Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 917

 

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2017/00050 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Тэлмэн констракшн” ХХК-д холбогдох,

 

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд 30 641 248 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Энхтуул

Хариуцагч “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Очирбал

Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Эрдэнэбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэлмэн констракшн” ХХК-ийн орон сууцыг усаар хангах ЦТП-ний цахилгаан эрчим хүчний гэрээг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллага дээр ирж 3 фазын 401407053059 дугаар бүхий тоолуурыг нэмж суурилуулан 7101002 кодонд цэг нэмүүлсэн. “Тэлмэн констракшн” ХХК-ийн захирал З.Зандан, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирал н.Ганболд нар харилцан тохиролцсоноор 2015 оны 9, 10, 11 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний тооцоо болох 12 993 604 төгрөгийг “Тэлмэн констракшн” ХХК төлж барагдуулсан.

2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааны тооцоо болох 30 641 218 төгрөгийг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ төлөх ёстой боловч төлөөгүй байна. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын “Тэлмэн констракшн” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ хүчингүй болсон тул “Тэлмэн констракшн” ХХК-нийг гэрээний дагуу хариуцагчаар татсан. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Тэлмэн констракшн” ХХК-иас 30 641 248 төгрөгийг тус тус гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Налайх хэрэглэгчид үйлчлэх төвтэй байгуулсан гэрээндээ 401407053059 дугаартай тоолуурыг нэмж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа "Тэлмэн констракшин" ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ШН15/05 дугаар хамтран ажиллах гэрээний үндэслэсэн.

Гэтэл уг Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06033 дугаартай шүүхийн шийдвэр гарсан.

Тиймээс "Тэлмэн констракшн" ХХК-тай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ЦТП-г нарийн хүлээлцдэг журамтай боловч хүлээлцсэн зүйлгүй. ЦТП 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, байнгын хүн ажиллуулж хянаж тэмдэглэж байдаг ба “Тэлмэн констракшн” ХХК-ийн өмч. Уг ЦТП-ийн түлхүүр болон бусад ашиглалтын зүйлсийг эдний инженер, техникийн ажилтнууд ажиллуулж “Тэлмэн констракшн” ХХК-ийн сантехникийн инженер н.Нямгэрэл хариуцдаг. ЦТП нь ус, дулаан түгээх төв гэсэн байгууламж, манай байгууллага зөвхөн цэвэр усаар хангадаг. Дулааны станц дулаанаар хангадаг. Нийтийн эзэмшлийн хөрөнгийг Нийслэлийн өмчид шилжүүлсэн үед хэн хариуцах нь тодорно.

“Тэлмэн констракшн” ХХК энэ ЦТП-г хүлээж аваач гэсэн албан бичиг хүсэлтээ Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан байдаг. Нийслэлийн өмчийн газар Төрийн өмчийн хорооны тогтоол болон Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоол гарч хэнд шилжиж хариуцуулах нь шийдвэрлэгдэх ёстой.

ЦТП манайд шилжээд ирсэн нөхцөлд манайх усны төлбөрөө авна. Одоо манай байгууллага 374 төгрөгөөр усаа аваад тоолууртай айлд 480 төгрөгөөр, тоолуургүй айлуудад 670 төгрөгийн үнэтэй хангадаг. Одоо “Шинэ налайх” хорооллын айл өрхүүдтэй зөвхөн үндсэн үнээр гэрээ байгуулж усаар хангаж байгаа. Үнэхээр манайд шилжээд ирсэн бол уг мөнгөн дүн дээр байгууламжийн цахилгааны мөнгийг нэмэгдүүлж тооцох ёстой. Одоо нэмэгдүүлж авч байгаа зүйл байхгүй. “Тэлмэн констракшн” ХХК байгуулагдсанаасаа хойш нилээд өр төлбөртэй явсан ба одоо хүртэл манайд 31 000 000 төгрөгийн өр төлбөртэй. Дүүргийн бусад хорооллуудад байгаа ЦТП-г компаниуд нь хүлээлгэж өгсөн, ЦТП нь тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн дундын өмч болдог гэв.

 

Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ ЦТП-г манай компани барьсан, ер нь бол манай өмч. Одоо бол “Чандмань Налайх” ОНӨААТҮГазар, СӨХ хоёрын дундын өмч. Гэхдээ ЦТП-г СӨХ авч явахгүй. Мэргэжлийн, ашиглалтын байгууллага авч явдаг.

Нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 12 сар, 2016 оны 01-09 сарын цахилгааны төлбөр 30 641 248 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан ЦТП буюу ус, дулаан дамжуулах төхөөрөмжийг Улсын комисс хүлээж автал манай компани цахилгааны төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан.

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ЦТП-г хүлээж авч, холбогдох үүрэг даалгавар Улсын комисс өгсөн. 2015/279 тоот комиссын актын 2.2-т “Ус дулаан дамжуулах төв шугам хоолойн зориулалтаар ашиглахад боломжтой” гэж үзээд ашиглагч байгууллага болох “Чандмань Налайх” ОНӨААТҮГазрын мэдэлд ашиглалтад оруулахыг зөвшөөрөв, 2.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, холбогдох баримтуудын эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч байгууллагад 14 хоногийн дотор багтаан шилжүүлэх...” гэж тус тус заасны дагуу бид акт үйлдэн шилжүүлсэн.

Үүний дагуу “Чандмань Налайх” ОНӨААТҮГазар “Шинэ налайх” хорооллын оршин суугчидтай цэвэр, бохир ус, дулаанаар хангах гэрээ байгуулсан. Уг ажлыг гүйцэтгэх насосны цахилгааны төлбөрийг айл өрхүүдээс аваад, эрх бүхий байгууллагад шилжүүлсэн. Эрх бүхий байгууллага нь өнөөдийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК байна.

Барилгыг дулаан, цахилгаан, усаар хангах нь ашиглагч байгууллага болох “Чандмань Налайх” ОНӨААТҮГазрын үүрэг, харин орон сууцыг хэвийн бүтэн байлгах нь манай компанийн үүрэг. Иймд 2015 оны 12, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааны ус дулаан дамжуулах төвийн цахилгаан эрчим хүчний төлбөр, тооцоог манай компани хариуцахгүй гэв.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2., 30.1.13.-т заасныг тус тус баримтлан “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-аас 10 724 437 төгрөг, “Тэлмэн констракшн” ХХК-иас 19 916 811 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-аас 186 541 төгрөг, “Тэлмэн констракшн” ХХК-иас 257 534 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлййн 29.1.1-д заасан үүргээ биелүүлсэн, харин хэрэглэгч нар мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө бүрэн төлөх..." гэж гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь хэргийн материалд авагдсан 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга хэсэгт “Тэлмэн констракшн” ХХК-ийн орон сууц усаар хангах ЦТП-ийн цахилгаан эрчим хүчний гэрээг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллага дээр ирж 3 фазын 401407053059 дугаар бүхий тоолуур нэмж суурилуулан 7101002 кодонд цэг нэмүүлсэн гэх баримтуудаар манай компани ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн цахилгааны тоолуурыг “Чандмань Налайх” ОНӨААТҮГазарт шилжүүлснээр манай компани хэрэглэгч биш юм.

ЦТП буюу ус дулаан дамжуулах төв гэдэг бол Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан ба орон сууцны айлуудыг цэвэр ус, дулаанаар хангаж, бохир усыг татан зайлуулах үндсэн зориулалттай ба ийнхүү хэрэглээ авснаар орон сууцны оршин суугчид ашиглалтын төлбөр гэж төлдөг. Ус дулаан дамжуулах төв нь дээрх үйлчилгээ буюу цэвэр ус, дулааныг түгээх, бохир ус татан зайлуулж буй насоссууд цахилгаанаар ажиллаж энэхүү цахилгааны маргаан байдаг. Ус дулаан дамжуулах төвийн үндсэн зориулалт нь Шинэ налайх хорооллын айлуудыг цэвэр ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах зориулалттай ба энэхүү нөхцлийн дагуу барьж байгуулан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байнгын ашиглалтад оруулж, ашиглагч байгууллага болох “Чандмань Налайх” ОНӨААТҮГазарт 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн ба өнөөдрийг хүртэл ашиглагч байгууллага нь шинэ налайхын айл өрхүүдээс ашиглалтын төлбөрөө авч байгаа. Энэ нь хэргийн материалын 79-97 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байгаа болно.

Зохигчид дамжуулагдсан буюу хүргэхэд гарсан цахилгааны зардлын талаар маргадаг. Ус, дулаан дамжуулах төв нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө болно. Ийнхүү дундын өмчийг ашиглаад гарсан зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэж заасан байдаг.

Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14.3, 14.6 дахь хэсгийн заалтыг үндэслэсэн бүр ойлгомжгүй байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д дурдсан ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах, 14 дүгээр зүйлийн 14.3.6-д зааснаар баталгаат хугацаа нь айл өрхүүдийн ашиглалтын төлбөрийг төлөхөд хамааралгүй, орон сууцанд орсон айлуудын ашиглалтын төлбөрийг төлөхийг үүрэг болгосон зохицуулалт биш юм.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 6, 8, 14, 23, 40 дүгээр зүйлийн 40.1.8, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг шүүх үндэслэсэн нь ойлгомжгүй байна.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан зохицуулалт бол Барилгын захиалагч нь барилгыг бариулахдаа Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1-д зааснаар загвар зургийн баталгаажуулаад, 22, 23, 24, 25 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй ба үүний дагуу барилгыг барьж дуусган Улсын комисс ажилуулж байнгын ашиглалтад оруулдаг. “Тэлмэн констракшн” ХХК нь нэхэмжлэлд дурдсан ЦТП буюу Ус дулаан дамжуулах төвийг Барилгын тухай хуулийн 22, 23, 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу барьж, 37.1.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад оруулсан.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хавсралтаар баталсан 68 дугаар тогтоолд нийтийн эзэмшлийн хөрөнгийг бүртгэх, их болон урсгал засварын хуримтлал бий болгох, эзэмшил ашиглалтад хяналт тавихаар зохицуулагдсан байна. Харин орон сууцны айлуудын ашиглалтын төлбөр төлөхийг үүрэг болгосон зохицуулапт бус ус дулаан дамжуулах төвийг бүртгэх, эзэмшил ашиглалтад хяналт тавих зохицуулалт юм.

"Чандмань Налайх" ОНӨААТҮГ болон “Тэлмэн констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ШН15/15 тоот хамтран ажиллах гэрээ бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар тодорхой зорилго буюу "Чандмань Налайх" ОНӨААТҮГазрын инженерүүдийн мэдэхгүй зүйлд туслах, Барилгын тухай хуулийн 14.3 дахь хэсэгт зааснаар уг барилгын зүгшрүүлэх хугацаанд хамтран ажиллаж байсан болно.

Мөн Иргэнии хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дэх заалт иргэний харилцаанд оролцогч этгээд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хэрэглэгдэх заалт ба үүрэг үүсээгүй байхад 9.4.3 дэх заалтыг үндэслэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар мөн хуулийн 3.1.19-д заасан "хэрэглэгч" нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд баримтлах ба Ус дулаан дамжуулах төвийн тоолуурыг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр "Чандмань Налайх" ОНӨААТҮГазар хүлээж авсан байхад ямар ч хамааралгүй этгээдийг гэрээний дагуу цахилгааны төлбөрөө төлөөгүй мэтээр буруу тайлбар хийж баримталсан байна. Ус дулаан дамжуулах төв нь эрчим хүчний Дэд станц биш бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Ийнхүү шийдвэрийн үндэслэх тогтоох хэсгийн бүх заалт үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн "Тэлмэн констракшн" ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь хариуцагч “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Тэлмэн констракшн” ХХК-д холбогдуулан ус дулаан дамжуулах төвийн 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааны цахилгааны төлбөрт 30 641 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ ЦТП нь “Тэлмэн констракшн” ХХК-ийн өмч, өөрийн өмчлөлд албан ёсоор шилжүүлж аваагүй” гэж, хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК нь ЦТП-гийн ашиглалтыг шилжүүлж өгсөн тул эрчим хүчний төлбөрийг хариуцахгүй гэсэн үндэслэл заан маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь хариуцагч “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-тай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2 жилийн хугацаатай, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

           

            Уг гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1 тоолуурыг нэмж оруулан тооцохоор болсон нэмэлт өөрчлөлт оруулсан ба уг тоолуур нь маргааны зүйл болох ЦТП буюу ус дулаан дамжуулах төвд хамаарах, ЦТП нь Налайх дүүргийн 7 дугаар хороо “Шинэ налайх” хороололд байрших талаар талууд маргаангүй байна.

            Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК болон “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын хооронд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу ЦТП-д ашигласан цахилгааны эрчим хүчний төлбөрийг хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК 2015 оны 12 дүгээр сарыг хүртэл хугацаанд төлсөн үйл баримт тогтоогдсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/06033 дугаар шийдвэрээр “Чандмань налайх” ОНӨААТҮГ болон “Тэлмэн констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцжээ. Шийдвэр хүчин төгөлдөр болсон тул уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн өмчлөгч “Тэлмэн констракшн” ХХК болох талаар маргаангүй, тус компани нь уг зүйлийг өмчлөх эрхийг эрх бүхий этгээдүүдэд шилжүүлээгүй боловч ашигладаггүй байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2015/279 дугаар актаар ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, “Чандмань налайх” ОНӨААТҮГ-ын мэдэлд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ.

 

ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн бичиг баримтыг “Чандмань налайх” ОНӨААТҮГ-т 2015 оны 05 дугаар сарын 12, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус тус хүлээлгэн өгсөн. Иймд ЦТП буюу ус дулаан дамжуулан төвийн ашиглалт “Чандмань налайх” ОНӨААТҮГ-т шилжсэн байна.

 

            Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний цахилгааны төлбөрийг хариуцагч “Чандмань налайх” ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу төлөх үүрэгтэй тул тус газраас 2015 оны 12 сар, 2016 оны 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг хүртэлх хугацааны төлбөрт 30 641 248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд холбогдохгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийснийг буруу гэж үзнэ.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2017/00050 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг тус тус баримтлан “Чандмань налайх” ОНӨААТҮГ-аас 30 641 248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд олгож, хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-д холбогдох 30 641 248 төгрөг гаргуулах тухай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “хариуцагч нараас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид “Чандмань налайх” ОНӨААТҮГ-аас 186 541 төгрөг, “Тэлмэн констракшн” ХХК-иас 257 534 төгрөгийг тус тус гаргуулж” гэснийг “хариуцагч “Чандмань налайх” ОНӨААТҮГ-аас 311 200 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА