| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0103/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/107 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгч Ц.Г, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т овогт Ц-ийн Г, О овогт Н-ийн Б нарт холбогдох 2016000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Г, Н.Б нар нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн ***** гудамжинд маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г-ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оны 10 сарын 28-ны өдөр Н.Б ахтай хоршооны дэлгүүрийн гадаа таараад 1 шил би пиво аваад Н.Б ахаар 1 шил архи авхуулаад явж байтал Б.Б гэх хүнтэй таараад сумын төвийн зүүн хойд талд Н.Б, Б.Б, бид 3 гарсан. Лаазтай пиво задлаад Б.Б бид хоёр 3 пиво хувааж уусан. Тэгээд дахиад дэлгүүр ороод 2 шил архи би аваад Б ахынд очоод 1 шил архийн би өгөхөд Б ах лаазтай архи буцааж задалсан. Б.Б бид хоёр архинаас уусан. Н.Б архи уугаагүй. Тэгээд байж байтал гаднаас Ч орж ирээд Н.Б надад хандан машины чинь дугуйны хий гарсан байна архи уугаад байгаа юм уу гэж асуухад уугаагүй гэж хэлж байсан. Н.Б гараад машины дугуйндаа Ч хий нэмүүлээд гэртээ Н.Б-ийнд Б.Б, бид 3 очсон. Тэгээд Б.Б, Н.Б нарын хамт 3 шил архи хувааж байгаад, 1 шил архиа аваад урд талын хашаанд байх Ц.Б-ийнд ороод 1 шил архиа уусан. Буцаж Н.Б-ийнд орж ирээд үлдсэн архи аа ууж байхад манай эхнэр Ү, М нар орж ирсэн. Та нар архи аа боль амар гэж хэлчхээд гараад явсан. Удалгүй Н.Б ах бид хоёр маргалдаж эхлээд гэрээс гарснаа санаж байна. Би Н.Б ахыг хавсарч унагааснаа санаж байна. Бусад зүйлийг санахгүй байгаа юм аа... Архи их уусан болохоор юунаас болж маргалдсаныг санахгүй байгаа... Н.Б цохисныг санахгүй байна. Цохисноос болж миний толгойн зүүн тал хавдаж хөхөрсөн байсан... Б их архи, пиво уусан учир согтуу байсан. Н.Б 2 шил архи 0.5 литрийн архи Б.Б бид хоёртой хувааж уусан учир согтуу байсан... Би Н.Б-тай урьд өмнө огт хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би Н.Б-тай хуурай ах дүүгийн холбоотой... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж байна, Н.Б уучлалт гуйсан. надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдээ бичгээр хийж өгсөн...” гэх мэдүүлэг/ХХ81-82,/
Шүүгдэгч Н.Б-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 10 сарын 28-ны өдөр хоршооны дэлгүүрийн гадаа Ч-гийн хамт нүүрс буулгаж байхад манай ах Б ирээд машины түлхүүр өг гээд миний машины түлхүүр авсан. Тэгээд байж байтал Г гэх залуу ирээд надад хандан та 1 шил архи аваад өгөөч гэхээр би дэлгүүрээс 1 шил архи авч өгсөн. Тэгэхэд Ц.Г дэлгүүрээс 3 лаазтай пиво авсан байсан. Тэгээд сумын төвийн зүүн хойд талд Б.Б, Г бид 3 гарсан. Лаазтай пиво задлахад би уугаагүй. Б.Б, Ц.Г хоёр 3 пиво хувааж уусан. Тэгээд Г дахиад дэлгүүр ороод 2 шил архи аваад Б ахынд очоод 1 шил архийн Г өгөхөд Б ах лаазтай архи буцааж задалсан. Г, Б.Б хоёр архинаас уусан. Би архи уугаагүй. Тэгээд байж байтал гаднаас Ч орж ирээд надад хандан машины чинь дугуйны хий гарсан байна архи уугаад байгаа юм уу гэж надаас асуухад би уугаагүй гэсэн. Би машины дугуйндаа Чоор хий нэмүүлээд гэртээ Б.Б, Г нарын хамт машинаа унаж очоод Ц.Б-д машиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгээд Б.Б, Г нарын хамт 3 шил архи хувааж уусан. 1 шил архиа аваад урд талын хашаанд байх Ц.Б-гийнд ороод 1 шил архиа уусан. Буцаж манайд орж ирээд үлдсэн архи ууж байхад Г-н эхнэр Ү, М нар орж ирсэн. Та нар архиа боль амар гэж хэлчхээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа Ц.Г бид хоёр маргалдаж эхлээд манай гэрээс гарсан. Ц.Г намайг хавсарч унагахаар нь босож ирэхэд дахин хавсарч унагаагаад миний дээр гарчхаад нүүр амруу шороо хийгээд байсан. Тэгэхээр нь би тийчилж байгаад босч ирээд Гомбыг тонгорч унагаагаад толгой руу нь 2 удаа цохисон. Архи их уусан болохоор юм ярьж байгаа л маргалдаж эхэлсэн...Ц.Г намайг 2 удаа хавсарч унагаасан. Шороогоор нүүр үрээд байсан учир уруул, баруун нүдний дээд доод зовхи, доод уруул баруун өвдөг зулгарсан байсан...Би Ц.Г-ыг тонгорч унагаагаад бөгжтэй гараараа толгойруу 2 удаа цохисноос болж Ц.Г-ын толгойны зүүн талаас цус гарч байсан... Ц.Г их архи, пиво уусан учир согтуу байсан. Би Ц.Г, Б.Б нар 2 шил архи 0.5 литрийн архи хувааж уусан учир согтуу байсан...Би Ц.Г-той урьд өмнө огт хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би Ц.Г хуурай ах дүүгийн холбоотой...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж байна, Ц.Г-с уучлалт гуйсан. надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр хийж өгсөн......” гэх мэдүүлэг /ХХ83-84,/
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед би хоршооны дэлгүүрийн хажууд явж байгаад Н.Б, Г хоёртой тааралдсан. Тэгээд бид 3 уулзаад юм ярьж байсан чинь Г пиво гаргаад ирэхээр нь би уухгүй гэж хэлсэн Тэгсэн Г тэгвэл би 2 ахдаа архи авч өгнөө гэж хэлээд дэлгүүр лүү явж ороод 2 шил архи аваад гараад ирсэн. Тэгээд дэлгүүрийн хажууд задлаад уух гэхээр нь би энд ууж болохгүй айлд очъё гэж хэлсэн. Тэгээд бид 3 Б ахын гэрт очсон тэгсэн Г дэлгүүрээс авсан архинаасаа нэг шил ЭКС нэртэй 0.75 литрийн архийг Б ахад өгсөн. Тэгээд бид 3 Б ахынхаас гарах гэсэн чинь гаднаас Б ахын хүүхэд Ч орж ирээд та нар архи уугаад байна уу гэхээр нь бид нар уугаагүй гэж хэлсэн. Тэгсэн Б ах та нар энийг уух газраа очоод уучих гэж хэлээд төмөр савтай архи өгсөн. Тэгээд явах гэсэн чинь Н.Б-ийн машины хойд талын дугуй хий нь гарсан байдалтай байсан тэгэхээр нь Н.Б, Ч-р хий тавиулсан. Тэгээд бид 3 Н.Б-ийн хашаанд очсон. Тэгээд машинаас бид 3 нэг нэг шил архи аваад Н.Бийн гэр орсон. Тэнд Н.Б машиныхаа түлхүүрийг Б-д өгсөн. Тухайн үед Б Н.Б-ийн хашаан байсан юм. Тэгээд бид 3 Н.Б-ийн гэрт нэг шил архи уучхаад дараа нь Б ахынд орж Б ахын өгсөн төмөр савтай архийг бид 3 хувааж уусан юм. Б ах ганц нэг хундага архи уусан байх бид 3 ихэнх архийг нь хувааж уучхаад буцаад Н.Б-ийн гэрт ороод үлдсэн архиа задалж уусан юм. Би тухайн үед үлдсэн архийг ууж байх хооронд хэсэг хугацаанд унтсан байсан. Тэгээд нэг сэрээд харсан чинь би гэрт ганцаараа гадаа Н.Б газарт унасан дээр нь Г суусан байсан тэгсэн Н.Б дороос нь тийчилсээр байгаад мултарч аваад зугтсан тэгэхээр нь би гэрт орж шанагатай ус авч ирж Г-ын толгой дээр нь ус хийж өгч цусыг нь арилгуулсан. Тэгсэн урдаас Б ах ирсэн тэгээд би Б ах Н.Б Г бид 4 хойшоо Г-ыг хүргээд өгөх гэсэн чинь Г би Д-гийнд орно гээд хамар хашаанд Д-гийнд орсон Тэгсэн Г Д-гийнд ороод Д-тэй бага зэрэг хэрүүл маргаан хийсэн. Тэгээд бид хэд Д-гийнхээс гараад би шууд гэртээ ирсэн...Г согтуу архи үнэртэж байсан Н.Б архи уугаагүй байсан. Тэгээд бид 3 нийлээд 3-н шил архи хувааж уусан. Би тухайн үед Н.Б-ийн гэрт бага зэрэг унтсан болоод уусан архи бага зэрэг гарсан дунд зэрэг согтолттой байсан. Н.Б болон Г 2 согтолт нь дунд зэрэг байсан. Би тухайн үед болсон явдлыг бүгдийг нь мэдэж байна...Би Н.Б-ийн гэрт 3 дахь архи задлаад ууж байх хооронд би унтсан байсан тэгээд нэг сэргээд харсан чинь гадаа Н.Б Г нар хоорондоо зодолдсон байдалтай байсан...Намайг гэрээс гарч ирэхэд Н.Б-ийн дээр Г сууцан Г-ын толгойн зүүн тал нь хагарсан байдалтай улаан цус их гоожсон байсан. Н.Б-ийн нүүр нь нилэнхүйдээ улаан цоохор цус болсон байдалтай харагдсан. Тэр хоёр миний хажууд зодолдоогүй би тэр хоёрын зодолдохыг хараагүй... Бид 3-н хажууд архи ууж байхад хүн байхгүй байсан. Урд хашаанд Б ахын гэрт орж төмөр савтай архи уухад Билэгээ ах эхнэртэйгээ хамт байсан өөр хүн байхгүй байсан... Г Н.Б хоёр дээр дороо орсон байж байхад А эгч дээд хашаанаас ирж боль гэж салгасан өөр хүн байхгүй байсан...Г-ын толгой зүүн тал нь хагарсан байсан. Н.Б-ийн нүүр энд тэндгүй шалбарсан байдалтай улаан хүрэн юм харагдсан. Өөр зүйл надад харагдаагүй...” гэх мэдүүлэг /ХХ48-49/,
Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би гэрийнхээ хашаан дотор нүх ухаад байж байсан чинь манай доод хашаанд согтуу бололтой хүмүүс дуугараад байсан. Тэгээд би ухаж байсан нүхнээсээ гарч ирээд хашааны үүдэн дээрээс харсан чинь Г Н.Б-ийн дээр нь гарсан байдалтай гараараа цохиод хөлөөрөө өшиглөж байсан тэгэхээр нь би явж очоод Гомбыг бос гэж хэлсэн чинь Н.Б-ийн дээрээс босохгүй газраас шороо атгаж аваад ам руу нь 2 удаа хийсэн. Тэгэхээр нь би Г-ыг чи болиоч наадах чинь тархи толгойны өвчтэй хүн гэдгийг та нар мэдэж байгаа шүү дээ гэж хэлсэн. Намайг тэгж хэлсэн чинь Г Н.Б-ийг босгоод дахиад газарт толгойгоор нь унагасан. Тэгээд би дахиад болиоч гэж хэлсэн. Г Н.Б хоёр газарт унасан байж байгаад босож ирсэн. Тухайн үед Б.Б хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй байна миний нүдэнд үзэгдэхээр нь чи явж ус авчирч энэ хоёрын нүүр амыг нь угаалга гэж хэлсэн чинь Б.Б ус авчирч тэр хоёрын толгой болон гар дээр нь ус хийж өгсөн. Тэгээд би тэнд жоохон зогссон чинь тэр хоёр гайгүй сэргэсэн байдалтай болохоор нь би гэртээ орсон. Би өөр зүйл мэдэхгүй байна... Би хашаанаас гарч хажууд нь очсон... Би Н.Б Гомбыг цохиж зодож байхыг хараагүй. Г Н.Б-ийн дээр гараад Н.Б-ийн ам руу шороо хийж байхад Г-ын толгойноос цус гоожсон байсан... Н.Б, Б.Б Ц.Г бид 4 байсан өөр хүн байгаагүй... Г-ын толгойноос цус гарч байсан өөр ил харагдах шарх сорив байхгүй байсан... Н.Б-ийн нүүр их шалбарсан бололтой цоохортоод улаан эрээн нүүр нь цус их гарч байсан мөн уруул нь бага зэрэг хавдсан байдалтай байсан...Эхлээд Н.Б-ийн хашаанд согтуу хүмүүс дуугараад байсан дараа нь Н.Б-ийн хашааны үүдэн дээр зодолдсон...” гэх мэдүүлэг /ХХ58-59/,
Гэрч Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Ц.Г 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Эрүүл мэндийн төв дээр ирж надад биеийн байдлаа үзүүлсэн. Толгой нь дагзны зүүн талд 1.5 см гүнтэй 8 см урттай үзүүртэй зүйлээр цохиж хагалсан байдалтай зүсэгдсэн шарх байсан... Их согтолттой байсан... Асуусан асуултад хариулж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ56/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр “...1. Иргэн Н.Б-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байна..
2. Иргэн Н.Б-ийн биед уруулын зүүн буланд шар, баруун нүдний доод зовхи, хамар, баруун шанаа, зүүн хацар, уруулын зүүн булан, доод уруулын доод тал, доод уруулын зүүн тал баруун өвдгөнд зулгаралт, зүүн буйлны дотор салстад цус хуралт, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ66-67/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр “...1. Иргэн Ц.Г-ын эрүүл мэндэд хохирол учирсан байна.
2. Иргэн Ц.Г-ын биед дагзны зүүн талд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ72-73/,зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн *** сумын ***** багийн ***** гудамжинд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн Н.Б-тай маргалдан зодолдож хавсарч унагаан нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь уруулын зүүн буланд шарх, баруун нүдний доод зовхи, хамар, баруун шанаа, зүүн хацар, уруулын зүүн булан, доод уруулын доод тал, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Б согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн *** сумын **** багийн **** гудамжинд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн Ц.Г-той зодолдож хавсарч унагаан толгойн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь дагзны зүүн талд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар харилцан зодолдох үедээ бие биенийхээ эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ц.Г, Н.Б нарыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Ц.Г, Н.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын торгох ял оногдуулах саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Н.Б нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн Г, О овогт Н-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Н.Б нарыг 450/дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Н.Б нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ц.Г, Н.Б нарт сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА