| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0176/э |
| Дугаар | 2021/ШЦТ/01 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Бн Хт холбогдох 2035000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б ургийн овогт Бн Х. /Регистрийн дугаар: ОО94040915/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Х нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бын толгойн тус газар алхаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000171 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагийн үед Б.Х манай гэрт ирсэн. Манайд “Эдэн” нэртэй архи 2 хуруу орчим байхад би Б.Хтай хувааж уугаад дуусгачхаад би гадаа мотоцикл засаад зогсож байхад манай сумын Г түүний хүү Ж нар ирсэн ба Г бид гурав Ггийн авч ирсэн “Арвай” нэртэй 0,5 литрийн тал шил архийг ууж дуусгачхаад бүтэн 0,75 литрийн архи задлаад ууж байхад манай гэрт Б, Уугаа нар ирсэн ба тэд нарын араас Ц орж ирсэн. Ц орж ирээд “хурдан морь хооллоод өг” гэж Ггийн хүү Жг гуйхаар нь Г бид хоёр бас хурдан морь үзэхээр ууж байсан тал шил архиа үлдээгээд гэрээс гараад явсан. Би яваад 1 цаг орчим болж ирээд гэрийн гадна байсан мотоциклоо янзлаад сууж байхад Ч.Н надад хандаж “Б ахаа Х намайг зодож байна, орж ирж салгаач” гэж дуудахаар нь би гэрт яваад ороход Б.Х нь зүүн талын орон дээр Ч.Ныг дараад авчихсан байхаар нь араас очиж Б.Хын цамцны захаас татаж салгахад Б.Х чи намайг боож байна гэж хэлэхээр нь би тавиад гэрийн гадна гарч зогсоход Б.Х миний араас гарч ирээд алхаар миний дух руу нэг удаа цохисон дахиж намайг цохиогүй. Б.Х бид хоёрын хооронд ямар нэгэн маргааны асуудал байхгүй. ...Б.Х намайг цохисон алх нь манай эхнэр гал түлэхдээ аргал буталж жижиглэдэг алх ба уг алх нь модон бариултай, нэг тал нь дугуй хэлбэртэй, юм цохих зориулалттай, нөгөө тал нь хадаас сугалах зориулалттай алх байгаа. Б.Х алхны дугуй талаар нь буюу юм цохих зориулалттай талаар нь миний толгойн тус газар нэг удаа цохисон. Намайг алхаар цохих үед Б.Х, Ч.Н, бид гурваас өөр хүн байгаагүй. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол тэмцэл байхгүй. Б.Х надаас уучлалт гуйж эмчид үзүүлэх зардал, замын зардал зэрэг учирсан хохирлыг барагдуулсан учир нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
2. Гэрч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Х, Б хоёр гэрт үлдэж үлдсэн тал шил архийг ууж дуусгасан ба би нөхөр Б.Хт хандаж “одоо болно гэр лүүгээ явъя” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гээд миний урдаас уурлахаар нь би Б.Хт хандаж “чи өчигдөр уусан, өнөөдөр бас ууж байна, ингэж болохгүй” гэж хэлээд маргалдсан. Энэ үед Б гэрээс гараад явсан ба Д.Б ах ирээд гэрийн гадна мотоциклоо янзлаад сууж байсан. Би нөхөр Б.Хт хандаж “одоо унтаад амарчих” гэж хэлээд орон дээр дараад хэвтүүлэх гэхэд намайг өөрөөсөө түлхэж холдуулаад баруун гараараа багалзуурдаж боосон ба би “Б ахаа намайг аваарай” гэж дуудсан ба Б ах орж ирж Б.Хыг надаас салгаж холдуулаад “чи одоо яах гээд байгаа юм бэ? Эхнэрийнхээ үгэнд ороод унтаад амарчих” гэсэн чинь “танд ямар хамаатай юм” гэж хэлээд тэр хоёр барьцалдаж аваад ноцолдсон ба би “Б ахаа хэрэггүй, наадхаа хая” гэж хэлэхэд Б ах Б.Хаас салаад гэрийн гадна гарч зогссон. Тэр үед Б.Х нь галын хажууд байсан түлээний хайрцагтай аргалыг аваад үүдэнд зогсож байсан Д.Б ах руу шидсэн ба уг хайрцаг дотор байсан аргал асгарахад хайрцаг дотор нь байсан алх бас газар унасан. Түүнийг Б.Х нь аваад гэрийн гадна зогсож байсан Д.Б ахын дух руу цохиж биед нь гэмтэл учруулсан ба түүний дараа намайг орон дээр сууж байхад дахин 2 удаа алгадсан. Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө Д.Б ахын гэрт очиход Д.Б ах зүгээр байсан ба биед нь учирсан гэмтэл нь Б.Х Д.Б ахтай маргалдаж түлээний хайрцаг авч шидэж, хайрцаг дотор нь байсан алхаар цохих үед учруулсан гэмтэл байгаа юм. Б.Х нь намайг баруун гараараа зүүн хацар луу нэг удаа алгадаж цохисон ба түүний дараа орон дээр дарж унагаад гараараа багалзуурдаж боосон Д.Быг алхаар цохсоны дараа намайг дахин 2 удаа алгадсан. Д.Б ах согтолт багатай байсан ба гэрийн гадна мотоциклоо янзлаад сууж байсан. Б.Х нь тэд нарын үлдээсэн тал шил архийг Б гэх хүнтэй хоёулаа хувааж уусан болохоороо согтолт их байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-р хуудас/,
3. Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай гэр Тэс сумын төвөөс 34 км зайтай 11 дүгээр баг бригадын төвд байдаг бөгөөд би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө хувийн ажлаар сумын төв орчхоод буцаад 13 цагийн үед гэртээ очиход манай гэрийн аяга таваг хагалчихсан байхаар юу болсон талаар асуухад Ч.Н надад хандаж танай гэрт Д.Б, Б.Х, Б, Г гэх хүмүүс 2 шил архи уусан ба уг архиа ууж дуусаад Б, Г нар гараад явсан. Д.Б ах гэрийн гадна мотоциклио засаж байхад Б.Х надтай хэрүүл маргаан үүсгэсэн ба гаднаас Б ах орж ирээд боль гэж хэлэхэд Б.Х чамд ямар хамаатай юм гэж маргаад Д.Б, Б.Х хоёр барьцалдаж аваад ноцолдож байгаад салсан ба Д.Б нь гэрээс гараад гэрийн үүдэнд зогсож байхад Б.Х нь галын хажууд байсан түлээний хайрцагтай аргалыг аваад үүдэнд зогсож байсан Д.Б руу шидсэн. Уг хайрцаг дотор байсан аргал асгарахад дотор нь байсан манай аргал буталдаг алх бас газар унасан. Түүнийг Б.Х аваад гэрийн гадна зогсож байсан манай нөхөр Д.Бын дух руу цохиж биед нь гэмтэл учруулсан гэж хэлсэн. Манай нөхөр Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө намайг гэрээс гарахад зүгээр байсан ба биед нь учирсан гэмтэл нь Б.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай нөхөр Д.Бтой маргалдаж түлээний хайрцаг авч шидэж дотор нь байсан алхаар цохих үед учруулсан гэмтэл байгаа юм. Д.Быг цохисон алх нь манай алх бөгөөд би түүгээр том аргалыг буталж гал түлдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
4. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-7-р хуудас/,
5. Алханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р хуудас/,
6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р хуудас/,
7. Шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “1. Үзүүлэгч Д.Б-н биед гэмтэл учирсан байна. 2. Духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна” гэх 685 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,
8. Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Д.Быг алхны аль хэсгээр цохсоноо мэдэхгүй байна. Дээрээс нь доош шувтарч цохсоноо мэдэж байна. Би өөрийн эхнэр Нтай маргалдаж Ч.Н Д.Быг дуудаж Б гаднаас орж ирээд миний хоолой боогоод тавихдаа зүүн нүдний дээд хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисонд миний уур хүрээд Д.Бын толгой хэсэгт алхаар цохисон. Намайг Д.Бын гэрт ороход түүний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Д.Бын биед учирсан гэмтлийг би алхаар цохих үедээ учруулсан гэмтэл байгаа юм. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу. Би Д.Бын биед халдаж алхаар цохиход Д.Б, Ч.Н бид гурав байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. Д.Б нь миний эхнэрийн нагац ах нь юм... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, хохирогчоос уучлалт гуйсан. Хохиролгүй болгосон байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Б.Х нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.
Шүүгдэгч Б.Х нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Бын биед халдаж толгойн тус газарт алхаар цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болжээ.
Хохирогч Д.Бын эрүүл мэндэд учирсан “...Духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Хын түүнийг алхаар болон гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Б.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн газарт гаргасан “...миний хохирлыг барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол гомдолгүй болно” гэх нотариатчаар гэрчлүүлсэн өргөдөл /хх-ийн 77-р хуудас/-өөр тогтоогдож байх тул хохирогчид учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол байхгүй гэж үзлээ.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Хын хувийн байдлыг тогтоосон гэрч А.Нгийн “.Б.Х эцэг, эхээс ах дүү 4 бөгөөд Х нь 1994 онд тус аймгийн Тэс сумын нутагт С.Б гэх айлын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Б.Х нь дээрээ нэг эгч, нэг ахтай, доороо 1 эрэгтэй дүүтэй айлын дундах хүүхэд юм. Б.Х нь хүүхэд байхдаа цэцэрлэгт суралцаж байгаагүй, 2002 онд тус аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж 2014 онд бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ авсан. Хүүхэд байхдаа төлөв даруухан зантай хүний үгэнд ордог боловсон, даруухан, ажилсаг, хүнд тусархуу хүүхэд байсан. Одоо Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт аав С.Б, ээж А.Зэцэн нарын хамт мал маллан амьдардаг, эхнэр Ч.Нтай гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хурим хийж тусдаа гараагүй тул эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Б.Х бичиг үсэг мэддэг, цэргийн алба хаагаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/, мөн гэрч Г.Нын “...2002 онд тус аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж 2014 онд бүрэн бус боловсролын гэрчилгээ авсан. Хүүхэд байхдаа төлөв даруухан зантай, хүний үгэнд ордог, боловсон, даруухан, ажилсаг, хүнд тусархуу хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдааны шатанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт 600 /зургаан зуу/ нэгжээр торгох ялын саналыг гаргасан болно.
Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх бусад нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Бн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Х нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон алх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Бод буцаан олгож, 3 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН