| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0007/э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, иргэний хариуцагч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Б-ийн М-д холбогдох эрүүгийн 2035000000191 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Х ургийн овогт Б-ийн М 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эх, хоёр дүүгийн хамт Увс аймгийн Түргэн сум, 2 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ..........-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.М нь өсвөр насны Б.Д-тэй бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Ногоон” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд хууль бусаар 1.754 метр куб нойтон шинэс мод бэлтгэн, 21-80 УВА улсын дугаартай Мазда титан загварын авто машинаар тээвэрлэж ойн экологи эдийн засагт 1’166’382 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000000191 дугаартай хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би Түргэн сумын засаг дарга Л.Б, хэсгийн төлөөлөгч А.А, Түргэн сум дахь сум дундын ойн ангийн инженер Б.Ц, жолооч Б.З нарын хамтаар Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутагт ойн хяналт шалгалтаар явсан юм. ...Тухайн газарт бид нар тайрсан модны хожуулыг тоолоход 120 гаруй ширхэг шинэ тайрсан шинэс модны хожуул байсан юм. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд уг мод бэлтгэсэн айлыг хайж тэр хавийн айлуудаар явж байгаад манай сумын 01 дүгээр багийн малчин Х.Б эгчийн Харагчин гэх газарт байх өвөлжөөнд нь очиход гэрийнх нь гадна их хэмжээний 6 метр орчим урттай нойтон шинэс модыг ойгоос тайрч авч ирээд гэрийн хажуу талд овоолсон байсан. Мөн гэрийн хажууд 17 ширхэг нойтон шинэс модыг газарт тойруулан малын хашаа барихаар нүх ухаж суулгасан байдалтай байсан. Мөн гэрийн баруун талд нь 18 ширхэг хуурай 4 орчим метр урттай түлээний мод тайрч авч ирсэн байдалтай байсан. ...Тэгээд бид нар Х.Б эгчийн гэрт ороод түүний хүүхэд болох Б.М-тай уулзаж тухайн моднуудыг хаанаас бэлтгэсэн болох, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад Б.М нь би уг моднуудыг өөрийнхөө дүү Б.Д-ийн хамт 2020 оны 11 дүгээр сарын 22-оос 23-ны өдөр нойтон шинэс модыг Ногоон гэх газраас бэлтгэсэн, түлээний 18 ширхэг модыг өвөлжөөнд буухаасаа өмнө буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Зүрхэн гэх газраас бэлтгэж ирсэн эрхийн бичиг аваагүй, аль алинд нь эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Б.Ц-ийн “...Тухайн газар бид нар тайрсан модны хожуулыг тоолоход 120 гаруй ширхэг шинэ тайрсан шинэс модны хожуул байсан юм. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд уг мод бэлтгэсэн айлыг хайж тэр хавийн айлуудаар явж байгаад Х.Б гэх айлын гэрийн гадна 6 метр орчим урттай их хэмжээний нойтон шинэс модыг ойгоос тайрч авч ирээд гэрийн хажуу талд овоолсон байсан. Мөн гэрийн хажуу талд нойтон шинэс модыг газарт тойруулан малын хашаа барихаар газарт нүх ухаж суулгасан байдалтай байсан. Мөн гэрийн хажууд 3 метрийн урттай тайрсан нойтон шинэс мод байсан ба модон дээр дружба хөрөө байсан юм. Тэгээд бид нар Х.Б эгчийн хүү Б.М-тай уулзаж тухайн моднуудыг хаанаас бэлтгэсэн болох, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад Б.М нь өөрийнхөө дүү Б.Д-тэй хамт 2020 оны 11 дүгээр сарын 22-оос 23-ны өдөр нойтон шинэс модыг Ногоон гэх газраас бэлтгэсэн уг модыг өөрийнхөө 21-80 УВА дугаартай автомашинаар явж бэлтгэж ирсэн. Ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Л.Б-ын “...Тэгээд бид нар Х.Б эгчийн хүү Б.М-тай уулзаж тухайн моднуудыг хаанаас бэлтгэсэн болох, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад Б.М нь өөрийнхөө дүү Б.Д-тэй хамт 2020 оны 11 дүгээр сарын 22-оос 23-ны өдөр нойтон шинэс модыг Ногоон гэх газраас бэлтгэсэн уг модыг өөрийнхөө 21-80 УВА дугаартай автомашинаар явж бэлтгэж ирсэн. Ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн юм. Тэгээд бид нар Б.М-ын гэрийн гадна байсан нойтон шинэс модыг тоолоход хураасан байсан нойтон шинэс мод нь 160 гаруй мод байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч А.А-ийн “...Б.М нь өөрийнхөө дүү Б.Д-ийн хамт 2020 оны 11 дүгээр сарын 22-оос 23-ны өдөр нойтон шинэс модыг Ногоон гэх газраас бэлтгэсэн, уг модыг өөрийнхөө 21-80 УВА дугаартай автомашинаар явж бэлтгэж ирсэн ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн. Тэгээд бид нар М-ын гэрийн гадна байсан нойтон шинэс модыг тоолоход хураасан байсан нойтон шинэс мод нь 160 гаруй мод байсан. Тэгээд уг моднуудыг Б.М-д “энэ моднуудыг хөдөлгөж болохгүй” гэж хэлчхээд бид нар цаашаа хяналт шалгалтыг үргэлжлүүлээд явсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Б.Н-ийн “...Манай ах Б.М нь 2020 оны 11 дүгээр сарын 22-оос 23-ны өдрүүдэд манай дүү Б.Д-ийн хамт малын өвөлжөө барих мод бэлдэхээр Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Ногоон гэх газраас өөрийн 21-80 УВА улсын дугаартай машинтай явж 3-4 метр урттай нарийн шургааг мод тайрч гэрийн гадна авч ирсэн юм. Уг мод бэлдэхдээ манай гэрийн дружба хөрөөгөөр тайрч бэлдсэн юм. Б.М Б.Д нар нь уг модыг 2 өдөр явж бэлтгэсэн бөгөөд Б.М ахын машинаар 2 удаа л мод зөөж авч ирсэн бөгөөд яг хэдэн ширхэг мод авч ирснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч С.Я-ын “...2020 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 07:00 цагийн орчим Б.М нь Овоон буланд байх манай гэрт өөрийнхөө цагаан өнгийн тэвшин дээрээ бүхээгтэй бага оврын ачааны машинтай уг машин нойтон нарийн шургааг мод аччихсан манай гэрт ирсэн юм. Тухайн үед би гэртээ эхнэр Н.Ц-ийн хамт хоёулхнаа байсан юм. Тэгээд Б.М нь манай гэрт орж ирээд надад энэ моднуудыг танай гадна буулгачихъя хавартаа ирж авч малын хашаа барьж авна гэж хэлээд манай гэрийн гадна өөрийнхөө бага оврын машинд ачиж ирсэн нэг портер модыг буулгачхаад машинтайгаа буцаад явсан...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч С.Э-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сумын төв дээр байхад над руу манай хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.А утсаар залгаад “Б.М-ын бэлдсэн моднуудаас тал мод нь Түргэн сумын 2 дугаар багт Овоон булан гэх газарт байх иргэн С.Я-ын гэрийн гадна байгаа юм байна. Би С.Я-тай утсаар ярилаа өчигдөр өглөө Б.М өөрийнхөө машинаар тал моднуудаа зөөгөөд Ядамжавын гадна буулгасан байна яаралтай очиж үзээд тухайн моднуудыг сумын төв рүү ачаад аваад ир” гэж хэлсэн юм. ...С.Я-ын гэрт очиход гэрийнхэн гадна малын хашааны хажууд шинээр тайрч бэлтгэсэн нойтон шинэс модыг хураасан байсан бөгөөд уг моднуудыг Б.М нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө уг моднуудыг өөрийнхөө 21-80 УВА машинд ачиж авч ирж буулгасан гэж С.Я хэлж байсан бөгөөд уг моднуудыг нэг бүрчлэн тоолоход 3 метр орчим урттай 90 ширхэг нойтон шинэс мод байсан...” гэх мэдүүлэг[7],
8. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай “...Уг мод бэлтгэсэн N 490 560 08.7, Е 0910 170 38.3, солбилцолд орших Ногоон гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. 2020 онд Түргэн сумын Ногоон гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй тул мод бэлтгэж болохгүй. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Шинэс мод байна. Мод нийтдээ 1.754 метр куб болж байна. Дээрх мод нь хэрэглээний мод байна. ...Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1’166’382 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуун наян хоёр/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт[8],
9. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 313 дугаартай “...Увс аймагт 2020 оны 12-р сарын байдлаар ахуйн хэрэглээнд ашиглаж байсан эд зүйлс болон Мазда титан /Mazda titan/ загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 8’303’000 /найман сая гурван зуун гурван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[9],
10. Шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн “...малын хашаа барих зорилгоор би 2020 оны 11 дүгээр сарын 22-оос 23-ны өдрүүдэд 2 хоногийн хугацаанд Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Ногоон гэх газар луу өөрийнхөө 21-80 УВА загварын машинтай өөрийн төрсөн дүү Б.Д-ийн хамт Ногоон гэх газарт очиж өөрийн Ямаха нэртэй дружба хөрөөгөөр тухайн ойгоос 120 орчим нойтон нарийн шинэс мод тайрч, төмөр сүхээр тайрсан моднуудаа цагаалж бэлдэж машиндаа ачиж Харагчин гэх газарт өвөлжөөндөө авч ирж буулгасан. ...2020 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө нь би Ногоон гэх газраас бэлтгэсэн нойтон шинэс модноос тал модыг нь өөрийн 21-80 УВА машинд ачаад өөрийн буух хаваржаа болох Түргэн сумын 2 дугаар багт байх Овоон булан гэх газарт аваачиж манай нутгийн айл болох С.Я-ын гэрийн гадна буулгасан...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг[10] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Ногоон” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд шүүгдэгч Б.М нь өсвөр насны хүн Б.Дтэй бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар 1.754 метр куб нойтон шинэс мод бэлтгэн, 21-80 УВА улсын дугаартай Мазда титан загварын авто машинаар тээвэрлэж ойн экологи эдийн засагт 1’166’382 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч Б.Ц, Л.Б, А.А, Б.Н, С.Я, С.Э нарын мэдүүлэг, Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М-ын 2020 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Ногоон” гэх газраас зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар 1.754 метр куб нойтон шинэс мод бэлтгэн, 21-80 УВА улсын дугаартай Мазда титан загварын авто машинаар тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.М нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэхдээ өөрийн төрсөн дүү Б.Д-тэй бүлэглэн гүйцэтгэсэн байх бөгөөд тухайн үед өсвөр насны хүн Б.Д нь 15 нас 10 сар 16 хоногтой байсан болох нь “Нас тоолсон тэмдэглэл[11]”-ээр тогтоогдож байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байсан тул өсвөр насны яллагдагч Б.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна[12]. Өөрөөр хэлбэл өсвөр насны яллагдагч Б.Д-ийн үйлдэл хэрэгсэхгүй болсон хэдий ч, гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж, бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1’166’382 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /1’166’382*3=/3’499’146 /гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөг байна. Үүнээс шүүгдэгч Б.М нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 1009000013040 тоот дансанд 1’166’382 төгрөг төлсөн болох нь Хаан банкны “банк хоорондын шилжүүлэг” баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.
Төлөгдөөгүй 2’332’764 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 1’166’382 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүн Б.Д-ийн эх буюу иргэний хариуцагч Х.Б-ээс 1’166’382 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж гэм буруугийн шүүх хуралдаанаас дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Х.Э-ийн “...Б.М нь зан аашны хувьд даруу, хүнд их тусархаг, одоо цагт тийм тусч хүн ховордсон бөгөөд хэнд ч гэсэн ядарсан хүнд тус хийж явахыг боддог ба хөдөө малаа маллаж дүү нарыгаа хүн болгох гээд зүтгэж яваа хүн юм...” гэх мэдүүлэг[13], иргэний хариуцагч Х.Б-ийн “...Б.М нь манай том хүү бөгөөд зан аашны хувьд даруу төлөв зантай, уур уцаар гэх зүйл байдаггүй, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, ...агсам согтуу тавиад байдаггүй, ажилсаг хөдөлмөрч зантай хүн. Багаасаа хөдөө мал дээр өссөн учраас мал маллахдаа гаргууд, морь мал уяж уралдуулах сонирхолтой хүн юм...” мэдүүлэг[14], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М Увс аймгийн түргэн сумын 2 дугаар багт эх, хоёр дүүгийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 8 сар хорих ял оногдуулах ...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.М нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.М-ын эзэмшлийн 8’253’000 төгрөгийн үнэ бүхий Мазда титан загварын 21-80 УВА улсын дугаартай автомашиныг, 45’000 төгрөгийн үнэ бүхий Ямаха загварын цахилгааны хөрөө нэг ширхгийг, 5’000 төгрөгийн үнэ бүхий төмөр иштэй сүх нэг ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 194 ширхэг буюу 1.754 м.куб шинэс модыг тус тус хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зорилго нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх бөгөөд дээрх хураагдсан хөрөнгө орлогыг хохирол, хор уршгийг арилгахад зарцуулах ёстой. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөд хангалттай хэмжээний хөрөнгө, орлого хураагдсан байх тул гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М-аас 1’166’382 төгрөгийг, иргэний хариуцагч Х.Б-ээс 1’166’382 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Иймд Мазда титан загварын 21-80 УВА улсын дугаартай автомашиныг худалдан борлуулсан орлогоос 2’332’764 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, илүү гарсан орлого болон Ямаха загварын цахилгааны хөрөө нэг ширхгийг, төмөр иштэй сүх нэг ширхгийг, 194 ширхэг буюу 1.754 м.куб шинэс модыг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М-ын эзэмшлийн Мазда титан загварын 21-80 УВА улсын дугаартай автомашин, 194 ширхэг буюу 1.754 м.куб шинэс модыг тус тус хураан авахаар шийдвэрлэсэн тул 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 49, 50 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х ургийн овогт Б-ийн М-ыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус тогтоосугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.М-д хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 8’253’000 төгрөгийн үнэ бүхий Мазда титан загварын 21-80 УВА улсын дугаартай автомашиныг, 45’000 төгрөгийн үнэ бүхий Ямаха загварын цахилгааны хөрөө нэг ширхгийг, 5’000 төгрөгийн үнэ бүхий төмөр иштэй сүх нэг ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 194 ширхэг буюу 1.754 м.куб шинэс модыг тус тус хураан авч,
- Мазда титан загварын 21-80 УВА улсын дугаартай автомашиныг худалдан борлуулсан орлогоос 2’332’764 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, илүү гарсан орлого болон Ямаха загварын цахилгааны хөрөө нэг ширхгийг, төмөр иштэй сүх нэг ширхгийг, 194 ширхэг буюу 1.754 м.куб шинэс модыг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Б.М-ын эзэмшлийн Мазда титан загварын 21-80 УВА улсын дугаартай автомашин, 194 ширхэг буюу 1.754 м.куб шинэс модыг тус тус битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 49, 50 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 51-53 дугаар хуудас
[2] хх-ийн 58-59 дүгээр хуудас
[3] хх-ийн 60-61 дүгээр хуудас
[4] хх-ийн 62-63 дугаар хуудас
[5] хх-ийн 68-69 дүгээр хуудас
[6] хх-ийн 70-71 дүгээр хуудас
[7] хх-ийн 72 дугаар хуудас
[8] хх-ийн 77-80 дугаар хуудас
[9] хх-ийн 90 дүгээр хуудас
[10] хх-ийн 110-112 дугаар хуудас
[11] хх-ийн 148 дугаар хуудас
[12] хх-ийн 169-171 дугаар хуудас. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол
[13] хх-ийн 73 дугаар хуудас
[14] хх-ийн 56-57 дүгээр хуудас
[15] хх-ийн 137 дугаар хуудас