Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 230

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа,

Улсын яллагч Д.Хорлоо

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ц-д  холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын  07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл .., эхнэр, ... хүүхдийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын ... дугаар баг Ч-н ..... тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, /рд:............/ Х.Ц. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Ц нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хадам аав М.М-г хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хохирогч М.М-н “...Би Х.Ц гэх хүнийг танина. Манай охин М.А-н нөхөр юм. Х.Ц  хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Хүргэн Х.Ц-с их айдаг болсон. Х.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удаа дараа айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцаж, хэл амаар доромжилсоор байгаад манай гэр бүлийн хүмүүс их айдастай байдаг болсон. Манай эхнэр бид хоёрыг та хоёр удахгүй үхнэ, бид хоёрыг үхээч гэх мэтээр айлган сүрдүүлдэг. Тэгэхдээ эхнэр бид хоёрын биед ямар нэгэн гэмтэл учруулж байгаагүй. Би гомдолтой байна. ” гэх мэдүүлэг /хх 14-18 дугаар хуудас/,

...Манай гэрт олон удаа ирж агсан согтуу тавьж байгаа 2020 онд гэхэд 4 удаа баривчлагдсан байгаа манай байшингийн цонхыг 5 удаа хагалсан тэр болгон би дуудлага өгч арга хэмжээ авхуулсан арга хэмжээ аваагүй олон удаа өнгөрөөж байсан. Манай гэрийнхэн байнгын дарамтад байдаг хүмүүс. Би өмнө ийм дуудлага мэдээлэл өгч байсан архи уухаараа л надад агсам тавьдаг манай охиныг биеэ үнэлж явдаг та хоёр бид 2-ыг салгасан гэж дандаа харааж зүхдэг 2 жилийн өмнө Улаанбаатар хотод байхад  нүдийг нь тэс цохисон байсан. Тэгээд салсан аймагт байхдаа бага хүүхдийнхээ дэвтэр номыг шатааж байсан гэрээ шатаана гэж наранцэцгийн тос гэрт асгаж байсан удаа хүртэл байгаа. гэх мэдүүлэг /хх 17-18 дугаар хуудас/,

Х.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удаа дараа айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцаж, хэл амаар доромжилсоор байгаад манай гэр бүлийн хүмүүс их айдастай байдаг болсон. Х.Ц нь олон удаа намайг болон манай гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлж байгаад би гомдолтой байна. мөн дээрээс нь манай охин М.А-г өмнө нь олон  удаа зодож биед нь гэмтэл учруулж байсан ба тэр болгонд охин маань хуулийн байгууллагаар шалгуулж байгаагүй. Одоогийн байдлаар охин М.А нь манай гэрт нэг хүүхэдтэйгээ амьдарч байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, 2020 оны 06 дугаар сарын сүүлээр нийт 3 удаа манай гэрийн цонхыг хагалж байсан болохоор би 240.000 төгрөг нэхэмжилж байна. Надад гаргаж өгөх баримт байхгүй.” гэх мэдүүлэг /74-76 дугаар хуудас/,

 

Хохирогч М.А-н “...Манай нөхөр Х.Ц миний аав, ээж  хоёрыг байнгын дарамталж, айлган сүрдүүлж байдаг. Х.Ц согтуу ирж манай аавыг болон намайг хэл амаар доромжилсон учраас манай аав дуудлага өгсөн байна. Манай нөхөр Х.Ц бид 2 тусдаа амьдраад 2 жил гаран болж байна. Түүнээс хойш надад уурлаад, согтуугаар ирж байнга надад болон манай аавынд агсан тавьдаг. Мөн бид нарыг ална гэртэй чинь шатаана, янхан хүүхэн гэж  доромжилж байнгын байшингийн цонх хагалж, айлган сүрдүүлж дарамталдаг. Хамт амьдарч байхдаа байнга гар хүрч зоддог, гэр орныхоо эд зүйлийг эвдэж, сүйтгэдэг байсан. Яг хугацааг нь санахгүй байна. Маш их айж зугтаадаг байсан. Аргаа барахдаа салсан. Тэр болгонд цагдаад ханддаг байсан. Манай аавын байшингийн цонхыг 4-5 удаа хагалж байсан. Цагдаагийн байгууллагаар шалгуулаад торгууль, баривчилгаа авсан.” гэх мэдүүлэг /хх19-20 дугаар хуудас/,

 

Гэрч М.О-н “...Маргаан болох үед манай аав л хамт байсан гаднаас өөр хүн байгаагүй намайг дараа нь дуудсан би цагдаа дээр олон удаа ирж байна. Манай аав, эгч хоёрт агсан согтуу тавих болгонд би ирдэг. Х.Ц нь манай аав, ээжийг байнга хэл амаар доромжилдог сүүлийн хагасын байдлаар 7 хоногт 1-2 удаа байнга очиж дарамталдаг айлган сүрдүүлдэг өмнө манай аавын цонхыг хагалж байсан. Манай аавыг зодоогүй харин манай эгчийг 2 жилийн өмнө зодож байсан. Одоо хамт амьдрахгүй байгаа болохоор тийм юм мэдэгдэхгүй байна.  Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ” гэх мэдүүлэг /хх 21 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Х.Ц-н “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би М.М гэх хүнийг танина. Манай эхнэрийн аав буюу хадам юм. Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ  үнэн зөв мэдүүлсэн бөгөөд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед архи уусан үедээ хадам аав М.М-нд очсон. Тэгээд би хадам аавыг эхнэр М.А-н утас руу залгаад өгөөч гэхэд утсаараа залгуулахгүй байхаар нь аяганы амсар зуулгасангүй гэж хэлээд гарах гэтэл хадам аав намайг чи чаддаг юм бол түр байж бай цагдаа дуудсан гэж хэлээд удаагүй байхад цагдаагийн алба хаагч нар намайг аваад явсан. Би тухайн үед согтолттой байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Би архи уусан үедээ очихоороо маргалдаж муудаад байдаг. Хэдэн удаа маргалдаж муудсан гэдгээ мэдэхгүй байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 53-56 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-24-26 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 68-70 дугаар хуудас/

 

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2015.01.07-ны өдрийн 12 дугаартай шийтгэвэр /хх-ийн 29-30/,

 

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.16-ны өдрийн 2018/ЗШ/163 дугаартай шийтгэвэр /хх-ийн 31/

 

-Х.Ц-д холбогдох зөрчлийн 203000067 дугаартай хэрэг нээж “Хадам аав М.М-н гэрийн цонхыг хагалсан” зөрчилд 0012260 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 33-34/

 

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 2020/ЗШ/73 дугаартай шийтгэвэр /хх-ийн 35-36/

 

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 2020/ЗШ/152 дугаартай шийтгэвэр /хх-ийн 37/

 

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.11-ний өдрийн 2020/ЗШ/191 дугаартай шийтгэвэр /хх-ийн 40-41/

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн засаг даргын шүүгдэгч Х.Цгийн ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 95/

 

Шүүгдэгч Х.Ц-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 97/

Х.Ц-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Ц нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хадам аав М.М буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч М.М, гэрч М.А, Б.Б, М.О нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч Х.Ц нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг байнга үг хэлээр доромжилж, харгис хэрцгий хандаж, догшин авирлаж болохгүй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хадам аав М.М-т сэтгэл санааны шаналал үүсгэсэн үйл баримт тогтоогдож байна.

         

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд Х.Ц-н үйлдэл нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.” заалтад хамаарах юм.

   Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга, давтан гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд  байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд  гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг  авч үздэг.

Шүүгдэгч Х.Ц-н хадам аав М.М-т гэр бүлийн хүчирхийлэл байнга буюу 3 болон түүнээс дээш удаа  үйлдсэн болох нь түүний хэрэгт мэдүүлсэн “...би архи уусан үедээ очихоороо маргалдаж муудаад байдаг. Хэдэн удаа маргалдаж муудсан гэдгээ мэдэхгүй байна...” гэх, хохирогч М.М-н “...Х.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удаа дараа айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцаж, хэл амаар доромжилсоор байгаад манай гэр бүлийн хүмүүс их айдастай байдаг болсон. Манай эхнэр бид хоёрыг та хоёр удахгүй үхнэ, бид хоёрыг үхээч гэх мэтээр айлган сүрдүүлдэг. Тэгэхдээ эхнэр бид хоёрын биед ямар нэгэн гэмтэл учруулж байгаагүй. ...Манай гэрт олон удаа ирж агсан согтуу тавьж байгаа 2020 он гэхэд 4 удаа баривчлагдсан байгаа манай байшингийн цонхыг 5 удаа хагалсан тэр болгон би дуудлага өгч арга хэмжээ авхуулсан арга хэмжээ аваагүй олон удаа өнгөрөөж байсан. ...Архи уухаараа л надад агсан  тавьдаг манай охиныг биеэ үнэлж явдаг та хоёр бид 2-ыг салгасан гэж дандаа харааж зүхдэг...” гэх, гэрч М.А-н “...надад уурлаад, согтуугаар ирж байнга надад болон манай аавынд агсан тавьдаг. Мөн бид нарыг ална гэртэй чинь шатаана, янхан хүүхэн гэж  доромжилж байнгын байшингийн цонх хагалж, айлган сүрдүүлж дарамталдаг. Манай аавын байшингийн цонхыг 4-5 удаа хагалж байсан...” гэх, гэрч М.О-н “...Х.Ц нь манай аав, ээжийг байнга хэл амаар доромжилдог сүүлийн хагасын байдлаар 7 хоногт 1-2 удаа байнга очиж дарамталдаг айлган сүрдүүлдэг...” гэх мэдүүлгүүд болон өмнө нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж арга хэмжээ авхуулсан Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 2020/ЗШ/152 дугаартай шийтгэвэр, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020.08.11-ний өдрийн 2020/ЗШ/191 дугаартай шийтгэвэр зэргээр түүний байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Ц-г “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга  харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.М нь шүүгдэгч Х.Ц-с 240.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд нотлох баримтаа ирүүлээгүй учир хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.Ц  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга  харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Х.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зааснаар  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Х.Ц-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Х.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Ц-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга  харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Ц-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч Х.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М-н нэхэмжилсэн 240.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт байхгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР