| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0235/э/ |
| Дугаар | 233 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн
Шүүгдэгч Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Гт холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Дарьганга, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг Залуусын ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..............., Р.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Р.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын хурдан морь шүдэлгээний хашаан дээр иргэн Б.М-тай харилцан маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд урагдсан шарх, дээд доод зовхины цус хуралт, зүүн чихний дотор хэсгийн урагдсан шарх, дээд уруулын дотор салстын язралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Р.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М-тай маргасан нь үнэн. Хамгийн анх М-тай маргалдсан. М нь морины комисст байгаагүй. Би морины комисст байсан. Би М-н нүүрэн тус газар нь цохисон. Эхнэр та ингэж муудаж болохгүй гээд намайг авч явсан. Дараа нь дүү М ирээд намайг ална гээд байсан учир эхнэр намайг машиндаа суулгаад аваад явсан. Морь барианы газар руу явсан. Тухайн үед миний шүдлэн насны морийг хассан байсан. Тэгээд М нь араас ирсэн. Тэгээд намайг дуудахаар буцаад очсон. Бид хоёр маргалдсан нь үнэн. М миний толгой руу мөргөсөн. Би уул нь толгойныхоо зургийг хэрэгт хавсаргуулахаар өгсөн боловч хийгээгүй байна лээ. М намайг бөгжтэй гараараа цохисон гэж мэдүүлсэн байсан. Би бөгж зүүдэггүй. Бөгжтэй гараараа цохисон гэдэг нь худлаа. Тухайн гэмтэл нь намайг мөргөхдөө үүсэн. Цагдаа салгаж байх үед хоёр биеийнхээ хувцсыг урсан байх. Дахиад машинтай хоёр цагдаа ирээд бид гурвыг авч явна гэсэн боловч намайг авч явсан. Намайг цагдаад 2 цаг болж байхад дараа нь цагдаа дээр ирсэн. Архи уусан байсан нь үнэн гэв.
Хохирогч Б.М-н “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт морь шүдэлгээний газарт Р.Г нь согтуу над руу ирж маргалдан намайг ална гээд хэл амаар доромжлоод байсан тэр үед цагдаа хориход намайг заамдаж аваад цамц урж бөгжтэй гараараа намайг цохиж мөргөөд зүүн нүдний дээд талын хөмсөг задлаад толгой доргисон. Р.Г нь нам, улс төр яриад намайг урвагч гээд Улаан сайдыг оролцуулаад ална гэр бүлээр нь хүйс тэмтэрнэ гээд намайг зодсон. Тухайн үед хамраас цус гарч зүүн нүдний дээд талд язарсан, зүүн чихний дотор талд урагдсан, толгой доргисон, уруул дотроо язарсан. Р.Г-тай урьд өмнө нь Хэнтий аймагт маргалдаж байсан хугацааг нь санахгүй байна зодож цохиж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-10-11, 17-18 дугаар хуудас/,
Гэрч О.Э-н “...Тэнд нэг залуу цагдаа нартай ноцолдоод чанга чанга орилоод аймгийнхаа хурлын дарга рүү үг хэлээрээ хаа хамаагүй юм яриад зогсож байсан. Тэр үед уг залуу Г гэдэг ахыг харчхаад “нам дамжсан янхан, чи Улаан сайдад дүүгээ зарсан, та нарыг ална гэх зэргээр дайрч эхлэхэд нь Г ах машинаасаа буугаад түүн рүү яваад очиход уг орилоод байсан залуу цагдаа нарт дийлдэхгүй дундуур нь Г ахыг заамдаж авах шиг болоход нь цагдаа нар салгасан. Тэгээд л Г ах машиндаа суухад цамцных нь энгэр урагдчихсан байсан. Тэр үед цагдаа нар уг залууг машинд нь суулгасан. Тэгээд л арай гайгүй болсон хойгуур Г ах буцаж машинаасаа буугаад нөгөө хүнтэй уулзахаар очиход цагдаа нар эргэж тэр хоёрыг салгах гэхэд дундуур нь уг залуу Г ахыг мөргөж, нүүр рүү нь хоёр гурван удаа цохих шиг болсон. Тэгээд л цагдаа нар салгаад тухайн залууг машиндаа суулгаад аваад явсан. Г ах тэр үед машиндаа суухад нүүр ам, хувцас нь цус болчихсон байсан юм. Тухайн үед Б.М гэдэг хүн нь Р.Г гэдэг хүнийг цохиж зодоогүй. Харин өөрөө зодуулсан юм ” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Т-н “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед морь ялгалтын хашаан дээр миний хээр үрээг хашчихсан байхаар нь ямар учиртай хашсан талаар асуух гэж холбогдох хүмүүстэй уулзаж байхад Г гэх согтуу залуу машинаас бууж ирээд Б.М-аа гээд бархираад аймгийн ХД М руу очиж байсан ба тухайн үед нь таньдаг хүн нь тоглож байгаа юм байна гэж бодож байтал сүүлдээ маргаж эхэлсэн. М машинаасаа буугаагүй машиндаа сууж байсан тэгээд Г нь М-г хэл амаар доромжлоод байж байхад М-н ах М анх Г ирээд Г-тай маргаж эхэлсэн тэгээд тэр 2 тусдаа хүмүүсээс зайдуу гарч муудсан тэгээд М буцаж ирэхдээ хөмсөг нь урагдаж цус гарсан байсан тэгээд бид нар морь дагах гэж явсан өөр юм болоогүй. гэх мэдүүлэг /хх-13 дугаар хуудас/,
Гэрч Б.М-н “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр наадмын хурдан морины шүдэлгээний хашаан дээр хяналт тавьж ажиллаж байхдаа ..... машинтай цонхоо онгойлгоод утсаар яриад байж байх үед Р.Г нь юугаа хараад байгаа юм гээд над руу хандаж элдвээр харааж шууд ирээд машины цонхоор 2-3 удаа миний нүүрэнд гараараа цохисон, тэр үед цагдаа нар болон манай ах М ирээд юу болоод байгаа талаар асуухад нь хэл амаар доромжилж дайрч давшлаад байсан. Тэгээд цагдаа нар холдуулсан чинь дахиад манай ах М руу дайраад цамцыг нь урж хөмсгийг нь сэтэлж, зодож цохиод цагдаа нарт баригдаад явсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь манай ах болсон асуудлыг тодруулж болиулах гээд Р.Г-тай уулзах үед шууд дайрч хэл амаар доромжилж нүүр рүү нь мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-12 дугаар хуудас/,
Гэрч Г.Г-н “...гэнэт бужигнаад хүмүүс хэрэлдээд байхаар нь харсан чинь М Г нар хоорондоо маргалдаж байсан тэгээд Г нь М руу очих үед М нь Г-г цонхоороо гараа гаргаад цохиод авсан тэгээд Гийн уруулаас цус гараад эхнэр нь Г-г холдуулаад аваад явсан тэгээд удаагүй байхад М нь Г руу ирээд барьцалдаад хоёр биеэ мөргөөд байх шиг байсан тэгээд тэр хоёрын нүүр амнаас нь цус гарчихсан байсан цагдаа нар Г-г аваад явсан” гэх мэдүүлэг /хх-23 дугаар хуудас/,
Гэрч Г.Э-н “........ улсын дугаартай машинтай ИТХ-ын дарга Б.М сууж байсан тэгээд хажууд нь байсан Г цус нь гоожоод эхнэр нь аваад явсан тэгээд ..... машин нь хөдлөөд явсан чинь өөр хар жийп машин ирээд Монгол шар цамцтай бүдүүн хүн гөлөг минь чамайг ална гээд Г-г мөргөсөн чинь цагдаа нар очоод салгах гээд зууралдаад байж байсан бид нар машинтайгаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-22 дугаар хуудас/,
Гэрч А.Б-О-н “..Р.Г нь ....... машинтай ирсэн Р.Г-н морь нь эрлийз гээд үлдчихсэн хашаанд байх шиг байсан тэр үед М нь ялгалтын хашааны хойд талд зогсож байснаа Р.Г-тай урвагч гээд маргалдсан тэгээд зууралдах үед хамгаалалтад ажиллаж байсан цагдаа нар очоод тэр хоёрыг салгаад тус тусын машинд нь суулгасан тэгээд Р.Г машинтайгаа хөдлөөд ялгалтын хашааны зүүн урд талд зогссон чинь араас нь М ирээд машинаасаа буусан тэгээд Г М руу очоод заамдаж аваад шууд мөргөсөн чинь М-н хөмсөгнөөс цус гарсан тэр үед М Г-г гараараа цохиж байгаа харагдсан. М-г ирэхээс өмнө Р.Г нь согтуу ялгалтын хашаанд дээр ирээд энэ морь эрлийз биш гээд том дуугараад яваад байсан. Тэгээд М ирэх үед чи муу урвагч гээд маргалдаад эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-14 дүгээр хуудас/,
Гэрч Х.Б-н “...Р.Г шүдэлгээний хашаан дээр ирсэн тэгээд М-тай хэрэлдсэн намын юм яриад урвагч, нохой та нар шиг нам сольдоггүй гээд маргалдсан тэр үед М гэх хүн ирээд юу болоод байгаа талаар асуугаад машиндаа буцаад суусан Р.Г машиныхаа ард суугаад ялгалтын хашааны зүүн урд талд ирээд зогсоод замын дарга Э-тэй уулзуулж байх үед М машинтай ирж зогсоод машинаасаа буугаад ирэхэд нь Г өөдөөс нь очоод М-г мөргөсөн чинь М-н зүүн хөмсөгнөөс цус гарч байсан тэгээд зууралдаад байх үед нь эргүүлийн машин дуудаад д/а Г, д/ч О нар ирээд гавлаад аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-21 дүгээр хуудас/,
Гэрч Ө.Б-н “...Г гэх хүн цаанаас ирээд цонхоор гараа оруулаад М гэх хүнийг цохиод байх шиг байсан яг хаашаа нь хэдэн удаа цохисныг анзаараагүй. Би арай гэж Г-г хорьж болиулахад Г нь цаана байсан М гэх хүнтэй маргалдаад явсан. Намайг харахад М айхавтар бэртэж гэмтээгүй байсан. М нь нүүр ам нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-15-16 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 361 дугаартай “...Б.М-н биед зүүн нүдний дээд зовхинд урагдсан шарх, дээд доод зовхины цус хуралт, зүүн чихний дотор хэсгийн урагдсан шарх, дээд уруулын дотор салстын язралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-35-37 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 373 дугаартай “...Р.Г-н биед зүүн хөмсөгний дээд хэсэг, дээд уруулын дотор салст, баруун гарын чигчий хурууны гадна хэсэг, зүүн гарын бугалганы дотор хэсэгт цус хуралт зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-38-42 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дахин шинжилгээ хийсэн 1119 дугаартай “...Хүн толгойгоороо хүн мөргөх үед өөрийн биедээ гэмтэл авах боломжтой. Урьд гаргасан 373 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Р.Г-н биед учирсан зүүн хөмсөгний дээд хэсэг, дээд уруулын дотор салст, баруун гарын чигчий хурууны гадна хэсэг, зүүн гарын бугалганы дотор хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь толгойгоор мөргөх, эхсүл мөргүүлэх үед үүсэх боломжгүй гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-24-34 дүгээр хуудас/
Хохирогч Б.М-д яаралттай тусламж үзүүлсэн хуудас /хх-ийн 26-27/
Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын ... дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Р.Г-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58/
- Шүүгдэгч Р.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/
- Шүүгдэгч Р.Г-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 57/
-Хохирогч Б.М-н эмчилгээн зардал нэхэмжилсэн “СМ” ХХК-ны зарлагын баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын хурдан морь шүдэлгээний хашаан дээр иргэн Б.М-тай харилцан маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд урагдсан шарх, дээд доод зовхины цус хуралт, зүүн чихний дотор хэсгийн урагдсан шарх, дээд уруулын дотор салстын язралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.М, гэрч О.Э-н, Ч.Т, Б.М, Г.Г, Г.Э, А.Б-О, Х.Б, Ө.Б нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 361, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дахин шинжилгээ хийсэн 1119 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Г нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг мөргөж, цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.М-н нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Р.Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Р.Г-н үйлдлийн улмаас хохирогч Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 490 000 төгрөг нэхэмжилж “СМ” ХХК-ны 2020.08.24-ний өдөр уламжлалт эмчилгээ хийлгэсэн” гэх зарлагын баримт шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь уг баримтад хохирогч Б.М-н нэр болон регистрийн дугаар бичигдээгүй уг зарлагын баримт нь эмнэлгийнх бус байх тул хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.
Иймд хохирогч Б.М-н биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.Г-т ял шийтгэл оногдуулахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл буюу Б.М өөрийн дүү Б.М-г өмөөрч Р.Г-н хэл амаар доромжилж харилцан зодолдож Р.Г-н биед “зүүн хөмсөгний дээд хэсэг, дээд уруулын дотор салст, баруун гарын чигчий хурууны гадна хэсэг, зүүн гарын бугалганы дотор хэсэгт цус хуралт зулгаралт бүхий” гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Р.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Р.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч Р.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Г-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Р.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь эмчилгээний зардалд 470 000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Р.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР