| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0126/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/144 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/144
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч В.Батдэлгэр,
шүүгдэгч Ц.Б,
түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эовогт Цгийн Бд холбогдох эрүүгийн 2031002180150 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Эовогт Цгийн Б, Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Өргөн Сэлэнгэ” ХХК-ийн мод үржүүлгийн газар туслах ажилтан ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 102 тоотод оршин суух хаягтай, урьд 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн шүүхээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 3 сар баривчлах ял шийтгүүлж байсан, /РД:****Д /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хонд” гэх газрын “Өргөн Сэлэнгэ мод” нэртэй мод үржүүлгийн газарт Э.Эийн салтаа орчим болон зүүн хөлийн гуяны орчим хутгаар тус бүр 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хонд” гэх газрын “Өргөн Сэлэнгэ мод” нэртэй мод үржүүлгийн газарт Э.Эийн салтаа орчим болон зүүн хөлийн гуяны орчим хутгаар тус бүр 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бгийн өгсөн: “...Миний буруу. Намайг мах эвдэж байхад Э.Э хорон үгээр доромжлоод байсан юм. Архи ууснаас л боллоо...” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч Э.Эийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би байрны өрөөнд сууж байтал Ц.Б нэлээн халамцуу, согтуу байдалтай орж ирээд чангаар “хутга хаана байна вэ?” гээд дайрч орж ирсэн. Тэгэхээр нь би “хутгаар яах гэж байгаа юм бэ?” гэтэл хайрцаг ухаж байгаад хутга гаргаж ирээд миний зүүн хөлийн гуя, салтаа орчим руу тус бүр 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг[2]
3. Гэрч Ж.Яын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...16 цагийн орчимд Э.Э, Ц.Б, Г нарын хамт доошоогоо мод услахаар мотор асаачихаад эргээд байрлаж байсан амбаар руу явсан. Замдаа Б, Г нар хоорондоо маргалдаж байсан шиг харагдаж байсан ба Э түрүүлээд орсон. Араас нь Б, Г нар орсон. Би гадаа үлдсэн. Би гадаа байсан тул болсон үйл явдлыг хараагүй ба дотор маргалдаж байгаа юм шиг чимээ сонсогдохоор нь би дотогш ороход Э нь “Б миний хөл рүү хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Г.Тийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Б намайг мах эвдэж байхад амбаарт орж ирээд ууртайгаар “алаад өгнө өө” гээд хашгираад байсан. Тэгээд гал тогооны хэрэгсэл хийдэг цаасан хайрцагнаас хутга аваад эргэхэд ард нь Э зогсож байсан. Э “боль, хэрэггүй” гэж хэлэхэд нь зүүн гуя руу нь хутгаар 2 удаа дүрчихсэн. Надад өмд нь урагдаад шир хийх чимээ сонсогдсон...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Д.Нн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэртээ сууж байтал нэгнийгээ хутгалчихлаа гэхээр нь очоод харсан. Миний хүү Мөнхбат цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Д.Сгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүүхэдтэй ирсэн болохоор байшингийн гадаа байж байхад Б ах Ганбаа ахтай муудалцаад байсан юм. Б ах Ганбаа ах 2 юу гэж маргалдаж байсныг сонсоогүй. Талбай дээр чанга дуугараад байсан. Тэгээд хүмүүс амбаар дотор хүмүүс орсны дараа хэсэг хугацааны дараа Б ах хутга бариад гүйхэд амбаараас гараад ирэхээр нь хүмүүс барьж зогсоосон...” гэх мэдүүлэг[6],
7. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Э.Эийн биед зүүн төмсөг хуйхнаг, зүүн гуянд хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],
8. Яллагдагч Ц.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би мах эвдэж байтал хажуугаас Э “ингэж мах эвддэг юм уу?” гээд өдөөд байхаар нь би “зүгээр байгаач, яах гээд байгаа юм” гэж хэлэхэд улам хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд, бас архи уугаад халчихсан байсан тул цаасан хайрцагнаас хутга аваад Эийг айлгах гэж байгаад нэг мэдэхэд түүнийг 2 удаа хатгасан байсан...” гэх мэдүүлэг[8],
9. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол[9], 10. Яаралтай тусламжийн хуудас[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15], 16. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[16], 17. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын санал[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Бгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Э хавтаст хэргийн материалтай танилцахдаа шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, ажлын хэсгийн хажууд “хортия” гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эовогт Цгийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ц.Бд анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, ажлын хэсгийн хажууд “хортия” гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ