| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бгийн Ут холбогдох 2017002050005 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Бгийн У /РД:ЕЙ/, Д аймгийн Д суманд 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын .... дугаар баг, ..... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 19 тоотод байх иргэн *******гийн гэрт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчим хамтран амьдрагч У.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг алгадах, толгой руу нь гараараа цохих, алгадаж унаган ширээ мөргүүлэх, зүүн хөлийн шилбэ хэсэг, нүүр рүү нь өшиглөх зэргээр зодсон, улмаар гэрээс гарч явахад араас нь гарч тус тоот хашаан дотор түлхэж унагах, баруун хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 19 тоотод оршин суух *******гийн гэрт У.Дтай маргалдаж түүнийг алгадах, толгой руу нь гараараа цохих, алгадаж унаган ширээ мөргүүлэх, зүүн хөлийн шилбэ хэсэг, нүүр рүү нь өшиглөх, мөн гэрийн гадаа араас нь түлхэж унагах, баруун хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөх зэргээр тус тус зодож бие махбодид нь дух, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд гэрт ээж, Д бид гурав байж байтал манай эгч залгаад ус аваад өгөөч гэхээр нь бид хоёр эгч Угийн гэрт очиход эгчийн найз Х 6 ширхэг том пиво аваад ирсэн. Тухайн пивыг бид хэд ууж байгаад Д бид хоёр хүүхдийн асуудлаас болж маргалдсан. Би Дгийн хөл, гар луу нь хэд хэд цохисон, мөн түлхсэн чинь буйдангийн түшлэгт тээгэлдээд шанаагаараа ширээ мөргөсөн. Д өөрөө гараад явж байгаад цасан дээр халтираад унахаар нь би очоод хөл рүү нь нэг өшиглөсөн. Тэгээд Д би эмээгийнхээ гэр лүү явсан, би У эгчийн гэрт ороод байж байгаад удалгүй гэртээ харьсан. Бид хоёр эвлэрсэн. Би Дд гар хүрэх ёсгүй байсан. Миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Одоо би ажил хийгээд сайхан амьдарна. Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч У.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр У бид хоёр эгч Угийн гэрт 18 цагийн үед очоод 2,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй 6 ширхэг шар айргийг У эгч болон түүний найз С, У бид нар хувааж уусан. Тэгээд шар айргаа хувааж ууж дууссаны дараа 22 цагийн орчим би өвөө, эмээгийн гэр лүү явлаа гэснээс болж У бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэрнээс өмнө Х гэдэг эмэгтэй надад өөрийн амьдралын тухай ярьж байхад У намайг нийлж хов ярилаа гэж уурлаад надтай хэрүүл маргаан хийж, намайг гэрийн зүүн хойморт модон ширээний хажууд сууж байхад миний хоёр хацар луу хоёр гараараа ээлжлээд 4-5 удаа нэг их хүчтэй биш алгадсан. Мөн гараа атгаж байгаад миний толгойн зулай, дагз, баруун нүд хэсэгт 5-6 удаа цохисон. У гараараа миний зүүн талын шанаа орчим алгадахад би баруун талын чамархай орчмоороо модон ширээг мөргөж унасан. Тэгээд босох гэтэл миний зүүн мөр хэсэгт гараараа 3 удаа цохиж зүүн хөлний шилбэ хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Би босоод Угийн гэрээс гараад явж байтал У миний араас гүйж ирээд намайг түлхэж газар унагааж байгаад баруун хөлийн шилбэ хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би босож ирээд гэр лүүгээ ганцаараа явсан. Маргааш өглөө нь У хэрүүл хийгээд намайг загнаад агсраад байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Утай гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Тухайн үед толгой жаахан өвдөж байсан, мөн толгойн баруун чамархай орчим хавдсан, зүүн гарын бугалга орчим жаахан хөхөрсөн байсан. Тэрнээс өөр бэртэл гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/
1.3. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүү Уыг ус аваад өгөөч гэж гуйтал манай гэрт У өөрийнхөө найз охин гэх С /Д/-ийн хамт 16 цагийн орчим ирсэн. Манай найз Х 2,5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй шар айраг 6 ширхгийг авч ирсэн. Би Уын хамт усанд явж ирээд Х, У, бид 3 нэг ширхэг шар айргийг нь ууж дуусаад дахин нэг шар айраг задалж байхад Хын нөхөр С ажлаа тараад ирсэн. Д бид хоёр бие засахаар гэрээс гарахад Д би жирэмсэн болчихсон, одоо яах вэ, намар сургуульд явах гэж байгаа гэхээр нь би та нар өөрсдөө л хоорондоо ярьж байгаад шийд гэж хэлсэн. У, Д нар хоорондоо маргалдаад байх шиг байснаа гэнэт У уурлаад босоод ирсэн. Д Уын өөдөөс хэрэлдэж байгаад явна гээд босож ирэх үед нь У Дгийн мөр хэсэгт нь гараараа түлхэх шиг болсон. Тэр үед нь Д модон ширээний тавцан хэсгийг баруун талын шанаа хэсгээрээ мөргөөд уначихсан. Тэгээд Д босож ирээд Уын өөдөөс хэрэлдэхэд У мөр хэсэгт нь гараараа нэг удаа цохихоор нь бид нар тэр хоёрыг салгаад хооронд нь эвлэрүүлэхэд овоо эвлэрээд сууж байгаад дахиад хэрэлдээд эхэлсэн. Тэгээд У Дг хөлийнх нь гуя хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Би боль гээд байж байтал У Дгийн нүүр хэсэгт нь 1-2 удаа алгадахад Д гэрээс явлаа гээд гараад явсан. Түүний араас У гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
1.4. Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найз Угийн гэрт бид 3 нэг ширхэг шар айраг уусан. 17 цаг өнгөрч байх үед манай нөхөр С ажлаа тарж ирээд У, С /Д/, С, У бид нар нийлээд шар айраг хувааж уусан. У Д нар хоорондоо маргалдаад байх шиг байснаа Д явна гээд буйдан дээр сууж байгаад босож ирэх үед нь У Сд хандан юу гэж олон юм яриад байгаа юм бэ гэж хэлээд гараараа түлхэх үед нь Д модон ширээний тавцан хэсгийг мөргөөд унасан. Мөн У зүүн талын гарын булчин хэсэгт нь гараараа зангидаж байгаад 2 удаа, гуяны дээд хэсэгт гараараа 2-3 удаа цохиод байсан. У нэг их согтоогүй байсан. С жирэмсэн сургуульд сурна гэх мэт зүйл ярилцаж байгаад л хоорондоо хэрэлдэж маргалдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/
1.5. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Дгийн толгой болон нүүрний хэсэгт учирсан гэмтэл нь бага зэрэг байрлал өөрчлөгдөж хүч үйлчилсэн тохиолдолд уг гэмтлээс өөр газарт үйлчилж хүндрэл өгөх магадлал өндөртэй. Бас хүний гоо сайханд хохирол учруулсан байгаа юм. Харин зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлсэн ч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дгийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/
1.6. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар дүгнэлтэнд: У.Дгийн биед дух, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 29-30 хуудас/
1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6 хуудас/
1.8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /х.х-ийн 9-11 хуудас/
1.9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 61-62, 68-69 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч У.Дгийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч У.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад Ут гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/
2.2. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У нь хүний үгнээс гардаггүй, даруу төлөв, ямар нэгэн догшин зан авиргүй, архи уусан үедээ ямар нэгэн зан араншин гаргахгүй шууд л унтаад өгдөг хүн. Сүүлийн 3 сар орчим Д гэх эмэгтэйтэй хамт амьдрах болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
2.3. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай дүү зан араншингийн хувьд даруухан, хүний үгээр байдаг, ажилсаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
2.4. *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зөрчилд холбогдсон эсэх лавлагаа /х.х-ийн 58, 60 хуудас/
2.5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 59 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА