Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

 

        О.Үөд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор А.Ганзориг,

шүүгдэгч О.Үийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Үийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Үөд холбогдох 1708016420389 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Содномдорж овгийн ............. О.Ү, 1979 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Усан сангийн 6-01 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 59-276 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: .........................../

О.Ү нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эхнэр А.Тыг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр согтуугаар эхнэр А.Тын гадаад паспорт, иргэний үнэмлэх, өмд, платье, дотоож, левчик, гоо сайханы бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг шатааж 404,300 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр согтуугаар эхнэр А.Тыг “өөр хүнтэй утсаар ярьлаа” гэж хардаж маргалдан түүнийг цохиж, биемахбодид нь “баруун шуу, сарвуу, шилбэ, зүүн шуу, дал, өгзөг, шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Үийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Үийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.Үөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудын 8 цагийг 1 хоногоор тооцож тус бүр 3 сар хорих ял болгон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  О.Үийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Үийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж заасан. Шүүгдэгч О.Үөд холбогдох эрүүгийн хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 33 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг яллах дүгнэлтэд О.Ү нь 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 5 дугаар сарын 6, 2017 оны 9 дүгээр сарын 6, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн тухай нотлох баримтууд бүрдүүлж, шүүгдэгчийг буруутгасан. Дээрх 4 үйлдлийн 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 5 дугаар сарын 6-ны үйлдлүүдийг анхан шатны шүүх дүгнэхдээ “... 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар шийтгэвэр /хх-18/, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд /хх-111-114/-аар эцэслэн шийдвэрлэсэн. Уг тогтоол хүчинтэй байгаа тул дээрх асуудлаар О.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно...” гэсэн атлаа 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойшхи хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий А.Тыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, аюулын зэргийн үнэлгээний дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэжээ.

Гэтэл хохирогч О.А.Т, гэрч Ү.Наран-Очир, А.Байгалмаа, Д.Алтангэрэл, Б.Чанцандулам нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний дүгнэлтүүдэд 2017 оны 5 дугаар сарын 6, 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 9 дүгээр сарын 6, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны үйлдлүүдийг л ярьсан мэдүүлгүүд байгаа. Зарим баримтад бүр он сар, цаг хугацааг ч нотлоогүй мэдүүлгүүд байдаг. Тэгэхээр энэ нотлох баримт гэж үзэж байгаа баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасан гэм буруутай гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлтэд 4 удаагийн тодорхой цаг хугацааг зааж ял сонсгосон байтал яллах дүгнэлтэд зааснаас гадна цаг хугацааны нотлогдоогүй баримтыг үндэслэж дээрх зүйл заалтаар гэм буруутайд тооцож, ял халдааж байгааг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүх О.Үөд ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл хохирогчид учирсан 403,400 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж, баримтыг хэрэгт хавсаргасан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байхад тус хэргийн хамгийн хүнд ял шийтгэл оногдуулсан нь энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим алдагдсан, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасныг зөрчсөн.

Шүүгдэгч О.Үөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын дагуу оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял руу шилжүүлж 3 сар хорих, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял руу шилжүүлж 3 сар хорих ял оногдуулан нийт эдлэх ялыг 1 жил 6 сараар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч О.Үөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийн энэ үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу тогтоох хэсгийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг хүчингүйд тооцох, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар гэснийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Үийн өмгөөлөгч Г.Энхтүвшин 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэж прокурорын шатанд 4 үйлдэл дурдсан. Энэ нь 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 5 дугаар сарын 6, 2017 оны 9 дүгээр сарын 6, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд гарсан 4 хэрэг байдаг. Мөрдөн байцаалтын шатанд “намайг байнга зоддог, цагдаад мэдэгдэх гэхээр гар утас хурааж авдаг, хүүхдүүдийг хичээлд явуулахгүй хориод гаргадаггүй” гэсэн мэдүүлгүүд байдаг. Байнга зодсон гэдгийг ар гэрийнхэн нь болон насанд хүрээгүй гэрч Ү.Наран-Очирын мэдүүлэгт ээжийг байнга зоддог гэсэн байдаг. Гэрч Байгалмаа байнга зоддог, зодсоныхоо дараа эвлэрлээ гээд дагуулаад яваад өгдөг байсан гэж мэдүүлсэн. Мөн Алтангэрэлийн эх нь манай охиныг байнга зоддог гэж мэдүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг өөрөө хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Энэ гэмт хэргийг зөвхөн цагдаагийн АСАП сан болон шуурхай удирдлагын төвд мэдэгдсэн 4 удаагийн үйлдлээр яллаад байгаа зүйлгүй. Хохирогч А.Т өөрөө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “7 хоногт 3-4 удаа архи уудаг, уух болгондоо зоддог” гэсэн үүнийг тогтоох боломжгүй. Яагаад гэхээр гэртээ байнга зодож хүчирхийлэл үйлдэж байгааг цагдаад мэдэгдэж чадахгүй байна гэдгийг бид нар тогтоох боломжгүй. Сүүлдээ 4-7 насны хоёр хүүхдийг мэдүүлэг өгөх чадвартай гэж үзэж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад байнга зоддогийг нь гэрчилсэн. Байнгын шинжтэй, хэвшмэл болсон. Шүүх хуралдаанд хохирогч А.Т өөрөө байнга зоддог, хэвшмэл, гаднаас орж ирэхдээ архи уугаад орилоод орж ирдэг, тэгээд зоддог гэсэн нь байнгын шинжийг харуулж байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт гэмт этгээдийн зан төрх, хэвшмэл байдал нь байнга гэсэн шинжид хамаарна гэсэн байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны үйлдлээр шатаасан, зодоогүй гэж байгаа. Яллах дүгнэлтэд гэмтлийн зэрэгт хамаарахгүй өвдөгний зулгаралт тогтоосон нь тухайн үйлдлээр зодсон асуудал харагдаж байна. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй ч гэсэн гэмтэл учирсан байна. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэсэн асуудалд хохирогч А.Тын иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувцаснууд байгаа. Хохирогч А.Т мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилнэ, миний эд зүйл гэж хэлсэн байгаа. Дундын өмч гэвэл зурагт ч юм уу дундаасаа нийлж авсан зүйлийг хэлнэ. Гэтэл хохирогчийн өөрийнх нь хувцас, бичиг баримтыг шатааж байгаа нь бусдын эд хөрөнгийг устгасан гэж үзсэн. Ял хөнгөрүүлээгүй гэж байгаа нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ял нэмж, нэгтгэсэн нь тухайн бүлгийн хамгийн дээд ялаас хэтрүүлж болохгүй гэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэмж хэлэхэд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч А.Т “байнга зоддог, сүүлийн 1 жилийн дотор 4 удаа би цагдаагийн байгууллагад хандсан” гэж хэлсэн байгаа. Цагдаагийн байгууллагад хандаагүй мөн олон байгаа гэдгийг хохирогч болон ар гэрийнхэн, насанд хүрээгүй гэрч нар ч мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх О.Үөд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

1. О.Ү нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Тыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

 

- хохирогч А.Тын “... Намайг өмнө олон удаа зоддог байсан. 2011 онд Налайхад байхдаа зодуулаад иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх 3 сарын хугацаатай эвлэрэх шийдвэр гаргаад тэр хугацаандаа эвлэрч байсан. Мөн 2017 оны 5 дугаар сарын 6-ны шөнө гэртээ унтаж байтал гаднаас согтуу орж ирээд “Чи өөрийнхөө хөрөнгөөр эцэг, эхдээ байр авч өгсөн. Тэр байранд манайх орох байсан юм” гээд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод, халуун тогооны залгуур болон галын дэгээ төмрөөр зодож цохьсон... О.Ү намайг өмнө нь олон удаа зодож цохьдог байсан боловч би цагдаа дуудаж өргөдөл өгч байгаагүй... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуу ирээд агсам тавьж намайг зодож цохиод байхаар нь цагдаа дуудаж баривчлуулж байсан... дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр агсам согтуу тавьж хувцас болон эд зүйл шатаасан... 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дахин намайг зодсон... Би сүүлийн 1 жилийн хугацаанд цагдаад 4 удаа нөхөртөө зодуулсан гэж өргөдөл өгч байгаа. Намайг дандаа гэртээ зодож цохьдог бөгөөд өөр бусад газар болон гудамж талбайд зодож цохиж байсан. Би тэр үед нь цагдаад хэлж байгаагүй...” /хх-22-25/,

- насанд хүрээгүй гэрч Ү.Наран-Очирын “... аав ээжийг зоддог. Аав халуун тогооны залгуур болон зуухны төмрөөр зоддог. Бас хөл гараараа цохиж зоддог... дандаа архи уучихсан байхдаа зоддог. Заримдаа гайгүй халамцуу байдаг. Гэхдээ ихэвчлэн согтуу байдаг. Би ааваасаа их айдаг. Яагаад гэвэл аав ээжийг их зодоод уйлуулаад байдаг. Тэгээд ээж яаж ч чадахгүй уйлаад л байдаг болохоор надад хамт байхад хэцүү байдаг...” /хх-34/,

- гэрч А.Байгалмаагийн “... О.Ү нь А.Тыг зодож цохьдог талаар мэднэ. А.Т нь миний төрсөн эгч болохоор нөхөртөө зодуулчихлаа гэж намайг дууддаг юм... 2016 оны 12 дугаар сард О.Үөд зодуулсан гэж дуудсан бөгөөд цагдаа дуудаж баривчлуулж байсан. Дараа нь 2017 оны 5 дугаар сар орчим намайг О.Ү зодоод байна гэхээр нь очиж мөн цагдаад баривчлуулж байсан. Сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эгч А.Т над руу танихгүй хүний утаснаас залгаад нөхөртөө зодуулчихлаа гэж дуудаж байсан... намайг олон удаа дуудаж байсан болохоор би яг хэзээ, ямар гэмтэл учруулж байсан талаар мэдэхгүй байна. Намайг дуудахаар нь очих болгонд бие нь хөхөрчихсөн байдаг ба юу болсон талаар асуухаар нөхөр О.Ү нь гараараа зодсон, тогооны залгуураар зодсон гэж ярьдаг байсан. Ер нь бол манай эгчийг байнга зоддог байсан бөгөөд хамгаалах байранд хүртэл очиж байсан...” /хх-36-37/,

-  гэрч Д.Алтангэрэлийн “... О.Ү нь манай охин А.Тыг зодож цохьдог талаар мэднэ. О.Ү нь манай охиныг ер нь бол байнгын дарамтанд байлгадаг. Дандаа зодож дарамталж байдаг бөгөөд манай охин нөхөртөө зодуулчихлаа гээд манайд хүрээд ирдэг. А.Т нь багш мэргэжилтэй боловч О.Ү гэдэг хүн ажил хийлгэхгүй гэртээ байлгаад ажил хийхээр нь хардаад зодоод байдаг гэж байсан...” /хх-40-41/ гэсэн мэдүүлгүүд,

- Аюулын зэргийн үнэлгээ /хх-90-93/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-94-102/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. О.Ү нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр согтуугаар эхнэр А.Тын гадаад паспорт, иргэний үнэмлэх, өмд, платье, дотоож, левчик, гоо сайханы бүтээгдэхүүн зэрэг хувийн эд зүйлүүдийг нь шатааж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган 404,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч А.Тын “... О.Ү нь ... над руу уурлаад агсам согтуу тавиад намайг зодох гээд байхаар нь би зугтааж гараад урд гудамжны үзүүр дээр байж байтал хажуу айлын хүүхэд ирээд танай гэрийн үүдэнд гал гараад байна гэхээр нь буцаад очтол миний хувцас, болон хүүхдүүдийн бичиг баримтыг шатаагаад зогсч байсан...” /хх-22/,

- гэрч А.Байгалмаагийн “... А.Тын гэрийн ойролцоо очоод цагдаа нартай уулзаад гэрийг нь зааж өгөөд хамт очсон. Тэгээд эгч А.Таас юу болсон талаар асуухад “намайг зодох гээд байхаар нь зугтаагаад гарчихсан чинь миний хувцасыг шатаачихсан” гэж хэлсэн...” /хх-36/ гэсэн мэдүүлгүүд,

- А.Тын эд зүйлийг үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-61-63/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-83-88/,

- О.Үийн яллагдагчаар өгсөн “... А.Т гэрээсээ гараад явчихаар нь би явуулахгүй гэсэн уурандаа цүнхтэй бэлдээд тавьсан байсан өөрийнх нь эзэмшлийн хувцас хунар болон бичиг баримттай улаан цүнхийг гэрээс гаргаад баруун талд тавьж байгаад газ асааж шатааж байхад А.Т ирээд болиоч гэхээр нь би цааш нь түлхэж байгаад шатаасан... А.Т сав аваад унтрааж байгаа харагдсан... ямар ч байсан дараа нь харахад гадаад паспорт нь тал шатчихсан, иргэний үнэмлэх нь талаасаа хайлсан байдалтай, хувцаснууд нь хэрэглэхээргүй шатчихсан байсан...” /хх-80/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

3. О.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Тыг хардалтын улмаас зодож “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч А.Тын “... Намайг гэртээ ирэхгүй бол охиноо буцааж аваачиж өгөхгүй гээд байхаар нь би буцаад гэртээ ирчихсэн юм... тэгтэл өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гэртээ байж байтал согтуу орж ирээд хэрүүл хийж байгаад миний үснээс доошоо дараад халуун тогооны залгуураар миний нуруу, гар, хөл рүү ороолгоод байхаар нь хүүхдүүдээ дуудаад “ээжийгээ аваарай” гэсэн чинь хүүхдүүд “ааваа та болиоч ээ” гэсээр байгаад болиулаад унтуулсан юм...” /хх-22/ гэх мэдүүлэг,

 - хохирогч А.Тын биед баруун шуу, сарвуу, шилбэ, зүүн шуу, дал, өгзөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14019 дүгээр дүгнэлт /хх-54/,

- шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “... дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Мохоо хүчин зүйлд халуун тогооны залгуур орох боломжтой. А.Тын биед үүссэн гэмтэл нь халуун тогооны залгуураар үүсэх боломжтой. Мөн дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байсан...” /хх-56/ гэсэн мэдүүлэг,

- О.Үийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, О.Үийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар шийтгэвэр /хх-108/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-114/-оор О.Ү нь 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн үйлдлүүддээ хариуцлага хүлээсэн, эдгээр шийдвэрүүд хүчинтэй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгээр давхар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь буруу байна.

 

Учир нь О.Үийн дээрх хоёр удаагийн үйлдлийг эрх бүхий байгууллага эцэслэн шийдвэрлэсэн байх боловч хууль зүйн үр дагавар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “... байнга...” гэсэн шинжид хамаарна.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо тухайн хүний үйлдэл “... байнга...”-ын шинжтэй байхыг онцолжээ. Энэ зүйлд заасан “байнга” гэсэн шинж нь хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдлүүдийн тоо болон давтамжаар тодорхойлогдох бөгөөд тэдгээрийн алинд нь ч эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх учиртай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлоно” гэж заасан хууль ёсны зарчимын үүднээс авч үзвэл эрүүгийн хариуцлагаас бусад, тухайлбал: шийтгэврээр шийтгэл хүлээсэн нь байнга гэсэн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болж чадахгүй.

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулж, уг хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтай тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагж мөрдөхөөр хуульчилжээ.

Гэвч Эрүүгийн хуульд нэмэлтээр орсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлд заасан “Тарчлаах” гэмт хэргийн шинжид багтаж байсан тул О.Үийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үйлдэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжид хамаарч байна.

 

Иймд О.Үийн 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 5 дугаар сарын 6, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрүүдэд эхнэр А.Тын эсрэг чиглэсэн үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг мөн гэж үзэв.

 

Хохирогч А.Т, насанд хүрээгүй гэрч Ү.Наран-Очир, гэрч А.Байгалмаа, Д.Алтангэрэл нарын мэдүүлгүүдээс үзэхэд “О.Ү нь эхнэр А.Тын эрүүл мэнд, өмч хөрөнгөд нь халдах, сэтгэл санааны дарамтад оруулах зэрэг үйлдэл нь тогтмол, хэвшил, зуршил болж удаан хугацаанд үргэлжилсэн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

О.Ү нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул шүүх гэмт хэрэг тус бүрт нь хуульд заасан ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг хууль зүйн үндэслэлтэй, зөв тогтоожээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд өмгөөлөгч Г.Энхтүвшингийн “О.Ү гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгч О.Ү нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 44 хоног цагдан хоригдсон байхад “42 хоног” гэж дутуу тооцсоныг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “О.Ү... цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “… 42 хоногийг…” гэснийг “… 44 хоногийг…” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “... цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч О.Үийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН