| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0213/э/ |
| Дугаар | 217 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч С.Сугар /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Б-д холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ... дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............., У.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 03 дугаар сард Дарьганга сумын ... дугаар багийн нутаг Ш гэх газраас Дарьганга сумын ... дүгээр багт оршин суух иргэн С.Ө-н 2 адууг хулгайлж бусдад 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дарьганга сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас иргэн Г.Г-н хээр зүсмийн 1 адууг хулгайлж бусдад 1 000 000 төгрөгийн буюу нийт 3 адуу хулгайлж 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч У.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Б-н шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ө-н “... 2018 оны өвөл гэр гуянд сэрээ тамгатай бор хонгор охин даага, гэр гуянд сэрээ тамгатай хээр зүсмийн эр даага нийт 2 тооны даага Дарьганга сумын 3 дугаар багийн “Ш” орчмоос алдсан тус сумын малчин Б хээр дааганы тамган дээр давхар холбоо онги тамга дарсан байсан. охин хонгор даага нь олдохгүй байгаа тул миний энэ асуудлыг шалгаж өгнө үү?. Зах зээлийн ханшаар 1 сая төгрөгөөр үнэлнэ. Алдсан 2 тооны адуугаа төлүүлнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 5-9/
Яллагдагч У.Б-н “...Би 2018 оны 03 дугаар сарын эхээр Дарьганга сумын ... дугаар багийн нутаг “Б” гэх газар адуунд явж байгаад Ө ахын хонгор азаргатай адуунаас хонгор охин даага, хээр азаргатай адуунаас зөв талын гэр гуянд сэрээ тамгатай эр хээр даага барьж аваад өөрийнхөө адуунд уг даагыг холбосон. 2018 оны 4 дүгээр сарын үед хонгор даага нь гүүний хүзүүнд холбоотой явж байгаад боогдож үхсэн байсан. Хээр даага нь манай адуунд хязаалан азарга байгаа. Хээр дааганы тамган дэр өөрийнхөө холбоо онги тамгыг дарсан. Хонгор дааганд тамга дарж чадаагүй үхсэн. Хонгор даага нь тамгагүй байсан, хээр дааганы тамга дээр давхар тамга дарвал мэдэхгүй байх гэж бодсон. Ө ахын адуу манай тэнд байдаггүй болохоор мэдэхгүй гэж бодож адуунаас нь авсан. Би ганцаараа адуунд морьтой явж байсан” / хх-ийн 33-34/,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн “2 тооны адууг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 13-22/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-н “...2020 оны 10 дугаар сарын 10-ны үед манай адуунд байсан ширээтэй чандмань тамгатай соёолон насны хээр зүсмийн морь алга болсон байсан тэгээд манай хүү ойр хавийн адуугаар хайгаад олохгүй байсан боловч 10 сарын 12-ны үед М гэх хүн миний алдсан хээр морьтой адилхан адуу махалж зарсан байна. Би хээр морио 1 сая төгрөгөөр үнэлнэ. Б миний хохирлыг барагдуулсан,одоо нэхэмжлэн зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-53/
Гэрч Ш.М-н “...Б 2020 оны 10 дугаар сарын 12-ны үед гэр гуяндаа ширээтэй чандмань тамгатай соёолон насны хээр морь авчирч өгсөн би уг морийг нь махалж сумын төвд зарсан. Б надаас энэ зун байшин барьж байгаа мөнгө хэрэгтэй байна гээд надаас 1 сая төгрөг авсан.тэгээд би 10 сарын эхээр таарч хүүхэд оюутан мөнгө хэрэгтэй мөнгөө авъя гэхэд хэд хоногийн дараа адуу өгье гээд манайд орой 18 цагийн үед манай хашаанд хээр зүсмийн гуяндаа ширээтэй чандмань тамгатай морь авчирч өгсөн. Бын адуу давхар онги дардаг. Би Б-н хамаатан БЭ ширээтэй чандмань тамгыг дардаг болохоор өөрийнх нь адуу гэж бодсон. Саяхан Г надаас ямар адуу хийсэн талаар асууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,
Яллагдагч У.Б-н “...Би М ахаас зун 7 дугаар сард 1 сая төгрөг авсан байсан тэгээд надаас 10 дугаар сард мөнгөө нэхэхээр нь 10 сарын 12-ны өдөр адуундаа Б гэх газар Хээр халзан азаргатай Г ахын адуу байхаар нь тэр адуунаас нь ширээтэй чандмань тамгатай хээр зүсмийн бүдүүн морийг барьж аваад М ахад авчирч өгсөн. Миний адуу биш манай ээжийн дүүгийн адуу байсан Манайх 50 гаран тооны адуу, 20 гаран тооны үхэр малтай Г ахыг мэдэхгүй байх хэрвээ мэдэх юм бол хамаатан болохоор гайгүй байх гэж бодоод хулгайлсан” гэх мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн “ 1 тооны адууг 1000000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /хх-ийн 61-70, 75-83/
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч У.Б-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35/
- Шүүгдэгч У.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 37/
- Шүүгдэгч У.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 36/
Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай 5/91 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 44/
-Шүүгдэгч У.Б-н өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 63/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/100 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 104 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 118 дугаартай санал /хх-ийн 105/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 03 дугаар сард Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг Ш гэх газраас Дарьганга сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.Ө-н 2 адууг хулгайлж бусдад 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас иргэн Г.Г-н хээр зүсмийн 1 адууг хулгайлж бусдад 1 000 000 төгрөгийн буюу нийт 3 адуу хулгайлж 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч С.Ө, Г.Г, гэрч Ш.М нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
У.Б гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч С.Ө-н 2 тооны даага, Г.Г-н 1 тооны соёолон насны морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч У.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч У.Б-г “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
У.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Ө-т учирсан 2 дааганы үнэ 1 000 000, хохирогч Г.Г-н соёолон насны морины үнэ 1 000 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар хохирлын талаар маргаангүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлсэн байна.
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн “2 тооны даагыг 1.000.000 төгрөгөөр, соёолон насны морийг 1 000 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх шүүгдэгч У.Б-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч У.Б-д зан үйлээ засах, оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хохирол нөхөн төлөгдсөн учир гэмт хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршиг арилгуулах, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор У.Б-н эзэмшлийн 1 морийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/61 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Б-г мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч У.Б-д зан үйлээ засах, оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч У.Б-д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Гэмт хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршиг арилгуулах, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор У.Б-н 1 морийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/61 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч У.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Ө, Г.Г нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР