Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/109

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга:  О.Жавхлан,

Улсын яллагч: Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.О

шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох 2008033380010 дугаартай хэргийг 2021.01.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.                                  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн 0000000-ны өдөр төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой гэх, засал чимэглэлчин мэргэжилтэй гэх, ам бүл-5, эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ХМК-ын 00-00 оршин суух иргэн Ц.Отэй маргалдан, зодолдсоны улмаас  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2020 оны 11 сарын 21-ний өдрийн 23 цаг 55 минутад  хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/,
  • Хохирогч Ц.Оийн: “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо ХМК-ийн 00-00 нөхөр Баярсайхан 4 хүүхдийн хамт унтах гээд орондоо орчихсон байж байтал дээд айл маш чанга чимээ гаргаад байхаар нь манай нөхөр эхлээд паар нүдсэн ч чимээгүй болохгүй байсан тул дээшээ уулзахаар гарсан. Гэртээ орж ирээд удаагүй байхад нь араас нь дагаад ороод ирсэн. Манай нөхөр гэртээ орж ирээд хаалгаа түгжээгүй байсан манай хаалга дотроосоо түгжээгүй байхад гаднаас шууд онгойдог юм тэгээд л онгойлгоод ороод ирсэн байх. Төд удалгүй эхэлж орж ирсэн залуу нь битгий давраад бай п..нуудаа гээд нөхөр Баярсайханы зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохитол манай нөхөр орон дээр уначихсан. Тэгэхээр нь би та нар ямар их хүн дээрэлхдэг юм бэ гээд манай нөхрийг цохисон залуу дээр очоод үснээс нь зулгаатал хажуу талаас нөгөө эрэгтэй нь намайг түлхсэн. Тэгтэл хажуу талаас нөгөө эмэгтэй миний үснээс зулгааж чирээд орон дээрээс буулгаж, гэрийн хаалга руу чирсэн. Тэгээд тэр эмэгтэй миний үснээс тавихгүй байхаар нь би уг эмэгтэйн үснийх нь үзүүр хэсгээс зөрүүлээд татсан чинь тэр нөхөр нь гэх эмэгтэй миний гарыг тавиулсан. Тэр эмэгтэйг одоо боль гэхэд тавихгүй байсан. Тухайн үед сүүлд орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын ээж нь бололтой 50-55 орчим  насны эмэгтэй та нарын буруу гээд маргалдаж байгаад хүүхдүүдээ аваад явахаар нь би араас нь гартал намайг зоддог эмэгтэй нөхрийнхөө хамт зугтаагаад явсан. Тэр эмэгтэй миний үснээс зулгаагаад хацар руу цохиод байсан. Мөн хумсаараа миний баруун зүүн гарын шууг урчихсан” гэх мэдүүлэг /хх-10-12, 25-26/,
  • Гэрч Г.О: “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 6-р хороо 2-р байрны 00 тоотод найз нартайгаа Мобайл лежинд гээд тоглоом тоглож байсан, манай 2 настай Ис, 4 настай Ир нар мөн тоглоомоороо тоглож байсан. Тэгтэл доод айлаас паар нүдэхээр нь 2 хүүхдэдээ чимээгүй бол  доод айл паар нүдэж байна гэж хэлсэн. Удалгүй гэрийн хаалгыг маш чангаар нүдсэн бөгөөд гайхаад гарсан чинь яасан их орилдог юм бэ, согтуу байгаа юм уу, ямар их чимээ гаргадаг юм бэ би та нар нарт хэлдэг биз дээ гэхээр нь  манайд амарч байсан төрсөн ах болох Ганболд, О.Бгийн хамт сэрээд өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд би нөгөө залууд хаалгаа тайлж өгөөд за юу болов хөгшөөн, чи айлын хаалга тогшиж байж ямар чанга нүддэг юм бэ гэсэн чинь манай гэрийн тайз нурчихлаа та нараар төлүүлнэ шүү, өөрсдөө ороод хар гэхээр нь ах Ганболд, түүний эхнэр О.Б нарын хамт тухайн айлд орсон чинь эхнэр нь юун хүмүүс дагуулаад ороод ирэв ээ гэсэн. Гэрийнх нь тааз руу харсан чинь хуучин нурчихсан шинжтэй байхаар нь танай тааз ингэж нурсан юм чинь чимээ сонсогдолгүй яах вэ дээ гэхэд танайх чанга чимээ гаргах ёстой юм уу, хоёр хүүхдийнхээ боол болж яв даа гээд чанга орилоход нь манай ах Г чи юу гээд хүүхдүүд рүү орилоод байгаа юм бэ гээд мөр рүү нь түлхсэн чинь “май намайг цохь” гээд нүүрээ өгөөд байсан бөгөөд нэг мэдсэн чинь манай ахын эхнэр О.Б нөгөө айлын эхнэртэй үсдэлцээд, ноцолдож байхаар нь би очиж салгасан. Тухайн айлын эхнэр айлд орж ирчхээд, юу хийгээд байгаа г....вэ гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-14-16/,
  • Гэрч Д.Б: “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед манай эхнэр чимээ гаргаад байхаар нь би босож паар нүдсэн чинь чимээгүй болохгүй байхаар нь эхнэртээ дээшээ гараад уулзчихаад ирье гээд шортоо өмсөөд нүцгэн дээд айл руу гарсан. Тухайн үед миний уур жаахан хүрчихсэн байсан тул би дээд айлын хаалгыг жоохон чанга нүдчихсэн. Тэгтэл дээд айлын залуу хаалга онгойлгохоор нь би танайхаас дуу чимээ гараад байна, одоо болиоч гэхэд цаанаас нь ээж нь гарч ирээд заа ойлголоо уучлаарай гэхэд наад талд нь байсан эрэгтэй “сүртэй юм бэ, тийм айхтар чимээ гаргаагүй” гэхээр нь би тэр залууг чи өөрөө ороод үзчих өмнө нь танайх шуугилдаад манай таазны гипсэн хавтангууд нурчихсан гэхэд тэр залуу бараг “чи худлаа ярьж байна” гээд байхаар нь “итгэхгүй бол ямар дуу чимээтэй байна сонс” гээд доошоо хамт буусан. Доошоо буугаад тэр залуу юм хэлээгүй. Тэгтэл араас нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд эрэгтэй нь п.... гэж хараагаад миний зүүн шанаа хэсэг рүү цохиод би буйдан руу унасан. Тэгээд цагдаа дуудна гээд гар утсаа гаргатал тэр сүүлд орж ирсэн залуу нь миний гар утсыг булааж аваад хана руу шидчихсэн ба миний гар утасны дэлгэц хагараад асахгүй болчихсон. Тэгтэл манай эхнэр Отгонцэцэг та нар манай нөхрийг нийлж зодлоо гээд хувцсаа өмсөөд босоод ирсэн бөгөөд сүүлд орж ирсэн эмэгтэй нь манай эхнэрийн үснээс зулгааж эхэлсэн. Нөгөө хоёр эрэгтэй нь манайд намайг цохих гээд, над руу  дайраад байсан. Цаанаас ээж нь хүрч ирээд та нар хүн аллаа гээд орилсон бөгөөд нөгөө хоёр залуу нь эмэгтэйн хамтаар гараад явсан. Тухайн үед би эхлээд дээшээ гарч дуу чимээ ихтэй байна гэж маргалдсан. Тэгээд гэр лүүгээ ортол сүүлд орж ирсэн эмэгтэй эрэгтэй нар нь хаалга яасан чанга нүддэг юм бээ гээд ороод ирсэн. Тухайн үед манай эхнэрийг тэр орж ирсэн эмэгтэй үстсэн, өөр гар хүрсэн хүн байхгүй. Тэр хоёр эрэгтэй миний шанаа болон зүүн шанаа хэсэг рүү тус бүр нэг нэг удаа цохисон. Тухайн үед би огт хүн цохиж зодоогүй. Миний шанаа жаахан хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй учир нь надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-28-29/,
  • Гэрч Г.Г: “... Тэгтэл цаанаас нь эхнэр нь босож ирээд Буяндэлгэр дээр очоод үснээс нь зулгаагаад авсан. Манай дүү О очоод салгасан. Тэр хооронд О бид 3 хоорондоо түлхэлцсэн тэрнээс бие биенийгээ цохиж зодоогүй. Тэгээд хартал Буяндэлгэр гэрээс гараад зугтаачихаар нь би хөөе чи хаачих гээд байгаа юм бэ гээд араас нь гүйтэл Буяндэлгэр наадах чинь намайг ална гээд байна шүү дээ гэсэн. Тухайн үед бид нар хоорондоо тааз нурлаа гэх шалтгаанаар гэх шалтгаанаар маргалдсан. Тухайн үед би архи согтууруулах зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед эхнэр Буяндэлгэрийг тэр эхнэр нь үсдээд хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би наадах чинь жирэмсэн шүү дээ чи мал юм уу гэж хэлэхэд О очиж Буяндэлгэрийг салгасан. Тэгээд Буяндэлгэр тэндээс гараад гүйчихсэн. Буяндэлгэр тэр эмэгтэйн үснээс зулгаагаад байсан. Тэрнээс цохиж, зодсон зүйл байхгүй. Би Баярсайханы утсыг хана руу шидсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-33-34/,
  • Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн 13213 дугаартай: “...Ц.Оийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-42-43/,
  • Яллагдагч О.Бийн: “...хамтран амьдрагч Гн хамт доод айл руу орсон чинь нөгөө залуу дуугаа өндөрсгөөд элдвээр хараагаад байсан. Тэгэхээр нь би хэлэх үгээ бодож хэлбэл яасан юм бэ адилхан л хүүхэдтэй биз дээ гэсэн чинь эхнэр нь элдэв янзаар хэлээд босоод ирсэн. Тэр айлын нөхөр нь манай нөхөртэй түлхэлцээд байхаар нь би одоо больцгоо гэсэн чинь нөгөө айлын эхнэр элдэв янзаар харааж байгаад намайг үсдээд авсан. Би түүнийг зөрүүлж үсдээд зогсож байхад нөхрийн дүү О ирж тавиулсан. Тэгээд салаад гарах гэхэд би чамайг одоо ална гэхээр нь би тэр чигээрээ гэрээс нь гараад зугтаасан. Би Ц.Оийн биед учирсан гэмтлүүдээс толгойнд үүссэн гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед гэмтэл учраагүй. Би жирэмсэн хүн байгаа юм, одоо гурван сартай ” гэх мэдүүлэг /хх-76-77/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч О.Бийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ХМК-ын 00-00 оршин суух иргэн Ц.Оийн нөхөр Д.Баярсайханы “Чимээ их гаргалаа, тааз нураалаа” гэсэн шаардлагын дагуу Г.О, Г.Ганболд нарын гэрт нь орж “манай нөхрийг нийлж зодлоо” гэсэн иргэн Ц.Оийг үснээс нь зулгаах, чирэх зэргээр зодолдсоны улмаас Ц.Оийн бие махбодид “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны зулгаралт, зүүн шууны цус хуралт” гэмтэл учруулж, эдгээр гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2020.11.24-ний өдрийн 13213 дугаартай дүгнэлт /хх-42-43/, хохирогч Ц.Оийн мэдүүлэг /хх-10-12, 25-26/, гэрч Д.Б, Г.О, Г.Г нарын мэдүүлэг /14-16, 33-34, 28-29/ болон яллагдагч О.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Бийн энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна. Шөнө оройн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, дуу чимээ их гаргасан гэх дээд айлын оршин суугч гэх Г.О, Г.Г, О.Б нарын зүй бус үйлдэл, шаардлага нь зүй ёсны боловч шаардлага тавихдаа цээртэй үг хэллэг хэрэглэж, маргаан үүсгэсэн иргэн Д.Б зүй бус үйлдэл тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч О.Б нь шүүх хуралдаанд “Ц.Оийн биед учирсан гэмтлүүдээс толгойнд үүссэн гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Бусад гэмтлийг би учруулаагүй. Эмнэлэгт үзүүлэхээсээ өмнө өөрөө учруулсан байхыг үгүйсгэхгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шалгаж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

  • Хохирогч Ц.Оийн “Тэгтэл хажуу талаас нөгөө эмэгтэй миний үснээс зулгааж чирээд орон дээрээс буулгаж, гэрийн хаалга руу чирсэн. Тэгээд тэр эмэгтэй миний үснээс тавихгүй байхаар нь би уг эмэгтэйн үснийх нь үзүүр хэсгээс зөрүүлээд татсан чинь тэр нөхөр нь гэх эмэгтэй миний гарыг тавиулсан. Тэр эмэгтэйг одоо боль гэхэд тавихгүй байсан... Тэр эмэгтэй миний үснээс зулгаагаад хацар руу цохиод байсан. Мөн хумсаараа миний баруун зүүн гарын шууг урчихсан” гэх мэдүүлэг өгсөн,
  • Шинжээчийн 2020.11.24-ний өдрийн 13213 дугаартай дүгнэлтийг /хх-42-43/  хэрэг учрал болсноос хойш 3 хоногийн дараа гаргасан ба хохирогч Ц.От биечилсэн үзлэг хийхэд “хэсэг газрын үзлэгт: зулайн баруун урд хэсэгт бага зэрэг хавдартай эмзэглэлтэй, баруун хацрын төвгөр ба хажуу дээд хэсэгт бага зэрэг хавдартай 2х2 см хөх ягаан цус хуралттай, баруун шууны гадна доод хээгт 0.1х0.6 см  улаан хүрэн зулгаралттай, зүүн шууны гадна дээд хэсэгт 1.5х1.5 см хөх ягаан цус хуралттай” байсан болох нь тогтоогдож байна.
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2020 оны 11 сарын 21-ний өдрийн 23 цаг 55 минутад  хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/
  • Гэрч Ц.Оээс 2020 оны 11 сарын 22-ны 00 цаг 5 минутаас 00 цаг 30 минутын хооронд авсан мэдүүлэг нь түүний хохирогчоор  өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа /хх-25-26/
  • Гэрч Г.Оаас 2020 оны 11 сарын 22-ны 01 цаг 10 минутаас 01 цаг 39 минутын хооронд мэдүүлэг авсан байна.

Эдгээр баримтаас үзэхэд хэрэг учрал болсноос хойш цаг орчмын дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, мөн цагдаагийн байгууллага дуудлага хүлээн аваад шуурхай ажиллаж хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлтийг хохирогчийг биеэр үзсэн үзлэг болон гэмтлийн эмнэлгийн үзлэг зэрэг баримтыг үндэслэн хуульд заасан журмын дагуу гаргасан байх тул дээр дурдсан шүүгдэгч О.Бийн мэдүүлгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

   Харин шүүгдэгч О.Б нь шүүх хуралдаанд “2020 оны 1 сарын 7-нд доошоо цус гарсан, төрөхөд очиж үзүүлэхэд эхэс ховхорсон тул ураг амьдрах боломжгүй гээд хүүхдээ авхуулсан. Ц.От гомдолтой” гэж мэдүүлж О.Бийн “жирэмслэлт таслагдсан” нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргээс  үзэхэд О.Б нь гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би жирэмсэн” гэж мэдүүлж байсан,  шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13376 дугаартай дүгнэлтэд “...О.Бийн биед дээд уруулын дээр нөсөө тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2020.12.09-ны ЭХО-д ихэс хорионы ард 1.9х1.3 см ховхролттой байх ба энэ нь хэзээ үүссэн, гэмтлийн шалтгаант холбоотой эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн /хх-47-48/, О.Б нь хавтаст хэргийн материалтай 2021 оны 1 сарын 7-ны өдөр танилцаад /өдөр засвартай/  санал хүсэлт гаргаагүй/хх-90/, прокурор яллах дүгнэлтийг 2021 оны 1 сарын 19-ний өдөр үйлдэж /хх-95-98/, 2021 оны 1 сарын 22-ны өдөр хэргийг шүүхэд ирүүлсэн, яллагдагч О.Б хяналтын прокурорт хандаж гаргасан “надад санал хүсэлт гомдол болон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох хэргийг хурдан шийдэж өгнө үү” гэх хүсэлтдээ /хх-93/ энэ талаар мөн дурдаагүй, хохирогч Ц.От “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан /хх-86/ байдал тогтоогдлоо.

   Иймд цаг хугацааны хувьд “жирэмслэлт таслагдсан” гэх гомдлыг шүүхэд шинээр гаргаж байгааг, мөн тухайн гомдол нь үндэслэлтэй эсэхийг шүүхийн шатанд  шууд хянан шийдвэрлэх боломжгүй, Ц.О нь О.Бийг зодсон үйлдлийг зөрчилд тооцож, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссан байдалтайгаар хэрэг шүүхэд шилжиж ирсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосончлон тухайн гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан прокуророос О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, О.Бт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

   Иргэн О.Б нь “иргэн Ц.От өшиглүүлснээс болж жирэмслэлт таслагдсан” гэх гомдлоо хуульд заасан журмын дагуу гаргаж, жичдээ шийдвэрлүүлэх  эрхтэй болохыг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт тайлбарлах нь зүйтэй байна.

   Хохирогч Ц.О нь О.Бийн хууль бус санаатай үйлдлээс болж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон ба КТГ-ын үзлэгт 130000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт 8000 төгрөг, нийт 138000 төгрөгийн зардлын баримт гаргаж өгсөн байна. /хх-70/ Хохирогч Ц.О нь 2021 оны 1 сарын 7-ны өдөр /өдөр засвартай/ хавтаст хэргийн материалтай танилцаад “хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэсэн /хх-89/, хяналтын прокурорт гаргасан хүсэлтдээ “Чимэдсүрэн овогтой Отгонцэцэг би гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй тул О.Бийн хэргийг хурдан шийдэж өгнө үү” гэжээ. /хх-94/ Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Иймд хэдийгээр хохирогч Ц.О нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, шүүгдэгч О.Б нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед иргэний нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг эдлэх тул тухайн асуудалд шүүхээс үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд хохирогч иргэний нэхэмжлэлээс татгалзсаныг хангаж, холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч Ц.О нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж О.Бээс жичдээ нэхэмжлэх эрхтэйг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.

   Шүүгдэгч О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-87/ тогтоогдож байна.

   Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

   Эдгээр нөхцөл байдал болон О.Бийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас О.Бт оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх санал гаргасан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх үүрэгтэй” гэж тодорхой зааж зохицуулсан тул шүүхийн шийдвэрт энэ талаар  тусгайлан заах шаардлагагүй гэж үзлээ. Харин уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар шийдвэрийн “тогтоох” хэсэгт тайлбарлах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 31.14, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.О нь гомдол саналгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 13 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ц.Оийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг хангаж, холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.О нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч О.Бийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.   

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг О.Бт тайлбарласугай.

9.  Шүүгдэгч О.Б нь “Ц.От өшиглүүлснээс болж жирэмслэлт таслагдсан” гэх гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич шалгуулах эрхтэй болохыг тайлбарласугай

 

                         ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ