Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: С Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Г.Г, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Л.О, гуравдагч этгээд Г.Г-ын өмгөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бүжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.М нь анх С Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар захирамжийн дагуу Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 400 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших болсон. Гэтэл С Засаг дарга 2011 онд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба Д.М нь уг захирамжид холбогдуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар С Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаартай захирамжаар Д.М-ын газар эзэмших эрх сэргээгдсэн. Өөрөөр хэлбэл 2013 оны А/172 дугаар захирамжийн дагуу Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 400 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших болсон ба газар эзэмших эрхийг баталгаажуулж тус сумын газрын албанаас 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 000421675 тоот эрхийн гэрчилгээ олгосон болно.

Гэтэл 2013 онд иргэн Г.Г нь Д.М-ын эзэмшил газрын зарим хэсгийг оролцуулан байшин барьсан тул Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж эзэмших эрхгүй мөртлөө бусдын эзэмшил газар дээр байшин барьсан Г.Г-ын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр 2014 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн маргаан өнөөдрийг хүртэл иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа.

Ийнхүү дээрх маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх явцад буюу хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 654 дүгээр тогтоол гарахаас 3 хоногийн өмнө С Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А/344 дүгээр илт хууль бус захирамж гарган Г.Г-т түүний хууль бусаар барьсан байшингийн доорх газрыг оролцуулан 255 м2 газар олгосныг Д.М нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-аас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэж С Засаг даргад өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Түүнчлэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд дээрх нэхэмжлэлтэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хамтран хариуцагчаар татагдсан Б.А нь 000725287 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургийн хамт гаргаж өгсөн ба уг газрын гэрчилгээн дээр С Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийг үндэслэн 127,5 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэж тусгасан байснаар Д.М нь өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсгийг Б.А-д эзэмшүүлснийг мэдсэн.

С Засаг даргын дээрх А/344, А/468 дугаар захирамжууд нь Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан "... шударга ёс ... хууль дээдлэх” зарчим, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тус тус ноцтой зөрчсөн байна.

Учир нь газар эзэмшигч өөрийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон хууль бус эзэмшигчээс буюу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн этгээдээс газраа чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан, тухайн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дээрх газар эзэмшүүлэх шийдвэрүүдийг гарган улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь илт хууль бус үйлдэл болсон.

Нөгөө талаас бидний маргаан шүүхэд хянагдаж байх явцад иргэн Г.Г нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шаардлагыг /газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч байсан нь тогтоогддог/ удаа дараа биелүүлээгүй гэдэг нь тогтоогддог. Гэтэл ахиад маргаан бүхий газрыг Б.А гэх хүнд эзэмшүүлэх шийдвэр гаргасныг /анхны шийдвэр гаргаснаас хойш 2 сарын дараа/ ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс гаргасан байж болзошгүй гэж ойлгож байна.

Иргэний хэргийн шүүхэд газар чөлөөлүүлэхээр маргаж байх үед дээрх хууль бус захирамжуудыг гаргаж маргаан бүхий газарт газар эзэмшүүлсэн нь иргэний хэргийн шүүхэд хэргийг шударгаар шийдвэрлэхэд хүндрэл учирч, Д.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож маргааныг улам даамжруулах үр дагаврыг үүсгэж байна.

Нөгөө талаас ийнхүү хууль бус захирамжуудыг гаргах нь Монгол Улсын аливаа иргэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчиж өөрийн хүссэн газартаа амины орон сууц, эсхүл хашаа барьчихаад дараа нь газар эзэмших эрхээ авдаг буруу практик нийгэмд тогтох сөрөг үр дагаврыг бий болгож байгаа бөгөөд энэ нь төрийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан, төрийн албаны нэр хүндийг унагаасан ноцтой зөрчил юм.

Түүнээс гадна Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг ноцтой зөрчин дээрх байдлаар хууль бус шийдвэр гаргах нь төрийн байгууллага, албан тушаалтанд хэрхэвч байж болшгүй үйлдэл юм.

Дээр дурдсан асуудлаар Дорноговь аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч миний гомдлын агуулгыг ойлгоогүй, эсхүл ойлгохыг хүсээгүй мэт дээрх захиргааны актуудтай холбоотой асуудал шүүхээр хянан шийдвэрлэгдэж байна гэсэн үндэслэлгүй хариуг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/09 тоот албан бичгээр өгсөнд гомдолтой байна. Иймд  С Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Б.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Мөн 2013 онд иргэн Г.Г нь Д.М-ын эзэмшлийн газрын зарим хэсгийг оролцуулан байшин барьсантай холбогдуулан 2014 оны 03 дугаар сард газраа чөлөөлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус маргаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд хянагдаж байгаа.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэхэд Г.Г нь ямар нэгэн газар эзэмших эрхгүй, гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулаагүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А/344, А/468 захирамжууд гарсан.

Өөрөөр хэлбэл Г.Г, Д.М нарын газрын маргаан иргэний хэргийн шүүхэд хянагдаж байх явцад С Засаг даргын А/344 А/468 дугаартай захирамжууд гарсан байсан.

Дээрх захирамжууд нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан шударга ёсны, хууль дээдлэх зарчим, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн газар эзэмших шаардлагыг тус тус ноцтой зөрчсөн.

Газрын тухай хуулиар газар эзэмших ашиглахтай холбоотой хяналтыг Засаг дарга холбогдох газрын даамлууд хэрэгжүүлэхээр заасан. Иргэний хэрэг маргааныг хянагдаж байх явцад Г.Г-т Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “газар эзэмших эрхгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан учраас Г.Г нь мэдсээр байж бусдын эзэмшил газар дээр байшин барьсан гэж үзэж байгаа.

Мөн сумын Засаг дарга хариуцлагагүй хандаж, шүүхээр маргаантай байх явцад маргаантай байгаа гэдгийг мэдсээр байж дээрх захирамжуудыг хууль зөрчиж гаргасан нь сөрөг үр дагаврыг бий болгож иргэн Д.М-ын хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон.

Сумын Засаг дарга нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчийн Хуралдаанаар батлагдсан тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл уг тогтоолоор тухайн газрыг Г.Г-т шууд эзэмшүүл гэсэн утгаар батлаагүй. Харин дээрх газрыг бусдад эзэмшүүлж болно гэсэн л шийдвэр юм. Засаг дарга газрыг бусдад эзэмшүүлэхдээ газар нь бусдын эзэмшлийн газартай давхцаж байна уу үгүй юу гэдгийг тэргүүн эгнээнд анхаарах ёстой. 2003 оноос хойш Д.М-ын газар маргаантай байгаа гэдгийг үе үеийн Засаг дарга нар мэдэж байсан. Иймд С Засаг даргаас 2003 оноос хойш маргаан бүхий газар дээр давхцуулаад газар олгоод байгаа нь хууль зөрчсөн санаатай үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үздэг. Иргэний хэргийн шүүхээр газартай холбоотой асуудал яригдаж байсан учраас хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдахгүй гэж үзэж байна. Мөн аливаа этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, сөрөг нөлөөлөлгүй захиргааны акт дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал нь чухал байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасан. Иймээс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийг тус тус хянаж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШШ2017/0002 дугаартай шийдвэрийн хувьд тухайн шийдвэрээр одоо хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг шийдвэрлэсэн. Хэдийгээр С Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 дугаар захирамжаар Д.М-т хүлээлгэн өгсөн мэдэгдлүүдийг хүчингүй болгосон ч Д.М-ын газар эзэмших эрх нь хүчингүй болоогүй. Мөн тус захирамж нь одоог болтол хэрэгжээгүй байдаг.

Д.М-т одоог хүртэл кадастрын зураг олгогдоогүй. Гэтэл газрын кадастрын нэгдсэн санд мэдээлэл оруулах, кадастрын зураг гаргах үүргийг төрийн албан хаагч хүлээнэ. Харин тухайн иргэнд газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж байгаа баримт бичиг нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ болно. Д.М-т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Л.О нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2013 оны 12/52 дугаар тогтоолоор маргаан бүхий газрын хэмжээ, байршлыг баталсан. Иймд сумын Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд 2014 оны “Газар эзэмшүүлэх тухай” А/344 дүгээр захирамжаар хуучнаар 1 дүгээр багийн Дампилын 16 дугаар хэсэгт 0,0255 га газрыг иргэн Г.Г-т эзэмшүүлсэн бөгөөд Г.Г нь Б.Атэй "Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” гэрээг байгуулж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эзэмшлийн газраас 0,0127,5 га газрыг иргэн Б.А-д хэсэгчлэн шилжүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул сумын Засаг даргаас тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамж гарсан болно.

Нэхэмжлэгч Д.М, Г.Г нарын газрын маргаан 2013 оноос эхлэлтэй бөгөөд С Засаг даргаас тэдний газрын маргааныг шийдвэрлэхээр 2015 оны 296 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэхүү ажлын хэсгээс Д.М-ын газрын эргэлтийн цэгийг тодорхойлсон байсан “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” болон “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг тус тус хүчингүй болгож, түүнд эзэмшүүлсэн газрын эргэлтийн цэгийн эхлэлийг тодорхойлохын тулд 2003 оны 60 дугаар захирамжаар олгогдсон 20х20 хэмжээтэй Ж.Эд олгосон газраас үргэлжлүүлэх нь зүйтэй, одоо уг газрын эзэмшигч нь А.Ц гэх хүн байгаа бөгөөд А.Ц нь захирамжид дурдсан хэмжээнээс илүү газар эзэмшиж байгаа тул захирамжид дурдсан хэмжээний баруун урд хэсгээс иргэн Д.М-ын газар үргэлжлэхээр байна. Мөн орц гарцны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай  гэсэн дүгнэлт гаргасан.

Энэхүү дүгнэлтийг сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх тухай” А/305 дугаар захирамжаар баталсан бөгөөд уг захирамжийг нэхэмжлэгч Д.М нь хууль бус гэж үзэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШШ2017/0002 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Одоогоор сумын Засаг даргын 2015 оны А/305 дугаар захирамж хэрэгжээгүй байх боловч захирамжийн хэрэгжилтийг хангах боломжтой. Өөрөөр хэлбэл 2003 оны Засаг даргын 60 дугаар захирамжийн дагуу эргэлтийн цэгийг тогтоох боломжтой ба А.Цгийн газрыг 20:20 хэмжээгээр тодорхойлж, баруун урд талынх нь өнцгөөс иргэн Д.М-ын газрыг залгаж эргэлтийн цэг тэмдгийг тодорхойлох боломжтой. А.Цгийн байгаа газрын зүүн урд талын өнцгөөс Г.Г-ын барьсан хашаа буюу одоогийн Б.А гэх иргэнд шилжүүлсэн байгаа газрын зүүн урд талын эргэлтийн цэг хүртэлх зай нь 47 метр байгаа. Иймд энэ 47 метрийн 20 метр нь иргэн А.Цгийн газар, түүнээс үргэлжлүүлээд Д.М-ын газар гэж үзэхээр Б.А-ийн эзэмшиж байгаа 127.5 м2 газар Д.М-ын 400 м2 газрын хооронд 7 метрийн зай гарч ирж байгаа юм. А.Ц зөвшөөрөлгүй газар хашаа барьсан учраас Засаг даргын захирамжаар албадан чөлөөлүүлэх арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Мөн Д.М-ын 400 м2 газрыг одоо байгаа 373 м2 сул газар дээр урагшаа сунгаад олгох, орц гарцны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.

Дээрхээс үзвэл Г.Г, Б.А-д эзэмшүүлсэн 225 м2 газар нь Д.М-т эзэмшүүлсэн 400 м2 газартай давхцаагүй болох нь харагдаж байгаа бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/68 дугаар тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Д.М-ын эзэмшил газар гэх 400 м2 газартай иргэн Г.Г-ын барьсан барилга давхцаагүй гэж гарсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Г.Г-ын шүүхэд гаргасан тайлбарт: Д.М-ын нэхэмжлэлтэй Г.Г-т холбогдох иргэний хэрэг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нар нь өөр боловч тус захиргааны хэргийн шүүхээр хянагдаж байгаа хэргийн маргаж байгаа асуудал, үндэслэл, нөхцөл байдал нь ижил тул 1 хэргийг 2 өөр шүүхэд шийдвэрлэх гэж байгааг анхаарах ёстой гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч Д.М нь С Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн талаар өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-аас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэж С Засаг даргад өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй гэдэг. Гэтэл энэхүү захирамж гарсан даруйд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч М.А нар хуулийн хугацаанд гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан болох нь маргаан бүхий газрын асуудалтай холбогдуулан цугларсан нотлох баримтуудаар тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл С Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШШ2017/0002 дугаар шийдвэрээр Д.М-ын С Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх тухай” А/305 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэгт өөр актыг хүчингүй болгуулах асуудал яригддаг боловч одоо хэлэлцэгдэж буй маргааны нөхцөл байдалтай шууд хамааралтай юм. Уг захирамжаар Д.М-т эзэмшүүлсэн газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг тогтоосон актуудыг хүчингүй болгож, улмаар түүний газрын нэгж талбарын эргэлтийн эхлэл цэгийг С Засаг даргын 2003 оны А/60 дугаар захирамжид заасан хэмжээ, байршлыг харгалзан тогтоохоор шийдвэрлэсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШШ2017/0002 дугаар шүүхийн шийдвэрт энэхүү захирамжийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэг зааснаар хэрэгжүүлэх, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, сэргээх, захиргааны байгууллагаас өөрийн алдааг зөвтгөх зорилгоор гаргасан захиргааны акт гэж үзэж, Д.М-ын газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах эрх нь баталгаажиж бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй болохыг тодорхойлж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Гуравдагч этгээд Г.Г-ын өмгөөлөгч Ж.Ж-ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.М нь С Засаг даргын 2014 оны А/344 дүгээр захирамж гарсан даруйд хуулийн хугацаанд гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тухайн захирамжийг мэдсэн цаг хугацааны байдлыг илтэд хууль бусаар үгүйсгэж байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч Ж.Ж миний бие “нэхэмжлэгч талаас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн талаар тухайн цаг хугацаанд гомдол гаргах бүрэн боломжтой байсан боловч гомдлоо гаргаагүй учраас энэ бүгдийг өнөөдөр хууль зүйн үндэслэлгүй хэмээн үгүйсгэх аргагүй” гэсэн тайлбарыг гаргаж байсан бөгөөд уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.А оролцож байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь маргаан бүхий захиргааны актыг мэдсэн цаг хугацаанаас эхлэн 1 сарын дотор гомдол гаргах хуулийн хугацааг илтэд гуйвуулан, худал хуурмаг нөхцөл байдлыг хөндсөн болохыг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл С Засаг даргын 2014 дугаар сарын 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжид холбогдуулан гомдол гаргах, уг гомдлыг хянах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон болно.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Д.М-т эзэмшүүлсэн газрын кадастрын зураг байхгүй, мэдээллийн санд ороогүй гэдэг. Иймд хууль зүйн шаардлагаа хангаагүй байж Г.Г-ын газартай давхацсан гэж үзэж байгаа нь хууль бус юм. Г.Г нь газар эзэмшихээр бүхий л баримтыг бүрдүүлж, эзэмшихийг хүссэн газар нь бусдын газартай давхцаагүй байсан тул захирамж гарсан бөгөөд Г.Г нь газраа хууль ёсоор эзэмшиж байгаа.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн газрууд давхцсан гэх шинжээчийн дүгнэлтүүд нь хууль зүйн шаардлага хангаагүй байдаг.

С Засаг даргын 2015 оны А/305 дугаар захирамжаар Г.Г болон Д.М нарын газрын маргааныг шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжаар сумын газрын даамал н.Гэрэлмаагийн үйлдсэн актыг хүчингүй болгосон. Учир нь сумын газрын даамал нь акт үйлдэх эрх бүхий албан тушаалтан биш байсан.  Дээрх А/305 захирамж нь захиргааны байгууллага өөрсдийн алдааг засаж, газрын давхцлыг залруулсан акт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.А-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие нь М.Саранчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа бөгөөд Г.Г-аас маргаан бүхий газарт баригдсан байшинг худалдаж авахдаа газрын маргаантай гэдгийг мэдээгүй. Сүүлийн 5 жилийн хугацаанд шүүхийн байгууллага дээр байнга дуудагдаж байгаа нь сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын хувьд хүнд тусаж байна. Цаашид энэ мэтээр эцэс төгсгөлгүй үргэлжлэх маргааныг хууль зүйн талаас нь зөв шударгаар, эцсийн байдлаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “С Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж анх тодорхойлж байсан  бол шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн шаардлагуудаа “...С Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, бүхэлд нь хүчингүй болгуулах, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Г.Г, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар  тодорхойлжээ. 

Гуравдагч этгээд Г.Г болон түүний өмгөөлөгчөөс “...А/344 дүгээр захирамжтай холбогдуулан гаргах гомдлын хугацаа, түүнийг хянах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул...шаардлагыг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй” хэмээн маргаж байна.

Маргаан бүхий захиргааны актууд нь цаг хугацааны хувьд 2014 онд гарсан байх боловч нэхэмжлэгч нь А/344 захирамжийг 2017 оны 11 дүгээр сард, А/468 дугаар захирамжийг 2018 оны 11 дүгээр сард тус тус олж мэдсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан улмаар тэдгээрээс уг захиргааны актуудтай холбогдуулан дээд шатны байгууллагад гаргасан гомдолд тухайн байгууллагаас “гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” талаар ямар нэгэн хариу өгөөгүй, харин “...маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх үүсэхгүй, ...маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй...” гэх ойлгомжгүй агуулга бүхий хариуг бичгээр мэдэгдсэнээр  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул тухайн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

С Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12/52 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дампилын 16 дугаар хэсэгт /хуучнаар оросын хөргөлтийн цехийн урд талд/ 255 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Г.Г-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг тус тус үндэслэн иргэн Г.Г-т эзэмшүүлсэн 255 м.кв газраас 127.5 м.кв газрын эзэмших эрх /гэрчилгээ/-ийг иргэн Б.А-д шилжүүлж /захирамжийн хавсралтаар баталсан нэрсийн жагсаалтын 2-т/ тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  дээр дурдсан захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг зөрчиж иргэн Д.М-ын эзэмшиж байгаа газартай давхцуулан иргэн Г.Г, Б.А нарт газар эзэмшүүлсэн, ...иргэний хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргахад Г.Г нь газар эзэмшээгүй байсан, ...маргаантай байх үед газрыг давхцуулан олгосон” гэж, хариуцагч нь “...Г.Г, Б.А нарт газар эзэмшүүлэхдээ Д.М-ын эзэмшил газартай давхцуулаагүй, нэхэмжлэгчийн газрын хил заагийг тодорхойлсон баримтуудыг сумын Засаг даргын 2015 оны  А/305 дугаар захирамжаар хүчингүй болгож нэхэмжлэгчийн эзэмшиж буй 400 м.кв газрын хил зааг, эхлэл цэгийг 2003 оны 60 дугаар захирамжийг үндэслэн тогтоохоор шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж, гуравдагч этгээд Г.Г “...манай газар нэхэмжлэгчийн газартай давхцаагүй” гэж маргаж байна.

С Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 60 дугаар захирамжаар  /захирамжийн холбогдох хэсэг/ иргэн Д.М-т тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт  /хавсралтаас үзвэл иргэн Ж.Э /одоогийн эзэмшигч нь А.Ц/-д эзэмшүүлсэн газрын ертөнцийн зүгээр баруун талд үргэлжлүүлэн/ 20х20 хэмжээтэй газрыг 2 давхар амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж 0020425 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”  олгосноор нэхэмжлэгч нь маргаан бүхий 400 м.кв газрыг анх эзэмшиж эхэлсэн, мөн Засаг даргын 2011 оны А/128 дугаар захирамжаар  “...гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгож, сумын Засаг даргын 2003 оны 60 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг мөн хүчингүй болсонд тооцсон, нэхэмжлэгч нь тухайн шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 16 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн уг шийдвэртэй холбогдуулан сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар  нэхэмжлэгчийн 400 м.кв газар эзэмших эрхийг сэргээснээр сумын газрын даамал /Л.О/ нэхэмжлэгчтэй “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”  /цаашид “газар эзэмшүүлэх гэрээ” гэх/ байгуулж, 000421675 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г  /цаашид “эрхийн гэрчилгээ” гэх/ шинээр олгосон, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сумын газрын даамал Б.Г , нэхэмжлэгчийн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй 400 м.кв газрын байршил, хил заагийг газарт бэхэлж акт үйлдсэн , ингэхдээ тухайн газрын хэмжээг 2003 оны 60 дугаар захирамжид заасан /20х20/-аас өөрөөр буюу 16.6х24.1 м.кв харьцаатайгаар Ж.Э /одоогийн эзэмшигч Н.Ц/-гийн хашааны баруун талаас эхлэл цэгийг авах замаар тогтоосон үйл баримтууд нь хавтаст хэргийн 75, 181, 232-р хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн дээрх үйл баримтуудаас хойш буюу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.Г-т маргаан бүхий 255 м.кв газрыг эзэмшүүлсэн, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ  байгуулж, 000487720 дугаартай эрхийн гэрчилгээ  олгон газрын хил заагийг газарт бэхлүүлэх мэдэгдэл  үйлдсэнээр тухайн газрын кадастрын зургийг  газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулжээ.

Улмаар гуравдагч этгээд Г.Г нь эзэмшил газар дээрх хоёр айлын  хувийн орон сууцныхаа нэг айлынхыг иргэн Б.А-д худалдсантайгаа холбогдуулан тухайн сууцны доорх газрыг уг этгээдэд шилжүүлэх хүсэлтийг  гаргаснаар сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжаар иргэн Г.Г-ын 255 м.кв газраас 127.5 м.кв газрын эзэмших эрх /гэрчилгээ/-ийг иргэн Б.А-д шилжүүлж, түүний 255 м.кв газар эзэмших эрх бүхий 000487720 дугаартай эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн, уг захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Б.Атай газар эзэмшүүлэх гэрээ  байгуулж, 000488093 дугаар бүхий эрхийн гэрчилгээ  олгосон /гэрчилгээг үрэгдүүлснээр 00725287 дугаартай гэрчилгээг  нөхөн  олгосон/ үйл баримт 1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар  тогтоогдож байна.

 Мөн дээрх захирамжийн хүрээнд гуравдагч этгээд Г.Г-тай, бусдад шилжүүлээгүй үлдсэн 127.05 м.кв газрыг нь эзэмшүүлэх гэрээг  байгуулж, 000487989 дугаар бүхий эрхийн гэрчилгээг  шинээр олгосноор Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16 дугаар хэсэг /хуучнаар оросын хөргөлтийн цехийн урд тал/-т байршилтай маргаан бүхий 255 м.кв газрын талыг буюу 127.5 м.кв газрыг гуравдагч этгээд Г.Г, үлдэх 127.5 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Адилбиш  нь 00725287 дугаартай эрхийн гэрчилгээгээр тус тус эзэмшиж байгаа  нь тогтоогдож байна.

Түүнчлэн дээрх үйл баримтуудын дараа 2015 оны 08 дугаар сарын 26-нд  С Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /өмнө нь газрын даамал байсан Л.О/-аас иргэн Д.М-ын 400 м.кв газрын  эргэлтийн цэгүүдийг газарт бэхлэх, тэмдэгжүүлэхийг зөвшөөрсөн “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг  үйлдэж гаргасныг үндэслэн, аймгийн Газрын харилцаа барилга,  хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнээс 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тухайн газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлж, солбицол тодорхойлсон “Эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгсөн акт”  үйлдэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ст хүлээлгэн өгсөн байх ба уг актаар газрын хэмжээг 20х20  м.кв харьцаатайгаар тогтоожээ.

Маргааны үйл баримттай холбогдох Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.4-т “...сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байгаагаас үзвэл хариуцагч сумын Засаг дарга нь газрын харилцааны талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлж иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй газрыг эзэмшүүлэх учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  үзэхэд, С Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар иргэн Г.Г-т 255 м.кв газар эзэмшүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12/52 дугаар тогтоолоор  бусдад эзэмшүүлж ашиглуулахаар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 662 м.кв газрын хил заагаас тодорхой хэмжээгээр илүү гаргаж газар эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ нь тухайн захиргааны актыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг буюу хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дурдсанчлан, гуравдагч этгээд Г.Г-т анх эзэмшүүлсэн 255 м.кв газар буюу гуравдагч этгээд Б.А-д шилжүүлэн эзэмшүүлсэн 127.5 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй 400 м.кв газартай тодорхой хэмжээгээр давхцалтай, тодруулбал газрын даамал Б.Г-аас 2013.07.09-ний өдөр актаар хүлээлгэн өгсөн 24.1х16.6 м.кв газартай /барилгын зүүн хэсгээр/ 45.7 м.кв хэмжээгээр, Л.Оын 2015.08.26-ны үйлдсэн мэдэгдэл болон түүнийг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2015.08.27-ны өдрийн актаар хүлээлгэн өгсөн 20х20 м.кв газартай  /мөн барилгын зүүн хэсгээр/ 18.4 м.кв хэмжээтэй тус тус давхцаж байгаа нь 1 дүгээр хавтаст хэргийн 75, 136-138-р хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “...давхцалтай” гэх тайлбарыг нотолж буй дээр дурдсан баримтууд /2013.07.09-ний өдрийн “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”,  Л.Оын 2015.08.26-ны өдөр үйлдсэн “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”/-уудыг С Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх тухай” А/305 дугаар захирамжийн  3 дахь заалтаар хүчингүй болгосон  /нэхэмжлэгч Д.Моос уг захиргааны актыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар шийдвэрээр  түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно/ нөхцөл байдал тогтоогдож  байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагын давхцалтай гэх үндэслэлд нотолгоо болгож байсан дээрх баримтуудаас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтний үйлдсэн 2015.08.27-ны өдрийн “Эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгсөн акт”-ыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байх боловч Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.8-т тус тус зааснаар тухайн актыг “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг үндэслэн үйлдэхээр байх тул тухайн тохиолдолд уг актыг үйлдэх үндэслэл болсон Л.Оын 2015.08.26-ны өдрийн “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл” нь дээр дурдсанаар нэгэнт хүчингүй болсон учир аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтний 2015.08.27-ны өдрийн “Эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгсөн акт” нь нэхэмжлэгчийн газрын хил заагийг тодорхойлсон баримт бичиг буюу  “газрын давхцалтай”-г нотлох баримт болж чадахгүй юм.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй  400 м.кв газрын байршил, хил заагийг холбогдох захиргааны байгууллагаас тухайлан тогтоож  өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “...Д.М-ын газартай давхцуулан иргэн Г.Г болон Б.А-д газар эзэмшүүлсэн” гэх тайлбар ийнхүү үгүйсгэгдэж байна.

Нөгөөтэйгүүр С Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх тухай” А/305 дугаар захирамжаар Д.М-т эзэмшүүлсэн газрын нэгж талбарын эргэлтийн цэгийн эхлэл цэгийг сумын Засаг даргын 2003 оны 60 дугаар захирамжийг үндэслэн тогтоохоор шийдвэрлэсэн улмаар уг захирамжийн хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч Д.М-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 20х20 хэмжээтэй газрын байршил нь тухайн захирамжаар иргэн Ж.Эд эзэмшүүлсэн 20х20 хэмжээтэй газрын гудамжны эсрэг талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас үргэлжилсэн байршилтайгаар анх олгогдсон  байна.

Хэргийн оролцогчдын зүгээс хэдийгээр маргаагүй ч дээр дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан иргэн Ж.Эгийн эзэмшил газрын байршлыг судлан үзэхэд тухайн этгээд нь өөрийн эзэмшлийн 400 м.кв газрыг сумын Засаг даргын 2012 оны А/54 дүгээр захирамжаар  иргэн Н.Ц-д уг хэмжээгээр нь шилжүүлсэн байх  боловч бодит байдал дээр Н.Ц нь эрхийн гэрчилгээгээр  эзэмшүүлсэн газраас илүү хэмжээтэй газрыг хашаажуулсан  байна. Тодруулбал тухайн этгээд нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр эзэмшүүлсэн 400 м.кв газрыг баруун тийш үргэлжлүүлэн буюу нэхэмжлэгчид анх олгосон газар луу сунгах замаар гэрчилгээнд зааснаас илүү хэмжээтэй  хашаажуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар маргааны үйл баримтыг дээрх нөхцөл байдалтай холбон авч үзвэл нэхэмжлэгчийн 400 м.кв газрын байршил, хил заагийг газрын даамал Б.Г-аас 2013.07.09-ний өдрийн актаар болон Л.Оын 2015.08.26-ны өдрийн мэдэгдлийг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2015.08.27-ны өдрийн актаар тус тус тогтоож хүлээлгэн өгөхдөө тухайн газрын эхлэл цэгийг Ж.Э /одоогийн эзэмшигч нь Н.Ц/-д эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 400 м.кв газрын баруун талаас эхэлж биш харин тухайн этгээдүүдийн, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа газраас буюу тэдгээрийн хашаанаас эхлэн хэмжсэнээр нэхэмжлэгчийн 400 м.кв газар гуравдагч этгээд Г.Г-ын 255 м.кв газартай буюу гуравдагч этгээд Б.А-д шилжүүлэн эзэмшүүлсэн 127.5 м.кв газартай давхцах нөхцөл байдал үүссэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, хэрэгт авагдсан Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл , холбогдох гэрчийн мэдүүлэг , кадастрын харьцуулсан зургууд , маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл  зэргээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн  “...Г.Г нь зөвшөөрөлгүй газар дээр байшин барьсныхаа дараа, тухайн байшингийн хэмжээгээр газар эзэмших зөвшөөрөл гаргуулж авсан” гэх тайлбар үндэслэлтэй улмаар хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх боловч тухайн захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул  маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, С Засаг даргад холбогдуулан гаргасан “тус Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Г.Г, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээд Б.А нь шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн , гуравдагч этгээд Г.Г-т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс тухайн этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүхээс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэдийгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт 370 м.кв орчим сул газар  байгаа болох нь тогтоогдсон улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /сумын Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга буюу сумын газрын харилцааны асуудал хариуцдаг нэгжийн дарга/-өөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч Д.М-ын 400 м.кв газрыг сул газар луу сунгах замаар болон Н.Цгийн хууль бусаар илүү эзэмшиж байгаа газраас оролцуулах замаар 2003 оны 60 дугаар захирамжид заасны дагуу 20х20 хэмжээтэйгээр олгох боломжтой” талаар дурдсан зэргээс дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч Д.М-ын хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй 400 м.кв газраа зориулалтаар нь, бодитоор эзэмших эрхийг хангах үүднээс тухайн газрын байршил, хил заагийг тогтоох үйл ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлэх нь зүйтэйг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон