| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0069/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/82 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/82
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Ө.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт Ө-гийн Г-д холбогдох эрүүгийн 2027000930065 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар бага ___ гэх газар амьдардаг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар баг ___ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй А- овгийн Ө-гийн Г- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч А- овгийн Ө-гийн Г- нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газарт оршин суух М.Н-гийн гэрийн гаднаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, улаан өнгийн Хаужүэ маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г- нь өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мотоцикль авсан нь үнэн. Би буцаагаад мотоциклио хохирогчид өгсөн дээр нь 2 500 000 төгрөг дансаар шилжүүлсэн, 1 000 000 төгрөг би бэлнээр өгсөн. Намайг мөнгө өгөхгүй бол шүүх хуралаар орж шоронд явна гэж хэлсэн. Тэгээд би айгаад өгсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгчдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь өгсөн тайлбартаа:”... Шүүхээс шүүгдэгч Ө.Г-г гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй юм. Шүүхээс дараах байдлыг харгалзална үзнэ үү. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол бүрэн төлөгдсөн. Хувийн зан байдлын тухай шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Боловсролгүй, хууль зүйн мэдлэггүйгээс болж энэ хэрэгт холбогдсон. Эдгээр байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр ял тэнсэж өгнө үү. Хохирол төлбөрт илүү төлөгдсөн баримтаар авагдсан 2 500 000 төгрөгийг буцааж иргэний журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өгнө үү ...”гэв.
Хохирогч М.Н-гийн 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би малд явж байгаад орой 19 цагийн үед гэртээ ирээд гэрт жаахан байж байгаад саахалт айл болох С- гэх айлд очих гээд мотоциклоо гэрийн гадна үлдээгээд машинаа унаад явсан юм тэгээд айлд хоол унд идээд тэр айлдаа жаахан тоглож байгаад гэртээ шөнө 23 цаг өнгөрч байхад ирсэн чинь гэрийн гадаа байсан мотоцикль байхгүй байхаар нь хүн унаад явсан байх гээд нэг их юм бодоогүй гэртээ унтаад өгсөн тэгээд өглөө босоод ирэх байх гэж хүлээсэн сураг гарахгүй байхаар нь өөрөө гадуур хайж байгаад олохгүй болохоор нь сумын төв рүү утсаар хэлсэн ийм л юм болсон.,.2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Нарны буман гэрэл” нэртэй компаниас тухайн үед 2.400.000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан юм одоо аваад жил хүрээгүй мотоцикль байгаа юм...Энэ улаан өнгийн Хаужи маркийн мотоцикль миний алдсан өөрийн эзэмшлийн мотоцикль мөн...Би мэдэж байгаа рамны дугаар “7071" гэсэн дугаартай харин моторын дугаарыг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 14-15-р хуудас),
Хохирогч М.Н-гийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Миний мотоциклын түлхүүр мотоциклын толгой дээрээ байсан. Урд нь миний мотоциклыг манай нутгийн хүмүүс унаж явж байсан удаа байхгүй. Би Ө.Г-г мэднэ манайх саахалт байсан юм...Би анх мотоциклыг нарны буман гэрэл компаниас 2.280.000 мянган төгрөгөөр анх авч байсан...3а би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад хохирлоо төлүүлчихвэл ямар нэгэн гомдол санал нэмж шалгуулах юм алга байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 16-17-р хуудас)
Гэрч Н.Д-гийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө мэдсэн Н- өглөө манайд машинтайгаа ирээд урд шөнө мотоциклоо алдчихлаа гээд асуугаад явж байсан тэгээд би мэдсэн...3а тэр орой 22 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь би харсан чинь зүүн хойд талд гэрэлгүй мотоцикль дуугарч байсан би тухайн мотоциклыг яг хаашаа явсныг сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 25-26-р хуудас)
Гэрч Б.Б-гийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өглөө би 06 цаг гэж бостол манай гэрийн үүдэнд Хаужи маркийн улаан өнгийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 35-36-р хуудас)
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ӨХ23-020 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 40-41-р хуудас)
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллагдагчид танилцуулсан тэмдэглэл, (хх-ийн 2-4-р хуудас)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Ө.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Сүүлийн толгой” гэх газар хохирогч М.Н-гийн гэрийн гаднаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй улаан өнгийн “Хаужүэ” маркийн мотоциклийг хулгайлж, хохирогч М.Н-д 1 300 000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч М.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/, гэрч Н.Д-, Б.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 25-26, 29-31 дүгээр хуудсууд/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Г- хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Г.Гандөш нь шүүгдэгч нь хохирол илүү төлсөн тул шийтгэх тогтоолд хохирогчоос нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэснийг хангах боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд шүүгдэгч Ө-гийн Г-г хохирогчид илүү мөнгө төлсөн талаар ямар нэгэн баримт байхгүй мөн шүүхэд болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь хохирлоос илүү мөнгөн төлбөр авсан талаараа мэдүүлдэггүй тул шийтгэх тогтоолд тусгах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г- нь гэм буруутай, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ө.Г- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ө.Г-гийн, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Ө.Г- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.2-д заасан ...учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А- овогт Ө-гийн Г- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-гийн Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-гийн Г-г оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-гийн Г-гийн цагдан хоригдсон 08 /найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ө.Г- нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Ө.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө-гийн Г-г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА