| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0060/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/74 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/74
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт А*******ны *******д холбогдох эрүүгийн 2031000720060 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1981 оны 09-р сарын 11-нд Баян-Өлгий аймгийн Хашаат суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6-р баг *-р хэсэг **-р байр ** тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* ******* овогт А*******ны *******д, РД:/*******/,
Шүүгдэгч ******* нь: 2020 оны 01-р сарын 12-ны шөнө 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багийн нутаг дэвсгэрт иргэн *******гийн эзэмшлийн ******* СЭҮ улсын дугаартай “Тоёота стимо” маркийн авто машины бүхээгийн зүүн, баруун шил, салхины урд шил, зүүн баруун толийг чулуугаар цохиж хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч ******* нь 2020 оны 03-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Надад гэр бүлийн шалтгаан байсан учраас 2020 оны 02-р сарын 11-ний орой найзуудтайгаа пиво уусан байсан болохоор тэр уурандаа, машины цонх, шил хагалсан юм. Тэрнээс надад анхнаасаа хүний эд хөрөнгөд хохирол учруулъя, гэсэн санаа зорилго байгаагүй. Дөнгөж хүүхэд минь төрөх үед нөхөр маань өөр эмэгтэй хүнтэй нийлээд салаад явчихсан болохоор энэ асуудал надад сэтгэл санаа бие махбодид хүртэл маш хүчтэй цочрол өгсөн. Тэгсэн тэр орой *******гийн машин байрны гадаа байсан учир машиныг эвдлэх болсон. Надад *******гийн автомашиныг эвдэлж гэмтээснээрээ ямар нэгэн ашиг хонжоо байхгүй, эмэгтэй хүн бухимдаж уурласан, уураа л тухайн өдөр машинд нь гаргасан. ...Би автомашины цонх, шил толийг хагалахдаа байрны урд газар байсан чулуунуудыг авч шидэж, цохиж хагалсан. Өөр ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Би ганцаараа автомашиныг эвдэж гэмтээсэн. Надад тусалсан хүн байхгүй. Би тухайн үед бага зэрэг пиво уусан байсан. Би согттолоо пиво хэрэглээгүй, би өөрийн хийсэн үйлдлээ сайн санаж, мэдэж байна. Батсуурь миний цээж рүү түлхэж газар унагаагаад машинд суулгана гээд чирсэн, бас нүүр маажсан, цохиж зодсон зүйл бол байхгүй. Би Батсуурийг цохиж зодсон зүйл байхгүй. Биед нь гар хүрсэн зүйл байхгүй. Би учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй. Би учирсан хохирол төлбөрийг төлөхгүй. Яагаад гэвэл надад энэ 460,000 төгрөгийг төлөх ямар ч боломж байхгүй, би лангууны түрээс, банкны өр, байрны мөнгө, хажуугаар нь гэр орны хоолны мөнгө зэрэг маш их хүндрэлтэй байна. Би 04-07 насны бага насны хүүхдүүдтэй. Хуулийн байгууллага шийдвэрлэх байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р ху/,
2.Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны шатанд өгсөн: Тэр өдөр би ажлынхантайгаа гадуур гарахаар болж Батсуурийг “хоёр хүүхдээ манайд ирээд хараад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд орой иртэл хүүхдүүдээ аваад гэрлүүгээ явчихсан байсан. Тэгээд хүүхдүүд аваад явчихлаа гээд уурлаад “хүүхдүүдийг мтнь аваад ир” гэхэд аваад ирсэн. Тэгэхээр уурласандаа гадаа зогсож байсан машиныг нь тоосгон чулуу зэргээр эвдэж сүйтгэсэн. Батсуурь надад “би машин авсан” гэж хэлж байсан болохоор тэр машиныг Батсуурийн машин л гэж бодсон.Батсуурь манай 2 хүүхдийн аав бөгөөд надаас салаад Энхмаа гэгчтэй суугаад гэрээсээ явсан. Бид салаад арай 2 жил болоогүй байгаа. Түүнээс биш Энхмаад ямар нэгэн өш хонзон санаагүй. Машиныг нь эвдэлсэн хохиролыг төлж барагдуулахаар хохирогчтой тохирсон. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. гэв.
3.Хохирогч *******гийн 2020 оны 02-р сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний нэр дээр ******* СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Эстимо” маркийн авто машин байдаг. Өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард “Энт Финанс” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байгаа. Би нөхөр Батсуурийн хамтаар амьдардаг. Батсуурь өмнө ******* нэртэй эхнэр 2 хүүхэдтэй байсан. Эхнэр хүүхдээсээ салаад надтай амьдраад 4 жил гаран болж байна. Энэ хугацаанд миний машиныг Батсуурь унаж хэрэглэдэг, дундын өмч байсан. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад Батсуурь нь орой 22 цаг өнгөрч байхад гарч яваад эргэж ирэхдээ хүүхдүүдтэйгээ ирсэн. Гэртээ байхад хуучин эхнэр болох ******* нь залгаад ”хүүхдүүд аваад ир” гэсэн юм шиг байна лээ, утсаар ярьж байгаад эргээд хүүхдүүдээ хувцаслаад гараад явсан. Явахдаа машинтайгаа явсан. Орой 00 цаг өнгөртөл гэртээ ирэхгүй байхаар нь гайхаад хараад хүлээгээд байж байтал 00 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр үед машины гадна хэсгүүд болох толь, багаажны 2 талын шил, цонх, хаалганы цонхнуудад сэв суусан байсан. Ямар учиртай талаар асуух үед хуучин эхнэр болох ******* нь машиныг нь чулуугаар цохиж, чулуу шидэж шилийг нь хагалсан талаар хэлсэн. ******* нь намайг салсан нөхөртэй нь суусан болохоор дургүй байдаг байх гэж бодож байна. Тийм ч учраас нь миний машиныг эвдэлж гэмтээсэн гэж бодож байна. Энэ миний машин гэдгийг мэдэж байгаа, тэгээд л хагалж, гэмтээсэн. Тэрнээс өөр *******тэй миний хувьд өс хонзон маргаантай асуудал байхгүй. ******* намайг хангалттай л доромжилдог, миний машиныг эвдэлчихээд санаа зовсон зүйл байхгүй байгаад гайхаж байна. ******* СЭҮ улсын дугаартай “Эстимо” маркийн авто машин миний эзэмшлийнх гэдгийг ******* сайн мэдэж байгаа. Тийм ч болоод эвдэлж, гэмтээсэн гэж бодоод байна, зориуд санаатайгаар. Би тээврийн хэрэгслийг унаж хэрэглэхийг зөвшөөрсөн, бид 2-н дундын өмч болохоор хэн боломжтой, завтай үедээ унаж хэрэглэдэг. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл засаж янзалж, хагалсан шилнүүдийг сольсон, харин хаалганы шилний сэвүүд арилдаггүй юм байна лээ. Дархан-Уул аймаг руу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр засуулахаар авч явсан. Засвар үйлчилгээний мөнгө гэж нийтдээ 460,000 төгрөг болсон. Энэ талаар баримт гэхийн бол 270,000 төгрөгийн шил, 2 толь-80,000 төгрөг, арын багаж шил-60,000 төгрөг, солиулж хийсэн гээд 10,000 төгрөг, бензин-40,000 төгрөг, нийтдээ 460,000 болсон. Эд ангиудыг аль болох хямдхан авч солиулж, хүнээс гуйж байгаад авсан болохоор баримт байхгүй. Энэ бүх зардлыг өөрөөсөө төлсөн *******ээс нэг ч төгрөг надад өгөөгүй. Миний хувьд дээрх гарсан төлбөрийг нэхэмжлэх хүсэлтэй байна, хэрвээ энэ мөнгийг төлж чадахгүй гэвэл хүүхдийн мөнгөнөөс нь суутгаад авчихъя гэж бодож байна. Батсуурь 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгдөг болохоор 2-3 сарын мөнгө өгөхгүй бол энэ төлбөртөө шингээгээд төлөгдчихнө. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р ху/, ,
4.Гэрч Б.Энхжаргалын 2020 оны 02-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Энт финанс” ХХКомпаний хувьд ******* СЭҮ улсын дугаартай “Тоёота Эстимо” маркийн автомашин манай байгууллагын нэр дээр барьцаанд байгаа боловч манай байгууллагын зүгээс эрүүгийн хэрэгт, иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй гэж бодож байна. Энэ тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь ******* өөрөө болохоор тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг өөрөө нэхэмжлэг гэж бодож байна. Иймд манай байгууллагаас гарган өгсөн албан бичгийн хүлээн авна уу гэж хүсэх гэсэн юм. Удахгүй энэ хүний зээлийн төлөлт нь дуусах гэж байгаа үлдэгдэл төлбөр нь 700.200 төгрөгийн зээл байгаа, сарын төлөлт хувиарын дагуу сар бүр явагдаж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,
5.Гэрч Н.Батсуурийн 2020 оны 02-р сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуучин эхнэр ******* над руу 15 цагийн үед утас руу мессеж биччихсэн байсан бөгөөд тэр мессеж нь “Би хөдөө хүмүүстэй архи ууж байна, очиж амжихгүй шүү 2 хүүхдээ хараарай” гэсэн мессеж байсан. Ингээд гэртээ байж байхад орой 22 цаг өнгөрч байхад том хүү болох Эрхэс залгаад “Ааваа айгаад байна, гэртээ дүү бид 2 байна” гэж ярьсан юм. Тэгэхээр нь *******ийг гэртээ ирээгүй юм байна гэж бодоод, эхнэр Энхмаагийн машиныг аваад хуучин амьдарч байсан захын арын янгир цайны газрын хажуугийн байранд очиж хүүхдүүдээ авсан. Хүүхдүүдээ аваад гэртээ ирээд байж байтал удалгүй ******* над руу залгаад ”Хүүхэд авчирч өг, хүүхэд хулгайлсан хэргээр цагдаад өгнө” гэх мэт зүйл яриад утасны цаанаас хашгираад, орилоод байсан, ******* согтуу гэдэг нь мэдэгдэж байсан. Тэгэхээр нь хүүхдүүдээ хувцаслаад Энхмаагийн ******* СЭҮ улсын дугаартай “Эстимо” маркийн автомашин хуучин гэр рүүгээ очсон. Гэр рүүгээ орох гээд байрны орц руу орох үед ******* надтай шатан дээр зөрсөн. Би ч юм бодоогүй хүүхдүүдээ гэр рүү нь оруулж өгөх гээд явсан. Хүүхдүүдээ гэрт нь оруулаад хувцсыг нь тайлж байхад гадаа хүчтэй түс, тас гээд чимээ гараад байхаар гарч харсан чинь ******* машины урд салхины шил, багажний цонх хагалсан байсан. Машин руу чулуу шидээд зогсож байсан. Тэгэхээр нь би машинаа унаад явах гэсэн чинь нөгөө талын цонх хагалсан. Би машинаас буугаад *******тэй маргалдаж байх үед цагдаагийн алба хаагч ирсэн. *******тэй хувийн өс хонзон, маргалдаж, муудалцах шалтаг, шалтгаан байхгүй. Миний хуучин салсан эхнэр, *******ээс салаад 4 жил гаран болж байгаа. ******* бид хоёр, 2 хүүхэдтэй. Намайг салаад өөр хүнтэй гэр бүл болсонд уурласан байх гэж бодож байна. Тэрнээс өөр би энэ хүнтэй маргалдаж, муудалцах ямар ч шалтгаан байхгүй. Би энэ талаар нь мэдэхгүй байна, тухайн үед ******* нэлээн согтуу байсан, уурласан, бухимдсан, над руу орилж хашгираад байсан. Яагаад зөв зүгээр байсан машины шил толийг эвдлэх болсныг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/,
6.Гэрч П.Наранцэцэгийн 2020 оны 02-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******тэй найзалж, нөхөрлөөд 7 жил болж байна. Нэгнийгээ сайн таньж мэднэ. Манай найз нөхөр хүүхдийн хамт амьдардаг байсан боловч нөхөр болох Батсуурь нь хүүхдүүдийг нь бага нялх байхад нь хаяад явчихсан юм. Өөр хүнтэй гэр бүл болсон залуу байдаг. Одоо ******* өөрөө нялх хүүхдүүдээ хараад ажлаа хийгээд амьдралын төлөө явж байгаа эмэгтэй. Их эелдэг зөөлөн зан ааштай, хүнд их тусархуу, найзархаг, хөгжилтэй эмэгтэй. Манай найз их сэтгэлийн тэнхээтэй, энэ их сэтгэлийн дарамт шахалтыг давж чадаж байгаа эмэгтэй. Хүүхэд нь нялх байхад хаяад явдаг нөхөр хүний хань гэж байхуудаа бодоод үзэлдээ, маш их дарамт хэцүү байгаа. Сэтгэлийн дарамт, сэтгэлийн шаналлаасаа болоод хүний машин тэрэг эвдэлсэн гэж бодож байна. Тэрнээс ******* нь хүний эд хөрөнгө устгаж гэмтээх хүн биш. Би *******ийн хийсэн үйлдлийг сайн ойлгож байгаа. Одоо хүүхдүүдээ сайхан өсгөж яваа эмэгтэй хүн, өөрсдийн гэсэн орон сууцанд амьдарч, ажил гэр гээд л яваад байгаа ажилсаг. Найз нөхөд олонтой, хүмүүс их ам сайтай байдаг. Нөхөр нь салаад 4 жил болж байна. Олон улсын худалдааны төвд лангуу түрээсэлж ажилладаг, өрхийн орлого нь лангуу, лангуу нь орлого байхгүй бол энэ гэр бүл мөнгө байхгүй гэсэн үг. Энэ бүх зүйлийг аймаар тэсэж, тэвчиж байгаа эмэгтэй бол манай найз ******* юм. Та бүхэн бас бодоод үзээрэй эмэгтэй хүнд маш их хэцүү, дарамт шаналалтай байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
7.Гэрч Б.Мөнх-Учралын 2020 оны 02-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******тэй найзалж нөхөрлөөд 14 жил болж байна. Энэ хүний зан чанар нь хүнд их тусархуу, хүнтэй эвсэг найрсаг харилцаатай, даруу төлөв зантай. Найзалж нөхөрлөхөд түшиг тулгууртай, эелдэг ааштай. Элдэв муу зуршил зан ааш, зан үйл гэж огт байхгүй. Нөхөр болох Батсуурь нь салаад явсан, одоо 2 хүүгийн хамтаар амьдардаг бөгөөд, хүүхдүүд нь бага насны. ******* нь Олон улсын худалдааны төвд хувиараа лангуу түрээсэлж ажилладаг. Ахуй амьдралын хувьд амьдрах гэж яваа өрх толгойлсон эмэгтэй хүн. Ажилсаг хөдөлмөрч, дайчин эмэгтэй гэж найзыгаа боддог. Хүүхэд нь нялх байхад нөхөр нь өөр хүнтэй суугаад явчихаар ямар ч эмэгтэй хүнд маш их хэцүү байх нь ойлгомжтой. Тийм ч учраас хүний машин тэрэг эвдэлсэн гэж ойлгож байна. Одоо хүүхдүүдээ өсгөөд чадах чинээгээрээ л амьдарч байгаа эмэгтэй хүн. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хүн болсон хойно хааяа нэг ууж идэх зүйл байх. Тэгэхдээ миний найз ухаантай эмэгтэй энэ бүх зүйлийг даваад гарч чадаж байгаа. Сэтгэл санааны хувьд маш их хэцүү байгаа, хүүхдүүдийг нь нялх байхад салаад явчихсан. Маш хэцүү сэтгэлийн дарамттай байгаа. Сарын хүүхдийн төлбөр гээд тэр мөнгийг нь хүртэл хуучин нөхөр болох Батсуурь хэл ам болж төлдөг, заримдаа бүүр төлдөггүй, би сайн найз нь учир *******ийн амьдралын сайн мэдээд байна.Байнга л гэр оронгоор нь орж гардаг. Аль болох сэтгэлийн дэм тус болох гэж хичээж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,
8.Гэрч Ш.Солонгын 2020 оны 02-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******тэй найзлаад 9 жил болж. Нөхөр нь салаад явсан өрх толгойлсон эмэгтэй, зан байдлын хувьд бол шударга зантай, хэлье гэсэн зүйлээ айх ичих зүйлгүй хэлчихдэг. 2 хүүхдээ өсгөж яваа эмэгтэй хүн, хувиар зах дээр лангуу түрээслэн ажиллуулдаг. Сарын орлого гэхийн бол лангуунаасаа л ашиг олох байх. Өөр мөнгө төгрөг гэх зүйл байхгүй, хүүхдүүд нь бага насны хүүхдүүд. Ажилсаг, хөдөлмөрч зантай, ахуй амьдралын хувьд хэцүү санагддаг, нөхөр нь салаад явсан болохоор ямар ч дэм тус байхгүй, бид нар байнга л гэр оронгоор орж гардаг, аль болох нэгэндээ байгаа бүхнээ хуваалцаж, сэтгэлийн дэм тус хүргэхийг хичээж яваа. ******* өөрөө их сэтгэлийн хаттай, хатуужилтай. Энэ бүх зүйлийг маш тайвнаар хүлээж авч шийдэж чадаж байгаа. Мэдээж нөхөр нь хүүхдийг нь нялх хүүхэдтэй байхад орхиод өөр хүүхэнтэй явалдаад суучихсан болохоор маш хүнд байгаа. Надад хэлэхдээ ******* нь Батсуурьтай маргалдаж, машиныг эвдэлсэн гэж хэлсэн. Би бодохдоо *******ийн дотроо бодож явдаг сэтгэлийн буглаа нь гарсан болов уу гэж бодоод байна. Тэрнээс манай найзад хүний машин тэрэг эвдлээд явах хүн биш, тийм ч зан авир байхгүй. ******* олон зүйлийг тэвчиж өнгөрөөж явж байхад нь цагдаагийн газар шалгаад байгаад нь надад болон хэцүү л байна. *******д бүүр л хэцүү байгаа. Хүүхдүүдээ аль бол найз нөхдөөрөө сургууль, цэцэрлэгээр нь авахуулж харуулдаг. Энэ хүний амьдрал бол маш хэцүү байгаа гэдгийг бусад хуулийн хүмүүст ойлгуулж хэлэх гэсэн юм. Тэр нөхөр гээд байгаа Батсуурь нь огт гэр бүлээ тоохгүй, хаясан хүн ямар ч нэмэр байдаггүй. Энэ байдлыг *******ийн найзууд нь сайн мэдэж байгаа.Найзууд бид нар нь л амьдрал нь арай ойр байна. Хуулийн байгууллага энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,
9.Гэрч Д.Цэрэндуламын 2020 оны 03-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******ийг бага байх үеэс нь мэддэг, манайхтай хөрш айл байсан. Их даруухан, амьдралын төлөө зүтгэсэн эмэгтэй. Олон жил ханилсан нөхөр нь хүүхдүүдийг нь бага байхад хаяж явсан уур бухимдал нь гарсан байх гэж бодож байна. Олон улсын худалдааны төвд миний эсрэг талын лангууг түрээслэн ажилладаг бөгөөд хүнтэй их эвсэг найрсаг харилцаатай, хүүхдүүдээ өсгөж өдрийн хоол ундыг нь хийж өгч өдөр, орой гэлтгүй завгүй ажилладаг. Ахуй амьдралын хувьд хүнд ганц бие өрх толгойлсон эмэгтэй, байрны лизинг төлдөг, хүүхдийн хоол унд, хувцас хунар, түрээсний мөнгө зэрэг асуудал ихтэй, туслаад дэмжээд өгөх хүн байхгүй, салсан нөхөр нь хүүхдүүдийнхээ тэтгэмжийг төлж барагдуулдаггүй гэсэн. Аль чадах чинээгээрээ ажиллаж хөдөлмөр байгаа, хүнээс гуйхгүй чадахаар л ажилладаг бүсгүй. Элдэв муу зуршил, үг яриа байхгүй, хүн болгонтой адилхан эрх тэгш харьцдаг. Манай зах дээр лангуу түрээсэлдэг хүмүүс бүгд л ам сайтай байдаг, аль чадахаараа нэгэндээ сэтгэлийн болон бие эд материалаар туслахыг хичээцгээдэг. Би холбогдсон талаар нь бодохдоо эмэгтэй хүний олон жил бухимдсан, хуримтлагдсан уурандаа л машиных нь цонхыг хагалсан байх. Салсан нөхөр нь шинэ суусан эмэгтэйгийнхээ машиныг унаж ирсэн гэсэн. Хөндлөнгөөс харахад бол *******ийн ахуй амьдрал хэцүү. Хүүхдүүд нь бага насны бөгөөд, хичээл сургууль нь амарсан болохоор гэртээ хүүхдүүдээ цоожлоод ажиллаа хийж байгаа, өдөр очиж хоол цайг нь хийж өгөөд зах дээр ирээд, орой ажил тараад гэртээ харьж байна. Нүдэн дээр *******ийн амьдрал харагдаж байна. Хуулийн байгууллага энэ хүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөсэй гэж хүсэх гэсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,
10.Хөрөнгө үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 02-р сарын 12-ны өдрийн 588 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
| 1 | Бүхээгний шил /баруун | Их | 90.000 | Солих |
| 2 | Бүхээгний шил /зүүн/ | Их | 90.000 | Солих |
| 3 | Салхины шил /урд/ | Их | 180.000 | Солих |
| 4 | Хавтас толь /баруун/ | Их | 20.000 | Солих |
| 5 | Хавтас толь /зүүн/ | Их | 20.000 | Солих |
| 6 | Будах зардал | Бага | 0 | Ажлын хөлс |
|
| Шууд зардлын дүн: |
| 400.000 |
|
|
| ||||
|
| 10гр будаг, тус-мат, лак | Өнгө гаргах | 0 | Материалын үнэ |
|
| Эд анги солих |
| 60.000 | Ажлын хөлс |
|
| Тэнхлэг тохируулах |
| 0 | Ажлын хөлс |
|
| Шууд бус зардлын дүн |
| 60.000 |
|
|
| Нийт дүн |
| 460.000 |
|
...гэх дүгнэлт, /хх-ийн 35-р ху/,
11.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02-р сарын 14-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.*******ийн биед, хамар, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх зүйл нь мохоо зүйлийн хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 43-44-р ху/,
12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-08-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 24, 69-74-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 35-37, 43-44-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 39-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 40, 45-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 04-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 55-р ху/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 56- р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь: 2020 оны 01-р сарын 12-ны шөнө 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багийн нутаг дэвсгэрт иргэн *******гийн эзэмшлийн ******* СЭҮ улсын дугаартай “Тоёота стимо” маркийн авто машины бүхээгний зүүн, баруун шил, салхины урд шил, зүүн баруун толийг чулуугаар цохиж хагалж 400.000 төгрөгний хохирол учруулж “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ийн гэмт үйлдлийн улмаас *******гийн эзэмшлийн ******* СЭҮ улсын дугаартай “Тоёота стимо” маркийн авто машины бүхээгийн зүүн, баруун шил, салхины урд шил, зүүн баруун толийг чулуугаар цохиж хагалж 400.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй гэж мэдүүлж байгаа мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өрх толгойлсон ганц бие эмэгтэй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д учруулсан хохирлоо 2020 оны 9, 10 сард хуваан төлөхөөр тохиролцсон тохиролцож бичгээр гэрээ хийсэн болохыг болон энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.5-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт А*******ны *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ******* овогт А*******ны *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй
3. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******д учруулсан хохирлоо 2020 оны 9, 10 сард хуваан төлөхөөр тохиролцсон тохиролцож бичгээр хийсэн гэрээний дагуу төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН