| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Ж.М-О, түүний өмгөөлөгч З.А,
шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Ю.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Х-ын Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019002480147 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймаг Сайхандулаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нутгийн удирдлага мэргэжилтэй, мал малладаг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг “Улаан шороот” гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоо Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 329-2 тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд;
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2017/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ж овогт Х-ын Э /РД:ЕЗ87021510/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 2 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 329 дүгээр байрны 2 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Ж.М-О-ыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж пудволкных нь захаар хоолойг нь боож, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохисон, мөн баруун гуя орчимд нь өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь зулгаах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч Ж.М-О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Манай нөхөр Х.Э шөнө хоёр цагийн орчимд гэртээ согтуу орж ирсэн, гэнэт уурлаад миний араас татаж подволкоор боож дээрээс дарж хэвтсэн, боож унагаад миний толгой хэсэг рүү цохисон, шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад цохисон. Миний хувьд гомдолтой байна, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны үед хүү М, охин А нарын хамт аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн 10 хоног эмчлүүлэхэд дөрвөн удаа эргэж очсон, тэгсэн хирнээ унага тамгалах найранд очсон байсан. Тэр үед Х.Э-н найз нь утсаар залгахад өөрөө утсаа авахад нь би хажуугаас нь “...наадах чинь намайг зодож, нүдээд байна” гээд чарласан, удалгүй найз нь буцаад ирэх үед Х.Э найзынхаа хажууд зодсон, би зодуулах үедээ жирэмсэн байсан, зодуулснаас болж урагт нөлөөлсөн зүйлгүй.” гэв.
Хохирогч Ж.М-Оын хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Манай нөхөр Х.Эрдэнэдалай шөнө хоёр цагийн орчимд гэртээ согтуу орж ирээд унтах гээд миний хажуугаар хэвтэж байснаа гэнэт уурлаад “...та нар хамаатан саднаараа дээрлэхлээ” гээд миний подволкны араас боож дээрээс дарж хэвтээд, би мултрах гээд хажуу харж зүтгээд байсан чинь подволк урагдаад арай гэж мултраад босох гэтэл араас ирээд боож унагаад дээрээс дарж хэвтээд баруун гараараа миний толгой хэсэг рүү зөндөө цохисон, мөн дараа нь шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиж унагасан. Тэгээд намайг “...утсаа аваад ах юм уу ээж рүүгээ залга” гээд “...би чамайг өнөөдөр ална, алчихаад шоронд явна, за юу” гээд өөдөөс дайраад байсан. Би гараас нь мултраад зугтах гэхээр үсдэж татаад эсхүл хоолойноос боож өөр рүүгээ татаж доошоо дараад гараа далайгаад намайг айлгаад байсан, мөн өмдний тэлээгээр ороолгож миний баруун гуя хөхөрсөн хөндүүр болсон. Миний хувьд гомдолтой байна, намайг удаа дараа зодож, бие болон сэтгэл санааны дарамтанд байлгадаг.” гэсэн мэдүүлэг /хх-9/,
“...Би 2020 оны 9 дүгээр сарын 10-ны үед хүү М, охин А нарын хамт аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарч ирэхэд манай нөхөр Х.Э нь гэртээ архи уусан шинжтэй, эмнэлэгт байх хугацаанд бидэнд хоол, цай зөөж өгөхгүй байснаас болоод маргалдсан тэгээд уурлаад гарч яваад 2-3 хоногийн дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө хоёр цагийн орчим найзтайгаа орж ирсэн, ...шөнө байсан тул Х.Э бид хоёр унтах гээд хамт орондоо ороод хэвтсэн, би буруу хараад хэвтэж байхад подволкны захаас татаад миний хоолойг боосон, тэгээд миний дээр гарч суучихаад гараараа хацар, шанаа орчим, толгой руу 3-4 удаа цохисон, зүүн гарынхаа шуугаар хоолой орчим дараад боосон...би ноцолдож байгаад арай гэж босоход үснээс татаж толгой доош дарчихаад байсан...арай гэж гэрэл асаатал, дахиж татаж унагаагаад үснээс зулгаагаад хоолой боогоод, надад цагдаа дуудах, зугтаах боломж байгаагүй. Гэтэл Х.Э-н утас дуугарсан, өөрөө утсаа аваад найз нь “...амарч байна, унт” гэж ярихаар нь би хажуугаас нь “...наадах чинь намайг зодож, нүдээд байна” гээд чарласан, удалгүй найз нь буцаад ирсэн. Найзыгаа ирэх үед Х.Э өмдний тэлээгээр намайг зодох гэж дайраад миний хөлийн баруун гуя орчим тэлээгээр хоёр удаа ороолгосон, нэг нь оносон, нэг нь цохиж оноогүй, гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Аяга, ус буцалгагч, дэр гэх зүйл авч над руу шидээд байсан. Найз нь “...би чамайг эхнэртэйгээ учраа ол, амар гэж хэлснээс биш эхнэр хүүхдээ айлгаж, зод гэж хэлээгүй” гээд аваад явахаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд Х.Э байхгүй байсан, “...дахиж ирвэл хаалгаа нээлгүй дуудлага өгөөрэй, бид гадуур ойр орчим байгаа эсэхийг шалгая” гээд явсан. Удалгүй Х.Э дахиад ирж хаалга балбасан, нээж өгөөгүй, “...би чамаас айж байна” гээд цагдаад дахиад дуудлага өгчихөөд байж байтал болконы цонхоор орж ирээд “...чи муу яасан том сэхчихсэн юм, та нарыг алнаа” гээд орилж хашхичаад байсан, би гарч зугтаах гээд хаалганы дэргэд байж байтал хүүхдүүдийнхээ өвөрт ороод унтаад өгсөн. Тэгээд цагдаа ирээд Х.Эрдэнэдалайг аваад явсан, би одоо 3 сартай жирэмсэн, зодуулах үедээ жирэмсэн байсан, зодуулснаас болж урагт нөлөөлсөн зүйлгүй, жирэмсний хяналтад үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-23-24/,
Х.Э-гийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр найз нартайгаа архи ууж, нэлээд согтсон...Намайг гэртээ ирэхэд эхнэр маань хүүхэдтэйгээ унтаж байсан...Эхнэр намайг хардаад бид дахиад муудсан, бид хоёр маргалдаж байхад манай найз Энхбаяр ирж намайг аваад гарсан...Би урьд өмнө нь эхнэрээ зодож байгаагүй, манай эхнэр намайг хардаад байдаг, тэгээд бид мууддаг. Эхнэр Ж.М-О-ын хоёр хацар руу гараараа цохисон, хөл рүү нь өшиглөсөн, би нэлээн согтсон байсан, өөрийн ухаантай, болсон явдлыг санаж байгаа...манай эхнэр надад хоёр сартай жирэмсэн гэж хэлж байсан болохоор эхнэрээ зодох үедээ жирэмсэн гэдгийг мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-11, 33-34, 49/,
Гэрч П.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн; “...Би сар өдрийг санахгүй байна. Х.Э над руу утсаар яриад “...найзыгаа хүргээд өгөөч” гэсэн. “Тэнүүн говь” зочид буудалд очиход танихгүй хүнтэй морь ярьцгаасан сууцгааж байсан. Би “...яаруу ажилтай явна” гээд Х.Э-г гэрт нь хүргэж өгчихөөд яваад өгсөн, удалгүй над руу дахиад яриад “...намайг ирээд аваадах” гэхээр нь би “..чи яав, гэр орондоо хонооч” гэхэд “...ирээд аваадах аа” гэхээр нь очсон, эхнэртэйгээ муудалцаад сууж байсан. Намайг харж байхад эхнэрээ нэг удаа алгадсан...Тухайн үед эхнэрийнх нь нүүр царай ямар байсныг нь анзаараагүй... санаа зовоод нүүр царай руу нь сайн хараагүй болохоор хаанаа яаж зодож, цохиулсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-36/,
Гэрч Д.О-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн; “...Би 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 2 цаг 05 минут орчимд “...манай нөхөр намайг зодоод байна” гэсэн дуудлагын дагуу очиход нөхөр нь байхгүй, ...гэр орны байдал аяга, таваг хагалсан, хувцас хунараа шидсэн, шкаф стенкны хаалга эвдсэн байдалтай, ...Ж.М-О-ыг харахад хоолой орчимд улайсан, нүд нь бүлцийсэн, улайсан, уйлсан, хүүхдээ тэврээд сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-33/,
Насанд хүрээгүй гэрч Э.М-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн; “...Аав, ээж хоёрыг хэрэлдэхийг мэдээгүй, унтаж байгаад сэрсэн чинь аав ээжийг зодсон байсан...ээжийн гэдэс рүү өшиглөсөн, нүүр лүү нь гараараа цохисон, үсдээд дарсан, тэлээгээр гэдэс рүү нь ороолгосон, хувцасыг нь урсан, боосон...би аавыг “боль” гээд хорьсон...Аав ээжийг зодоод ээжийн хоолой нь сөөчихсөн, нүүр нь хавдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-39-40/,
Иргэн Ж.М-О-ын 96464945 дугаарын утсаар өгсөн “...Манай нөхөр согтуугаар гэр орондоо ирчихээд намайг зодоод байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-6-8/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02/0272 дугаартай “...Ж.М-О-ын биед хатуу доргилт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хх-15/,
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Ж.М-О эмчилгээ хийлгэсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-16-17/,
“Агатова” өрхийн эрүүл мэндийн төвийн “...Ж-ийн М-О 36 настай, эмэгтэй, ...өрхийн эмчийн болон аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг. Жирэмсний 17-18 долоо хоногтой” гэсэн тодорхойлолт /хх-31/,
90900677 дугаарын утсанд ирсэн мессежүүд /хх-32/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-56/,
Дорноговь аймаг Сайхандулаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын “...Тус багийн иргэн Х овогтой Э нь ам бүл ганцаараа оршин суудаг. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу-56, үхэр-43, хонь-222, ямаа-514 нийт 835 толгой мал тоолуулсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-59/,
Шүүгдэгч Х.Э-гийн хувийн байдлыг тодорхойлсон Улс төрийн дээд боловсролын диплом болон дипломын хавсралтын хуулбарууд, өргөмжлөлүүд /хх-60-105/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-109/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-115/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-120/,
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-122-124/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 2 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 329 дүгээр байрны 2 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Ж.М-О-ыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж пудволкных нь захаар хоолойг нь боож, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохисон, мөн баруун гуя орчимд нь өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь зулгаах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Ж.М-О-ын “...миний хоолойг боосон, тэгээд миний дээр гарч суучихаад гараараа хацар, шанаа орчим, толгой руу 3-4 удаа цохисон, зүүн гарынхаа шуугаар хоолой орчим дараад боосон...би ноцолдож байгаад арай гэж босоход үснээс татаж толгой доош дарчихаад байсан...арай гэж гэрэл асаатал, дахиж татаж унагаагаад үснээс зулгаагаад хоолой боогоод, надад цагдаа дуудах, зугтаах боломж байгаагүй...Найзыгаа ирэх үед Х.Э өмдний тэлээгээр намайг зодох гэж дайраад миний хөлийн баруун гуя орчим тэлээгээр хоёр удаа ороолгосон, нэг нь оносон, нэг нь цохиж оноогүй, гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Аяга, ус буцалгагч, дэр гэх зүйл авч над руу шидээд байсан...зодуулах үедээ жирэмсэн байсан.” гэсэн,
гэрч П.Э-ын “...эхнэртэйгээ муудалцаад сууж байсан. Намайг харж байхад эхнэрээ нэг удаа алгадсан.” гэсэн,
гэрч Д.О-ийн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 2 цаг 05 минут орчимд “...манай нөхөр намайг зодоод байна” гэсэн дуудлагын дагуу очиход...гэр орны байдал аяга, таваг хагалсан, хувцас хунараа шидсэн, шкаф стенкны хаалга эвдсэн байдалтай, ...Ж.М-О-ыг харахад хоолой орчимд улайсан, нүд нь бүлцийсэн, улайсан, уйлсан, хүүхдээ тэврээд сууж байсан.” гэсэн,
насанд хүрээгүй гэрч Э.М-гийн “...аав ээжийг зодсон байсан...ээжийн гэдэс рүү өшиглөсөн, нүүр лүү нь гараараа цохисон, үсдээд дарсан, тэлээгээр гэдэс рүү нь ороолгосон, хувцасыг нь урсан, боосон...би аавыг “боль” гээд хорьсон...Аав ээжийг зодоод ээжийн хоолой нь сөөчихсөн, нүүр нь хавдсан байсан.” гэсэн мэдүүлгүүд болон
гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02/0272 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Ж.Мөнгөн-Оньс эмчилгээ хийлгэсэн тухай яаралтай тусламжийн хуудас, “Агатова” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Х.Э-гийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэрийнхээ эсрэг бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн төдийгүй “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Х.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ж.М-О нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Х.Э-г “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Э-гийн орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 175.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүгдэгч Х.Э нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгч Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Х-ын Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 175.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ