Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/101

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч: А.Ганбат,

Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч: Г.Гандөш,

Хохирогчийн өмгөөлөгч: И.Чимэдбадам,

Хохирогч: Ц.Б-,

Гэрч: Б.П-, Д.Г-, Б.Ц-,

Шүүгдэгч: Г.О-, Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаярын шүүгдэгч Ө- овогт Г-гийн О-, Л- овогт Б-ийн Н- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8, 1.9 дүгээр зүйлийг хэрэглэн, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1912003650076 дугаартай, 146/2020/0089/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Архангай аймгийн Хотонт сумын 4 дүгээр баг “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ө- овгийн Г-гийн О- /РД:___/,

2. Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар баг “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Л- овгийн Б-ийн Н- /РД:___/ гэв.

                                        Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ө- овогт Г-гийн О- нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэрт “___” гэх газарт байрлах хохирогч Ц.Б-ийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Б.Н-тай бүлэглэн хулгайлж 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Л- овогт Б-ийн Н- нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэрт “___” гэх газарт байрлах хохирогч Ц.Б-ийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Г.О-тай бүлэглэн хулгайлж 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт оршин суух хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.О-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаад 1 жил гаран мөрдөгдөж байна. Энэ гэмт хэрэг гарах үед би завгүй байсан. Манай эхнэр нурууны суулттай учир Хужиртын амралтанд 10 хоног хэвтэн эмчлүүлээд гэртээ ирээд 2 хонож байсан. Би өмнөх өдөр нь очиж Д.Г-той наймаа хийсэн нь үнэн. Маргааш өглөө нь намайг та эртхэн ирээрэй гэж хэлсэн. Тухайн шөнө манай ах болох Г.А-ийн эхнэрийн бие муудаад би Д.Г- гэж хүнээс утасны дугаар асууж шөнийн 2 цагт залгасан. Эмнэлэгийн түргэн тусламж 3 цаг болж байхад ирсэн. Би Г.А- ахыг эхнэртэй нь түргэний машинд явуулчихаад хонийг нь хараад үлдсэн. Би Г.А- ахын хонийг Цагаан эргийн худгаас газраас эргүүлчихээд үүр цайж байхад гэртээ ирэхэд манайд Д.Г-, Б.Н- хоёр ирчихсэн байсан. Б.Н- өвөөгийнхөө адуунд явж байгаа гэж хэлсэн. Д.Г- надтай наймаа хийсэн үхрээ авах гэж ирсэн байсан. Би аргамжаатай байсан хоёр морио авчирч Б.Н- бид хоёр унаад манай үхрийг хашилцаж байгаад 2 үхрийг барьж Д.Г-ийн машинд ачиж явуулсан. Би хүний үхэр хулгай хийж зарсан зүйл байхгүй. Өөрийнхөө 2 тооны үхрийг, аавынхаа зараад өг гэсэн 2 тооны үхрийг л зарсан. Хохирогч Ц.Б- намайг өөрийнхөө 2 тооны үхрийг хулгай хийж зарсан гээд намайг гүжирдэж байгаад их гомдож байна гэв.

Шүүгдэгч Б.Н-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би тухайн өдөр өвөөгийнхөө адуунд явж байгаад замаараа Г.О- ахынд ортол төвөөс Д.Г- ах үхэр авах гэж байгаа гээд ирчихсэн байсан. Г.О- ах, Д.Г- хоёр намайг үхэр ачилцаад өгөөч гээд гуйгаад байхаар нь 2 тооны улаан үхэр ачилцаж өгсөн. Б.Ц- манайд ирээд би танай саравчийг нэгжих эрхтэй хүн гэж хэлээд манай саравчийг нэгжиж адууны шир гаргаж ирсэн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү  гэв.

Хохирогч Ц.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг, ___-ын ___ гэх газраас 10 тооны үхэрээ алдсан. Манай үхрүүдийг ар бургас гэх газар луу уруудуулаад туугаад явсан байсан. Би тухайн үед Г.О-, Б.Н- гэж хоёр хүнийг хардаж байсан. Манай алдсан гэх 4 үхэр нь Б.Н-, Г.О- нарын зарсан гээд байгаа мухар улаан гуна, оодон сүүлтэй эрлийз гуна, хугархай эвэртэй шар амтай халтар гуна, хар гунатай зүсний хувьд яг тохирч байна. Манай 4 үхрийг Б.Н-, Г.О- нар нь хулгай хийж аваад зарсан байна. Манай байсан газраас Г.О-ынд хүрэхэд газрынхаа уруу учир 2 цаг л зарцуулдаг. Үхрээ алдсандаа их гомдолтой байна гэв.

Гэрч Б.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө адуугаа манаж хоносон. Манай нутагт чоно, нохой элбэг байдаг учир манайх орой болгон адуугаа манаж хонодог. Би өглөө 4 цагийн үед адууныхаа манаанаас буугаад гэртээ иртэл гэрийн гадаа хураасан монгол үхрүүд байхгүй байсан. Би гэртээ ороод аавдаа хэлэхэд аав босоод дүүгийн хамт үхрийнхээ араас явсан. Би хэсэг хугацаанд нүдний хор гарах гээд гэртээ үлдсэн. Хэсэг хугацаанд унтаж сэрээд аав, дүү хоёрыг ирэхгүй болохоор нь араас нь очоод хамт үхрээ хайсан. Манай үхрийг ертөнцийн зүгээр зүүн хойшоо цувруулаад туугаад явчихсан мөр нь байсан. Тухайн үед нялх ногоо ургаж эхэлж байсан учраас дараад явчихсан мөр нь тодоос тод харагдаж байсан. Тухайн мөрийг хөөгөөд явахад Архангай аймгийн Хотонт сумын нутаг “___” гэх газар луу явсан байсан. Бид гурав үхрээ олоод бүртгэхэд манай үхрээс 10 тооны үхэр дутсан. Бид гурав 8 тооны үхрээ зүсээр үгүйлээд 2 тооны үхрийг зүсэлж чадаагүй. Манай дүү бид хоёрт хэлэхдээ манай үхрийг ногоон дээлтэй бараан морьтой хүн наашлуулчихаад яваад өглөө сонин юм аа. Тухайн хүний хийц галбирыг харахад Б.Н-тай төстэй хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь аав бид хоёр харсан төдий таамаг юм чинь гээд өнгөрсөн.

Манайх 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө адуугаа алдсан. Манайх байнга адуугаа манаж хонодог. Тухайн өдөр манайх “___” гэх газар луу отроор явах гэж байсан. Манайх өдөр бөөн сүүлтэй халтар азаргатай адуугаа гаднаа авчираад 2 тооны морь барьж уяаад тухайн адуугаа гэрийнхээ хойд мод руу оруулсан. Орой бүрий тасархаас өмнө нь намайг хонио эргүүлээд ирж байхад манай адуу гэрийнхээ хойд модонд байсан. Орой болоод тухайн адуугаа хураах гэтэл гэнэт манай адуу байхгүй болчихсон байсан. Би орой үдэш тэр хавиар хайж яваад адуугаа олоогүй. Тэр үед манай тэнд төө гаруй цастай байсан. Маргааш өглөө нь адууныхаа мөрөөр явахад Б.Н-, Г.О- нарын гэрийн зүг явчихсан байсан. Тухайн адууны мөрөөр явахад Г.О-ын гэрийн гадаа ирсэн. Би бодохдоо манай адууг Г.О-, Б.Н- хоёр хулгайлсан байна гэж бодсон. Гэртээ ирээд аавд хэлтэл намайг эртхэн Хархорин сумын цагдаагийн хэлтэст очиж бүртгүүл гэж хэлсэн. Намайг өглөө эрт 9 цаг өнгөрч байхад Хархорин сумын төв рүү явж байхад Б.Н-, Г.О- хоёр миний өмнөөс хар өнгийн X tral маркийн машинтай цасанд суучихсан байж байсан. Би машиндаа морь аччихсан удаан явж байсан болохоор Б.Н-, Г.О- хоёрыг нилээн удаан ажсан. Энэ хоёр яагаад засмал замаар явахгүй. Шороон замаар явж байгаад цасанд суучихсан юм бол гэсэн хардах сэтгэл надад төрсөн. ...Би бөөн сүүлтэй халтар азаргатай 40 тооны адуугаа алдлаа гээд нутгийн хүмүүсээс сурсан. Тухайн адуугаа алдсан талаар Хархорин сумын цагдаагийн хэлтэст ирж бүртгүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой 11 цаг өнгөрч байхад аавын төрсөн дүү Ц.Б- над руу залгаж адууны сураг гаргасан. Манай ах надад хэлэхдээ танай адууг Архангай аймгийн Хотонт сумын нутагаас оллоо бүрэн, дутууг нь ах нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь адуун дээрээ иртэл манай адуунууд маш их хөлөрсөн гүүнүүд нь хээл хаясан байсан. Би адуугаа бүртгээд дүрс бичлэгээр баталгаажуулахад миний хамгийн хайртай тэлмэн жороо зээрд зүсмийн морь болон унаанд хэрэглэдэг байсан морийг хулгай хийж авсан байсан гэв.

Гэрч Б.П-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд худлаа. ...Намайг гэртээ байж байхад Б.Ц-, Д.Б- гэх цагдаатай ирээд намайг машинтай Архангай аймгийн Хотонт сум руу аваад явсан. Хотонт сум руу явж байхдаа намайг машин дотор эдгээр хүмүүс нь дарамтлаад байсан. Тэд нар намайг аваад Хархорин сумын цагдаа дээр ирсэн. Д.Б- гэх цагдаа өрөөндөө оруулаад намайг зодсон. Надаас мэдүүлэг авчихаад энэ нь дээр гарын үсгээ зурчихаад зайл пизда минь гэж хэлсэн. ...Намайг орой гэртээ байж байхад гадаа юм пижигнэлдээд байхаар нь гараад хартал манай хашааны араар адуунууд цуваад ус руу орж байсан. Тэр мэдүүлэг өгөхдөө тэрийг л хэлсэн. ...20 тооны бараан зүсмийн адуунууд байсан. Би манай доод талд байх айлын адуу гэж бодсон. ...Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Манайх нүүж буугаад сүүгээ хөөрүүлж байсан гэв.

Гэрч Д.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2019 оны 05 дугаар сард Архангай аймгийн Хотонт сумын нутаг “Цагаан эрэг” гэх газар байх Г.О-ынхаас улаан гуна, улаан ягаан гуна, хар гуна, халтар гуна нийт 4 тооны үхрийг худалдаж авсан. ...Г.О- надад манай өөрийн үхрүүд байгаа. Би аавынхаас 2 үхэр зарсан гэж хэлсэн. ...Би Г.О-аас улаан гуна, улаан ягаан гуна, хар гуна, хугархай эвэртэй халтар гуна худалдаж авсан. Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд үнэн гэв.

Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 20-ны өглөө над руу Г.О- /Д-/ ___ дугаараас залгаж ярихдаа “Таньд үхэр зармаар байна гэж хэлсэн” тэгэхээр нь би авъя гэж хэлсэн. Тухайн цаг хугацаанд Г.О- нь намайг ирж байна уу. Түргэн ирээч гэж 2 удаа залгаж ярьсан. Би тухайн үед Архангай аймгийн Хотонт сумын төвөөс гэрээсээ хөх өнгийн пронтер маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг ___ гэх газар Г.О-ын хаваржаан дээр очсон. Тухайн үед очиход шөнийн 03 цаг орчим болж байсан. Тэгэхэд тэнд Г.О- нь өөрийнхөө хаваржаанд үхрээсээ ялгаж байгаад 4 тооны үхрийг хашсан. Тэгээд тэндээс миний машин руу ачсан. Тухайн үед Б-ийн Н- зээрд морьтой ирчихсэн байсан. Г.О- ч морьтой байсан. Тэр хоёр мориор ялгаж хашиж өгсөн юм. Тэгээд миний пронтер машинд нэг нь ягаан зүстэй гуна, нөгөө нь улаан зүстэй гуна байсан. Тэгээд тухайн 2 тооны монголын гуныг Б.Н-, Г.О- нь миний машинд ачсан. Буцаад өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Хотонтын төвөөс М.Б- гэх залууг үхэр ачилцаад өгөөч гээд аваад буцаад Г.О-ын гадаа очсон. Тэгээд үлдсэн 2 тооны халтар гуна, эрээн гуна хоёрийг нь очиж ачсан. Тухайн үед очиход Б.Н- явчихсан байсан. Гэрийнх гадаа 1 морь л байсан. Г.О- “Хүнээс авлагатай байсан үхэрнүүд байгаа юм гэж байсан. Тэгээд зарж байгаа талаараа хэлсэн” өөр юм хэлээгүй. Би өөрийнхөө хашаандаа 2 хонуулаад хашаандаа нядлагч нар авч ирэн гаргуулсан. Тухайн 2.900.000 төгрөг нь надад зарсан 4 тооны үхрийн мөнгө байгаа юм. Г.О- 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр надад зарсан 4 тооны үхрийнхээ талаар асууж залгасан.Намайг Улаанбаатар хот руу явж байна уу? Үхрээ гаргасан уу? гэж байн байн залгаж асуугаад байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тиймээ. Он сарыг санахгүй байна. Намайг колонк дээр өглөө эрт 08 цаг орчим явж байхад Каз Ганаа ах намайг дуудаад хоёулаа хамт үхэр ачаад ирье гээд Хотонтын Улаанчулуу руу явж Д- /Г.О-/-ын гадаа саравчнаас халтар, хар үхэр ачсан. Тухайн үед Д-ийн эхнэр байсан... гэжээ /1 дүгээр хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгт: ...Намайг Г.О- нь 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим намайг хурдан хүрээд ирээч гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би маргааш өглөө очъё гэхэд үгүй ээ яг одоо хурдан хүрээд ир гээд дуудаад салахгүй байхаар нь би гэрээсээ гараад 03 цаг орчимд очсон. Тухайн үед гэгээ ороогүй харанхуй байсан юм. Эхний удаа ачсан 2 үхрийн 1 нь улаан, ягаан зүстэй нас гүйцсэн монголын эр үхрүүд байсан. Имийг нь сайн мэдэхгүй байна. Сүүлд ачсан 2 тооны үхэр нь 1 нь ам цагаан, халтар үхэр, нэг эвэр нь хугарчихсан байсан харагдаж байсан. Нөгөө үхэр хар халтардуу үхэр эвэртэй байсан. Тухайн 2 үхрийн имийг хараагүй. 1 үхрийн жин нь 175 кг татаж байсан. Тухайн үед махны үнэ 7500 төг /1кг/ байсан. 1 үхэр 1 сая 300.000 төгрөг болж байсан гэх мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн 126-127 дугаар хуудас/,

Гэрч С.Бухаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэгт: ...2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 03 цаг орчим дуудлаганд явсан. 03 цаг 30 минут орчимд очиход Г.А- гэх айл байсан ба түүний эхнэр нь ухаан алдсан байсан. н.Лхамсүрэн эмч үзэж байсан. Тэр үед Г.А- нь төрсөн дүү Г.О- луу утсаар ярьж байх шиг байсан. Хүрээд ир хувцас өмсгөх хэрэгтэй байна гэж ярьж байсныг сонссон. Тэгээд эмч үзээд Г.А-ийн эхнэрийг аваад буцаад хөдөлж байхад чанх урдаас машины гэрэл гарч байсан. Чухам хэн байсныг нь мэдээгүй гэх мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас/,

Гэрч С.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Д.Г-, Мөнхжих /М-/ бид хоёрыг 2 тооны монгол үхэр нядлаад өг гэж хэлсэн. Бид хоёр нядалсан. Улаан үхэр нь эрлийз гэмээр том биетэй мухар богино оодон сүүлтэй үхэр байсан. Халтар үхрийн 1 талын эвэр нь богино байсан тухайн үед би хугарсан юм байх гэж бодож байсан. Би сайн санаж байна зүсний талаар учир нь том биетэй нас гүйцсэн эр үхрүүд байсан. Тэр болгон манай суманд уг 4 үхэр шиг эр үхрүүд бойнд ороод байдаггүй учир санаж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-110 дугаар хуудас/,

Гэрч Ж.Жамбалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2 жилийн өмнө буюу 2017 оны 11 дүгээр сард байх өвөлжөөн дээр буучихсан байсан санагдаж байна. намайг адуундаа явж байхад Бэлчирын эхэнд Б.Ц-ын өвөлжөөний гадаа ээж нь хүү Б.Цэрэнтогтох халтар зүсмийн цагаан амтай үхрийн эвэр нь хугарчихсан байна. Барилцаад өгөөч гэхээр нь барилцаж өгсөн юм. Тухайн үед мориор бол буруу талын эвэр нь хугарчихсан байсан санагдаж байсан. Ямар ч байсан цус нь шүүрээд байхаар нь хомоолоор боож байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/,

Гэрч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хавар Ц.Б- нь манай худаг дээр 10 тооны үхэр сураглаж ирсэн. Тэгэхэд нь би юуг нь нуух вэ гээд тухайн Ц.Б-ийг ирэхээс хэд хоногийн өмнө Б.Н- нь хойноос хүрэн морьтой эцэг болох С.Б-ийнхоос хаваржингаа тэжээж байсан зээрд морийг аваад явж байхыг нь харсан. Мөн өглөө эрт Б.Н- нь аавынхаасаа хүрэн морийг нь уначихсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/,

Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Манайх өвөлжөөнөөс нүүгээд Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг Тэмээн хүзүүний  Бор бургасны үзүүрт ганц гэрээрээ   2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу даваа гаригт буусан юм. Нүүдэл хийсээр нар жаргахын алдад нүүдлээ хийж дууссан. 2019 оны 05 дугаар сарын 20-ны орой харанхуй болчихсон байсан. Намайг орондоо хэвтэж байхад эхнэр  гэрийн гадаа юм пижигнээд байна  гараад үзээдэх гэхээр нь хувцсаа өмсөөд гарахад манай хонины хашааны орчим хэдэн хар юм дөнгөж харагдаад өнгөрсөн. Тухайн үед морьтой хүн тууж явсан. Морьтой хүн мал тууж явсан. Үхэр, адуу аль нь эсэхийг мэдээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Б.П-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 81-85 дугаар хуудас/,

Гэрч Т.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2019 оны 05 дугаар сарын 23-нд Гэрлээ гэх нутгийн залуутай Д.Г-ийн хашаанд үхэр нядлах гээд очсон. Халтар, улаан зүсмийн 2 тооны үхэр байсан. Халтар үхрийн 1 талын эвэр нь хугархай байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,

Гэрч Б.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2019 оны 05 дугаар сарын 20-ны шөнө харанхуй болж байсан. Би сүүлийнхээ сүүг самрах гээд байж байтал гэрийн гадаа малын үргэх чимээ гарсан. Нөхрөө хурдан гарж хар гэж хэлээд гаргасан. ...Бараан л юм баруун хойшоо явчихлаа гэж хэлсэн. Пижигнэсэн зүйл малын хөлийн чимээ байсан. 1 тооны мал биш гэхдээ хэдэн тооных болохыг мэдэхгүй  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Б-ийн монгол үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 157-160 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  ...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12-13 цагийн үед адуугаа харахад гэрээс холгүй Баянзүрхийн асганы ёроолд байсан. Орой болоход адуунууд ирэхгүй байхаар нь 16 цаг өнгөрч байхад бага хүү Б.Цэрэнтогтохын хамтаар адуугаар хурааж ойртуулах гээд очиход Асганы ёроол гэх газарт байхгүй байсан. Мөрийг нь хартал ертөнцийн зүгээр чанх хойшоо яман нэгэн зүйлд туугдаад явчихсан мөр үлдсэн байхаар нь хүү бид 2 гэртээ эргэж ирсэн. Маргааш нь манай хүү Б.Ц-, Б.Цэрэнтогтох нар адууныхаа араас явж байхад Архангай аймгийн Хотонт сумын Ар бургас гэх газарт оршин суух Гомбоо хэлэхдээ манай гадуур өнгөрсөн шөнө адуунууд явж байсан гэхээр нь манай хүү эргэж гэртээ ирээд маргааш нь очоод асуутал н.Цэрэндагва гэгчийн адуу болж таарсан. 2 хүү цааш мөрийг нь мөшгөж байгаад Архангай аймгийн ___ гэх газарт оршин суух Г.О- гэгчийн гэрийг чиглээд цаашаа Улаанчулуу даваад явчихсан байна гэсээр 4-5 хоногийн дараа адуунуудаа туугаад ирэхдээ зээрд, халтар зүсмийн 2 тооны адуу дутаж байна, тэр хавиар сураглаад сураг гарсангүй гэсээр ирсэн. ...Зээрд зүсмийн адуу нь жороо морь байгаа юм. Адуунууд дундаа их сайхан сор болсон адуунууд байгаа юм гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  ...2019 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагийн орчим үүр цайж байхад адуугаа олох гээд явсан. Шинэ цастай мөр нь шинэ байсан мөрөөр нь дагаж явсаар Хотонт сумын Тэмээн хүзүүний эх болох Г.О-ын гадаа манай алдсан адууны мөр очсон байсан.  Дүү Б.Цэрэнтогтох морьтой явсан. Дүү буцаж ирээд манай адууны мөр мөн байна гэсэн. ...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө Орхон багийн байшинт дээр очиж адуугаа бүртгэхэд бөөн сүүлтэй хээр азаргатай 38 тооны адуунаас 2 тооны адуу дутаж, 36 тооны адуу байсан. Шинээр авсан засмал дэлтэй хондон зээрд морь имгүй, зөв талын гуя дээрээ дун тамгатай, бор халтар морь 2 тийшээ унжсан сөөм дэлтэй бор халтар морь зөв чих урдаасаа ганзага, буруу чих хойноос ухам имтэй дун тамгатай 2 тооны адуу байхгүй байсан.  Хондон зээрд нь наадмаар гоёдог жороо морь байсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батмэндийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ...Би тухайн өдөр морьтой Б.Доржпаламын адууг хайж яваад Б.Ц-тай таарч тэндээс Б.Н-ынд адуу сурч буусан юм. Тэгтэл гэрийн гадна Б.Н- манайхыг үз хар гээд дуугараад байсан. Тэгээд гарахад Б.Ц- нь намайг ойр орчмын хашаа, саравчийг үзээдэх гэхээр нь урд 2 саравчийн үзэхэд юм байхгүй хойд саравчны дээр байх өвсөн дотроос хээр адууны шир гарч ирээд тэгээд бөөн юм болцгоож араас нь 2 шир гарч ирсэн. Тэгээд Б.Ц- нь Б.Н-аас чи миний адууг хулгайлчихсан юм уу гэхэд арьс гаргаж ирчихээд юу яриад байгаа юм наад ширнийхээ умс, махыг олчихоод юм ярь гэж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Гэрч Б.Доржпаламын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Баянзүрх ууланд адуунд явж байгаад н.Батмэндтэй таараад бид хоёр манай зэгэл азаргатай 2 алгатай адуу хайж явж байсан юм. Тэгтэл замд Баянзүрх /Орхон баг/ арын модонд Б.Ц-тай таарч Тэмээн хүзүүний Ар бургасанд Б.Н-ынд буусан юм. Тэгээд Б.Ц- Б.Н-ыг гэрээс авч гараад гэрийн гадаа уулзаж байсан. Удалгүй араас гарахад Б.Ц- нь Б.Н-ын өвөлжөөний ойр орчимд шаазгай сууж байсан баасыг онгичиж байгаад төд удалгүй саравчин дээр өвснүүдийг сөхөж үзээд байсан. Тэгээд 1 адууны шийр Б.Цэрэнтогтох өвсөн дотроос гаргаад ирсэн. Тэгтэл Б.Ц- нь надад утсаа өгч утсаар нь би бичлэг хийсэн юм. Тухайн үед Б.Н-ын саравчин дээрх өвсөн дотроос зээрд адууны шийр 2 ширхэг, зээрд адууны дэлийг засчихсан шир, халтар адууны шир гарч ирсэн. Б.Ц- нь Б.Н-аас тухайн 2 ширхэг шир хэнийх болохыг нь асуухад эхлээд юм дуугарахгүй байж байгаад сүүлд нь би мэдэхгүй талаар хэлж байсан. Тэгээд тэнд бөөн хэрүүл, шуугиан болоод Б.Н- ч юм дуугарч хэлэлгүй хониндоо мордоод алга болсон. Б.Ц- нь тухайн 2 шийрийг машин дээрээ ачаад Хархорины төв рүү явсан. Би Мэндээтэй хамт Орхон баг буцсан. ...Ойрхон гэрийн ард 20 орчим метр зайд байгаа харагдсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2019 оны 12 дугаар сарын 26-ны үеэр 38 тооны адууг алга болчихсон гэхээр нь хойшоо эрэлд хэд хоног явсан юм. Тэгээд Хотонт сумын Улаанчулуу баг ___ гэх газар бор хээр азаргатай адуу байна гэх сураг гаргаад очсон мөн байхаар нь тухайн үед адууг нь бүртгэлгүй туусаар байгаад Орхон баг Байшинтад ирсэн гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “...1. Тамга тэмдэгний харьцуулах шинжилгээнд ирүүлсэн зээрд зүсмийн адууны ширэнд байх тамгалсан хэсэгт байх мөр дүрс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Харьцуулах загвараар хүргүүлж байгаа иргэн Б.Ц-ын малын тамгатай ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирч байна. 3. Иргэн Б.Ц-ын малын тамгатай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд, тамганы хэмжээ, мөр дүрс зэрэг шинжүүдээр тохирч байна. Тохирч байгаа шинж тэмдгүүдийг гэрэл зураг №6,7,8,9 дээр харуулав...” гэх 08 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 101-104 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдсэн 2 ширхэг сиди, адууны ширний хэсэг,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 17.900.000 /арван долоон сая есөн зуун мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ19-47 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 162-164 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 5.000.000 /таван сая төгрөг/- өөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ20-33 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 118-121 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 3-6 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2 дугаар хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 58-60 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 81-85 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.О-, Б.Н- нар бүлэглэн хохирогч Ц.Б-ийн цагаан амтай халтар зүсмийн баруун талын эвэр нь хугархай гуна, баруун чих нь хойноосоо ухам, зүүн чих нь урдаасаа цуулбар эмтэй халтар зүсмийн гуна, баруун чих нь хойноосоо ухам, зүүн чих нь урдаасаа цуулбар эмтэй далбигар эвэртэй  ягаан зүсмийн гуна, баруун чих хойноосоо ухам, зүүн чих хойноосоо ганзага эмтэй, эрлийз, зузаан улаан зүсмийн оодон сүүлтэй гуна зэрэг 4 тооны үхрийг хулгайлж, хохирогч Ц.Б-эд 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг, мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Д.Г-ийн ...2019 оны 05 дугаар сарын 20-ны өглөө над руу Г.О- /Д-/ залгаж ярихдаа “Таньд үхэр зармаар байна гэж хэлсэн” тэгэхээр нь би авъя гэж хэлсэн. Намайг Г.О- нь 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим намайг хурдан хүрээд ирээч гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би маргааш өглөө очъё гэхэд үгүй ээ яг одоо хурдан хүрээд ир гээд дуудаад салахгүй байхаар нь би гэрээсээ гараад 03 цаг орчимд очсон. Г.О- нь намайг ирж байна уу. Түргэн ирээч гэж 2 удаа залгаж ярьсан. Би тухайн үед Архангай аймгийн Хотонт сумын төвөөс гэрээсээ хөх өнгийн пронтер маркийн 79-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг ___ гэх газар Г.О-ын хаваржаан дээр очсон. Тухайн үед очиход шөнийн 03 цаг орчим болж байсан. Г.О- нь өөрийнхөө хаваржаанд үхрээсээ ялгаж байгаад 4 тооны үхрийг хашсан. Тэгээд тэндээс миний машин руу ачсан. Тухайн үед Б-ийн Н- зээрд морьтой ирчихсэн байсан. Г.О- ч морьтой байсан. Тэр хоёр мориор ялгаж хашиж өгсөн юм. Тэгээд миний пронтер машинд нэг нь ягаан зүстэй гуна, нөгөө нь улаан зүстэй гуна байсан. Тэгээд тухайн 2 тооны монголын гуныг Б.Н-, Г.О- нь миний машинд ачсан. Буцаад өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Хотонтын төвөөс М.Б- гэх залууг үхэр ачилцаад өгөөч гээд аваад буцаад Г.О-ын гадаа очсон. Тэгээд үлдсэн 2 тооны халтар гуна, эрээн гуна хоёрыг нь очиж ачсан. Тухайн үед очиход Б.Н- явчихсан байсан. Гэрийнх гадаа 1 морь л байсан. Г.О- “Хүнээс авлагатай байсан үхэрнүүд байгаа юм гэж байсан. Тэгээд зарж байгаа талаараа хэлсэн” өөр юм хэлээгүй. Г.О- 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр надад зарсан 4 тооны үхрийнхээ талаар асууж залгасан. Намайг Улаанбаатар хот руу явж байна уу? Үхрээ гаргасан уу? гэж байн байн залгаж асуугаад байсан гэх мэдүүлэг, гэрч М.Б-гийн ...Намайг колонк дээр өглөө эрт 08 цаг орчим явж байхад Каз Г- ах намайг дуудаад хоёулаа хамт үхэр ачаад ирье гээд Хотонтын Улаанчулуу руу явж Д- /Г.О-/-ын гадаа саравчнаас халтар, хар үхэр ачсан гэх мэдүүлэг, гэрч  С.Б-гийн ...2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 03 цаг орчим дуудлаганд явсан. 03 цаг 30 минут орчимд очиход Г.А- гэх айл байсан ба түүний эхнэр нь ухаан алдсан байсан. Лхамсүрэн эмч үзэж байсан. Тэр үед Г.А- нь төрсөн дүү Г.О- луу утсаар ярьж байх шиг байсан. Хүрээд ир хувцас өмсгөх хэрэгтэй байна гэж ярьж байсныг сонссон. Тэгээд эмч үзээд Г.А-ийн эхнэрийг аваад буцаад хөдөлж байхад чанх урдаас машины гэрэл гарч байсан. Чухам хэн байсныг нь мэдээгүй гэх мэдүүлэг, гэрч С.Г-ы ...Д.Г- М- /М-/ бид хоёрыг 2 тооны монгол үхэр хядлаад өг гэж хэлсэн. Бид хоёр нядалсан. Улаан үхэр нь эрлийз гэмээр том биетэй мухар богино оодон сүүлтэй үхэр байсан. Халтар үхрийн 1 талын эвэр нь богино байсан тухайн үед би хугарсан юм байх гэж бодож байсан. Би сайн санаж байна зүсний талаар учир нь том биетэй нас гүйцсэн эр үхрүүд байсан. Тэр болгон манай суманд уг 4 үхэр шиг эр үхрүүд бойнд ороод байдаггүй учир санаж байна гэх мэдүүлэг, гэрч Ж.Ж-ын ...2 жилийн өмнө буюу 2017 оны 11 дүгээр сард байх өвөлжөөн дээр буучихсан байсан санагдаж байна. Намайг адуундаа явж байхад Бэлчирын эхэнд Б.Ц-ын өвөлжөөний гадаа ээж нь хүү Б.Цэрэнтогтох халтар зүсмийн цагаан амтай үхрийн эвэр нь хугарчихсан байна. Барилцаад өгөөч гэхээр нь барилцаж өгсөн юм. Тухайн үед мориор бол буруу талын эвэр нь хугарчихсан байсан санагдаж байсан. Ямар ч байсан цус нь шүүрээд байхаар нь хомоолоор боож байсан юм гэх мэдүүлэг, гэрч Н.Х-ийн ...Хавар Ц.Б- нь манай худаг дээр 10 тооны үхэр сураглаж ирсэн. Тэгэхэд нь би юуг нь нуух вэ гээд тухайн Ц.Б-ийг ирэхээс хэд хоногийн өмнө Б.Н- нь хойноос хүрэн морьтой эцэг болох С.Б-ийнхоос хаваржингаа тэжээж байсан зээрд морийг аваад явж байхыг нь харсан. Мөн өглөө эрт Б.Н- нь аавынхаасаа хүрэн морийг нь уначихсан байсан гэх мэдүүлэг, гэрч Б.П-ийн ...2019 оны 05 дугаар сарын 20-ны орой харанхуй болчихсон байсан. Намайг орондоо хэвтэж байхад эхнэр гэрийн гадаа юм пижигнээд байна гараад үзээдэх гэхээр нь хувцсаа өмсөөд гарахад манай хонины хашааны орчим хэдэн хар юм дөнгөж харагдаад өнгөрсөн. Тухайн үед морьтой хүн тууж явсан. Морьтой хүн мал тууж явсан. Үхэр, адуу аль нь эсэхийг мэдээгүй гэх мэдүүлэг, Б.П-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, гэрч Т.М-гийн ...2019 оны 05 дугаар сарын 23-нд гэрлээ гэх нутгийн залуутай Д.Г-ийн хашаанд үхэр нядлах гээд очсон. Халтар, улаан зүсмийн 2 тооны үхэр байсан. Халтар үхрийн 1 талын эвэр нь хугархай байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Ичинхорлоогийн ...2019 оны 05 дугаар сарын 20-ны шөнө харанхуй болж байсан. Би сүүлийнхээ сүүг самрах гээд байж байтал гэрийн гадаа малын үргэх чимээ гарсан. Нөхрөө хурдан гарч хар гэж хэлээд гаргасан. ...Бараан л юм баруун хойшоо явчихлаа гэж хэлсэн. Пижигнэсэн зүйл малын хөлийн чимээ байсан, 1 тооны мал биш гэхдээ хэдэн тооных болохыг мэдэхгүй гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Гэрч Б.П- шүүх хуралдаанд өөр мэдүүлэг өгөх боловч мөрдөн шалгах ажиллагаанд 2 удаа өгсөн мэдүүлэг нь тогтвортой мэдүүлсэн байх тул хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нь үнэлсэн болно.

Гэрч Д.Г- шүүх хуралдаанд миний өмнө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж  мэдүүлсэн.

Иймд гэрч Д.П-, Д.Г- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу бэхжүүлж авсан гэж шүүх дүгнэж нотлох баримтаар үнэлсэн.

Шүүгдэгч Б.Н- үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Б-ийн 2 тооны адууг хулгайлж, хохирогч Ц.Б-эд 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг, гэрч Б.Ц-ын  ...2019 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагийн орчим үүр цайж байхад адуугаа олох гээд явсан. Шинэ цастай мөр нь шинэ байсан мөрөөр нь дагаж явсаар Хотонт сумын Тэмээн хүзүүний эх болох Г.О-ын гадаа манай алдсан адууны мөр очсон байсан.  Дүү Б.Цэрэнтогтох морьтой явсан. Дүү буцаж ирээд манай адууны мөр мөн байна гэсэн. ...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө Орхон багийн байшинт дээр очиж адуугаа бүртгэхэд бөөн сүүлтэй хээр азаргатай 38 тооны адуунаас 2 тооны адуу дутаж, 36 тооны адуу байсан. Шинээр авсан засмал дэлтэй хондон зээрд морь имгүй, зөв талын гуя дээрээ дун тамгатай, бор халтар морь 2 тийшээ унжсан сөөм дэлтэй бор халтар морь зөв чих урдаасаа ганзага, буруу чих хойноос ухам имтэй дун тамгатай 2 тооны адуу байхгүй байсан.  Хондон зээрд нь наадмаар гоёдог жороо морь байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Батмэндийн ...Би тухайн өдөр морьтой Доржпаламын адууг хайж яваад Б.Ц-тай таарч тэндээс Б.Н-ынд адуу сурч буусан юм. Тэгтэл гэрийн гадна Б.Н- манайхыг үз хар гээд дуугараад байсан. Тэгээд гарахад Б.Ц- нь намайг ойр орчмын хашаа, саравчийг үзээдэх гэхээр нь урд 2 саравчийн үзэхэд юм байхгүй хойд саравчны дээр байх өвсөнд дотроос хээр адууны шир гарч ирээд тэгээд бөөн юм болцгоож араас нь 2 шир гарч ирсэн. Тэгээд Б.Ц- нь Б.Н-аас чи миний адууг хулгайлчихсан юм уу гэхэд арьс гаргаж ирчихээд юу яриад байгаа наад ширнийхээ умс, махыг олчихоод юм ярь гэж байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Доржпаламын ...Баянзүрх /Орхон баг/ арын модонд Б.Ц-тай таарч Тэмээн хүзүүний Ар бургасанд Б.Н-ынд буусан юм. Тэгээд Б.Ц- Б.Н-ыг гэрээс авч гараад гэрийн гадаа уулзаж байсан. Удалгүй араас гарахад Б.Ц- нь Б.Н-ын өвөлжөөний ойр орчимд шаазгай сууж байсан баасыг онгичиж байгаад төд удалгүй саравчин дээр өвснүүдийг сөхөж үзээд байсан. Тэгээд 1 адууны шийр Б.Цэрэнтогтох өвсөн дотроос гаргаад ирсэн. Тэгтэл Б.Ц- нь надад утсаа өгч утсаар нь би бичлэг хийсэн юм. Тухайн үед Б.Н-ын саравчин дээрх өвсөн дотроос зээрд адууны шийр 2 ширхэг, зээрд адууны дэлийг засчихсан шир, халтар адууны шир гарч ирсэн. Б.Ц- нь Б.Н-аас тухайн 2 ширхэг шир хэнийх болохыг нь асуухад эхлээд юм дуугарахгүй байж байгаад сүүлд нь би мэдэхгүй талаар хэлж байсан. Тэгээд тэнд бөөн хэрүүл, шуугиан болоод Б.Н- ч юм дуугарч хэлэлгүй хониндоо мордоод алга болсон. Б.Ц- нь тухайн 2 шийрийг машин дээрээ ачаад Хархорины төв рүү явсан. Би Мэндээтэй хамт Орхон баг буцсан. ...Ойрхон гэрийн ард 20 орчим метр зайд байгаа харагдсан гэх мэдүүлэг, гэрч Д.Бат-Эрдэнийн ...2019 оны 12 дугаар сарын 26-ны үеэр 38 тооны адууг алга болчихсон гэхээр нь хойшоо эрэлд хэд хоног явсан юм. Тэгээд Хотонт сумын Улаанчулуу баг думбура гэх газар бор хээр азаргатай адуу байна гэх сураг гаргаад очсон мөн байхаар нь адууг нь бүртгэлгүй туусаар байгаад Орхон баг Байшинтад ирсэн гэх мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “...1. Тамга тэмдэгний харьцуулах шинжилгээнд ирүүлсэн зээрд зүсмийн адууны ширэнд байх тамгалсан хэсэгт байх мөр дүрс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Харьцуулах загвараар хүргүүлж байгаа иргэн Б.Ц-ын малын тамгатай ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирч байна. 3. Иргэн Б.Ц-ын малын тамгатай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд, тамганы хэмжээ, мөр дүрс зэрэг шинжүүдээр тохирч байна. Тохирч байгаа шинж тэмдгүүдийг гэрэл зураг №6,7,8,9 дээр харуулав...” гэх 08 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсэн 2 ширхэг сиди, адууны ширний хэсэг зэрэг дээрх баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нотлох баримт дутуу хийгдсэн тул хэргийг прокурорт буцаах дүгнэлтийг гаргасан  бөгөөд шүүгдэгч Г.О-, Б.Н- нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.

Хохирогч Ц.Б-ийн малаа хулгайд алдсан гэх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэрт “Баянзүрх Уул” гэх газраас Архангай аймгийн Хотонт сумын  Улаанчулуу баг тэмээн хүзүүний гурван завсар гэх газар хүртэл мал явах боломжтой газар 20 км болох нь /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/,  хохирогч Ц.Б-ийн 20-иод км байх гэх мэдүүлэг, гэрч Б.П-ийн манайхаас Баянзүрх уул хүртэл ойролцоогоор 10 км,  Б.Н-ын манайхтай саахалт зүүн зүгт 500 м, Г.О-ынх хойд зүгт 10 км гэх мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлээр /1 дүгээр хх-ийн 81 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

            Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Өөх овогт Г-гийн О- нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэрт “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Б-ийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Б.Н-тай бүлэглэн хулгайлж 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Л- овогт Б-ийн Н- нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэрт “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Б-ийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Г.О-тай бүлэглэн хулгайлж 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

            үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт оршин суух хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэрт “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Б-ийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Б.Н-тай бүлэглэн хулгайлж 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Л- овогт Б-ийн Н- нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэрт “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Б-ийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Г.О-тай бүлэглэн хулгайлж 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт оршин суух хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэмт буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг, тухайн гэмт хэргийг үйлдэх мөрдөгдөж байсан хуулиар тодорхойлно гэж зааснаар Прокурорын газраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцэж байна.

            2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэж, олон тооны мал хулгайлж /олон тооны мал гэж найман бог, 2 бодоос дээш малыг/ гэсэн хүндрүүлэх шинжүүдийг гэмт хэрэгт тооцохоор заасан нь шүүгдэгч нарын хувьд эрх байдал хүндрэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар тодорхойлох, 1.9 дугээр зүйлд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар заасан.

Шүүгдэгч Б.Н-, Г.О- нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Б-ийн 4 тооны үхрийг хулгайлахдаа бүлэглэн гүйцэтгэсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан хорих ял оногдуулсан.

                                         Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ц.Б-ийн хулгайд алдсан 4 тооны үхрийг тус бүрийг нь 1,800,000 төгрөгөөр үнэлсэн Вендо ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 162-163 дугаар хуудас/, хохирогч Ц.Б-ийн 4 тооны үхрээ нийт 7,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр нэхэмжилж байна гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Г.О-, Б.Н- нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Б-эд олгох, шүүгдэгч Б.Н-аас 2 тооны адууны үнэлгээгээр /2 дугаар хх-ийн 118-119 дүгээр хуудас/ 5000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-эд олгож шийдвэрлэв. 

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар 4 тооны үхэр, 2 тооны адууны үнэлгээний хувьд маргаагүй болно.

Хохирогч Ц.Б- 10 тооны үхрээ хулгайд алдсан гэж гомдол гаргаж мөрдөн шалгах явцад 6 тооны үхрийг хулгайд алдсан гэх үйлдлийг энэ хэргээс тусгаарлаж хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн нь хуульд нийцжээ. /2 дугаар хх-ийн 221 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.О-, Б.Н- нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах, 1 ширхэг зээрд зүсмийн адууны ширний хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

             Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.   

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ө- овогт Г-гийн О-, Л- овогт Б-ийн Н- нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө- овогт Г-гийн О-ыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л- овогт Б-ийн Н-ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-, Б.Н- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-аас 3,600,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Н-аас 8,600,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Б-эд олгосугай.

5. Шүүгдэгч Г.О-, Б.Н- нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах, зээрд зүсмийн адууны ширний 1 ширхэг хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                                  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА