Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0847/З |
Дугаар | 221/МА2022/0538 |
Огноо | 2022-08-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2022/0538
2022.08.04-ний өдөр 221/МА2022/0538
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 390 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 128/2021/0847/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б-гээс шүүхэд хандан “Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Б-ийг албан тушаал бууруулах тухай” Б/391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаарлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 390 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.3, 45.2, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн “... Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Б-ийг албан тушаал бууруулах тухай” Б/391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Д.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдлийг тогтоосон баримт, нотолгоо байсаар атал түүнийг үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.2. Учир нь нэхэмжлэгч Д.Б нь улсад нийт 24 жил, төрийн албанд 20 жил 9 сарын хугацаанд ажилласан бөгөөд үүнээс татварын албанд 13 жил 11 сарын хугацаанд тус тус ажилласан төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч юм.
3.3. Гэтэл түүнийг Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалаар “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тасгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас бууруулж, тус тасагт татварын улсын байцаагчаар томилсон. Д.Б-ийн зүгээс дээрх эсуудалтай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу зохих ёсоор гомдлоо холбогдох байгууллагад гаргасан.
4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд арван дөрөв дэх хэсэгт “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...”, Эрүүгийн хуулийн 1.3 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж тус тус заажээ.
4.1. Гэтэл Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэсгийн мөрдөгч бусдыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоодог субьект биш байхад Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлийг үндэслэн албан тушаалыг нь бууруулсан байдаг. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.3. 45.2-т заасныг үндэслэсэн байдаг.
4.2. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” , 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” 45.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” , 45.1.3-д “хуульд заасан бусад үндэслэл”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ алөан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.1-д “сануулах”, 48.1.2-д “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.1.3-д “төрийн албанаас халах” 48.1.4-д “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 48.1.5-д “хуульд заасан бусад” гэж тус тус заажээ.
4.3. Нэхэмжлэгч Д.Б нь хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг болон ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлэн ажиллаж байсан болохыг огт тогтоогоогүй, мөн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин маань тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болоогүй, “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэх хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй, хангалттай тогтоогдоогүй байхад албан тушаалыг нь бууруулсан нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
4.4. Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гараагүй, хэрэгт хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба дээрх гэмт хэргийг үйлдээгүй, тухай асуудал нь Д.Б-ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд үүссэн, тухайн үед тэрээр төсвийн хөрөнгийг захиран заруулах эрхтэй этгээд биш байсан тул зохих шатны прокурорт гомдлоо гарган хянуулж байгаа.
4.5. Мөн тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангах эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж, тогтоогоогүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан бичиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл байхгүй байхад үндэслэлгүйгээр ажил, албан тушаалыг нь бууруулсан. Татварын ерөнхий газрын дарга нь захиргааны акт, түүнийхээ үндэслэлийг бүрэн нотолж чадалгүй тушаал гаргасан байдаг.
5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараа тусгай зарчмыг баримтлахаар 4.1.2-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдбын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, бололцоог нь хангах” зарчмыг тус тус баримтлахаар тусгайлан зохицуулсан, мөн хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.
5.1. Гэтэл Татварын ерөнхий газрын дарга дээрх тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй, нэхэмжлэгчтэй тохиролцох, зөвшилцөх шаардлагыг биелүүлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шинжлэн судлалгүйгээр албан тушаалыг нь бууруулж шийдвэрлэсэн.
6. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 390 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Б-ээс “Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Б-ийг албан тушаал бууруулах тухай” Б/391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаарлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцсэн байна.
3. Маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Б-ийг албан тушаал бууруулах тухай” Б/391 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзээд нэхэмжлэгчийг албан тушаалаас нь бууруулж, ... тус татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт татварын улсын байцаагчаар томилжээ.
3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Шагнал урамшуулал олгох тухай” А/90 дүгээр тушаалаар нэр бүхий 17 хүнд нийт 107,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгож, уг тушаалын хоёрт Д.Б-т 20,000,000 төгрөгийг олгосон, ингэж олгосныг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссарын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” мөрдөгчийн мэдэгдэлд “... мөнгийг олгох эсэхийг шийдвэрлэсэн гэх 2018 оны 12 дгуаар сарын 18-ны өдрийн 15 дугаар хурлын тэмдэглэлийг Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Б нь хуурамчаар үйлдэж дэмжлэг үзүүлж, ... их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн” гэж дурджээ.
3.2. Аливаа төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх нийтлэг үүрэгтэй бөгөөд албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглодог болно.
3.3. Тухайлбал, Авлигатай тэмцэх газраас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, зохих этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичих эрхийн хүрээнд 2018 оны “Шагнал урамшуулал олгох тухай” А/90 дүгээр тушаалтай холбоотойгоор өөрийн чиг үүргийн хүрээнд зөрчлийн шалтгаан, нөхцөл болон түүнийг арилгах тодорхой арга хэмжээний талаар мэдэгдэл, зөвлөмж хүргүүлснийг буруутгахгүй. Тиймээс шалгалтаар албаны бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн зэрэг нь “гэмт хэрэг” мөн эсэхэд дүгнэлт өгөх эрхтэйгээс гадна зөвхөн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлагдахгүй, өөрөөр хэлбэл гомдлыг хянан шалгах явцад өөр бусад зөрчил илэрсэн ч гомдолд дурдаагүй учраас шалгахгүй гэж үзэхгүй юм.
3.4. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн холбогдогч Ж.Г, Д.Б нарын эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран хариуцагч захиргааны байгууллагаас “107,000,000 төгрөгийн урамшуулал хэлбэрээр олгосон” шалтгаан нөхцөлийг арилгахтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлж, улмаар маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг албан тушаалаас бууруулсныг буруутгах боломжгүй юм.
3.4. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолбор”-ыг гэж тодорхойлж, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд “Авлигатай тэмцэх газар”-аас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэйг мөн хуулийн 6 дугаар зүйлд тодорхойлсон бөгөөд энэ хуулийн хүрээнд хариуцагч Татварын ерөнхий газрын даргаас холбогдох хариу өгч, маргаан бүхий Б/391 дүгээр тушаалаар Д.Б-ийг албан тушаалаас нь бууруулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч бусдыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоодог субьект биш байхад ... 34 дүгээр тэмдэглэлийг үндэслэн албан тушаалыг бууруулсан” гэх гомдлоор маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3.5. Мөн маргаан бүхий актыг гаргахаас өмнө Татварын ерөнхий газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Д.Б-ийн албан тушаалыг бууруулах шийдвэр гаргах талаар сонсох ажиллагааг явуулж, тайлбар авсан нь “Сонсох ажиллагаа явуулсан тухай мэдэгдэл”-д нэхэмжлэгч гарын үсэг зурж, тайлбар өгсөн нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн” гэх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.
3.6. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дүгээр сарын 23-ны өдрийн 390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН