Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн

Шүүгдэгч У.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Д-д  холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс  халх, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Х авто засварын газарт засварчин ажилтай  ам бүл ..., эхнэрийн  хамт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ...дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ............, У.Д .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч У.Д нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дугаар баг О ..... тоотод байх гэртээ өөрийн хамтран амьдрагч  Э.Э-г зодож эрүүл мэндэд  нь 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт хамарт зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Д-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч У.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би урьд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хохирогч  Э.Э-н “..Би нөхөр болох Д-тэй хамт амьдраад зургаан жил гаран болж байна. Бид хоёр 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тусдаа гарч шинэ гэр барьж найр хуримаа хийсэн ...би орондоо ороод хэвтэж байсан тэгсэн хүмүүс гарч явсны дараа манай нөхөр утсаар хүмүүс рүү залгаад байхаар нь би чи одоо унт согтуу битгий хүмүүс рүү залгаад бай, унтаж амар гэж хэлсэн тэгсэн намайг чи хүмүүст хоол цай хийж өгсөнгүй гээд намайг орондоо хэвтэж байхад орноос татаж ирээд баруун гараараа миний хацар руу алгадсан. Тэгээд зүүн гараа атгаж байгаад миний хамар руу цохисон тэгэнгүүт миний хамраас цус гоожихоор нь би үүдний угаалтуур руу цусаа гоожуулаад очсон. Миний хамрын цус тогтоогүй байхад хажууд ирээд гараа атгаж байгаад миний хоёр нүд болон нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Тухайн үед У.Д бид хоёр байсан өөр хүмүүс байгаагүй ...намайг найз нөхдөд нь хоол цай хийж өгсөнгүй гэх шалтгаанаар зодож цохисон гэж бодож байна. Надад урьд өмнө нь гар хүрч байсан удаа байхгүй. Маргааш өглөө нь босож ирээд нүүр чинь яачихсан юм. Би цохисноо мэдээгүй уучлаарай гэсэн. Миний хоёр нүд хөхөрч хавдсан, хамар хавдсан хамрын дээд талд халцарсан биеийн байдал гайгүй байна. Би эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-3-8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.И-н “...Намайг сууж байх хугацаанд тэр хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би Д-тэй морины тухай яриа өрнүүлж байгаад явсан. Д нь Баяндэлгэр суманд машин засварын газарт ажилладаг хөдөлмөрч залуу. Эхнэртэйгээ маргалдаж муудлаа, муудсан гэж сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-11-12 дугаар хуудас/,

 

У.Н-н “...У.Д, Э.Э нар нь албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй байх. Танилцаад 3-4 жил орчим болж байгаа байх би сайн мэдэхгүй байна. Миний дэргэд муудаж байсан удаа байхгүй. Би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-13-14 дүгээр хуудас/,

 

Яллагдагч У.Д-н “...Би эхнэр Э-тэй танилцаад 3-4 жил шахам болж байгаа бид хоёр 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хурим найраа хийж шинэ гэрт орсон. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өглөө ажил руугаа явчхаад үдийн алдад гэртээ ирсэн. Бид хоёрын хурим найраар манай гэрээр ороогүй зарим нэг хамаатан ах дүү нар манай гэрт 15 цагийн үед ирсэн. Тухайн хүмүүст манай эхнэр хоол цай хийж өгсөн би ирсэн хүмүүст /Б/ гэх нэртэй 0.75 литрийн архи нэгийг задалж дуусгаад, хоёр дахь архийг нь дөнгөж задлаад байхад явлаа гээд гарсан. Дараа нь удалгүй манай найз Б, А түүний эхнэр Б нар орж ирсэн тэхээр нь би Э-т хоол унд хийж өг гэсэн тэгсэн манай хүн ядаргаатай юм байн байн хоол хийж өгөх хэцүү байна. Мах нь хөлдүү байхад гэж хэлээд хоол хийж өгсөн манай найз нар хоол идчихээд явсан. Орой 20 цаг өнгөрөөгөөд манай найз И нэг залуутай манайд ирсэн. Би тэхээр нь /Б/ нэртэй 0.75 литрийн архи задалж бид гурав хувааж уусан. Би тэр хоёрыг явсныг мэдээгүй маргааш өглөө нь босоод эхнэрээсээ асуусан. Тэгсэн эхнэр чи намайг хоол хийсэнгүй гээд зодсон гээд хоёр нүд нь хөхөрсөн, уруул нь хавдсан, хамар шалбарсан байсан. Манай хүргэний 5 дугаар ангийн охин бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Би цохисон талаараа юу ч санахгүй байна. Маргааш өглөө нь сэрээд мэдсэн тэгээд эхнэрээсээ уучлалт гуйсан. Урьд нь эхнэртэйгээ ам мурийж байсан зүйл байгаа гэхдээ ингэж биед нь халдаж зодож цохиж байсан удаа байхгүй ...би эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-9-11, 29-32 дугаар хуудас/,

 

 Шүүх эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 547 дугаартай “...Э.Э-н биед 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цусан хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээд гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-15-21 дүгээр хуудас/

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн засаг даргын шүүгдэгч У.Д-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33/

 

- Шүүгдэгч У.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 34/

 

- Шүүгдэгч У.Д-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 35/

 

-Хохирогч Э.Э-н гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38/

 

-Шүүгдэгч У.Д-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 43/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/94 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 44 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 112 дугаартай санал /хх-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дугаар баг О ... тоотод байх гэртээ өөрийн хамтран амьдрагч  Э.Э-г зодож эрүүл мэндэд  нь 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт хамарт зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Э.Э, гэрч Б.И, У.Н нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 547 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч   У.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч У.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч У.Д-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

          Шүүгдэгч У.Д нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.Э-г гэрт ирсэн хүмүүст хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч У.Д-г “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл   мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

У.Дгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Э нь “ Манай нөхөр хийсэн хэрэгтээ гэмшиж надаас уучлалт гуйж, буруугаа хүлээсэн тул миний бие гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй ” гэж хэрэгт хүсэлт гаргажээ.  

Иймд шүүгдэгч У.Д-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Иймд шүүх шүүгдэгч У.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 

 Шүүгдэгч У.Д-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч У.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч У.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүгдэгч У.Д-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч У.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д-г 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Д-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Шүүхийн шатанд шүүгдэгч У.Д-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 6. Шүүгдэгч У.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч У.Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР