Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

 

         Д.Цд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Байгалмаа,

шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч М.Түмэннаст,   

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч М.Түмэннастын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Цд холбогдох 1711005960278 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Хорин хоёрынхон овгийн Д.Ц, Завхан аймгийн Улиастай суманд 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам зүтгүүрийн депод машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Го-парк, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 105 дугаар байрны 121 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: .........................../

 

Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гандирс” хотхоны хажууд Д.Үыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Цийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 2 сарын хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 4-нд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Цээс 2,970,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Үад олгуулж, хохирогч Д.Ү цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч М.Түмэннаст давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Д.Ц нь хохирогч Д.Үад яаж, ямар хэлбэрээр зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, гэмтэл учруулсан талаар прокурор яллах дүгнэлтдээ, мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо огт дүгнэлт хийгээгүй. Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” хотхоны хажууд хохирогч Д.Үын араас нь нуруу, бөгс хэсэг рүү нь 1 л удаа жийсэн бөгөөд харин хохирогч Д.Ү нь эргэж харж зипо асаагуур барьсан гараараа түүнийг 2-3 удаа гараараа цохьсон байдаг бөгөөд өмгөөлөгчийн зүгээс Д.Ц хохирогчид уг гэмтлийг учруулаагүй, харин хохирогч зипо асаагуур барьсан гараараа цохих явцдаа уг гэмтлийг авсан учир Д.Цийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, түүнийг цагаатгах байр суурьнаас шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн. Гэрч Б.Мөнхтуулын “Д.Ү гэдэг залуутай юм яриад зогсч байхад надтай хамтран амьдарч байсан Д.Ц баруун урд талаас гарч ирээд араас нь жийсэн юм. Д.Үыг жийхээр нь хойшоо ухраад “чи хэн юм бэ, хүн андуураад байгаа юм уу” гэж асуухад Д.Ц “Мөнхтуулын нөхөр нь байна” гэж хэлсэн. Тэгж хэлээд тэр хоёр бие биенээ заамдаж аваад Д.Ү Д.Цийг баруун гараараа хоёр удаа цохиж харагдсан... Би тухайн үед Д.Үын баруун гарын дээд булчин хэсгээс нь түшээд зогсч байсан юм. Тэгээд зогсч байтал Д.Ц хойноос нь бөгсөн хэсэг рүү өшиглөсөн юм. Д.Ц Д.Үын баруун гар луу нь өшиглөж цохиж зодсон зүйл болоогүй. Д.Ү Д.Цийг заамдаад зогсч байхдаа баруун гараараа 2-3 удаа Д.Цийн нүүр лүү нь цохиж байсан” /хх-18/, гэрч Э.Анхтуулын “Би Д.Үаас яасан юу болсон гэж асуухад би Мөнхтуултай юм яриад зогсч байхад хажуу талаас энэ залуу үсэрч орж ирээд над руу дайраад өшиглөө гэж хэлээд баруун гараа үзүүлсэн. Би баруун гарыг нь хартал алганы яс хэсэг нь дээшээгээ товоогоод хавдчихсан байсан. Би яаж байгаад гараа ийм болгочихвоо гэж асуухад найз нь зипо асаагуур атгачихсан байсан юм. Би зипо гэж юу юм бэ гэж асуухад төмөр асаагуур барьж байгаад хоёр цохьчихсон. Д.Цийн дух нь байхгүй болчихсон байхаа гэж хэлсэн” /хх-20/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Д.Цийн биед доод уруулын салтад язрал гэмтэл учирчээ” гэх №11406 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Д.Ү нь Д.Цийг зипо асаагуур барьсан гараараа цохих явцдаа гартаа хүндэвтэр зэргийн гэмтэл авсан болох нь нотлогдож байгаа.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Ө.Сарангэрэл “Д.Үын биед учирсан гэмтэл нь өшиглөх, цохих аль алинд үүсэх боломжтой” гэж /хх-31/ мэдүүлсэн атлаа шүүх хуралдаанд зөвхөн өшиглөх үед үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг өгч эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон. Хэрэв Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” хотхоны хажууд Д.Үыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзвэл ганцхан хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй бөгөөд шинжээчийн мэдүүлэг нь харилцан зөрүүтэй байгаа. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй, тухайн гэмт хэрэг нь ямар арга хэлбэрээр үйлдсэн талаар дүгнээгүй буюу хэрэв гэм буруутай гэж үзсэн бол хохирогчид гэмтлийг ямар хэлбэрээр зодож үүсгэсэн талаар огт дүгнээгүй, зодож л гэж тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байдлаар дүгнэлт хийсэн.

Мөн гэрч Б.Мөнхтуул, Э.Анхтуул, №11406 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн зөрүүтэй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хэрхэн хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас дүгнэсэн эсэх нь тодорхойгүй ба өмгөөлөгчийн үндэслэл болгож байгаа дээрх нотлох баримтуудыг болон санал дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцээгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар 3.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг” тусгана гэж заасан.

Анхан шатны шүүхээс хохирогчид ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны цалин 2,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь дутуу нотлох баримтад үндэслэсэн. Хохирогчийн гаргаж өгсөн ажлаас чөлөө авсан болон цалингийн тодорхойлолт гэсэн баримтуудаар хохирогч үнэхээр 2,500,000 төгрөгийн цалин авч байсан эсэхийг гүйцэд нотолж чадаагүй бөгөөд эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, мөн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон үндэслэлээ тодорхой зааж өгөөгүй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах талаар зохицуулсан. Гэтэл хохирогч зөвхөн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байхад шүүхээс эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах хуулийн заалтыг баримтад шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Д.Цийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Э.Анхтуул, Б.Мөнхтуул нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн гарыг нь өшиглөж гарын алганы ясыг зөрүүтэй хугарал учруулах замаар хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь нотлон тогтоогдсон. Өмгөөлөгч нотлогдоогүй гэж яриад байна. Тухайн цаг үед болсон асуудал нь Д.Ц “эхнэрийгээ хардаж очоод, араас нь явж байхдаа өшиглөсөн” үйлдлээ хэлдэг. Энэ талаар хохирогч, гэрч нар мэдүүлдэг. Гартаа зипо буюу төмөр асаагуур атгасан талаар яригддаг. Зипо буюу төмөр асаагуур гартаа атгаад цохиход ийм гэмтэл учрах уу гэдгийг мэргэжлийн эмчээр танилцуулахад хохирогчийн алганы өргөн яс хугараад гадна талд нь гэмтэл учирсан. Мөн ясны хугарлыг хадах эмчилгээ хийгдсэн байдаг. Энэ нь гаднаас илүү хүчтэй үйлчлэл буюу өшиглөх замаар үүснэ гэдгийг шинжээч эмч тодорхой мэдүүлж, дүгнэлтдээ тодорхой тусгасан. Ийм учраас Д.Цийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Гэм хор учруулсан, эмчилгээний зардалтай холбоотой ажилгүй байх хугацааны цалинг шүүх хохирогчийн гаргасан баримтын хүрээнд шийдвэрлэж, үүнийг нэхэмжлэх эрхтэй талаар дурдасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэж шүүгдэгч Д.Цийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж бичсэн учраас шийтгэх тогтоол хууль зүйн шаардлага хангасан. Эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцөл байдал шийтгэх тогтоолд үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, Д.Цд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Прокуророос Д.Цийг “2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гандирс” хотхоны хажууд Д.Үыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд 35 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Цийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

- гэрч Б.Мөнхтуулын “... Д.Ү гэдэг залуутай юм яриад зогсч байхад надтай хамтран амьдарч байсан Д.Ц баруун урд талаас гарч ирээд араас нь жийсэн... Д.Ү, Д.Цийг баруун гараараа хоёр удаа цохиж харагдсан... би тухайн үед Д.Үын баруун гарын дээд булчин хэсгээс нь түшээд зогсч байтал Д.Ц хойноос нь бөгс хэсэг рүү нь өшиглөсөн. Д.Ц Д.Үын баруун гар луу нь өшиглөж цохиж, зодсон зүйл болоогүй... Д.Ү Д.Цийг заамдаад зогсч байхдаа баруун гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохиж байсан...” /хх-18/ гэсэн мэдүүлэг,

- гэрч Э.Анхтуулын “... Би Д.Үаас юу болсныг асуухад “Мөнхтуултай юм яриад зогсч байхад хажуу талаас энэ залуу үсэрч орж ирээд өшиглөсөн” гэж хэлээд баруун гараа үзүүлсэн... Би “яаж байгаад гараа ийм болгочихов” гэж асуухад “зипо асаагуур атгачихсан байсан юм” гэсэн. “Зипо гэж юу юм” гэхэд “төмөр асаагуур барьж байгаад хоёр цохьсон юм. Д.Цийн дух нь байхгүй болсон байх аа” гэж хэлсэн...” /хх-20/ гэсэн мэдүүлэг,

- яллагдагч Д.Цийн “... машинаас нэг залуу гарч ирээд манай эхнэртэй дотно харилцаатай харагдаж байсан. Миний уур хүрээд тэр хоёрыг цаашаа явж байхаар нь залуугийн араас нь хөлөөрөө /хонго хавьцаа/ жийсэн... залуу эргэж хараад “чи юун хүн бэ” гээд надтай маргалдаад заамдаад авсан. Тэгэхээр нь би “Мөнхтуулын нөхөр нь байна” гэхэд миний уруул, дух хэсэгт нэг удаа гараараа цохьсон...” /хх-35-36/ гэж тус тус мэдүүлжээ.      

Хохирогч, гэрч нарыг байцаахдаа хуульд заасан үндэслэл журмыг баримталсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалбал хохирогч Д.Үад учирсан баруун гарын алганы 4 дүгээр яс их биеэр зөрсөн хугарал /хх-23/ гэмтэл нь шүүгдэгч Д.Цийн үйлдлээс бус, өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж дүгнэхээр байна.

 

Хохирогч Д.Ү өөрт нь учирсан гэмтэл шүүгдэгч Д.Цийн өшиглөсөн үйлдлээс болсон гэж мэдүүлдэг боловч үүнийг нотолсон баримт хэрэгт алга. Харин шүүгдэгч Д.Ц нь эхнэрээ хардаж хохирогч Д.Үыг араас нь хонго орчимд нь жийж өшиглөсөн бөгөөд баруун гарын сарвуунд хүрээгүй гэдгийг хамт байсан гэрч Д.Мөнхтуул, шүүгдэгч Д.Ц нар мэдүүлдэг. Хохирогч Д.Ү нь төмөр асаагуур атгаж байгаад Д.Цийн духанд цохьсон гэж өөрөө ярьсан нь гэрч Э.Анхтуулын мэдүүлгээр батлагдсан. Шинжээчийн 11406 дугаар дүгнэлтээр Д.Цийн биед доод уруулын язрал гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл цохих үед үүсч болохыг шинжээч Ө.Сарангэрэл үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч Д.Үад учирсан баруун гарын алганы 4 дүгээр ясны зөрсөн хугарал гэмтлийг хохирогч өөртөө учруулсан гэж үзэв.     

 

Иймд хохирогч Д.Үад учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Д.Ц учруулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Цийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Д.Цд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Цийг цагаатгаж, холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                   Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН