| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0068/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/82 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/82
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.4-р зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Огийн О холбогдох 2031000550070 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн 1996 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, 2 дүү, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Жавхлант сум Моностой 2 дугаар баг задгайд оршин суух хаягтай, хэрэгт татагдахын өмнө “Ник” ХХК-ны Жавхлант сум дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байсан,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Я овогт Огийн О РД:****/
Шүүгдэгч О.О “Ник” ХХК-ны Жавхлант сум дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд тус ХХК-ийн орлогын мөнгөнөөс 9.208.462 төгрөг завшсан, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багт байрлах “Ник” ХХК-ны Жавхлант салбарын байранд гал тавьж моторын масло 47 ширхэг, тоормозны шингэн 21 ширхгийг шатааж 554.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч О.Оийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 3.200.000 төгрөгийн өр гарсан. Нийт 8.400.000 төгрөгийн өр гарч ирсэн. Савны дутагдал гээд 1.050.000 төгрөг нэмэгдсэн. Тэгээд нийт өр 9.200.000 төгрөг гарч ирсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний ээлж буюу О гарах байсан бөгөөд би өглөө нь 07 цагийн үед ажил дээр очоод хаалганы цоожийг газны хошуугаар цохиж эвдээд дотор нь ороод шатахуун түгээгүүрээ асаагаад гарч АИ92 бензин саванд хийж аваад буцаж ажлын өрөө рүү ороод хоёр өрөөнд нь хоёуланд нь асгаад чүдэнз асаасан чинь ажилчдын өрөөнийх нь асаагүй, тос маслоны өрөөнд гал ассан. Тэгэхээр нь би ажлаас гараад цоожийг нь өлгөөд гэр рүү явж байх замдаа О эгчтэй таарсан. Тэгээд буцаж ажил дээр ирээд Отай явж байсан хүмүүс нь цагдаа сэргийлэх болоод галыг унтраасан. Өдөр өдрийнхөө орлого дээрээс бэлнээр мөнгө аваад өөртөө хэрэглэдэг, гэртээ хоол хүнс авдаг, мөн шатахууны тооцоо хийхдээ зарим хүмүүс мобайлаар хийдэг учраас өөрийнхөө орлогыг тушаахдаа орсон орлогоо бүгдийг нь хийлгүй талыг нь ч юм уу хэдэн төгрөг хийдэг. Тэгээд үлдэгдлийг нь өөртөө, гэр орондоо зарцуулдаг. Би тухайн үедээ их мөнгөний өрөнд орсноо мэдээд гал тавиад өөрөө дотор нь шатчихъя гэж бодож байсан. Тэгээд гал асаагаад дотор нь хэсэг байж үзсэнээ чадахгүй болохоор нь гараад явсан. Энэ өрийг төлж дийлэхгүй байх гэж бодсон юм. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би анх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажилд орж байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тушаал дэвшиж байсан. Хөдөлмөрийн гэрээг НИК ХХК –тай байгуулсан. Надад эд хөрөнгө хариуцах гэрээ байгуулан надад хүлээлгэн өгсөн. Би НИК ХХК-д учруулсан хохирлоос 2,422,000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг би удахгүй төлж барагдуулах болно. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ... гэх мэдүүлэг,/хх-ийн 65-66 ху/
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Оийн өгсөн: ...Би анх “Ник” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажилд орсон. Тэгээд ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрхлэгчийн албан тушаал ажиллах болсон юм. Ажиллах явцдаа гэр оронд мөнгө хэрэг болох үед нь бага багаар орлогоос хэрэглэсээр байгаад өрөнд орсон. Энэ мөнгөө өөрийн хэрэгтэй зүйлд бага, багаар зарцуулдаг байсан. Тэгээд би өөрөө компанидаа өртэй болсон гэдгээ мэдсэн болохоор ямар нэг байдлаар их айдастай байх болсон юм. Тэгээд тэрнээсээ болоод гал тавьчихъя гэж бодож байгаад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө ажил дээрээ гал тавьсан. ... Энэхүү хэргүүдийг хийсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Оногдуулах шийдвэрүүдийг ер нь анх цагдаагаас хэлж өгч байсан. Тэгээд гэртээ ээж, аав болон 2 хүүхэдтэйгээ амьдардаг тул энэхүү шийдвэрүүдийг хөнгөрүүлж өгнө үү. Өөрийнхөө хийсэн үйлдлийг зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч *******ын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Би “Ник” ХХК-ны Дархан дахь салбарын тооцооны нягтлан бодогч ажилтай хүн байгаа юм. Манай “Ник” ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Жавхлант салбарын борлуулалтын тооцоо хийхээр очиход “Ник” ХХК-ны Жавхлант суман дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байгаа О.О нь манай штс-д гал гарсан гэж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулж эхэлсэн юм. Тэгээд сүүлд нь Жавхлант салбарын эрхлэгч О.О нь гал тавьсан талаар мэдсэн. Жавхлант салбар дээр борлуулалтын тооцоо хийхэд борлуулалтын орлого дутсан юм. Манай Жавхлант салбарын эрхлэгч О.О нь 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс уг ажлыг хүлээн авсан. Тэгээд О.О нь ажиллаж байх хугацаандаа шатахууны орлого сар бүр дутааж байсан. Тухайн үед манай “Ник” ХХК-аас тооллогын комисс очиж тухай бүр санхүүгийн тооллого хийж орлого дутаасан зөрчилд сануулах арга хэмжээ, цалингаас нь суутгах арга хэмжээг эрхлэгч От авч ажиллаж байсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 4,656,935 төгрөг 57 мөнгөний борлуулалтын орлого дутаасан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар борлуулалтын орлогоос 3,482,107 төгрөг дутаасан. Тэгээд ШТС–ын шатахуун хадгалах савнаас 1,069,418 төгрөгийн өр төлбөртэй гарсан юм. Жавхлант сумын “НИК” ШТС-ын эрхлэгч О.О нь шатахууны орлогыг манай Дархан дахь “НИК” ХХК-ийн ***** дугаартай Хаан банкны дансанд тушаадаг байсан. Манай “НИК” ХХК-ийн тооллогын комисс сар бүр борлуулалтын тооцоо хийдэг гэхдээ тайлан хэлбэрээр авдаг байсан юм. Манай “НИК” ХХК-аас 1 удаа бүрэн тооллого хийж эд хариуцагчтай тооцоо нийлсэн актаар баталгаажуулдаг юм. Тэгээд манай Жавхлант салбарын орлого 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар 4,656,935 төгрөг 57 мөнгөний борлуулалтын орлогоос дутааж мөн шатахуун хадгалах савнаас 1,069,418 төгрөгийн өр төлбөр гарсны тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар Жавхлант сумын “НИК” ХХК-ийн салбараас дахиад 3,482,107 төгрөгийн борлуулалтын орлогоос өр төлбөр гаргасныг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан юм. Тэгээд манай Жавхлант салбарын эрхлэгч О.О нь 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 9,208,461 төгрөгийн өр төлбөр гаргаж хохирол учруулсан байна.Надад нэхэмжлэх зүйл байна Жавхлант салбарын эрхлэгчээр ажиллаж байсан О.Оээс манай “НИК” ХХК-д учруулсан борлуулалтын орлогоос дутаасан хувьдаа завшсан нийт 9,208,461 төгрөгийн өр төлбөрийг гаргуулж өгнө үү. Өөр гомдол санал алга байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/
4.Гэрч Г.Оын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 07 цагт сэрээд Шатахуун түгээх станц руу бензин авахаар эхнэр Ц, хүү Мөнхтөгс нарын хамт түгээгч Ог гэрт очиж аваад клонкруу явж байх замдаа клонкийн хойд жалганаас ноосон цамцтай хүн явж байхаар нь харсан клонкийн эрхлэгч О.О таараад зогсоод уулзсан. Тэгээд би Оээс хаашаа яваад ирж байгаа талаар асуухад “манай түгээгч О байна уу” гэж надаас асуусан. Тэгээд би “Отай хамт явж байна” гэж хэлэхэд О түгээгч Ог дуудаад машины ард хэсэг юм яриад зогссон. Тэгээд О клонкруу орохгүй цаана нь юм яриад зогсоод байсан. Тэгээд би машиндаа сууж байтал гэнэт тос масло үнэртээд байхаар нь миний машины масло үнэртээд байгаа юм болов уу гэж бодоод машиныхаа копудыг сөхөөд харахад зүгээр байсан. Тэгээд клонкруу харсан чинь клонкын хаалганаас утаа гарч эхэлсэн. Тэгээд О надруу ирээд “клонк шатлаа” гэж хэлэхээр нь би хүү Мөнгөнтөгсийн хамт клонкын үүдний хаалга татахад утаатай байсан. Тэгээд цааш орж давхар хаалгыг татахад өөдөөс гал асаад ирсэн. Тэгэхээр нь би машинаас хүрз аваад хүүтэйгээ хамт цас гаднаас нь хүрздэж дотор асаж байсан галыг унтраагаад цагдаа дуудсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24 р ху/
5.Гэрч Л.Огийн 2020 оны 02 дугаар сарын 1-ний өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө босоод ажил руугаа явах гээд байж байтал манай сумын иргэдийн хурлын дарга манай гэрийн гадаа ирээд “бензин авах гэсэн юм” гээд ирсэн. Тэгээд би машинд суугаад ажил руугаа явж байх замд Ц эгч “танай эрхлэгч О юу хийж яваа юм” гэхээр нь харсан чинь эрхлэгч О замын хажууд алхаад явж байсан. Тэгээд бид нар О дээр очиход “намайг буугаад ир” гэхээр нь буугаад очиход “О эгчээ тооллого ирэх гээд байна. Мөнгө байхгүй” гэхээр нь “одоо яахав дээ, цалин мөнгө байхгүй юм чинь” гэж хэлээд клонк дээр очоод ажил руугаа орох гэсэн чинь хаалга нь онгорхой цоожийг нь өлгөөд орхисон байсан.Тэгээд О надад “хаалгыг нь онгойлгож болохгүй, би дотор нь гал тавьчихсан. Намайг ингэсэн гэж битгий хүнд хэлээрэй, таныг ажилдаа ирэхэд ийм зүйл болсон байна гээд хэлчих” гээд байсан. Би өнгөрсөн өдөр ээлжтэй өглөө нь От хүлээлгэж өгөх байсан юм. Тэгээд миний ээлж дээр гал тавьсан байсан. Манай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.О хүү Мөнгөнтөгсийн хамт галыг унтраасан. Тэгээд удалгүй манай сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/
6.Гэрч О.Шын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Манай дүү О нь хичээл сурлага сайтай, сагсан бөмбөг, гар бөмбөг сайн тоглодог элдэв муу зуршилгүй хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Миний дүү 2014 онд Отгонжаргал гэх хүнтэй хамтран амьдарч О.Төгөлдөр, О.Энхтөгөлдөр гэх хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд манай дүү Отгонжаргал гэх залуугаас 2016 онд салаад хоёр хүүхдээ өөр дээрээ авч өрх толгойлсон 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Миний дүүгийн хоёр хүүхэд хоёулаа бага насны хүүхдүүд байгаа Төгөлдөр 5 настай Энхтөгөлдөр 4 настай мөн адил цэцэрлэгт явдаг. Миний дүү О нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хэрэгт холбогдох шалтгаан нь харж, хандаад байх ойрхон хүн байхгүй хоёр хүүхэдтэйгээ өрх толгойлж амьдарч байгаа болохоор амьдралын шаардлагаар бодлогогүй өр төлбөрт ороод болчимгүй үйлдэл хийсэн байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/
7.Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Бат-Эрдэнийн 2020 оны 02-р сарын 05-ны өдрийн дүгнэлт:
1.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан харлаж шатаж, хайлсан моторын тосны сав 2 ширхэг, гадна үүдний хэсэгт шатаж харласан цаасан хайрцаг нь шинжилгээнд тэнцэж байна.
2.Харлаж шатаж, хайлсан моторын тосны сав 2 ширхэг, гадна үүдний хэсгээс хураан авсан цаасан хайрцаганд шатах тослох материалын үлдэгдэл нэвчсэн байна.
3.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч, холбогдогчоос авсан мэдүүлэг, фото зураг, шинжилгээний материал зэргээс үзэхэд хүний буруутай үйл ажиллагаанаас гарсан байна.
4.5.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч, холбогдогчоос авсан мэдүүлэг, фото зураг, шинжилгээний материал зэргээс үзэхэд хялбар авалцан асах шатах шингэн ашиглаж гал түймэр тавьсан байх магадлалтай байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 34-35-р ху/
8.Санхүүгийн хяналт аудитын алба 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01-р дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт шалгагдаж буй хэрэг бүртгэлийн 203100055 дугаартай хэрэгт холбогдолтой санхүүгийн баримтуудыг шинжлэн үзэж тооцоог давхар гүйцэтгэн үзсэний үндсэн дээр Жавхлант ШТС-ын эрхлэгч түгээгч О нь Дархан “Ник” ХХК-д 9.208.462 төгрөг 25 мөнгөний хохирол учруулсан байна. гэж дүгнэлээ.
Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,1 д “Хөрөнгө төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуй нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.” гэж заасны дагуу “Ник” ххк–ны ерөнхий нягтлан бодогч Н.Содцэцэг ШТС–ын хөрөнгийн тооллого хийж тооцоог баталгаажуулсан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “...аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндрөөр хийнэ” гэж заасан байгаа тул борлуулсан барааны үнээр тооцон 8.139.043 төгрөг 37 мөнгийг, шатахууны савнаас дутагдуулсан 1.069.418 төгрөг 88 мөнгөний шатахууны үнэ нийтдээ 9.208.462 төгрөг 25 мөнгөний тооцоог гаргасан нь бодитой байна. Жавхлант ШТС эрхлэгч түгээгч О.О нь 2020 оны 01 дүгээр сард Дархан НИК ххк-аас талон аваагүй, 2020 оны хуанлийн 31 хоногоос 13 хоногт нь бэлнээр авсан борлуулалтын орлогыг тушаасныг тэмдэглэж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-44-р ху/
9.Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-518/014 тоот дүгнэлт:
| № | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ,төгрөгөөр | Нийт төгрөгөөр | Тайлбар |
| 1 | Мобиль /дизель 10/30 моторын масло | Ш | 47 | 10500 | 493500 | Шинэ |
| 2 | Тоормозны шингэн | Ш | 21 | 2900 | 60900 | Шинэ |
| 3 | Модон цонхны шил | ш | 2 | 20000 | 40000 | Хуучин |
| Нийт дүн | 594,400 |
...гэх дүгнэлт /хх-ийн 51-52-р ху/,
10.Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р ху/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р ху/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, /хх-ийн 03-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-11-р ху/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 13-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 33, 39-40, 50-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 34-35, 41-44, 51-53-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 36, 46, 54-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 37, 47, 55-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 62-64-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 68-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 97-р ху/, хохирогч *******ын хохирол төлөгдсөн, гомдол саналгүй тухай гарган өгсөн баримт, /хх-ийн 108-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 109-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 110-р ху/,
Шүүгдэгч О.О “Ник” ХХК-ны Жавхлант сум дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд тус ХХК-ийн орлогын мөнгөнөөс 9.208.462 төгрөг завшсан, энэ гэмт хэргээ нуух зорилготой 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багт байрлах “Ник” ХХК-ны Жавхлант салбарын байранд гал тавьж моторын масло 47 ширхэг, тормозны шингэн 21 ширхгийг шатааж 554.400 төгрөгийн хохирол учруулсан гэх тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Оийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Оийн гэмт үйлдлийн хохирогч “Ник” ХХК-ны Дархан дахь салбарт нийт 9.762.862 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.
Шүүгдэгч О.От ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өрх толгойлсон эмэгтэй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нь одоо тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурван/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг шүүгдэгч О.От анхааруулав.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн газ 1 ширхэг, газны хошуу 1 ширхэг, савтай шингэн зүйл зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Я овогт Огийн Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хөрөнгө завших”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Я овогт Огийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Оийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын, болон нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож тус тус хорих ялаар солихыг ялтан О.От мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч О.О нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн газ 1 ширхэг, газны хошуу 1 ширхэг, савтай шингэн зүйл зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮР