Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/83

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х-,

Шүүгдэгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И- овгийн Д-ийн Х-эд холбогдох эрүүгийн 2027000460067 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1963 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ гэх газар оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И- овгийн Д-ийн Х- /РД: ___/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х- нь согтуурсан үедээ буюу 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай саарал өнгийн Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Э-ын жолоодож явсан ___ улсын дугаартай цагаан өнгийн Huindai verna маркийн  тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Д.Х- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эрүүл мэндийн байдлаас архи уудаггүй. Айраг уусан нь үнэн. Э-ын машинтай мөргөлдсөн нь үнэн, гэм буруугаа ойлгож байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед нөхөртэйгээ нөхрийнхөө ахын эхнэртэй, өөрийнхөө 2 хүүхэдтэй явж байсан. Ахындаа очиж золгочихоод буцаж явж байсан. Машиныхаа гэрлийг асаасан явж байсан чинь урдаас гэрэлгүй машин ороод ирсэн. Нөхрийгөө машин гэж орилсон. Тэгээд ухаан алдсан болохоор цааш нь юу болсныг санахгүй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутагт байх  Тальбуугийн зам гэх газар явж байх үед ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас би болон миний охин Х- биедээ гэмтэл авч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн.  Хэвтэн эмчлүүлж байх үедээ надаас одоогийн байдлаар 623,116 төгрөгийн хохирол гарсан цаашид охиндоо эмчилгээ хийлгэхэд дахин мөнгө орох байх мөн нөхөр Э-ын эзэмшлийн ___ тээврийн хэрэгсэл эвдэрсэн байх тул мөн засварлахад зарцуулах мөнгийг нийлүүлээд нийтэд нь нэхэмжилж байна. Бүрэн төлөгдөөгүй байгаа буруутай талаас нийт 2,400,000 төгрөг төлсөн машины төлбөр бүрэн төлөгдсөн. Харин манай охины эмчилгээний зардлаас зарим нь бүрэн төлөгдөөгүй байгаа. 665,116 төгрөг гаргуулж авмаар байна. Уг зардалд ясны бэхжилтэнд зориулагдсан Пантошка гэх эм авах яаралтай шаардлагатай байгаа...миний нэхэмжилж байгаа 665,116 төгрөгийг өгчихвөл надад өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх 47, 58-59 дүгээр хуудас/

Гэрч О.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар баг руу гэр рүүгээ 18 цаг 40 минутын орчим гадаа гэгээтэй байх үед явж байсан чинь гэнэтхэн өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг гэрлээ асаачихсан гараад ирэхээр нь би “Хөөе машин гэж хашгирсан боловч шууд тэр машинтай мөргөлдсөн ...Манай нөхөр Х- 0,75 литрийн архинаас бага зэргийн уусан мөн айраг уусан ...Би хамгаалах бүс хэрэглээгүй зорчиж явсан” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх 64-65 дугаар хуудас/

Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Анх мэдүүлэг өгөхдөө унааны зардалд зарцуулагдсан 110,000 төгрөгийг би нэхэмжлэхээс татгалзаж байна ...Одоо миний нэхэмжилж байгаа мөнгөний хэмжээ бол 272,000 төгрөг” гэсэн мэдүүлэг, / 1 дүгээр хх 50 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Машины эвдрэлийн үнэлгээ 1,350,000 төгрөг болсон буруутай талаас машины үнэлгээг бүрэн төлсөн, миний машинтай холбоотой эвдрэл гэмтлийн тооцоо төлбөр гэх зүйл одоо байхгүй” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх 52 дугаар хуудас/,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Булган аймгийн Рашаант сумын нутгаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар баг руу гэрлүүгээ 18 цаг 40 минутын орчим гадаа гэгээтэй байх үед явж байсан чинь гэнэтхэн өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг гэрлээ асаачихсан гараад ирэхээр нь зорчиж явсан бүх хүмүүс жолоочид хандан “Хөөе машин” гэж хэлэх үед шууд тэр машинтай мөргөлдсөн...Бид О.П-ийн гэрт байх үедээ жолооч Х- 0,75 литрийн архинаас бага зэргийн ууж мөн айраг ууж байхыг би харсан. Би мөн тэр архинаас болон айрагнаас уусан гэхдээ ухаанаа алдах хэмжээний уугаагүй...Б-, Б-, З- гурав архинаас уугаагүй. Харин айраг тухайн үед уусан...Би хамгаалах бүс хэрэглээгүй зорчиж явсан” гэсэн мэдүүлэг, / 1 дүгээр хх 72-73/

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №03 дугаартай “...1.Хьюндай Верна маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Э- нь Монгол Улсын замын хөдөлгөөний заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Б.Э- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 3.4Б заалт...зөрчиж явсан байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй байна. 2.Тоёота пробокс маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Х- нь Монгол Улсын замын хөдөлгөөний заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Д.Х- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 3.4Б, 12.3 заалт...тус тус зөрчиж явсан байх үндэслэлтэй байна. Дээрх дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөө үзүүлсэн байх үндэслэлтэй... 4. Осол гарахад нөлөөлсөн шалтгаан нь Д.Х- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 12.3 заалтыг тус тус зөрчиж явснаас осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хх 92-93 дугаар хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай: “...7. Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хх 167-168 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 дугаар дүгнэлтэдээ: “...1.Үзүүлэгч Н.Х-ын биөд баруун дунд чөмөгний хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэл эмчилгээнээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хх 173 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал /1 дүгээр хх 15-23 хуудас/,

- Согтуурлын багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, /1 дүгээр хх 25 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1 дүгээр хх 124-134 дүгээр хуудас/,

- Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, /1 дүгээр хх 122 дугаар хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 дугаар хх 30 дугаар хуудас/ зэрэг болно.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос   шүүгдэгч Д.Х-ийг “согтуурсан үедээ буюу 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай саарал өнгийн Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Э-ын жолоодож явсан ___ улсын дугаартай цагаан өнгийн Huindai verna маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д энэ гэмт хэргийг “согтуурсан үедээ үйлдсэн бол” гэж хуульчилан заасан ба шүүгдэгч Д.Х-ийг согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг шалгаж тогтоогоогүй, нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь: Улсын яллагч шүүх хуралдаанд “Д.Х- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь тухайн үед драгер багажаар үлээлгэж шалгахад 0.089 хувь гарсан. Энэ драгер нь нарийвчлалтай гардаг, нэг орон нь урагшилж уншигддаг ба Д.Х- нь 0.89 хувийн согтолттой гарсан. Согтууруулах ундааны зүйл хэрэгсэл үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа” гэж мэтгэлцсэн бөгөөд Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралт Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д заасныг зөрчсөн, шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй байна гэж шүүх үзсэн болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Д.Х-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай саарал өнгийн Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Э-ын жолоодож явсан ___ улсын дугаартай цагаан өнгийн Huindai verna маркийн  тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч О.Б-, Г.Д-, Б.Э-, Ц.Э-э нарын мэдүүлэг /1 дүгээр хх 64-65, 50, 52, 72-73/, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №03 дугаар дүгнэлт 1 дүгээр хх 92-93 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаар /1 дүгээр хх 167-168 хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 дугаар дүгнэлт /1 дүгээр хх 173/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал /1 дүгээр хх 15-23 хуудас/, согтуурлын багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, /1 дүгээр хх 25 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1 дүгээр хх 124-134/, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, /1 дүгээр хх 122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх 30/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.

Талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй болно.  

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Х-ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Х-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Х-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгч Д.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд “Эмчилгээний зардалд 3,040,166 төгрөг гарсан. Шүүгдэгч Д.Х- нь 2,400,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 640,166 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирлын баримт /1 дүгээр хх 240, 245/, /2 дугаар хх 5, 13/ нийт 2,885,016 төгрөгийн баримт байх ба өмгөөлөгчид төлсөн 600,000 төгрөгийг нотлох баримтаар тооцоогүй болно. Учир нь хэргийн оролцогч сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авч өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлдэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 640,166 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нь хохиролд 2,400,000 төгрөг төлсөн байна. Шүүгдэгчийг 114,984 төгрөгийг илүү төлсөн болохыг дурдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н- нь насанд хүрээгүй хохирогч Н.Х-ын цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Х-ийн цагдан хоригдсон 4 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60,000 төгрөгийг шүүгдэгч Д.Х-эд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялаас хасч 440,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Шүүгдэгч Д.Х- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Д.Х- нь 4 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг  тус тус дурдаж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н- нь насанд хүрээгүй хохирогч Н.Х-ын цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Д.Х-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч И овгийн Д-ийн Х-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овгийн Д-ийн Х-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ийн цагдан хоригдсон 4 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60,000 төгрөгийг шүүгдэгч Д.Х-эд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялаас хасч 440,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Д.Х- нь 4 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 114,984 төгрөг илүү төлсөн болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг  тус тус дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н- нь насанд хүрээгүй хохирогч Н.Х-ын цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН