Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 159/2021/0021/З |
Дугаар | 221/МА2022/0514 |
Огноо | 2022-07-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2022/0514
2022.07.26-ны өдөр 221/МА2022/0514
“С” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “С” ХХК-ийн захирал Т.Э
Нэхэмжлэгч “С” ХХК
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын газрын даамал
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.С, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын газрын даамал Ц.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 159/2021/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас шүүхэд хандан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн 000308721 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/302 дугаар захирамж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх 04331-2019/00045 дугаар гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрх захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрх захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын газрын даамал кадастрын зураглал хийлгэсэн газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын газрын мэргэжилтэнд кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг хэлэлцүүлж батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр “... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3, 23 дугаар зүйлийн 23.4.1, 23.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Т.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “С” ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3.2. Илтэд 2014 онд олгосон гэх газар захирамж, гэрээ, гэрчилгээ зэрэг хүчингүй болгуулах, 2019 онд олгосон гэх газар гэрээ, гэрчилгээ, захирамж бүгд хууль бус байх, нэхэмжлэлд заасан Хаан банкны ард 4225 м.кв 14 дүгээр байрны хажууд байрлах 3500 м.кв газрыг хуульд нийцүүлэн Газрын тухай хуульд заасан газрыг олгуулахаар даалгах. Газар олгосон гэх даамал Ц.Г иргэний шүүх, захиргааны шүүх, Авлигатай тэмцэх газарт байцаалт мэдүүлэг өгөхдөө өөр өөр худал тайлбар гаргаж өгсөн.
3.3. Мөн шүүгч, өмгөөлөгч Н.А-г энэ компаниас зохих хэмжээний хөлс авч өмгөөлөгчөөр ороо биздээ, тэгээд өмгөөлөгчээ хийж өгч чадахгүй байна шүү дээ гэсэн.
3.4. Өмгөөлөгч бид анх нэхэмжлэл өгөхдөө хүчингүй болгуулах гэж өгөхөд татгалзаж байсан, ... 4 удаа шүүх буцаасан тэгээд даалгуулах гээд өгөхөөр шүүх хүлээн авч Захиргааны хэрэг нээсэн энэ чинь хууль бус биш үү гэдэг.
3.5. Хаан банкны ард 4225 м.кв газар 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газар зэргийг “С” ХХК олгуулж даалгуулах зэргийг шүүх санаатайгаар хэрэгсэхгүй болгож магадгүй гэж шүүгчид хэлсэн. Гэтэл шүүгч нөлөөллөх гэж оролдож байна гэсэн. Иргэн хохирсон байхад зөвтгөж хараагүй, ямарваа нэгэн байдлаар хэрэгсэхгүй болгох үүрэгтэй байсан гэж харж байгаа.
3.6. Иймд давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлийг зөвтгөж, хууль нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх хэрвээ буруу шийдвэрлэсэн бол хуульд заасны дагуу зөвтгөж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “С” ХХК-иас
-“Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн 000308721 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/302 дугаар захирамж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх 04331-2019/00045 дугаар гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрх захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрх захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын газрын даамал кадастрын зураглал хийлгэсэн газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын газрын мэргэжилтэнд кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг хэлэлцүүлж батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах” зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамжаар “С” ХХК-д Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 14 дүгээр байрны зүүн урд талд орон сууц барих зориулалтаар 3500 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч тухайн газар нь мөн аймгийн Сайхан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр захирамжаар олгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын газартай зарим хэсгээр давхцсан тул нэхэмжлэгчээс энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс “С” ХХК болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга нар эвлэрснийг баталсан байх бөгөөд ингэхдээ талууд “... нэхэмжлэгчид олгосон 3500 м.к газар дээр нэмж 4225 м.кв буюу 65х65 талбай бүхий “А” зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг авахыг хүсч, түүнийг сумын Засаг даргаас хүлээн зөвшөөрч харилцан тохиролцох” агуулгаар эвлэрсэн тул шүүхээс энэ хүрээнд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/302 дугаар захирамжуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “... тухайн захирамжуудыг гаргахдаа бусдын эзэмшил газартай хэсэгчлэн давхцуулж, сумын 2013 болон 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн нь илт хууль бус.. ” гэх үндэслэлээр маргаж байгаа бөгөөд тухайн захирамжуудыг хариуцагч сумын Засаг даргаас илт хууль бус байдлаар гаргасан нь тогтоогдсонгүй.
5.1. Учир нь илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх шинжтэй байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргаас талуудын эвлэрлийн үндсэн дээр буюу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 29 дүгээр захирамжийг биелүүлэн нэхэмжлэгчид анх олгосон 3500 м.кв газар нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын газартай давхцалтай байсан үндэслэл болон түүнтэй холбоотой ажиллагааг хийж, 2018 онд шинэчлэн гэрээ, гэрчилгээ олгосон нь “илт хууль бус” гэх үндэслэлд хамаарахгүй.
5.2. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас анхнаасаа 2014 онд нэхэмжлэгчид 3500 м.кв газрыг олгохдоо Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эзэмшлийн газарт давхцуулан олгосон энэ тохиолдолд хариуцагчаас өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох болон таслан зогсоох эрх хэмжээтэй байхаас гадна маргаан бүхий газрын асуудлаар нэхэмжлэгчид шинээр гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5.3. Мөн нэхэмжлэгчээс “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчиж гаргасан, “С С” ХХК-иар хийлгэсэн кадастрын зураг болон газрын байршлыг үндэслэж гараагүй” гэж маргасан нь ойлгомжгүй болжээ. Тодруулбал, “С” ХХК болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга нар шүүхэд “... нэхэмжлэгчид олгосон 3500 м.кв газар дээр нэмж 4225 м.кв буюу 65х65 талбай бүхий “А” зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг авахыг хүсч, түүнийг сумын Засаг даргаас хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон” гэж эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр эвлэрлийн гэрээгээ батлуулсан атлаа нэхэмжлэгчээс дээрх агуулгаар гомдол гаргаж, мэтгэлцсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3, 23 дугаар зүйлийн 23.4.2-д заасантай нийцсэнгүй.
5.4. Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд хариуцагчаас хүрээнд 2018 оны А/302 дугаар захирамжаар нэхэмжлэгчид “.... Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сум дун шүүхийн зүүн талд 4225 м.кв газрыг орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр” гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасанд хамаарахгүй юм.
5.5. Тиймээс нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан талууд “... сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв газрыг нэмж эзэмшинэ” гэх агуулгаар эвлэрлийн гэрээ байгуулаагүй, хариуцагчаас 4225 м.кв газрыг А/302 дугаар захирамжаар олгохдоо “С с” ХХК-иар хийлгэсэн кадастрын зураг болон газрын байршлыг үндэслэж олгоогүй нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх илт хууль бус шинжийг агуулсан гэж үзэхгүй.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар маргаан бүхий актуудыг гаргахдаа хариуцагч захиргааны байгууллагуудаас хууль бусаар гаргасан болон илт хууль бус шинжийг агуулж гаргаагүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул “... шүүхийн шийдвэрийг зөвтгөж хуульд нийцүүлэх тухай” давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
7. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дүгээр сарын 26-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Т.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН