Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З ургийн овогт О-н А-д холбогдох эрүүгийн 2035000000174 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн З ургийн овогт О-н А 1984 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 01 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.А нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу 01-17 УВХ улсын дугаартай Киа-вонго загварын автомашин ашиглаж, 2020 оны 10 дугаар сарын 22-аас 23-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг, Жишиг хорооллоос хохирогч Б.Б-ын хашааны банзыг нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Б-д 161’300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000174 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б-ын “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр Б.Д нь миний утас руу залгаад Улаангом сумын 6 дугаар баг, Жишиг хороололд байрлах хашааны банзыг хүн ачаад явчихсан байна гэж Далай гэх хүн ярилаа гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед Улаангом сумын 6 дугаар баг Жишиг хороололд байрлах хашаагаа очиж үзэхэд манай хашааны банзыг салгаад аваад явчихсан байсан. ...Манай хашаа гэрчилгээтэй. 2016 онд манай эхнэрийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ авсан юм. Манай эхнэрийн эзэмшилд байдаг юм...” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Л.Н-гийн “...2020 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 01 цагаас 07 цаг хүртэл Эрүүгийн цагдаагийн албанаас зохион явуулж байгаа “мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Д-ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 03-04 цагийн үед Улаангом сумын 10 багийн нутаг 640 сургуулийн хажуугаар доош яваад Улиасны хэвийн дээд талын хөндлөн замын урд хэсэгт явж байхад уг замын хойд хэсэгт явж байсан машин машины гэрэл харангуут хариу буцаж эргээд дээшээ яваад Улиасны хэвээс 640 сургууль нийлдэг хөндлөн замаар урагш эргээд явсан, араас нь дөхөж очиход хашаа аччихсан байсан. Тэгээд би тэр хашааг нь хараад Жишиг хорооллын хашааны банзтай адилхан юм байна бууж шалгая гээд шалгасан. Тэгээд хулгайн банз гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Г-ийн “...Тухайн үед манай гэрт ирээд цай унд хийж өгчхөөд хонох юм уу ор засаж өгөх юм уу гэж асуухад О.А нь хэрэггүй одоо явна гэхэд дүү О.Б нь энд унтаж байгаад явъя гээд манай хүүхдийн хажуугаар хэвтэж байсан. Тэгээд би орондоо ороод хэвтсэн тэр орой О.А манай гэрээс гарч явсныг мэдээгүй нэг мэдэхэд гэрийн хаалга дуугарахаар нь өндийгөөд хэн бэ? гэхэд О.А нь би байна О.Быг дуудаад бид хоёр одоо явлаа гээд манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.Д-ын “...Манайх 2014 онд Увс аймгийн Улаангом сумын Жишиг хороололд хоёр хашааг нийт 6’000’000 төгрөгөөр худалдаж авч байсан ба уг хоёр хашаанд амьдардаггүй, эзэнгүй байсан. Намайг Улаанбаатар хотод ажлаар ирсний дараа уг хоёр хашааны банзыг буулгаад авч явж байсныг нь хүн хараад цагдаад мэдэгдсэн. Уг хашааг би өөрийн нөхөр Б-тай хамт хуримтлуулж байсан мөнгөөрөө авсан ба уг хэрэгт өөрийн нөхөр Б-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[4],

5. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн “Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын байдлаар эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 195’000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 285 дугаартай дүгнэлт[5],

6. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн “2020 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Улаангом суманд Киа бонго загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 4’320’000 /дөрвөн сая гурван зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 302 дугаартай дүгнэлт[6],

7. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн “3ш палк болон 8ш хашааны шонгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 17’300 /арван долоон мянга гурван зуу/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 319 дугаартай дүгнэлт[7],

8. Шүүгдэгч О.А-ын яллагдагчаар өгсөн “...Б.Г гэдэг айлд очиход унтчихсан байсан, нөхөр Б.Г нь босож ирсэн. Тухайн айлд ирэхдээ Жишиг хороололд газар уначихсан байсан хашааны банз харсан. Тэгээд манай дүү Б нь би унтлаа гээд Гийн гэрт ороод хэвтсэн. Би тэндээ цай унд уугаад жаахан байж байгаад гараад Жишиг хороололд байдаг хашаа нь унасан газар очоод тэр үед хашааны банз нь шон мод нь өмх идээд газарт уначихсан байсан. Мөн хашаагүй 10 орчим шон байхаар нь тэрнийг сугалж авсан. Тэрнийгээ ачаад Г гэдэг айлд очоод дүү Б-ыг сэрээж аваад өөрийн төрсөн ах Д-ын гэр лүү явсан...” гэх мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.А нь 2020 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг Жишиг хорооллоос иргэн Б.Д-ын хашааны 54 ширхэг банз мод, 6 ширхэг дай мод, 4 ширхэг палк, 8 ширхэг хашааны шон модыг өөрийн эзэмшлийн 01-17 УВХ улсын дугаартай киа вонго загварын автомашинаар хулгайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч О.А-ын хулгайлсан хашааны моднууд нь иргэн Б.Д-ын өмчлөлийн эд хөрөнгө болох нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр[9] тогтоогдож байхад мөрдөгч түүний нөхөр Б.Б-ыг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасантай нийцээгүй байна. Б.Д нь гэрчээр “...уг хэрэгт өөрийн нөхөр Б-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч О.А Б.Д-ын Хаан банк дахь 5818061797 дугаартай дансанд хохирлын мөнгийг шилжүүлсэн байх тул хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт биелсэн гэж дүгнэв. Иймд хохирогчийг буруу тогтоосныг оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчилд тооцоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг НЭГ удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан байхад ГХ-ийн 392 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 10 хоногоор[10], 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл 4 хоногоор[11] хоёр удаа сунгаж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.А нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах хохирогч Б.Б-ын хашааны банзыг 2020 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн биеэр авч явж чадахгүй хулгайн эд зүйлийг зөөх зорилгоор 01-17 УВХ улсын дугаартай Киа вонго загварын автомашинаар тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч О.А нь амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 161’300 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар бага хэмжээний хохирол учирсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гэрч Б.Д-ын Хаан банк дахь 5818061797 дугаартай дансанд 162’000 төгрөгийг шилжүүлсэн болох нь “Мөнгөн шилжүүлэг” гэх баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Н.А-ын “...О.А нь үг дуу цөөнтэй, төлөв даруу, архи дарс ууж агсам согтуу тавиад байдаггүй, одоо ээж дүү нарын хамт Өмнөговь сумын 1 дүгээр багт мал маллаж амьдарч байгаа, ...их хөдөлмөрч, хүнд их тусархуу, хүнтэй их эвлэг зөөлхөн харьцдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг[12], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.А нь эх, дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 01 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч О.А нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч О.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Увс аймгийн автотээврийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 316 дугаартай албан бичгээр[14] Киа вонго загварын 01-17 УВХ улсын дугаартай автомашин нь шүүгдэгч О.А-ын өмчлөлд байгаа нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4’320’000 төгрөгийн үнэ бүхий Киа вонго загварын 01-17 УВХ улсын дугаартай автомашиныг хураан авч улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 54 ширхэг банз мод, 6 ширхэг дай мод, 4 ширхэг палк, 8 ширхэг хашааны шон модыг тус тус хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ургийн овогт О-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч О.Ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 54 ширхэг банз, 6 ширхэг дай мод, 4 ширхэг палк, 8 ширхэг хашааны шон модыг тус тус хохирогчид буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4’320’000 төгрөгийн үнэ бүхий Киа вонго загварын 01-17 УВХ улсын дугаартай автомашиныг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч О.А-ын эзэмшлийн Киа вонго загварын 01-17 УВХ улсын дугаартай автомашин, 54 ширхэг банз, 6 ширхэг дай мод, 4 ширхэг палк, 8 ширхэг хашааны шон модыг тус тус битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА

 

 

[1] хх-ийн 42-43 дугаар хуудас

[2] хх-ийн 46-47 дугаар хуудас

[3] хх-ийн 51-52 дугаар хуудас

[4] хх-ийн 65-66 дугаар хуудас

[5] хх-ийн 69 дүгээр хуудас,

[6] хх-ийн 75 дугаар хуудас,

[7] хх-ийн 139 дүгээр хуудас,

[8] хх-ийн 90-91 дүгээр хуудас

[9] хх-ийн 35 дугаар хуудас

[10] хх-ийн 03 дугаар хуудас Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол

[11] хх-ийн 04 дүгээр хуудас Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол

[12] хх-ийн 49 дүгээр хуудас

[13] хх-ийн 112 дугаар хуудас

[14] хх-ийн 105 дугаар хуудас