Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 127/2022/0005/З |
Дугаар | 221/МА2022/0512 |
Огноо | 2022-07-26 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2022/0512
2022.07.26-ны өдөр 221/МА2022/0512
Ц.З-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж
Нэхэмжлэгч: Ц.З
Хариуцагч: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж, Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар актыг хүчингүй болгуулах тухай.
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 127/2022/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.З нь Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-гийн 1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Ц.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж, Б.А нарын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Илүү олгосон тэтгэвэр нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж, Б.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд үндэслээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.
4. Батноров сумын Засаг даргын 1993 оны 52 дугаар тушаалын 1 дэх заалтад “...Өндөрхаан хотод албан ажлаар томилогдон явж байгаа сумын компани, хоршоо, ХЭАА болон албан байгууллагын жолооч нараар ... албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт”, 2 дахь заалтад “Хэвлэл шуудангийн ажилд албан ажлаа хавсран гүйцэтгэж байгаа жолооч нарын нэрсийг”, 3 дахь заалтад “..зохих хөлсийг сар бүр олгож байхыг” гэж тус тус тусгасан байна.
4.1. Уг тушаал нь Ц.З тухайн онд малчин байгаагүй, аж ахуйн нэгж, байгууллагад жолоочоор ажилладаг, ажлын хажуугаар сумын байгууллагуудын шууданг зөөдөг байсныг нотолно.
4.2. Мөн сумын Хүний их эмчийн салбар, Хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулиас тээврийн хөлс авч байсан болох нь тухайн байгууллагуудын 1993 оны 1, 4, 10, 1994 оны 1, 2 дугаар саруудын цалингийн хүснэгтээр нотлогдох бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтын а/-д “...уг тушаал нь шуудан хүргэгч байсныг нотлохгүй, энэ хугацаанд цалин авч байсан нь нотлогдоогүй” гэж үзсэн нь нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй, өрөөсгөл дүгнэлт хийснийг харуулна. Харин нэхэмжлэлд уг тушаалд “албаны болон хувийн ажлаар ирж очихдоо” гэж заасан мэтээр илт буруу тайлбарласныг үнэн бодит мэтээр хүлээн авсан нь өрөөсгөл байна.
4.3. Мөн сумын Засаг даргын 1993 оны 110 дугаар тушаалын 1 дэх заалтад “... 1993 онд ажилдаа ажилт гаргасан ... ажилтанг хавсралтад дурдсаны дагуу ... урамшуулсугай” гээд хавсралтын 19-д Ц.З гэсэн баримт хэрэгт авагдсан. Уг баримтаар Ц.З нь малчин байгаагүй, харин сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсныг нотолно. Гэтэл шүүх “уг тушаалд Ц.З-ийн ажил, албан тушаалыг заагүй учир шуудан хүргэгч гэж үзэхгүй” гэж дүгнэсэн, тушаалд “ажилтанг” гэж бичсэн байхад үүнийг үнэлээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, эргэлзээгүй талаас нь дүгнээгүйг харуулж байна.
5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “хэрэгт авагдсан баримтуудаар ... 1992 онд Ц.З нь ... машин болон мал хувьчлан авч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэн нь илт хууль бус үндэслэлгүй, маш хариуцлагагүй дүгнэлт байна.
5.1. Учир нь мал хувьчлан авсан тухай ямар ч бичмэл нотлох баримт байхгүй байхад эх сурвалж буюу хэрэгт авагдсан аль баримтад үндэслэж байгаагаа тодорхой заагаагүйгээр дүгнэлт хийсэн. Бид энэ дүгнэлтийн эх сурвалжийг Хөдөлмөрийн дэвтрийн 10-11 талд “өөрийн хүсэлтийг үндэслэн жолоочийн ажлаас чөлөөлж, сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй” гэж бичсэнийг хэлсэн болов уу гэж ойлгож байна. Уг бичилтээр Ц.З-ийг нэгдлийн жолоочийн ажлаас чөлөөлж, сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсэн болох нь тогтоогдох ба харин мал хувьчилж малчин болсныг нотлохгүй. Хөдөлмөрийн дэвтрийн 12-13 талд Батноров сумын Засаг даргын Тамгын тушаалын бичилтгүй байхад дарсан байгаагаас үзэхэд Ц.З нь нэгдлээс гараад сумын Засаг даргын Тамгын газарт ажил хийж байсан, мал маллаж байгаагүй болохыг харуулна.
5.2. Гэтэл шүүгч нотлох баримтыг илт буруу үнэлж, эрх мэдлээ урвуулан ашигласан байна.
6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдсан, баталгаажилтын хуудсыг хүчингүй болгоогүйг дурдах нь зүйтэй” гэжээ. Уг хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдсан, баталгаажилтын хуудас хүчинтэй байгаа эсэх нь Ц.З-ийн малчин байсан эсхүл аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан эсэхийг нотлоход ач холбогдолгүй, уг баримтаар малчин байсныг нотлох ч боломжгүй тул баталгаажилтын хуудас хэрэгт ач холбогдолгүй юм.
6.1. Байцаагчийн актад “нөхөн даатгалд хамрагдсан хугацаанд малчин байгаагүй атлаа малчин байсан гэж худал мэдүүлж, үнэн бодит байдлаа нуун дарагдуулж, малчны тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгон авсан” үндэслэлээр тэтгэврийг буцаан төлүүлэхээр заасан.
6.2. Уг улсын байцаагчийн актад нэхэмжлэгч гомдол гаргасан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2/58 дугаар албан бичгээр хариу хүлээн авсан нь шүүхэд хандах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.
6.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж хэлнэ” Ц.З нь 1993-1996 онд шуудан хүргэлтийн ажил хийж түүнээсээ орлого олдог байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа тул уг хуулийн дагуу түүнийг дээрх хугацаанд “малчин” байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл шүүх хэрэглэх ёстой уг хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хэнтийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Ц.З-ээс Хэнтийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдуулан “... Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.2. Маргаан бүхий улсын байцаагчийн актаар “... Нийгмийн даатгалын сангаас үндэслэлгүй илүү олгогдсон 1,750,000 төгрөгийг тэтгэвэр авагч Ц.З-ээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохоор” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын байцаагчийн актыг үгүйсгэж “... Батноров суманд Холбооны газрын шуудан хүргэгчээр ажиллаж байгаагүй” гэж, хариуцагчаас “малчнаар ажилласан байдал тогтоогдоогүй тул маргаан бүхий актыг гаргасан” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
3.1. Анхан шатны шүүхээс “хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.З-ийг шуудан хүргэгчээр ажиллаж байсан нь тогтоогдоогүй” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасантай нийцсэнгүй.
3.2. Хариуцагч улсын байцаагч нарын зүгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хувийн хэрэг, холбогдох баримтад шалгалт хийсний үндсэн дээр маргаан бүхий актыг гаргасан байх бөгөөд ингэхдээ Ц.З-ийн Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн тооцуулсан 1992-1996 онуудаас 1993 он буюу Хэнтий аймгийн Батноров суманд шуудан хүргэгчээр ажиллаж байсан хугацаа нь ажилласан жилд давхар тооцогдсон зөрчлийг илрүүлсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
-Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/52 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “аймгийн төв-Өндөрхаан хотод албан ажлаар томилогдон явж байгаа сумын компани, хоршоо, ХЭАА болон албан байгууллагын автомашины жолооч нараар сумын хуваарьтай хэвлэл шууданг зохих журмын дагуу аймгийн холбооны газраас авах, сумын холбооны салбараас хүргэж өгөхийг авто машин бүхий албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нарт үүрэг болгож”, 2 дахь заалтаар “Хэвлэл шуудангийн үйлчилгээнд албан ажлаа хавсран гүйцэтгэж байх жолооч нарын нэрсийг хавсралтаар баталж”, 3 дахь заалтаар “хэвлэл шууданг авчирч ирсэн, хүргэж өгсөн бүртгэлийг үндэслэн жолооч нарт аймгийн холбооны газартай тооцоо хийж зохих хөлсийг сар бүр олгож байхыг сумын холбооны салбарын эрхлэгчид даалгаж” шийдвэрлэсэн захирамж, түүний хавсралтын 15 дахь хэсэгт Ц.З,
-Сумын Хүний их эмчийн салбар, Хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулиас тээврийн хөлс авч байсан нь 1993 оны 1, 4, 10, 1994 оны 1, 2 дугаар саруудын цалингийн хүснэгт,
- Хэнтий аймгийн Батноров суын Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд идэвх зүтгэл гарган оролцсон сурагчид, 1993 онд ажлын амжилт гаргасан ажилтанг хавсралтанд дурдсаны дагуу үнэ бүхий зүйлээр урамшуулж, хавсралтын 19-т Ц.З багтсан,
-Ц.З-ийн Хөдөлмөрийн дэвтрийн 10 дугаар талд 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр түүнийг “өөрийн хүсэлтийг үндэслэн автомашины жолоочийн ажлаас чөлөөлж сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв” гээд Батноров сумын ... 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар тушаалаар гэж тэмдэглэсэн зэргээс үзвэл, нэхэмжлэгч Ц.З-ийг 1992-1996 он хүртэл малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй.
3.3. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “... “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” гэж тодорхойлсон байхад Ц.З нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн тооцуулсан 1992-1996 онуудаас 1993 он буюу Хэнтий аймгийн Батноров суманд шуудан хүргэгчээр ажиллаж байсан нь тогтоогдсон байхад түүнийг энэ хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж үзэхгүй.
4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Өндөр насны тэтгэвэр авах эрх”-ийг зааж, 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 1/-д нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж заасан нөхцөл шаардлагыг Ц.З хангаагүй, 1992-1996 онуудаас 1993 он буюу Хэнтий аймгийн Батноров суманд шуудан хүргэгчээр ажиллаж байсан талаараа мөн хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг биелүүлээгүй байх тул хариуцагч улсын байцаагч нараас нийгмийн даатгалын сангаас үндэслэлгүй илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмж гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
4.1. Дээрх хугацаанд Ц.З малчнаар ажиллаж байсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс “... Батноров суманд шуудан хүргэгчээр ажиллаж байсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, энэ талаар гаргасан хариуцагч улсын байцаагч нарын /Тодорхойлох хэсгийн 4-5/ давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
5. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.З-ийн Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч улсын байцаагч Д.Ж, Б.А нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН