удаа Г.Н-н зүүн гарын бугалга руу цохиход Г.Н гараа бариад суухаар нь баруун хөлөөрөө толгойн зүүн хэсэгт нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Н-н “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бензин авахаар Дорнодын булган сум руу яваад маргааш өглөөнийх нь 04 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирээд Х бид хоёр унталгүй нэг шил “С” нэртэй 0.75 граммын архийг хувааж уусан. Архиа хувааж уучхаад адуугаа услахаар худаг руу яваад, худаг дээрээсээ зүүн тийш нь нэг айл руу явсан. Тэнд очоод ахиад нэг шил архийг гурвуулаа хувааж уучхаад амарсан. ... Худаг дээр очоод адуун дээрээсээ болж бид хоёр хоорондоо маргалдаж, миний зүүн гарын бугалга хэсэг рүү Х барьж явсан бургасаар нэг удаа ороолгохоор нь би гараа бариад доошоо хагас суутал Х нь баруун хөлөөрөө миний толгойн зүүн хэсэг рүү хүчтэй өшиглөхөөр нь би газар унаад бид хоёрын маргаан дууссан...гэх мэдүүлэг /хх-6-11 дүгээр хуудас/,
Гэрч Д.С-н “...Манай хүү Г.Н нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг ТТ гэх газраас Э гэдэг хүний адууг хөөгөөд Б-О гэх газар манай эгчийн хүүхэд Ц-нд очсон байсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр танай хүү Н үгээ солиод хоол идэхгүй, толгой нь өвдөөд байна гээд унтаад байгаа нь мэдэгдэхгүй хэвтээд байна гэж Ц-г утсаар ярихаар нь тэр өдөр хүүгээ нөхөр Б, Ц-О нарын хамт тэр айлаас аваад Б-О гэх газар ойрхон байдаг гэр лүүгээ авчирсан. Манай хүү Х-т цохиулж байснаа санаж байна, өөр юм сайн санахгүй байна гэж хэлдэг. Х-г сайн санахгүй, Р.Б гэдэг хүний адуучин гэсэн, өмнө нь нэг удаа харж байсан адуу хайгаад явж байсан өөр юм сайн санахгүй байна гэж хэлдэг. Ямар эд зүйлээр цохисон гэдгээ хэлээгүй. Эмчилгээнд нь 5,000.000 /таван сая/ төгрөг өгсөн. Одоо хөдөлмөр хийж чадахгүй байх үеийнх нь цалин болох 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал болох нэхэмжилсэн мөнгө өгчихвөл гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-16-17 дугаар хуудас/,
Гэрч Д.Г-н “...2020 оны 06 дугаар сарын 25-нд манай дүү Б Н-н байгаа газар адуу буулгахаар очиход Г.Н гэртээ орондоо хувцастайгаа унтаж байсан бөгөөд гэр доторх юм нь эмх замбараагүй архи уусан байж магадгүй байдалтай унтаж байхаар нь сэрээгээд “би адуу буулгахаар ирлээ” гээд адуугаа буулгаад ирсэн гэж надад ярьсан. Тэр үед Г.Н нь согтуу хүн шиг нүд нь гөлгөр, нээх дуугарахгүй байсан гэсэн. Н нь 06 сарын 26-ны өдөр Б-н эхнэр Ү-д хүнд зодуулж толгой руугаа модоор цохиулсан тухайгаа ярьсан байна.
Одоо биеийн байдал маш муу байгаа бөгөөд ээж нь гэмтлийн эмнэлэгт сахиж байгаа. Маргааш буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө тархины хагалгаанд орох гэж байгаа. Бид нар дүүгээ хүнд зодуулсан гэж мэдээгүй. Ядаргаандаа ингэж бие нь өвдөөд байна гэж бодсон. Огт юм ярихгүй согтуу хүн шиг гөлийгөөд байгаад байсан юм” гэх мэдүүлэг /хх-14-15 дугаар хуудас/,
Гэрч Д.Я-н “...Би тухайн өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хадам ах Х, түүний хоёр бага насны хүүхдийн хамт дөрвүүлээ гэрээ сахиад үлдсэн. Х ахын эхнэр О, манай нөхөр хоёр сонгууль өгөхөөр түрүү өдөр нь Сүхбаатар сум руу явсан юм. ...тэгээд тэднийхээс наашаа гэр лүүгээ ирж байхдаа Х ах Н хоёр худаг дээр хоорондоо муудалцаад зодолдоод байгаа харагдсан. Би тухайн үед гэртээ байсан бөгөөд гэрийн гаднаас зодолдож байгааг нь харсан. Намайг харахад Н газар уначихсан хэвтэж байгаад 10 орчим минут болоод босож ирж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-18-20 дугаар хуудас/,Хохирогч Г.Н-н өвчний түүх /хх-ийн 22-31/
Шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 354 дугаартай “...Г.Н-н биед тархины хүнд зэргийн няцралт, зүүн талын зулай чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд няцрал бүхий гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-21-35 дугаар хуудас/
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн засаг даргын шүүгдэгч Б.Х-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54/
Хохирогч Г.Н-д эмчилгээний зардалд 7 000 000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 57/
- Шүүгдэгч Б.Х-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 50/
- Шүүгдэгч Б.Х-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 54/
-Шүүгдэгч Б.Х-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 63/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/89 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 64 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 107 дугаартай санал /хх-65/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Х нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “ТТ” гэх газарт иргэн Г.Н-г зодож биед нь тархины хүнд зэргийн няцралт, зүүн талын зулай чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Г.Н, гэрч Д.О, Д. Г, Д.Я нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 354 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Х-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Х нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын толгой руу өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Н-г адуу усалж байхад хорьж өгсөнгүй гэх шалтгаанаар түүний толгой руу өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Х-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ч.Хын үйлдлийн улмаас хохирогч Г.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Н нь “ Ч.Х надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардлыг бүрэн гүйцэт хариуцсан учир надад гомдол санал байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Ч.Х-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Ч.Х-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Ч.Х-т оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны 2 хүүхэдтэй, айлын малыг маллаж сардаа 450.000 төгрөгийг цалингаас өөр орлогогүй зэрэг болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Ч.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Х-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-т 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10, 000, 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х-т оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ч.Х энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Н-д эмчилгээний зардалд 7, 000, 000 төгрөг төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР