Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол Кино үйлдвэрийн гудамж 78, “Медиа боловсрол суваг” ХХК / УБД:9011401093, РД:5719739/-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Коко бюлдинг 12а байр 55 тоотод байрлах, “Мэтис” ХХК /УБД:9011168130, РД:5261201/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 205 121 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэхуяг , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь “Мэтис” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 03/01-34 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэг секундыг 1980 төгрөгөөр тооцон “Мэтис” ХХК-ийн реклам зар сурталчилгааг өөрийн телевизийн эфирээр цацахаар харилцан тохиролцож уг гэрээний дагуу 5 536 080 төгрөгийн реклам цацалтын ажил гүйцэтгэсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 03/01-110 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж нэг минутыг 3300 төгрөгөөр тооцон “Мэтис” ХХК-ийн рекламыг өөрийн телевизийн эфирээр цацахаар гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 30 280 200 төгрөгийн реклам цацаж, нийт 35 816 280 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Гэтэл “Мэтис” ХХК нь гэрээгээр реклам цацах ажил гүйцэтгэсний хөлс болох 35 816 280 төгрөгөөс 10 344 199 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлж барагдуулаагүй байх тул хамтран ажиллах гэрээний 4.3-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлт болох 25 470 081 төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр гэрээний 3.5 дахь заалтад “Компани гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно” гэж заасны дагуу хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс төлөх ёстой алданги болох 12 735 040 төгрөгийн хамт нийт 38 205 121 төгрөгийг “Мэтис” ХХК-иас гаргуулж өгөн үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэхуяаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь “Медиа боловсрол суваг” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 03/01-34 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба реклам цацалтын үнийн дүн 5 536 080 төгрөг болсон, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 03/01-110 тоот гэрээ байгуулсан ба реклам цацалтын үнийн дүн 30 280 200 төгрөг болсон бөгөөд гэрээний нийт үнийн дүн 35 816 280 төгрөг байна. Дээрх үнийн дүнгээс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг буюу нийт 13 000 000 төгрөгийг графикийн дагуу төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 22 816 280 төгрөгийг манай байгууллага төлөхгүй гэж хэлээгүй, төлөхийг зөвшөөрч байгаа. Үндсэн төлөлтийн 22 816 280 төгрөгт алданги төлбөр болох 12 735 040 төгрөгийг нэмж төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь хариуцагч “Мэтис” ХХК-д холбогдуулан “Хамтран ажиллах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 38 205 121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          Талууд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 03/01-34 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 03/01/110 дугаар бүхий тус тус “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан  нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан  ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг илэрхийлж байна.

 

          Нэхэмжлэгч 2015.03.02-ны өдрийн 03/01-34 дугаар бүхий гэрээний дагуу 1 секунтын 1 980 төгрөгөөр тооцож нийт 236 секунт  5 813 280 төгрөгийн, мөн 2015 11.03-ны өдрийн 03/01/110 дугаар гэрээний дагуу 1 секунтын 3300 төгрөгөөр тооцож нийт 9 175 секунт  32 596 720 төгрөгийн зар сурталчилгааг олон нийтэд түгээсэн, хоёр гэрээний нийт ажлын хөлс 38 410 080 төгрөгнөөс 13 000 000 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн үлдэгдэл төлбөр 25 410 080 төгрөгний ажлын хөлснөөс 300 000 төгрөгийн мэдээ цацуулаагүй тул 25 110 080 төгрөгийг үлдэгдэл ажлын хөлс төлөх талаар зохигчид маргаагүй байна.

          

           Харин хариуцагч “Мэтис” ХХК нь алданги төлөх боломжгүй тул алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 03/01-34 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсэгт, 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 03/01/110 дугаар бүхий гэрээний  3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “... гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцон Телевизд” төлөхөөр талууд гэрээндээ харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт “Анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуульд заасан хэлбэрийг хангасан ажил гүйцэтгэх гэрээ байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар  үндсэн төлбөр 25 110 080  төгрөг, алданги 12 555 040 төгрөг нийт 37 665 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540 001 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Мэтис” ХХК-иас 37 665 120/гучин долоон сая зургаан зуун жаран таван нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж, үлдэх 540 001 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  346 275  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ