Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүй Баярбаатар |
Хэргийн индекс | 174/2020/0227/э/ |
Дугаар | 224 |
Огноо | 2020-12-11 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дугаар баг “ЗХ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урь ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..........., Б.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр “ЗХ” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Ч.А-г зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн талын шанаа, хүзүүнд, баруун, зүүн далны доор, бүсэлхийн зүүн хэсэг, зүүн хөлд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ч.А-н “..Манай нөхөр Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-нд 15 цагийн үед архи ууж хөдөө гэртээ Н, Б нарын хамтаар цуг ирчхээд намайг хардаад намайг өвдгөөрөө элэгдэж унагаад, дээрээс толгой руу, бие рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд мөн намайг банзал, янхан, эрийн дэвсгэр, манайхаас зайл гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Намайг зодож байхад хажууд Н, Б нар нь цуг байсан боловч Б.Б-г огт хориогүй зүгээр хараад суугаад байсан. Тэгээд тэр 3 цуг машинтайгаа явсан бөгөөд орой нь 19 цагийн үед намайг хонио эрээд мотоциклтой явж байхад мөн таараад Б.Б-г буулгаж орхиод явсан. Б.Б нь хөдөө бууж үлдчихээд мотоцикл булааж авч унаад дайрч ална гээд намайг хөөгөөд байсан. Би зугтааж байгаад мотоциклын түлхүүрийг нь булааж авахад намайг мөн боож унагаад дээрээс өшиглөөд байсан. Тэгээд намайг мотоцикл унаад яв гээд миний ар дээр суугаад явсан. Тэгээд Н, Б нарыг хонио хөөгөөд явж байхад нь очсон бөгөөд мөн машины гэрэлд боож унагаад дээрээс өшиглөөд байсан. Би Н, Б нарт та нар яагаад согтуу хүн орхиод явж байгаа юм бэ гэж хэлээд Б.Б-г тэнд нь үлдээгээд мотоциклоо унаад зугтаасан. Тэгээд араас ирээгүй. Хаана хоносныг нь мэдээгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед Н, Б нар нь мөн Б.Б-г гэрт согтуу буулгаж орхиод манайхаар ороогүй яваад өгсөн. Б.Б нь машинаас буугаад намайг шууд зодоод эхэлсэн. Хөл юм уу гарыг чинь хугална, чамайг зодох эрх нь надад байна гээд зодоод байсан учраас би явган зугтаасан. Тэгээд сумын төв рүү явган алхаж явахад манай малын эзэн У, С нар нь таараад намайг суман дээр хүргэж өгсөн. Миний толгой өвдөөд байна, цээж, нуруу, хэсгээр хөндүүрлээд амьсгаа авахаар өвдөөд байна. Мөн нуруу, дал хэсэг, 2 хөлийн гуя, булчин хэсгээр хөхөрсөн, хөндүүр өвчинтэй байна. Намайг ер нь хүн болгонтой харддаг. Эрүүлдээ ч гэсэн байнга хэл амаар доромжилж янхан, гичий, банзал, эрийн дэвсгэр гэх мэтээр байнга доромжилдог. Ер нь бол хардалтаас болдог. 2018 оны 07 дугаар сард мөн архи уучхаад согтуу хардалтаас болж зодож байсан. Би тухайн үед нь цагдаагийн байгууллагад хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-2-6 дугаар хуудас/,
Гэрч Л.Н-н “...гэртээ очоод Б нь эхнэртэйгээ маргалдаад чи утсаар хүнтэй ярьсан, чиний халааснаас утас олсон, хэн утас өгсөн гэх мэтээр маргалдаад Б нь бархирч босож ирээд байсан. Тэгээд Б нь эхнэрээ зодоод эхэлсэн. Би дундуур нь ороод хориод дийлээгүй. Б нь эхнэрийгээ боож унагаад дээрээс нь өшиглөөд утсаа өг гээд бархираад өшиглөөд байсан. Эхнэр нь намайг Б-г хорихоор галын хайчаар нөхрөө цохиод байсан. Тэгээд дийлэхгүй байсан учир би Б-г хорь гэж хэлээд Б нь Б-г чирээд аваад гарсан. Тэгээд машиндаа суулгаад манайх руу явсан ...тэгээд манайх хонио хурааж ирэх гээд явахад Б нь хамт явъя гээд явсан бөгөөд А нь мотоциклтой хонио хайгаад явж байхаар нь Б-г үлдээгээд явсан. Төд удалгүй биднийг хонио хөөгөөд явж байхад А нь Б намайг зодоод алчих гээд байна гэсээр ирсэн. Тэгээд бид нар Б-г дахиад машиндаа суулгаад гэртээ авчраад унтуулсан” гэх мэдүүлэг /хх-7 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н “...Нэг мэдсэн би гэртээ ирчихсэн эхнэртэйгээ муудаад цээж рүү нь гараараа цохиж байснаа санаж байна. Тэгээд Б намайг гэрээс авч гараад машинтай Н эгч, Б нарын хамтаар би Т ахынд ирээд өвөрт байсан архиа уугаад согтсон байна лээ ...2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Т ахынд сэрсэн бөгөөд өглөө эрт сум орж дэлгүүрээс архи аваад хөдөө Т ахынд ирж уучхаад Н эгчээр гэртээ хүргүүлсэн. Тэгээд эхнэртэйгээ маргалдаж муудалцаад эхнэрийгээ цээжинд нь гараараа цохисон. Тэгэхэд манай эхнэр гэрээс гараад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би тэр өдөр гэртээ унтаад өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-8, 25-26 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 571 дугаартай “...Ч.А-н биед дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн талын шанаа, хүзүүнд, баруун, зүүн далны доор, бүсэлхийн зүүн хэсэг, зүүн хөлд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус бүрдээ 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-9-14 дүгээр хуудас/
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн засаг даргын шүүгдэгч Б.Б-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 27/
- Шүүгдэгч Б.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 28/
- Шүүгдэгч Б.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 31/
-хохирогч Ч.А-н гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 38/
-Шүүгдэгч Б.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 37/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/97 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 44 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 115 дугаартай санал /хх-ийн 45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр “ЗХ” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Ч.А-г зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн талын шанаа, хүзүүнд, баруун, зүүн далны доор, бүсэлхийн зүүн хэсэг, зүүн хөлд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Ч.А, гэрч Л.Н нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 571 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын толгой руу өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ч.А-г бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Б-н үйлдлийн улмаас хохирогч Ч.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ч.А нь “ манай нөхөр Б надаас уучлалт гуйсан одоо миний бие зүгээр болсон тул бид эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Б.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР