| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0013/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Батзаяа,
Хохирогч П.Б, Л.Т,
Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Д.Оюунбилэг
Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Л.Т, П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-ийн Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ын Б нарт холбогдох эрүүгийн 2038005530486 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Т нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б-ын биед халдан гараараа цохиж баруун ухархайн хананд хугарал, баруун зүүн зовхи, зүүн нүдний салст, цээж, зүүн мөр, хацарт цус хуралт, хөлөөрөө өшиглөж баруун талын 3 ширхэг хавирганд хугарал, баруун талын 2-р хавирга өвчүүний холбоосонд салалт үүсгэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Б нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Т-ийн биед халдаж хөлөөрөө нүүрэн хэсэгт өшиглөж зүүн дээд 2 дугаар үүдэн шүдэнд сулрал үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Т нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б-ын биед халдан гараараа цохиж баруун ухархайн хананд хугарал, баруун зүүн зовхи, зүүн нүдний салст, цээж, зүүн мөр, хацарт цус хуралт, хөлөөрөө өшиглөж баруун талын 3 ширхэг хавирганд хугарал, баруун талын 2-р хавирга өвчүүний холбоосонд салалт үүсгэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Б нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Т-ийн биед халдаж хөлөөрөө нүүрэн хэсэгт өшиглөж зүүн дээд 2 дугаар үүдэн шүдэнд сулрал үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005530486 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Мөрөн суманд амьдардаг. Мал махны ченж ажилтай. Тэгээд Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт байдаг найз болох Хүрэлбаатар над руу залгаад манай энд бөөнөөр нь зарах хэдэн ямаа байна хамтарч авах уу? гэж надад санал болгохоор нь би 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үед Галт сумын Зүрх багт найз Хишигээгийн хамт очиж ямаа авсан. Тэгээд Зүрх багийн төв дээр 600 гаран ямаа аваад түүнийгээ туугаад Мөрөн явах гэтэл Ар хужирт гэх газраас 200 ямаа авах уу гэж санал ирэхээр нь Зүрх багийн төв дээр хонохоор болсон юм. Тэгээд Зүрх багийн төв дээр ямааныхаа дэргэд байж байтал Лутаа гэх залуу, Баясаа гэх залуу хоёр ширхэг Нийслэл гэх нэртэй том пивотой над дээр ирсэн. Тухайн үед би нөгөө авчирсан пивыг уугаад сууж байтал Балдорж, Хүрэлбаатар, Б нар бид нар дээр ирээд нөгөө пивыг ууссан. Тэгээд бид нарыг уугаад сууж байхад Хүрэлбаатар, Балдорж, Б, надтай хамт явж байсан Хишигээ нар бүгд л тус бүр нэг том пиво авчирч уусан. Мөн Тухайн пивыг ууж байхад Ганаа нэг шил архитай ирсэн. Тухайн үед Ганаа гэх Зүрхийн Бага сургуулийн нярав Ганаа багш Б нар хоорондоо маргалдаж байсан. Тэр үед би Ганаа гэх залуу руу настай хүнтэй маргалдаад яах вэ гэж хэлсэн. Тухайн хэрүүл маргаан болох үед хамт байсан хүмүүс тарцгаасан. Надтай хамт Б үлдээд надтай маргалдсан. Тухайн үед эхнэр нь машинтай хүмүүстэй ирээд Б-г аваад явсан. Тухайн үед Б ах угаасаа архи уухаараа ингэдэг юм чи битгий цохиорой гэж хэлэхэд нь би яасан гэж цохих юм гэж хэлж байсан. Тэгээд би ганцаараа ямааныхаа хажууд мотоцикл дээрээ үлдсэн. Тухайн үед надтай хамт явсан Хишигээ над дээр ирээд чи эндээ унтаж бай би ямааны түрүүчийг уулнаас дорж ирээд хашаандаа хашъя гэж хэлээд явсан би харин тэндээ унтаад үлдсэн. Намайг унтаж байхад миний нүүр лүү нэг удаа өшиглөх шиг болсон, босож ирээд суухад мөн нэг удаа цохисон, тэгэхэд миний хамраас цус гарсан. Тэгэхээр би уурандаа барьж аваад унагаагаад зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа цохисон. Тэгээд намайг Б-ын дээр нь Хишигээ ирэхэд морь үргээд байхаар мориноосоо буугаад морио уячхаад ирэхээс нь өмнө эхнэр ирсэн би тэр хугацаан хэд хэдэн удаа нүүр хэсэгт нь цохисон. Хишигээ эхнэрийг нь ирэхээр нь хажууд нь очиж Б-г харчхаад буцаад явсан байсан. Тэгээд Б-ын эхнэр ирээд нөхрөө аваад явсан. Тэгээд би шөнөө Б-ын гэрт очиход хүмүүс арай дэндүү болгочихсон байна гээд би тэр дороо Мөрөн авч оръё гээд эмнэлгийн машинаар шөнө 04 цаг болж байхад Мөрөнд орж ирээд Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 09 сарын 24-ний өдрийн үдээс хойш 15-16 цагийн орчим гэрээсээ гараад сургууль руу явж байхад замд хэсэг хүмүүс хашааны хажууд сууж байсан. Тэр хүмүүс намайг хүрээд ир гэж дуудахаар нь би яваад очсон. Намайг очиход 3-4 хүн байсан. багийн дарга Балдорж, Галт сумын Зүрх багийн иргэн Лут-Очир, Шинэ-Идэр сумын иргэн Мөнхтөр нар сууж байсан. Мөнхтөр гэдэг хүнийг би огт танихгүй. Би эдгээр хүмүүстэй мэндлээд надад ууж байсан пивоноосоо хийж өгөхөөр нь нь би 2-3 удаа аяга пиво уусан. Тэгээд би ажил руугаа явсан. Тэрнээс хойш цагийн дараа байх би гэр лүүгээ явж байхад анх тааралдсан хүмүүс дээрээ би өөрөө яваад очсон. Анх тааралдсан нөгөө 3 хүмүүс сууж байсан. Тэгээд Мөнхтөр надтай танилцаад хөөрөг гаргаж ирэхээр нь тамхилах гэсэн чинь хөөргөнд нь тамхигүй байхаар нь ах нь гэртээ харьж тамхи хийгээд өгөх үү би гэртээ харьж хөөргөнд нь тамхи хийж өгөөд буцаж нөгөө хүмүүс дээрээ ирсэн. Тэгээд би хүнд машин өгч явуулах ажилтай байсан болохоор буцаад эд нараас салаад явсан. Тэгээд нэлээн хэсэг болж байгаад оройхон 18-19 цагийн орчим байх би дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн багтаамжтай пиво аваад Даваадорж гэдэг айлын хашааны ойролцоо хээр сууж байхад нь араас нь зорьж очиж нөгөө пивоо гаргаж уусан. Намайг очиход багийн дарга Балдорж, Шинэ-Идэр сумын иргэн Мөнхтөр, Зүрх багийн иргэн Баясаа, Ганхуяг нар байсан. Намайг очиход нийх их согтсон хүмүүс байгаагүй бага зэрэг халамцуу байсан. Тэгээд хамт байсан хүмүүс яваад Мөнхтөр бид хоёр үлдсэн. Тэгсэн чинь Мөнхтөр намайг доромжлоод байх шиг байхаар нь хоорондоо барилцаж авах гэж байхад манай эхнэр хүрч ирээд намайг салгаад аваад явсан. Тэгээд би эхнэртэйгээ гэртээ байж байснаа буцаад Мөнхтөр гэдэг хүн дээр би ганцаараа явж очсон. Би уг нь дотроо энэ хүнтэй ямар нэгэн муудалцах маргалдах юм болоогүй мөн муу юм санаагүй юм чинь учир зүйгээ очъё гэж бодоод очсон. Намайг яваад очиход мотоцикл дээрээ сууцан утсаар яриад сууж байсан. Намайг үл тоомсорлосон байдалтай байхаар нь чи яагаад ахыгаа доромжлоод байна вэ гэж хэлээд гараараа энэ хүний хамар луу нь нэг удаа цохисон тэгээд мөн дахиж цохих гэсэн чинь гар нь цохих болсон. Тэгээд нөгөө залуу мотоциклоос бууж ирээд намайг зодож эхэлсэн. намайг газар унахад миний дээр сууж байгаад өмсөж явсан цамцаар хоолойг минь боогоод нүүр толгой руу олон удаа цохисон. Би энэ хүнээс арай гэж салаад босож зугтаахад араас хөөж ирээд намайг газар унагааж байгаад цээжин дээр өвдөглөж дараад толгой руу цохиод байсан. Миний хоолойг бооход би үг хэлж чадахгүй гараараа биед нь хүргэж дохио өгөөд байхад болихгүй байсан. Би энэ хүнээс намайг зодохоо болиоч гэж гуйхад улам их зодоод байсан. Манай эхнэр намайг хайж миний араас ирж намайг авах гэсэн боловч Мөнхтөр гэдэг хүн манай эхнэрийг зодчих гээд байхаар нь манай эхнэр буцаж гүйж айлаас хүн авчирч намайг салгаж аваад гэртээ харьсан. Намайг гэртээ ирсний дараа Балдорж болон Мөнхтөр нар ирсэн. Мөнхтөр надтай юм яриагүй. Тэгээд намайг эмчид үзүүлэх шаардлагатай байна гэхээр нь багийн эмчийг дуудаж үзүүлэхэд нэлээн бэртэл гэмтэлтэй байна. аймаг руу явж үзүүлэхгүй бол болохгүй байна гэж хэлээд төр шөнөдөө Мөрөн сум руу явж эмнэлэгт үзүүлсэн. ....” гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Одоогоор биеийн байдал эм уугаад хавирга бороолоод эдгэж байна. Харин зүүн шанаа эрүү эвшээхээр хатгаж өвддөг, зүүн нүд үе үе хатгаж өвдөж нүдний орчим чимчигнэж өвдөх болсон байна. Нүдээрээ тэгш биш хазгай харахад харагдаж байгаа зүйл салаалж харагдах болсон. Мөн их мартамхай болсон байна. Уг хэрэгт хохирсноос Улаанбаатар болон Мөрөн хотод хийсэн шинжилгээ болон эмчилгээгээр 4.000.000 орчим төгрөгийн хохирол амссан байна. ... одоо уг хэргээс болж эрүүл мэндээрээ хохирсон, үүнээс болж Улаанбаатар болон Мөрөн сум руу явсан зардлыг гаргуулж хохиролгүй болгох санал хүсэлттэй байна. ” гэх мэдүүлэг /хх-19/х,
Хохирогч Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй байна. Ямар нэгэн зовуурь байхгүй байна. “ гэх /хх-27х/,
Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Сургуулиас гэр лүгээ харих замдаа явж байтал нөгөө архи ууж байсан хүмүүс нь тарсан бололтой явж байхаар нь нөгөө архи уусан газар нь очиход манай нөхөр Т гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь гэр лүгээ 20 цаг өнгөрч байхад аваад харьсан. Гэртээ ирээд манай нөхөр унтахгүй гарна гээд үгэнд орохгүй гэрээс гараад явсан. би хаашаа явсныг нь мэдээгүй гэртээ буцаж орж ирээгүй. Би Быг гэртээ орж ирэхгүй болохоор нь хойноос нь гараад чимээ чагнатал манай гэрээс урагшаа чимээ гараад байхаар нь яваад очтол нөгөө Т гэх залуу манай нөхрийн дээр нь гараад хоолойг нь боогоод зогсож байсан. би тухайн үед нь сагах гээд очоод нөхрийнхөө нөгөө залууг түлхэх гэтэл намайг гараараа түлхээд унагаасан. Би хүчрэхгүй юм байна гээд ойролцоох айлаас хүн дуудъя гээд айлд орсон хүн байхгүй гэр лүгээ буцаж очоод утсаа аваад Мөнгөнтуяа, Нэргүй гэх хүмүүсийг дуудсан. ... нүүрийг нь харахад танигдахааргүй болсон байсан. Нүүр нь тэр чигтээ хавдсан байсан. Хавирга нь хугарсан байх шиг байсан. одоо манай нөхөр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. ...” гэх мэдүүлэг /хх-31-33х/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Зүрх багийн төвд дээр ямаа авч байсан гэхээр сонирхож очтол тухайн ямаа авч байсан хүмүүс хашааны хажууд пиво уугаад сууж байсан тэгээд намайг очиход пивоноосоо өгсөн. Тухайн үед ямаа авч байсан хүмүүс дээр Т, Хишигээ, Хүрэлбаатар, Лут-Очир гэх хүмүүс байсан. Миний дараа Б багш ирсэн. Б багш архи уугаагүй ирсэн. Тэгээд нөгөө хүмүүстэй 5, 6 ширхэг том пиво уугаад байж байтал Хишигээ, Хүрэлбаатар хоёр ажилтай гээд явсан. Бид нарыг сууж байтал Ганхуяг бага зэрэг согтуу ирсэн, ирсэн. Б багш Ганхуяг хоёр бага зэрэг маргалдаад байхаар нь Ганхуяг, Лут-Очир хоёрыг би аваад явсан. Бид гурвыг явахад Б багшийн эхнэр нь ирээд авч явж байсан. Тэгээд тэр хоёртой би Түвшин гэх айлд ороод нэг шил архи задалж т'өхөөр нь нэг нэг татаад байж байтал Б багшийг хүн зодчихлоо гэж утсаар хүн хэлсэн одоо санахгүй байна. Тэгээд яваад очтол Б багшийг гэрт нь авчирчихсан байсан. Тухайн үед нүүр ам хавдаад хөхөрсөн байсан. Харин хамт үлдсэн Т нь ямааныхаа хажууд байхаар Бын гэрт нь ямар байдалтай байгааг нь үзүүлээд эмч Бямбаахүүг дуудаж .үзүүлэхэд эмч нэлээн гэмтэлтэй байна Мөрөн явсан нь дээр байх гэж хэлсэн. Мөрөн лүү Б багш эхнэртэйгээ Т гэх залуу эмнэлгийн машинтай явсан...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 493 дугаартай:
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаартай:
Шүүгдэгч Л.Т-ийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /хх-57х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62х/,
Шүүгдэгч П.Б-ын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Засаг даргын тодорхойлолт /хх-59х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-60х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005530486 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Т нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б-ын биед халдан гараараа цохиж баруун ухархайн хананд хугарал, баруун зүүн зовхи, зүүн нүдний салст, цээж, зүүн мөр, хацарт цус хуралт, хөлөөрөө өшиглөж баруун талын 3 ширхэг хавирганд хугарал, баруун талын 2-р хавирга өвчүүний холбоосонд салалт үүсгэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч П.Б нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Т-ийн биед халдаж хөлөөрөө нүүрэн хэсэгт өшиглөж зүүн дээд 2 дугаар үүдэн шүдэнд сулрал үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Т, П.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч Л.Т, П.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэрч Б-ийн/хх-31-33х/, гэрч Д.Б-ийн /хх-34-35х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 493 дугаартай дүгнэлт /хх-38х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаартай дүгнэлт /хх-42х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Л.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч П.Б, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Т нь ганцаараа тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч П.Б, Л.Т нар харилцан бие биедээ хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан боловч хохирогч П.Б нь 3.500.000 төгрөгийн, хохирогч Л.Т нь 5.700.000 төгрөгийг тус бүр нэхэмжилж байгаа боловч хэн аль нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч Л.Т нь хохирогч Д.Б-д 700.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Б нь Л.Т-өөс 700.000 төгрөг авсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Т, П.Б нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61-52х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Т, П.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 2038005530486 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “У” овогт П-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч “Т” овогт Л-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт П-ын Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Л-ийн Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Т, П.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2038005530486 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Т нь хохирогч П.Б-д 700.000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч П.Б нь 3.500.000 төгрөгийн, хохирогч Л.Т нь 5.700.000 төгрөгийг тус бүр нэхэмжилснийг нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхисугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т, П.Б нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН