Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул

Улсын яллагч Д.Хорлоо

Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ...-ний өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/46 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн тухай хуулийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 17-ны 2020/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ялаа эдэлж байгаа, регистрийн дугаар .................., Т.О.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.О нь Сүхбаатар сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр “Б-О” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 01-нд иргэн О.Б-н гэрээс түрийвчтэй бичиг баримт, бэлнээр 90.000 төгрөг, 2 ширхэг гар утас, 2 нүдний дуран, 25 кг-ийн 2 шуудай борц хулгайлж, бусдад 1.027.700 төгрөгийн хохирол учруулсан мөн даюун маркийн мотоцикл болох авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 Хохирогч О.Б-н “...Би Т.О гэдэг хүнийг огт танихгүй. Энэ хүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр танилцахад тэрээр өөрийгөө Отгонбаатар гэж танилцуулж байсан. Т.О нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө хоноод маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар аймаг руу эхнэртэйгээ уулзлаа гээд явсан юм. Гэтэл тэрээр тухайн шөнө намайг унтаж байхад 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 01 цаг 30 минутын үед манайд ирэхдээ өөрийнхөө мотоциклыг зарчихсан гээд 4 шил архитай ирснийг нь бид хоёр 2 шил архийг нь хувааж уугаад өглөө болоход бид хоёр манай хонийг бэлчээрт гаргачихаад эргэж гэрт ирээд би унтсан. Тэгэхэд 13 цаг болж байсан. Тэр үед л О нь манай эхнэр О-д хонийг чинь харчхаад ирье гээд миний мотоциклийг унаад явахдаа гэрээс түрийвчтэй бичиг баримт, 90.000 төгрөг, 2 ширхэг гар утас, 2 нүдний дуран, 2 шуудай борц зэргийг хулгайлаад аваад явсан байсан. О нь миний өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг авч яваад манай гэрээс зүүн хойшоо Дорнод явах замд 10 орчим км-т замын урд талд орхиод явсан байсныг замын хүн хэлсэн. Тэгээд л маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр очиж авсан. Тэгэхэд миний мотоциклийн түлхүүрийг тэр О аваад явсан байсан. Харин эвдрэл гэмтэл бол байгаагүй юм. Би үнэлгээтэй холбоотой шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20/03/113 дугаартай дүгнэлттэй тухайн үед нь танилцсан. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Би мотоциклоо бүрэн бүтэн олж авсан. Бусад хулгайд алдсан эд зүйлээ О-с аваагүй болохоор гомдолтой байна. Тиймээс О-с алдагдсан эд зүйлээ нөхөж төлүүлмээр байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20/,

 

Гэрч М.Б-н “...Манай хүү О.Б нь над  руу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17  цагийн үед  залгаад хөдөө байдаг О.Б ахынд Дорнод  аймгаас танихгүй хүн ирж хоноод явахдаа ахын гэрийн гадаа байсан мотоцикл нь алга болсон байна, ах өөрөө согтуу байна гэж надад хэлээд тэгээд би аймгийн төвөөс О.Б гэдэг хүүгээ явуулаад О.Б-тай холбогдоод юу юу алга болсон юу болсон талаар асуусан чинь манай хүүгийнд  Дорнод аймгийн О гэдэг залуу ирж хоноод цуг архи уугаад  манай хүүг унтаж байх хооронд нь мотоциклийг нь унаад яваад өгсөн байна, гэж хэлсэн юм, тэгээд манай хүү мотоциклоо Дорнод, Сүхбаатарын зааг дээр байдаг 100 гэсэн пайз өнгөрөөгөөд замын хажууд тавьсан байсан гэсэн манай хүү О.Б нь өнөөдөр мотоциклоо авсан гэсэн. Манай хүүгийн гэрээс 2 шуудай борц, хоёр нүдний дуран, түрийвчтэй 150.000 төгрөг бусад бичиг баримт, гар утас хоёр ширхэг  алдагдсан байна гэсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 21, 22/

 

Яллагдагч Т.О-н “...Би 9 дүгээр анги төгссөн болохоор бичиг үсэг сайн мэднэ. Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны үед Дорнод аймгаас Сүхбаатар аймаг руу мотоциклтойгоо явж байгаад Сүхбаатар аймгийн харьяат О.Б гэдэг ахтай замд танилцаж тэдний гэр рүү хамт очсон юм. Тэгээд тэднийд 3 хоног хамт архидаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө Сүхбаатар аймаг руу би ганцаараа мотоциклоо жолоодоод явсан юм. Тэгээд Сүхбаатар аймгийн төвд ирээд мотоциклоо зүс үл таних хүнд хямд үнээр зараад дэлгүүрээс 4 шил архи авч Дорнод аймаг явдаг Истанад сууж нөгөө замдаа Б ахынд очсон юм. Тэгээд Б ах түүний эхнэр нэрийг нь санахгүй байна хоёртой хамт гурвуулаа миний авчирсан 2 жил архийг хувааж уугаад Б, түүний эхнэр хоёр уусан архиндаа тасраад ойчсон юм. Тэгээд л маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед би гэрээс нь Б-н түрийвч, 2 ширхэг гар утас, илүү гэр дээр байсан 2 шуудайтай борцыг нь авч гадаа байсан Б-н мотоциклыг унаад явахдаа түрийвчин дотор байсан Хаанбанкы виза картыг нь аваад дотор нь байсан бичиг баримттай нь хамт түрийвчийг нь Бгийн гэрээс баруун урагш ойрхон шидчихээд явсан юм. Тэгээд тэднийхээс Дорнод явдаг замаар хойшоо явж байгаад ердөө 7 орчим км яваад замын дэргэд мотоциклыг нь орхиод цаашаа замын унаанд суугаад Дорнод аймаг явсан. Тэгээд Дорнод аймагт очоод виза картыг нь АТМ-ээр уншуулж 90.000 төгрөг гаргаж аваад тэр өдөртөө Улаанбаатар хот руу явах унаанд суугаад Улаанбаатар хотын Нарантуул зах дээр очиж шуудайтай борцыг нь хиллэж үзүүлэхэд 10 кг хүрч байсан ба түүнийг зүс үл таних хүнд хямд үнээр зараад, 2 гар утсыг нь мөн зүс үл таних хүнд хямд үнээр зараад мөнгийг нь үрээд дуусгасан юм. Би Б-н гэрээс дээрх борц, түрийвч, 2 гар утсыг л авсан болохоос биш 2 нүдний дуран аваагүй юм ” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53/

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-39/ ,

 

Шүүгдэгч Т.О-н оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 91/

 

- Шүүгдэгч Т.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92/

 

-Шүүгдэгч Т.О-н ялын тооцооны хуудас /хх-ийн 71/

 

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны 57 дугаартай шийтгэх тогтоол

 

- Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоол

 

-Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/46 дугаартай тогтоол

 

- Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны 2020/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоол

 

- Шүүгдэгч Т.О-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ЦХШЗ/59 дугаартай захирамж,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЕЗ/459 дугаартай захирамж зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.О нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн  нутаг дэвсгэр “Б-О” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн О.Б-н гэрээс түрийвчтэй бичиг баримт, бэлнээр 90.000 төгрөг, 2 ширхэг гар утас, 2 нүдний дуран, 25 кг-ийн 2 шуудай борц хулгайлж, бусдад 1.027.700 төгрөгийн хохирол учруулсан, мөн даюун маркийн мотоцикл болох авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед би гэрээс нь Б-н түрийвч, 2 ширхэг гар утас, илүү гэр дээр байсан 2 шуудайтай борцыг нь авч гадаа байсан Б-н мотоциклыг унаад явахдаа түрийвчин дотор байсан Хаанбанкы виза картыг нь аваад дотор нь байсан бичиг баримттай нь хамт түрийвчийг нь Б-н гэрээс баруун урагш ойрхон шидчихээд явсан юм...Тэгээд Дорнод аймагт очоод виза картыг нь АТМ-ээр уншуулж 90.000 төгрөг гаргаж аваад тэр өдөртөө Улаанбаатар хот руу явах унаанд суугаад Улаанбаатар хотын Нарантуул зах дээр очиж шуудайтай борцыг нь хиллэж үзүүлэхэд 10 кг хүрч байсан ба түүнийг зүс үл таних хүнд хямд үнээр зараад, 2 гар утсыг нь мөн зүс үл таних хүнд хямд үнээр зараад мөнгийг нь үрээд дуусгасан юм. Би Б-н гэрээс дээрх борц, түрийвч, 2 гар утсыг л авсан болохоос биш 2 нүдний дуран аваагүй.

Тэгээд тэднийхээс Дорнод явдаг замаар хойшоо явж байгаад ердөө 7 орчим км яваад замын дэргэд мотоциклыг нь орхиод цаашаа замын унаанд суугаад Дорнод аймаг явсан...” гэх,

          Хохирогч О.Б-н “...тэрээр тухайн шөнө намайг унтаж байхад 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 01 цаг 30 минутын үед манайд ирэхдээ өөрийнхөө мотоциклыг зарчихсан гээд 4 шил архитай ирснийг нь бид хоёр 2 шил архийг нь хувааж уугаад өглөө болоход бид хоёр манай хонийг бэлчээрт гаргачихаад эргэж гэрт ирээд би унтсан. Тэгэхэд 13 цаг болж байсан. Тэр үед л О нь манай эхнэр О-д хонийг чинь харчхаад ирье гээд миний мотоциклийг унаад явахдаа гэрээс түрийвчтэй бичиг баримт, 90.000 төгрөг, 2 ширхэг гар утас, 2 нүдний дуран, 2 шуудай борц зэргийг хулгайлаад аваад явсан байсан. О нь миний өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг авч яваад манай гэрээс зүүн хойшоо Дорнод явах замд 10 орчим км-т замын урд талд орхиод явсан байсныг замын хүн хэлсэн. Тэгээд л маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр очиж авсан. Тэгэхэд миний мотоциклийн түлхүүрийг тэр О аваад явсан байсан. Харин эвдрэл гэмтэл бол байгаагүй юм.... ” гэх ,

Гэрч М.Б-н “...Манай хүү О.Б нь над  руу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17  цагийн үед  залгаад хөдөө байдаг О.Б ахынд Дорнод  аймгаас танихгүй хүн ирж хоноод явахдаа ахын гэрийн гадаа байсан мотоцикл нь алга болсон байна, ах өөрөө согтуу байна гэж надад хэлээд тэгээд би аймгийн төвөөс О.Б гэдэг хүүгээ явуулаад О.Б-тай холбогдоод юу юу алга болсон юу болсон талаар асуусан чинь манай хүүгийнд  Дорнод аймгийн О гэдэг залуу ирж хоноод цуг архи уугаад  манай хүүг унтаж байх хооронд нь мотоциклийг нь унаад яваад өгсөн байна, гэж хэлсэн юм, тэгээд манай хүү мотоциклоо Дорнод, Сүхбаатарын зааг дээр байдаг 100 гэсэн пайз өнгөрөөгөөд замын хажууд тавьсан байсан гэсэн манай хүү О.Б нь өнөөдөр мотоциклоо авсан гэсэн.

Манай хүүгийн гэрээс 2 шуудай борц, хоёр нүдний дуран, түрийвчтэй 150.000 төгрөг бусад бичиг баримт, гар утас хоёр ширхэг  алдагдсан байна гэсэн...гэх мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж”  ХХК-ийн  шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.О-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.О-н хохирогч О.Б-н гэрээс түрийвчтэй бичиг баримт, бэлнээр 90.000 төгрөг, 2 ширхэг гар утас, 2 нүдний дуран, 25 кг-ийн 2 шуудай борц зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг, хохирогч О.Б-н эзэмшлийн даюун маркийн мотоциклыг  завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авто тээврийн хэрэгслийг  авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүйгээр авч явах ” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.   

 

Улсын яллагчаас Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Оийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, Автотээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүйгээр авч явах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Т.О-н  үйлдлийн улмаас хохирогч О.Б-д  1,027,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоо нөхөн төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Т.О-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Т.О-д  холбогдох хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын найман цагийг нэг хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгч Т.О нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар 28 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, тогтоолын 5 дахь заалтад түүний цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд оруулан тооцсон байх тул Т.О-н уг тогтоолоор биечлэн эдлэх ялыг 3 жил 19 хоногоор тогтоосон болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  оногдуулсан 3 жил 19 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2  жил 10 сар 21 хоногийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4  жил 01 сар 21 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Т.О-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан  оногдуулах  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.О нь тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 459  дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.О-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах, мөн автотээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүйгээр авч явах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн  17.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-г  1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр

 

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  оногдуулсан 3 жил 19 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2  жил 10 сар 21 хоногийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4  жил 01 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О-д оногдуулсан 4  жил 01 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Т.О-н цагдан хоригдсон нийт 58 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-с 1,027,700  төгрөг гаргуулж Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн хохирогч О.Б-д олгосугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба иргэний хувийн бичиг баримт ирээгүй,  шүүгдэгч Т.О-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсвэл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАЯРБААТАР