Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2019/0002/З |
Дугаар | 111/ШШ2019/0010 |
Огноо | 2019-05-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 111/ШШ2019/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга болон аймгийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын ******* хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” ******* тоот гэрээг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар онлайнаар, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******”-иас ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалт зарласан. 2014 оны эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд хяналт тавих журмаар явуулсан сонгон шалгаруулалтанд манай “*******” ХХК шалгарч манай байгууллагад албан бичиг ирүүлсэн. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ******* тоот гэрээ байгуулан Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын ******* хэмээх газар 5.5 га газарт дахин олборлолт хийж нөхөн сэргээхээр болсон. Гэтэл Засаг даргаас бидэнд 300.000.000 төгрөг төлөх шаардлага тавиад хэрэв төлөхгүй бол дараагийн хүн цүнхтэй мөнгөтэйгөө ирсэн байгаа гэж мэдэгдсэн. Бид 250.000.000 төгрөгийг олж бүрдүүлэхийн тулд -н нэрээр 150.000.000 төгрөгийн зээл, хувь хүнээс 10 хувийн хүүтэй 70.000.000 төгрөгийн зээл авч өөрсдөд байсан 30.000.000 төгрөгийг оруулаад 250.000.000 төгрөгийг бүрдүүлж аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга гэдэг хүний шилжүүл гэсэн данснуудад шилжүүлсэн. Аймгийн Засаг даргын шаардсан 250.000.000 төгрөгийг төлснөөр нөхөн сэргээлт хийх эрх олж өөрсдөө 50.000.000 төгрөг зарцуулж нөхөн сэргээлт хийж эхлэхэд ******* сумын Засаг дарга манай ажлыг зогсоосон. Улмаар дахин олборлолт явуулах гэхэд мөн дахин зогсоосон ба удаа дараа мөнгө шаардаж зогсоосноор гэрээ хэрэгжээгүй.
2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 8 тоот гэрээнд 27.000.000 төгрөг барьцаанд төлөхөөр заагдсан боловч 250.000.000 төгрөг авсан. Гэрээний 4.5-д заагдсанаар сумын удирдлага өөрчлөгдсөн ч сумын удирдлагаас үл хамаарч гэрээ хэрэгжихээр заагдсан заалт зөрчигдөж гэрээнд заагдаагүй мөнгө нэмж нэхсэн үйлдлээс гэрээ хэрэгжээгүй зогсож бидэнд асар их хэмжээний хохирол үүссэн. Бид их хэмжээний зээл авч 250.000.000 төгрөгийн төлбөрийг дуусгасан ба энэ зээлнээс болж орон байраа алдах, дахин бизнес хийх ямар ч боломжгүй маш хүнд нөхцөлд орсон учир аргагүйн эрхэнд шууд хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна. Бид гэрээний дагуу өөрийнхөө үйл ажиилагаанд зориулан зарцуулсан 50.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлээгүй бөгөөд хууль бусаар биднээс шаардан авсан мөнгийг нэхэмжилж байгаа юм. Гэрээнд заагдсан 27.500.000 төгрөгийг хасаад 222.500.000 төгрөгийг гаргуулахаар багасгаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заагдсанаар сонгон шалгаруулалтанд тэнцсэний барьцаа хөрөнгө болох 222.500.000 төгрөгийг буцаан гаргуулах 106.3.1-д заагдсанаар 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот гэрээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““*******” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга -тай Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг *******ын *******н 5,5 га газарт техникийн нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулсан байна.
“*******” ХХК-иас гэрээний дагуу 250.000.000 төгрөгийг төлсөн гэх боловч уг мөнгө нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дансанд ороогүй, албан дансаар дамжиж гүйлгээ хийгдээгүй байгаа тул уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Гэрээний 3.5-д зааснаар гэрээний үнэ 27.500.000 төгрөгийг аймгийн төрийн сангийн дансанд байршуулахаар гэрээнд заасан байна. Гэтэл нэхэмжпэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу хувь хүний дансанд шилжүүлсэн нь буруу юм.
Тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд гэрээ байгуулагч талаас ямар нэгэн саад хийгээгүй бөгөөд нэхэмжлэлд дурьдсанаар нөхөн сэргээлтийн ажлыг тухайн үеийн ******* сумын Засаг даргын шийдвэрээр зогсоосон гэжээ. Иймээс тухайн үед үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан этгээдийн шийдвэр хууль ёсны эсэхэд дүгнэлт хийсний дараа буруутай шийдвэр гаргасан гэж үзвэл хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйд нийцнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““*******” ХХК-ийн Захирал -тай Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******ын *******” хэмээх газрын 5,5 га талбайд нөхөн сэргээлтийн гэрээг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явуулах нөхөн сэргээлтийн ******* дугаар гэрээг байгуулж ажилласан байна.Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу 5.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж 2014 оны 12 сард багтааж ажлаа хүлээлгэж өгөх бөгөөд ажлын тайланг тухайн үеийн Хөгжлийн бодлогын хэлтэс буюу одоогийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст тайлагнах байсан билээ. Энэ компани нь 2013 онд ******* сумтай гэрээ байгуулж ажиллаж байсан бөгөөд тухайн “*******ын *******” хэмээх газар нутгийн алт, металийн гаралтыг бүрэн судалсны улмаас гэрээ байгуулан ажилласан гэж ойлгож байна.
Аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс “Д” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр огт гаргаж байгаагүй бөгөөд тухайн үед гэрээг цуцлах, хандив, хөрөнгө оруулалтын талаар ямар нэгэн нэмэлт шаардлага тавьж байгаагүй болох нь архив бичиг хэрэг өнгөрсөн оны баримтуудыг харахад тодорхой байна. Харин тухайн аж ахуйн нэгж нь 2014 оны 11 дүгээр сар буюу алт олборлох төхөөрөмжийн ус нь хөлдөж угаах төхөөрөмж ажиллахаа больсны дараа тус газрыг аймгийн нөхөн сэргээх комисст актаар баталгаажуулж, хүлээлгэн өгөөгүй явсан, тус газарт үйл ажиллагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргийн 5.5 га талбайгаас нэг ч га талбайг нөхөн сэргээлгүй мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг үл тоон үйл ажиллагаа явуулж байсан.
2014 оны 06 дугаар сарын 23-нд талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-т “Талууд гэрээтэй холбоотой аливаа санал гомдлыг зөвхөн бичгээр нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан байтал тухайн үед дээрх аж ахуй нэгж нь ямар ч албан бичгээр гомдол санал ирүүлж байгаагүй байна. Иймээс “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын ******* хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” ******* тоот гэрээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 250.000.000 төгрөгөөс гэрээнд заасан 27.500.000 төгрөгийг хасч, үлдсэн 222.500.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар багасгаж, бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.
Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлээд дараах үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын ******* хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” ******* тоот гэрээг хүчингүй болгох” шаардлагын тухайд:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх төсөл сонгон шалгаруулалт зарласны дагуу “*******” ХХК оролцож тус сонгон шалгаруулалтад шалгарч, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, “*******” ХХК-ийн захирал нар 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын ******* хэмээх газарт нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулж, уг гэрээг аймгийн Засаг дарга баталжээ.
Энэхүү гэрээ нь “*******” ХХК-д эрх олгож, ашигтай нөхцөл байдлыг бий болгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх ба энэхүү гэрээний 3.5-д заасны дагуу 1 га газар тутамд 5 сая төгрөгөөр тооцож 27.500.000 төгрөгийг холбогдох дансанд байршуулж, гэрээний хавсралтад заагдсан газарт 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нөхөн сэргээлтийг хийхээр ажилласан болох нь нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар албан тоот зэргээр нотлогдож байна.
Гэрээний дагуу нөхөн сэргээлт хийсэн гэдэгтэй талууд мараагүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасны дагуу дээрх гэрээ байгуулагдаж, нөхөн сэргээлт хийгдэж, гэрээ дуусгавар болжээ гэж үзэж болохоор байна.
Гэрээ байгуулах, хэрэгжих явцад талуудаас ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй, гэрээнд өөрчлөлт оруулсан талаарх баримт байхгүй бөгөөд энэхүү гэрээнээс шалтгаалж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Харин нэхэмжлэгч нь “...зааж өгсөн газар байсан овоолготой шороог угаагаад юм гараагүй тул өөр газар байсан шороог угаасан. Гэтэл аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж, үйл ажиллагааг зогсоосон. Хандивын мөнгөө өгсөн болохоор бүх асуудлыг зохицуулсан гэж ойлгосон...” гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд “Д” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй алт олборлож байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.3, зөвшөөрөлгүй худаг гаргаж, суваг шуудуу татан ашиглаж байгаа нь Усны тухай хуулийн 27.4, Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг тогтоогоогүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзээд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05-04-014/175 дугаартай “Нөхөн сэргээлт хийх тухай” албан шаардлагаар шаардлага хүргүүлж, мөн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05-04-014/45 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх”-ээр заасантай нийцжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас харахад “*******” ХХК-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг гэрээний нэг тал буюу хариуцагчаас зогсоосон, гэрээний үүргээ биелүүлгээгүй гэх үйлдэл харагдахгүй байх тул нэхэмжлэгчийн гаргаж байгаа мөн адил тайлбар үгүйсгэгдэж байна.
Хоёр: “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг буцаан гаргуулах”-ыг хүссэн шаардлагын хувьд:
“Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын ******* хэмээх газарт нөхөн сэргээлт хийх гэрээ”-г 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, “Д” ХХК-ийн захирал нарын хооронд байгуулсан бөгөөд уг гэрээнд заасны дагуу 1 га газар тутамд 5 сая төгрөгөөр тооцож 27.500.000 төгрөгийг холбогдох дансанд байршуулахаар гэрээний 3.5-д заасан байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүх хуралдаанд “уг гэрээг байгуулахын тулд хандив гэх нэрээр 250.000.000 төгрөгийг аймгийн Засаг дарга болон Хөгжлийн бодлогын хэлтэс шаардаж авсан. Гэрээний дагуу нөхөн сэргээлтээ хийсэн бөгөөд гэрээнд заасан 27.500.000 төгрөгийг хасаад, үлдсэн 222.500.000 төгрөгийг гаргуулах”-аар тайлбар гаргасан ба энэхүү 222.500.000 төгрөг нь “Баянхонгор аймгийн ******* сумын 2-р багийн *******ын ******* хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” ******* тоот гэрээний улмаас учирсан шууд хохирол биш юм.
Учир нь, энэхүү 222.500.000 төгрөгийг “Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын ******* хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” ******* тоот гэрээг байгуулахын тулд “Д” ХХК-иас хандив гэх нэрээр өгсөн нь “******* ******* *******” сан ТББ-аас “*******” ХХК-ийн захирал *******-д өгсөн талархал, нэхэмжлэгчийн тайлбар, мөн уг гэрээнд энэ талаар тусгасан заалт байхгүй зэргээс харагдаж байна.
Иймд “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 222.500.000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” маргаан байх тул хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтуудыг баримтлан “*******” ХХК-ийн гаргасан “Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын ******* хэмээх газарт нөхөн сэргээлт хийх тухай” ******* тоот гэрээг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэний барьцаа хөрөнгө болох 222.500.000 /хоёр зуун хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА