Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Хорлоо

Шүүгдэгч Ч.С, Ү.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Ч.С, Ү.У нарт холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Д суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Д сумын ... дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............,  Ч.С.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Д сумын ... дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............,  Ү.У.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ч.С, Ү.У нь 2019 оны 12 дугаар сарынх сүүлээр Д сумын ... дугаар багийн нутаг  ИУ гэх газраас иргэн А-н 1 үхрийг уналга ашиглан хулгайлж бусдад 800 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С, Ү.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ү.У шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хохирогч Г.А-н "...Би хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай нэг үнээ тугалчхаад тухайн үед үхрээрээ ороход хулгайд алдсан үнээ маань үхэртээ байсан. Манай үхрийг надаас өөр хүн хараад байдаггүй. Тэгээд он гараад 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн манай нэг үнээ тугалсан бөгөөд тухайн үед манай үхрээс зүүн чих цуулбар сувай үнээ алга болсон байсан юм. Тэгээд тэр үед бол үхрээсээ салаад алга болсон байж магадгүй гэж бодоод 20 гаруй хоног эрж сураг тавьсан боловч олдохгүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сумынхаа цагдаа дээр очиж бүртгүүлсэн. Учир нь манай багийн дарга Г хулгайд алдсан мал байвал цагдаатай уулзаарай гэж хэлсэн. Манай үхрийг хулгайлсан У, С хоёр үнээний хохиролд 800.000 төгрөг өгч намайг хохиролгүй болгосон. Одоо надад  гаргах ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

           

            Яллагдагч Ч.С-н “...Ү.У нь манай аав Ч-н төрсөн ах Ү-н хүү юм. 2020 оны өвөл 1 дүгээр сар шиг санаж байна  У ах цагаан сар болж байна мөнгө хэрэгтэй нэг үхэр хийе  гэсэн тэгээд орой 16 цагийн үед би өөрийн хар зүсмийн 7 настай хавчиг насны морь, харин У нь хүрэн морьтой У-с хөдөлж Д сумын 2 дугаар баг ИУ-н зүүн доор байсан 30 гаран үхрээс хар зүсмийн хоёр чих нь араасаа цуулбар имтэй сувай бүдүүн үнээг 19 цагийн үед хөөж ирээд У ахын гадаа  бид хоёр  махалсан. Тэгээд маргааш нь У ах өөрийнхөө портер машинд ачиж сумын төвд өгөөд надад 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Би тухайн үед хэний үнээ гэдгийг нь мэдээгүй юм. Дараа нь А ахын үхэр гэдгийг сонссон. У ах бид хоёр хохирогч А-д 800.000 төгрөг өгч хохирлоо барагдуулсан бөгөөд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.  гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/ ,

 

   Яллагдагч Ү.У-н “...2020 оны 01 дүгээр сарын 2,3-ны үед хөдөө мал дээрх гэр болох Д сумын 2 дугаар баг ЦХ гэх газарт очсон. Тэгээд мөнгөний хэрэг гараад С-д нэг үхэр махалж өгье гэхэд С нь зөвшөөрч бид хоёр орой 18 цагийн үед морьтой явж ИУ-н зүүн урд 30 гаран тооны үхрээс хар сувай үнээ тасалж хөөж гэрийнхээ гадаа авч ирээд Сын хамт махалсан. Тухайн үхрийг хөөж ирэхдээ би өөрийнхөө ягаан  саарал морьтой, С хар морьтой хөөж ирсэн юм. Тухайн үнээг ямар айлын үнээ байсан талаар би мэдээгүй. Тэгээд би маргааш нь тухайн үхрийн махыг сумын төв рүү оруулж аймгаас ирсэн гэх гадны танихгүй хүнд 800.000 төгрөгөөр өгч 400.000 төгрөгийг нь С-д бэлнээр нь өгсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 72-73/

 

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/60 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/59,  5/60, дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 12, 15/

 

Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-н шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-26, 31-40, 43-52/

 

Ч.С-н оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 82/

 

Сүхбаатар аймгийн Д сумын .. дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Ү.У-н  ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 89/

 

 Шүүгдэгч Ү.У-н  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 88/

 

 Шүүгдэгч Ч.С-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн  83/

 

 Шүүгдэгч Ү.У-н  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн  90/

 

Ч.С, Ү.У нарын  ХААН банкны депозит  дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн99-105/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

  Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  Ү.У, Ч.С нь 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Д сумын 2 дугаар багийн нутаг  ИУ гэх газраас иргэн Г.А-н 1 үхрийг уналга ашиглан хулгайлж бусдад 800 000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч   Г.А-н мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Ч.С, Ү.У нарын  ХААН банкны депозит  дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч Ү.У, Ч.С нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Ү.У, Ч.С  нар нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Г.А-н 1 тооны үхрийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Иймд шүүгдэгч Ү.У, Ч.С-г “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Ү.У, Ч.С нар нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-д учирсан 1 тооны үхрийн үнэ 800 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч  хохирлын талаар маргаангүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлсэн байна.  

          Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.А-н 1 тооны сувай үнээг 800 000  төгрөгөөр  үнэлжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Ү.У, Ч.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх шүүгдэгч Ү.У, Ч.С нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.У, Ч.С нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Ү.У, Ч.С нарт зан үйлээ засах, оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршиг арилгуулах, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгч Ч.С, Ү.У нарын эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/60, 5/59 дугаартай  тогтоолуудыг хэвээр үлдээж,  Ч.С-н гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан хар зүсмийн хавчиг морь, Ү.У-н соёолон насны морийг улсын орлого болгоно.

 

Шүүгдэгч Ү.У, Ч.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Ү.У, Ч.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Ч.С, Ү.У нарыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С, Ү.У нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.С, Ү.У нарт  зан үйлээ засах, оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ч.С, Ү.У нарт  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.С, Ү.У нарт  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С, Ү.У нарын эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/60, 5/59 дугаартай  тогтоолуудыг хэвээр үлдээж,  Ч.С-н гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан хар зүсмийн хавчиг морь, Ү.У-н соёолон насны морийг улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Ч.С, Ү.У нар  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон эд мөрийн баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.С, Ү.У нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР