| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/0119/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: О.Тэмүүжин,
Улсын яллагч: Г.Яндаг,
Шүүгдэгч: О.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Нд холбогдох 2008024120035 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 10000*0000-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой гэх, жолооч мэргэжилтэй гэх, хувиараа ачаа тээвэрлэлтийн ажил эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, О.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Н нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бумбатын рашаан” гэх газарт О.Үыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-9-10/,
- Хохирогч О.Үын: “...2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр найзууд болох Б, С, О нарын хамтаар 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашааны баруун талд нэг шил архи хувааж уугаад машин дотор сууж байтал Б нэг хүнтэй утсаар яриад гадаа зогсож байсан. Тэгээд би дэлгүүрээс нэг шил архи аваад хувааж уугаад байж байтал Бгийн төрсөн ах болох О.Н хүүхдүүдтэйгээ ирээд машины хаалга онгойлгон миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисны улмаас хамар гэмтэж , цус гарсан бөгөөд намайг машинаас буулгах гэж мөр хэсгээс татахдаа миний хүзүү, тохойг шалбалсан” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,
- Гэрч Л.Сын: “...Бумбатын рашааны хажууд нэг шил 75 граммын Хараа нэртэй архи, 0,5 граммын Хараа нэртэй архи хоёрыг хувааж угаад байж байтал Б гар утсаараа нэг хүнтэй ярьсан. Тэгээд 20 цагийн үед Бгийн ах О.Н нь хүүхэдтэйгээ ирээд намайг үгийн зөрүүгүй миний цээж хэсэг рүү өшиглөтөл би муужраад унасан бөгөөд босоод ирэхэд Ү.Оыг зодоод хамраас нь цус гоожуулсан байсан Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, яагаад гэвэл надад гэмтэл шарх байхгүй. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-29-31/,
- Гэрч О.Бгийн: “...Би согтуу байхдаа ах О.Н рүү залгаад “Бумбатын рашаан дээрээс ирээд ав” гэсэн ба ах “вокзал дээр явж байна” гээд удалгүй хүрээд ирсэн. Манай ах Ү.Оад хандаж та нар яахаараа нийлж архи уудаг юм бэ гээд түүнийг машин дотор нүүр рүү нь 3-4 удаа цохиод машинаас буулгасан. Ү.Оыг манай ах О.Н цохисон” гэх мэдүүлэг /хх-34-35/,
- Гэрч А.Ням-Очирын: “...Төд удалгүй Бгийн ах О.Н ирээд та нар яахаараа Бтэй архи уудаг юм бэ гээд машинд сууж байсан Ү.Оын нүүр хэсэг рүү нь 3-4 удаа цохиод машинаас буулгасан. Ү.Оад О.Нгээс өөр хүн гар хүрээгүй. Тухайн үед Ү.Оыг харахад ямар ч байсан хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 38-39/,
- Гэрч Б.О: “...би архи уугаагүй ба машины үрүүл бариад зогсож байтал Бгийн төрсөн ах О.Н ирээд манай дүүтэй та нар архи уулаа гээд Ү.Оыг машинд сууж байхад нь нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиод машинаас буулгасан. Тэгээд О.Н ах, Б бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-42-43/,
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8361 дугаартай: “...О.Үын биед хамар ясны хугарал, духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү бүсэлхий, тохойд зулгаралт, зүүн тохойны халдварлагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 46-47/,
- Яллагдагч О.Нгийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ээжийгээ вагонд суулгаж өгөх гээд вокзал дээр явж байхад манай төрсөн дүү Б над руу согтуу залгаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын рашаан дээр хүрээд ир гээд байсан. Тэгээд намайг очиход Б согтуу өөрийн багын найзууд гэх Ү.О, Ням-Очир, О нар хамт архи уугаад сууж байхаар нь миний уур хүрээд та нар яахаараа манай дүүтэй архи уудаг юм бэ гээд Ү.Оыг машин дотор байхад нь нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиод машинаас буулгах гээд хүзүү, мөр хэсгээс нь татсан. Тэгтэл Ү.О машинаас буухдаа толгойгоо шалбалчихсан. Тэгтэл манай дүү одоо явъя гэхээр нь би Бг аваад явсан. Надаас өөр хүн Ү.Оыг цохиж зодоогүй. Намайг очиход С гэх хүн байсан бөгөөд би түүнийг цохиж зодоогүй, өөрөөсөө холдуулж түлхсэн” гэх мэдүүлэг /хх-89-90/ зэрэг баримт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч О.Нгийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эдгээр баримтаар шүүгдэгч О.Н нь хохирогч О.Үын нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул О.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Прокурор яллах дүгнэлтдээ О.Нг “ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр О.Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан нь баримтаар нотлогдохгүй байна. Тодруулбал: О.Н нь төрсөн дүү О.Бгийн багын найз О.Үыг “дүүтэй нь архидан согтуурсан” гэх шалтгаанаар зодсон болох нь хохирогчийн “Тухайн үед намайг дүү Бтэй нь цуг архи уулаа гэх шалтгаанаар О.Н зодсон” гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч О.Б, Л.С, А.Н, Б.О нарын мэдүүлэг /хх-29-31, 34-35, 38-39, 42-43/ зэрэг баримтаар нотлогдож байна.
Хохирогч О.Ү 2020 оны 7 сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Гэмтэл авсан оройдоо гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. Санал гомдол байхгүй. Шүүх хуралд суухгүй” гэж мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй, мөн хавтаст хэргийн материалтай танилцаад санал хүсэлт гаргаагүй/хх-94/, “О.Нд гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт /хх-97 /гаргасан байна.
Иймд хохирогч иргэний нэхэмжлэл гаргахаасаа татгалзсан тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Харин хохирогч О.Үын биед “хамар ясны хугарал, духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү бүсэлхий, тохойд зулгаралт, зүүн тохойны халдварлагдсан шарх” гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н анх удаа гэмт хэрэгт шийтгүүлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-50/ нотлогдож байна.
Шүүгдэгч О.Н нь дүүтэйгээ архидан согтуурсанд дургүйцэж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, хохирогч О.Ү иргэний нэхэмжлэл гаргахаасаа татгалзсан, яллагдагч, хохирогч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, прокурорын санал болгосон хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 12, 13 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Үын иргэний нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хангаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ү нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч О.Нгийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
5. Шүүгдэгч О.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд зүйл болон бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч О.Ү нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, гомдол саналгүй гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг О.Нд тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ