Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0526

 

2022.07.28-ны өдөр 221/МА2022/0526

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    “Х” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан,

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Б.С, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нар

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Хариуцагч: Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.С, Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0935/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х” ХХК нь Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С нарт холбогдууланСангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нээхмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамнаас гаргуулж, илүү төлсөн 140400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрээр уудалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаартай дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэсэн Сангийн сайдын 2021 оны 213 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т “Төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан. Сангийн сайд худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас ирүүлсэн дүгнэлттэй танилцахад “Т” ХХК нь тендер шалгаруулалтад шалгарах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтын огноог засварласан болох нь тогтоогдсон бөгөөд холбогдох этгээд нь үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх илт худал мэдээлэл бүхий тендер журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж зааснаар Сангийн сайд тушаал гаргах хууль ёсны нөхцөлийг бүрдүүлсэн байсан.

3.3. Шүүхийн шийдвэрт худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн УБ/32 дугаартай дүгнэлттэй холбоотой ганцхан үндэслэлээр маргаан бүхий хоёр захиргааны актыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ба Сангийн сайдын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнээгүй атлаа хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас Сангийн сайдад ирүүлсэн дүгнэлт, түүний танилцуулгаас үзэхэд “Х” ХХК нь түүнчлэн “М” ТББ-ын албан бичгийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, улмаар ажилтандаа хариуцлага хүлээлгэхээр иргэний журмаар нэхэмжлэл гаргасан байдаг ба энэхүү нөхцөл байдалд Сангийн сайдыг захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэх боломжгүй.

3.4. Түүнчлэн шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлан маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосон нь тусгайлсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “өрсөлдөх тэгш боломжтой, ... хариуцлагатай байх” зарчмыг нэхэмжлэгчийн үйлдэл зөрчсөн болохыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн Б.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Шүүхийн шийдвэрээр худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаартай дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэсэн Сангийн сайдын 2021 оны 213 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн явдал болоод байна. Шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ ганцхан л үндэслэлийг үндэслэл болгосон нь Үндэслэх нь хэсгийн 7-д “Нэхэмжлэгчийн тендертээ хавсаргасан уг албан бичигт “Барилга угсралтын БА-5.1 “зөвшөөрөлтэй гэж тусгагдаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг тэмдэглэгээ байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч уг хяналт шалгалтыг хийхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй” гэсэн байна.

4.2. Маргаан бүхий захиргааны акт болох худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны УБ/32 дугаартай дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад зааснаар “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн”-ийг тогтоосон дүгнэлт бөгөөд тухайн компани Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендер шалгаруулалтад оролцох тендертээ ирүүлсэн илт худал мэдээлэл нь түүний тендер дэх “М” ТББ-ын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20/02/553 тоот гэх албан бичгээр илэрдэг. Тус тендер шалгаруулалтын захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам нь дээрх тоот албан бичгийг “Х” ХХК тендертээ ирүүлсэн болохыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн бөгөөд энэхүү албан бичгийг ирүүлсэн тухайгаа нэхэмжлэгч ч мөн маргадаггүй.

4.3. Тус хуурамчаар үйлдсэн “М” ТББ ын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20/02/553 тоот албан бичигт /дараах илт худал мэдээлэл, үйл баримтыг тодорхойлон ирүүлсэн байхад шүүхээс тусгай зөвшөөрлийг л хуурамчаар үйлдээгүй бол бусад мэдээллийг илт худал мэдээлэл гэж үзэхгүй мэт дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарласан явдал байна.

4.4. Тус компани нь “Х ХХК /РД:00000/ нь Барилга угсралтын 2.1.6 буюу БА-5.1 заалтыг нэмэлтээр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн ирүүлсэн. Тус төрийн бус байгууллага нь материалыг хянан судалж дээрх нэмэлт зөвшөөрлийг олгох талаар холбогдох хурлаар оруулж зөвшөөрөл олгох шатандаа явагдаж байгааг үүгээр тодорхойлж байна” гэх албан бичигт дурдсан үйл баримт худал болохыг улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ярьж байгаа шиг “М” ТББ-д хүсэлт өгсөн гэх нэг ч нотлох баримт гаргаж өгч чаддаггүй. Түүнчлэн дээрх 20/02/553 тоот албан бичиг нь хуурамч болохыг шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хариуцагчийн төлөөлөгчийн “Та БА5.1 тусгай зөвшөөрөл авахаар материалаа өгсөн юм уу ?” гэсэн асуултанд “Материал өгөөгүй” гэдгээ тодорхой хариулсанаас дүгнэж болно (шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь тал). Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу тодорхой төрлийн тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаагүй байхад нь хурлаар оруулахаар шийдвэрлээд, тэр бүү хэл “Тухайн компанийн материалыг хүлээн аваад судалж байна” гэх агуулгаар Зам, тээврийн хөгжлийн яаманд хаягласан албан бичиг үйлдэхгүй болох нь илэрхий байхад шүүх тухайн компанийн илт худал мэдээл бүхий тендер ирүүлснийг зөвтгөж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн явдал гэж үзэж байна.

4.5. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх явцад нэхэмжлэгч компаниас бичгээр ирүүлсэн тайлбар болон сонсох ажиллагаанд оролцсон тэмдэглэлд өөрийн ажилтныг хуурамч албан бичиг үйлдсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн ба миний зүгээс түүнээс гадна “М” ТББ-аас дээрх албан бичгийн талаар дахин тодруулж, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 21/699/Т3 албан бичгийг хүлээн авсны үндсэн дээр дүгнэлт гаргасан байхад шүүх дүгнэлтийг “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.6. Шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд БА-5.1 тусгай зөвшөөрлийг авахаар материал ирүүлсэн гэх 20/02/553 тоот хуурамч албан бичиг нь яг бодитой тусгай зөвшөөрөл биш тул илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа ч дээрх албан бичиг нь тухайн компанийг холбогдох тусгай зөвшөөрөлтэй гэж үнэлэхэд хүргэсэн нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас шүүхэд хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 05/1536 дугаартай албан бичгийн 3 дугаар хавсралт дахь “Тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нөхцөл” гэдгээс илэрхий харагддаг. Тус тайлбарын 3-т захиалагч “Х Б Э” ХХК-ийг дээрх БА-5.1 тусгай зөвшөөрөлгүй гэдэг үндэслэлээр татгалзсан байдаг хэрнээ мөн адил энэхүү тусгай зөвшөөрөл байхгүй “Х” ХХК-ийн тендерээс татгалзахдаа Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн 6-1/5784 дугаар албан бичгээр тогтоогдсон үндэслэлээр л тухайн компаниас татгалзсан байгаа нь “М” ТББ-ын хуурамч албан бичгийг тусгай зөвшөөрөлтэй адилтган үзсэн болохыг тодорхой харуулж байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн шийдвэр гаргаад байна.

4.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч  Х” ХХК нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

3.2. Маргаан бүхий УБ/32 дугаар дүгнэлтээр “Х” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Х” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад хүргүүлсэн, Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалаар тендерт оролох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах этгээдийн жагсаалтыг хавсралтаар баталсан, уг жагсаалтад 16-д “Х” ХХК багтжээ.

3.3. Маргааны үйл баримтаас үзвэл Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019-2020 онд ЗТХЯ/202003081 дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтийн аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-I Барилга”-ын тендерт нэхэмжлэгч “Х” ХХК оролцож гэрээ байгуулах эрх авсан боловч “М” ХХК-иас “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн” гэх агуулга бүхий гомдол гаргаснаар тендерийг дахин үнэлж, тус компанийн тендерээс татгалзсан байна.

3.4. Нэхэмжлэгчээс уг тендерт оролцохдоо “М”ТББ-ын 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20/02/553 дугаартай “ “Х- ХХК /РД:0000000/ нь Барилга угсралтын 2.1.6 буюу БА-5.1 заалтыг нэмэлтээр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн ирүүлсэн болно. Тус төрийн бус байгууллага нь материалыг хянан судалж дээрх нэмэлт зөвшөөрлийг олгох талаар холбогдох хурлаар оруулж зөвшөөрөл олгох шатандаа явагдаж байгааг үүгээр тодорхойлж байна” гэх албан бичгийг хавсарган ирүүлсэн байх боловч тус байгууллагын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21/699/ТЗ дугаар албан бичгээр “20/02/553 дугаар албан бичиг, тодорхойлолтыг олгоогүй” талаар мэдэгджээ.

3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэхээр, 14.5-д зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлэхээр, 521 дугаар зүйлийн 521.2.1-д зааснаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч мөн хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах эрхтэй байна.

3.6. Дээрх байдлаар “М” ТББ-ын 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20/02/553 дугаар албан бичгийг “Х” ХХК-д олгоогүй болохоо илэрхийлсэн байхад анхан шатны шүүх “... 20/02/553 дугаар албан бичигт “ “Х” ХХК барилга угсралтын БА-5.1 зөвшөөрлийг авсан” талаар дурдаагүй байх тул “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” гэж заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь зүйд нийцэхгүй.

3.7. Учир нь ийнхүү тендерийн баримт бичигт “20/02/553” дугаар албан бичгийг ирүүлснийг нэхэмжлэгч нотолж чадаагүй, тус байгууллагаас энэ албан бичгийг олгоогүй байгаагаас үзвэл “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” гэж үзэхээр бөгөөд хариуцагч улсын байцаагч УБ/32 дугаар дүгнэлтээр “Х” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад хүргүүлсэн, мөн Сангийн сайд 213 дугаар тушаалаар тендерт оролох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд “Х” ХХК-ийг оруулсныг буруутгах үндэслэлгүй, хариуцагч нарын үйл ажиллагаа нь дээрх хуульд заасантай нийцсэн байх тул маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

3.8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг харьцуулж хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х” ХХК-ийн “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.С, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                             Д.ОЮУМАА

 

            ШҮҮГЧ                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

            ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН