Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

 

 

 

         Б.Гд холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Орхон, Д.Алтантуяа,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Орхон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Гд холбогдох 1708015130202 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Б.Г, Улаанбаатар хотод 1999 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-2 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 13-02 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ...................../

 

Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-542 тоот эх Б.Даваажавын гэрт Н.Цтай гэрээс гарсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Миний хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Би бага наснаасаа эхлэн гэр бүлийн шалтгаанаас үүдэн амьдралын хүнд хүчир зүйлтэй нүүр тулан өвөө, эмээдээ туслан гэр орны бүхий л гадна, дотно ажлыг хийж, үүний хажуугаар сурч боловсрохдоо анхаарч тодорхой боловсрол эзэмшиж, ёс суртахууны ямар нэгэн доголдол дутагдалгүй хүмүүжиж сургуулиа төгссөн. Цаашид эр цэргийн алба хаах, мэргэжил эзэмшин улс эх орондоо энэ бие зориулан ажиллах, хөдөлмөрлөх чин хүсэлтэй байсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас санаж, мөрөөдөж явсан бүхэн маань бүтэхгүй болж, дөнгөж амьдрал эхлэх насандаа энэ аймшигт шоронд орсондоо маш их харамсаж, гэмшиж байна.

2. Би ийм гэмт хэрэгт холбогдон Н.Цыг зодож гэмтэл учруулан хохироосондоо маш их гэмшиж явдаг. Гэхдээ анхнаасаа хохирогчийг зодож гэмтээх ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл нь ч хэнд ч ойлгомжтой. Хэдийгээр би ээж Б.Даваажавтайгаа хамт амьдардаггүй ч гэсэн санаа тавьж очсон. Төрсөн үр хүүхдийнх нь хувьд гэр орныг нь нохойн хороо болгочихсон, цоож цуургыг нь эвдээд гэрт нь ороод архидан согтуурсан, танихгүй хүн байж байхад хэн ч гэсэн сайхан инээж уулзахгүй нь ойлгомжтой. Хамгийн  гол нь бусдын амьдардаг гэр оронд хууль бусаар орчихсон байсанд нь эхнээсээ жаахан ширүүн харьцсан нь үнэн. Гэхдээ өөдөөс хүний аманд багтахааргүй үг хэрэглэн найз  нөхдийн минь хажууд ээжийг минь доромжилсноос л болж нэг л мэдэхэд тэр ахыг зодчихсон байсан. Тухайн үед юугаар яаж цохиж байгаагаа, ямар үйлдэл хийж буй болон өөрийн үйлдлээ хянах ямар ч чадваргүй болчихсон байсан. Харин дэргэд байсан найз О.Чингүнийг салгаж болиулсны дараа л хүн зодчихсоноо ойлгож ухамсарласан. Огт танихгүй хүнээр найзынхаа дэргэд ээжийгээ архичин, янханаар дуудуулах нь үнэхээр хэцүү байсан ба маш их цочирдсоны улмаас хүндээр тусгаж авч ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Ийм санамсаргүй байдлаас хохирогч Н.Цыг хүндээр гэмтээснээ ойлгож, тайвширч ухаарсныхаа дараа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан болно.

Миний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирогчийн буруутай үйлдэл, тухайн үед миний сэтгэл санаанд үүссэн цочрол зэргийг тал бүрээс нь судлан үзэж дөнгөж, амьдралд хөл тавьж байгаа залуу насны минь анхны алдааг уучлан хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан зөв зүйлчлэлээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Орхон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил ял оногдуулж шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй, буруу зүйл анги хэрэглэсэн гэж үзэж байна. Б.Г нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь үнэн боловч хохиргч Н.Цын буруутай үйл ажиллагаа үүнд нөлөөлсөн байна.

1. Хохирогч Н.Ц нь бусдын эд хөрөнгө гэмтээсэн хууль бус үйлдэл гаргасан байдаг. Тухайлбал хх-21, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн асуулт... Та ямар шалтгааны улмаас Н.Ц гэдэг хүнийг зодсон бэ... асуултанд Б.Г хариулахдаа “ээжийнхээ гэрч очиход хаалганых нь цоожыг эвдэлчихсэн, Н.Ц гэх танихгүй хүн ганцаараа сууж байсан” гэсэн хэсэг.

Гэрч Б.Даваажав мэдүүлэхдээ /хх-49/ “2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай Тахилтад айлд ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 31-542 тоотод байх өөрийн гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоож эвдэлчихсэн байсан... тэгээд урд айлын Лхагваа эгчээс манай гэрт буюу болоо вэ гэж асуухад 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр танайд чамайг асууж нэг хүн ирсэн. Тэгээд мэдэхгүй гэсэн чинь танай хашаа руу ороод танайд баахан хүмүүс архи ууцгаагаад байсан гэж хэлсэн... Урд айлын Лхагваа эгчийн хэлснээр Н.Ц манай хашаа руу орсон гэж байна лээ. Тэгэхээр Н.Ц л эвдэлсэн байх... Н.Ц манайд орох эрхгүй хүн л дээ” гэх мэдүүлэг байдаг. Үүнээс үзэхэд Б.Н.Ц нь хүний хувийн эд хөрөнгөд дур мэдэн халдсан, хууль бус үйлдэл гаргасан нь харагдаж байна. Хэдийгээр гэрч Б.Даваажав хаалга үүд эвдэлсэнд гомдолгүй гэж байгаа боловч үүний улмаас гэрч Б.Даваажавд хохирол учирсан бол өнөөдөр Б.Н.Ц мөн хуулийн өмнө хариуцлага хүлээхээр байсан болно.

2. Б.Н.Ц нь Б.Ган-Эрдэнийн ойр дотны хүн болох ээжийнх нь тухай хүүд нь зохисгүй үг хэллэг хэрэглэж доромжилсон байдаг. /хх-40/ яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл “бид хоёр маргалдсан, би тэр хүнд ганцаараа амьдарч байгаа эмэгтэй хүн дээр согтуу ирээд гэж хэлсэн. Тэгээд маргаж байхад Н.Ц “чи янхан ээжийгээ юунд нь хамгаалаад байгаа юм, танай ээж чинь архи, эр хүн хоёроос буцдаггүй шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед миний уур маш их хүрсэн” гэсэн байдаг.

/хх-45/ хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд Н.Цын “унтаж байхад гаднаас хүн орж ирээд сэрэхэд 2 залуу байсан. Нэг залуу нь ээж хаана байгаа юм гэхэд нь би мэдэхгүй гэхэд ээжийг маань байхгүй байхад гэрт нь архи уугаад дээрлэхээд байгаад байна уу, ээж байхгүй байгаа юм чинь одоо яваач гэсэн. Тэгэхээр нь би ээж чинь угаасаа л уудаг ш дээ, ээж чинь толгойтынхонтой явалдаг гэж хэлсэн”... Асуулт “таны хувьд тэр залууд ээжийнх нь тухай юу гэж хэлсэн бэ гэхэд “ээжийгээ юундаа өмөөрдөг юм, ээж чинь угаасаа л байнга уудаг, танай ээж чинь толгойтынхонтой явалдаг” гэж хэлсэн гэх мэдүүлэг.

/хх-48/ гэрч О.Чингүүнийг байцаасан тэмдэглэлд “Н.Ц Б.Ган-Эрдэний ээжийн талаар ямар нэгэн зүй бус үг хэллэг тухайн үед хэлсэн асуудал байна уу” гэхэд “тухайн үед тэр талаар сонсоогүй, харин дараа  нь Н.Ц явсны дараа Б.Г миний ээжийг доромжилдог хэн юм бэ” гээд уурлаад байсан гэдэг.

/хх-49/ гэрч Б.Даваажавын байцаасан тэмдэглэлд “би хүү Б.Гэс болсон явдлын талаар асуухад, тантай уулзах гээд гэрт чинь очсон чинь 1 согтуу эрэгтэй хүн байсан, тэгэхээр нь гар яв гэсэн чинь яадаг юм, архи ууж байна гэж маргалдаж байгаад танай ээж чинь архи, эр хүн хоёроос буцдаггүй гэж хэлсэн гэсэн” байдаг.

Үүнээс үзэхэд хохирогч Н.Цын зүй бус үйлдлээс болж шүүгдэгч Б.Ган-Эрдэний санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эрхшээл дарамтанд оруулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас” гэж заасан.

Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлдэг. Энэ байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно. Хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад хүргэсэн өдөөн хатгалт нь хүчээр дарласан, хүндээр доромжилсон. Хууль бус бусад үйлдэл гэсэн хэлбэртэй байдаг. Үүнээс хүндээр доромжилсон гэдэг нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаадлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүй гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүний үндэс угсаа хэл, арьс өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ эрүүл мэнд, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио, зангаагаар зураг дүрсээр гутаасан зэргээр илэрдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлийн 4.1 дүгээр зүйлд “ойр дотны хүн гэж, тухайн хүний эхнэр нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан үр хүүхэд, төрсөн ах, эгч зэрэг хүмүүсийг ойлгоно гэжээ.

Б.Ган-Эрдэний хувьд, өөрийнх нь ойр дотны хүн болох төрсөн эхийнх нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, зохисгүй үг  хэллэг хэрэглэн өдөөн  хатгасан хууль бус үйлдлийг хохирогч Н.Ц хийсэн бөгөөд үүний үр дүнд шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн сэтгэл, санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн хувийн байдлыг харгалзан үзнэ үү.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл, хэсэгт зааснаар хөнгөн ял оногдуулж өгнө үү. Б.Ган-Эрдэний 18 нас 10 сартай өсвөр насны хүн болохыг анхаарч үзнэ үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Д.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Хохирогч Б.Ган-Эрдэнийн эхийнх нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон. Тэрээр “чиний эх ийм юм чинь чи надад үг хэлэх эрхгүй, чи намайг гэрээс гаргах эрхгүй” гэж өөрийн үг хэллэг, үйлдлээрээ үзүүлсэн. Санаа сэтгэл цочирон давчдаж, гэнэт уурлан сэтгэцийн хэвийн байдал алдагдсан зүйл нь Б.Ган-Эрдэнийн найз Чингүнийх нь дэргэд гутаан доромжилсон үйлдэл болсон. Өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй талаар хэлсэн. Анхан шатны шүүх өмгөөлөгч маргалдсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан. Гэтэл шүүгдэгч гэм буруугаа 7 дахин хүлээж хохирол төлбөрийг барагдуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралтын 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын хууль ба Олон улсын гэрээний хүний эрхийн талаарх заалт зөрчилдвөл уул гэрээний заалтыг баримтална” гэж заасан. Гэтэл Монгол Улсын болон Олон улсын гэрээ, Иргэний болон улс төрийн тухай олон улсын фактын 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэний ч орон байранд хууль бусаар халдах, эсхүл нэр төр алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно гэж заасан. Хохирогч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эхийн орон байранд дур мэдэн хууль бусаар халдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч нь энэ гэрт орох эрхгүй хүн гэдэг нь тогтоогдсон. Шүүгдэгчийн өөрийн болон эхийнх нь нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдсан үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу олон улсын гэрээг баримтлан Б.Ган-Эрдэнийн төрсөн эхийнхээ орон байранд нэр төр, алдар хүнд болон түүний өөрийн нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдсан халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй гэж үзэн, түүнийг үйлдлийг зөвтгөж, хэргийн зүйлчлэлийг санаа сэтгэл, хүчтэй цочирон давчидсан гэдэг зүйлчлэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ялаас чөлөөлөх эсхүл тэнсэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй талаар ярьж байна. Шүүх хуралдааны өмнө шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байна гээд шүүх хуралдааны явцад энэ асуудал хөндөгдөөд “гэм буруугийн талаар маргаж байна уу” гэхэд, “маргаж байна” гэж хариулсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзээд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж яриад байна. Хэргийн ганц гэрч болох Чингүн анхнаасаа мэдүүлгээ тогтвортой өгсөн. Б.Г ямар нөхцөлд байсан. Гэрт ороод юу болсон, сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан гэх нөхцөл байдал авагдсан зүйл байхгүй. Хаана архины шил байсан, эхлээд яаж маргасан, дараа нь байсан архины шилээр тэр газраас аваад цохьсон гэдэг талаар шүүгдэгч өөрөө мэдүүлж, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Гд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-542 тоот, эх Б.Даваажавын гэрт орж ирэхэд зөвшөөрөлгүй гэрт нь архидан согтуурч байсан Н.Ц гэрээс гарахгүй гэж маргалдах явцдаа “... ээж чинь угаасаа л уудаг, ээж чинь толгойтынхонтой явалддаг” гэж төрсөн эхийг нь хүндээр доромжилсоны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

- хохирогч Н.Цын “... нэг залуу “ээж хаана байгаа юм” гэхээр нь “би мэдэхгүй” гэтэл “ээжийг маань байхгүй байхад гэрт нь архи уугаад дээрэлхээд байна уу,  ээж байхгүй байгаа юм чинь яваач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ээж чинь угаасаа л уудаг ш дээ, ээж чинь толгойтынхонтой явалддаг ш дээ” гээд архиныхаа халуунд хэлчихсэн юм. Тэгсэн чинь тэр “ээж хаана байна” гээд асуугаад байсан залуу над руу уурлаж дайраад эхлээд нүүр лүү гараараа, дараа нь толгой руу ямар ч байсан гар биш байсан нэг хатуу зүйлээр 2 удаа цохьсон...” /хх-45/,

- гэрч О.Чингүний “...тухайн үед тэр талаар анзаарч сонсоогүй юм. Харин дараа нь Н.Ц явсны дараа Б.Г “миний ээжийг доромжилдог хэн юм бэ” гээд уурлаад байсан...” /хх-48/,

- гэрч Б.Даваажавын “... Б.Гэс болсон асуудлыг асуухад “тантай уулзах гээд гэрт чинь очсон чинь нэг согтуу эрэгтэй байсан. Тэгэхээр нь гар, яв гэхэд яадаг юм архи ууж байна” гэж маргалдаж байгаад “танай ээж чинь архи, эр хүн хоёроос буцахгүй  ш дээ” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би тэнд байсан архины шилээр толгой руу нь цохьсон гэж хэлсэн...” /хх-49/,

- Б.Ган-Эрдэнийн яллагдагчаар татагдахдаа өгсөн “... би тэр хүнд “ганцаараа амьдарч байгаа эмэгтэй хүн дээр согтуу ирээд” гэж хэлсэн. Тэгээд маргаж байхад “чи янхан ээжийгээ юуг нь хамгаалаад байгаа юм, танай ээж чинь архи, эр хүн хоёроос буцдаггүйш дээ” гэж хэлсэн. Энэ үед миний уур маш их хүрсэн. Би уурандаа ширээн дээр байсан архины шилийг аваад яг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Тэр архины шилээр цохиж байтал Чингүн намайг боль гэж салгаад намайг байшингаас аваад гарсан... миний хувьд тэр хүнийг гэмтээх санаа бодол байгаагүй...” /хх-41/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогч Н.Цын биед гавлын дагз ясны суурийн зүүн хэсгээс дээш үргэлжилсэн шугаман хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун талын нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №11724 дүгээр дүгнэлт /хх-17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгажээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Б.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоосон нотлох баримтууд зөрүүтэй байхад шүүх уг асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцэхгүй.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Ц /хх-10/, гэрч Б.Г /хх-22/ нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд тэд “гэрээс гар, гарахгүй” гэсэн маргааны улмаас Б.Г нь Н.Цыг зодож гэмтээсэн гэж үзэж болох ч дараагийн байцаалтаас эхлэн хохирогч Н.Ц “ээж чинь угаасаа л уудаг ш дээ, ээж чинь толгойтынхонтой явалддаг ш дээ гээд архиныхаа халуунд хэлчихсэн” /хх-46/, яллагдагч Б.Г “чи янхан ээжийгээ юуг нь хамгаалаад байгаа юм, танай ээж чинь архи, эр хүн хоёроос буцдаггүй гэж хэлсэнд нь миний уур маш их хүрч ширээн дээр байсан архины шилийг аваад цохьсон” /хх-41/ талаар мэдүүлжээ.

 

 Хэргийн газарт Б.Г, Н.Ц нараас гадна гэрч О.Чингүн байсан бөгөөд тэрээр “Б.Г ямар шалтгааны улмаас хохирогчийг зодсоныг мэдэхгүй” /хх-27/ гэж мэдүүлсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдээр хохирогч Н.Ц нь шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн төрсөн эх Б.Даваажавыг эзгүй хойгуур гэрт нь зөвшөөрөлгүй орж, архидан согтуурч, улмаар Б.Гд “ээж чинь угаасаа л уудаг, ээж чинь толгойтынхонтой явалддаг” гэж гутаан доромжилсон хууль бус үйлдэл гаргасан хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг шүүгдэгч  Б.Гд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Н.Ц нь шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн төрүүлсэн эхийг ёс суртахууны хэм хэмжээ, үндэсний зан заншилд харшилсан үг хэллэгээр гутаан доромжилсон хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч Б.Г сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үедээ хохирогчийн биед хүнд хохирол учруулсан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэх ...” гэсэн давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Б.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилж, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан эрүүл мэндийн зардлыг төлж, тэрээр гомдол саналгүй болсон зэргийг харгалзан үзээд Б.Гд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Прокуророос Б.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ган-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн нэмэлт заалтууд оруулж, тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Ган-Эрдэнийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                   Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН