Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Л.Г,

хохирогч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Лийн Гт холбогдох эрүүгийн 2017001340109 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т овогт Лийн Г /РД:ЕЙ/, Д аймгийн С суманд 1986 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Г аймгийн Ш сумын .... дүгээр баг, ..... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон гэх,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Л.Г нь 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 2 дугаар байрны 2-28 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Быг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 2 дугаар байрны 28 тоот  гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Бтай маргалдаж улмаар түүний хүзүүг боох, толгой руу нь гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоот  гэртээ эхнэр Ч.Б нь хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар түүний хүзүүг боох, толгой руу нь гараараа цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би уурхайн ажлаасаа 2020 оны 06 дугаар сард гараад хувиараа барилгын ажил хийж байхад Б гэр орондоо үзэгдэхгүй эсхүл ажил нь дийлдэхгүй байна гэх зэргээс болж хэрүүл маргаан гаргадаг байсан. Мөн мөнгө төгрөгийн асуудал болон Б 2 хүүхдэдээ хатуу хандаад байхаар нь би өмөөрөөд зодсон. Миний зүрх өвддөг болсноос хойш би уураа барьж чаддаггүй болсон. Би уураа барьж чадахгүй үедээ гэрээс гараад явах гэхээр Б намайг гаргахгүй бид хоёр маргалдаж зодолддог. Манай аав 2020 оны 08 дугаар сарын сүүлээр өөд болоход ажил явдлын үеэр Б над руу залгаад манай хамаатнуудыг элдвээр хэлээд хараагаад, гэрийн хаалга эвдэж орж ирээд байхаар нь гар хүрсэн. 2020 оны 06 дугаар сард би хувиараа айлын хашаа барих ажил хийж байхад Б ирээд намайг хүмүүсийн хажууд хараагаад байсан. Тэгээд гэртээ ирээд хэрүүл хийгээд байхаар нь би гадагшаа гарах гэхэд намайг гаргахгүй өмдний тэлээгээр миний толгой руу 2 удаа ороолгосон. Тэгэхээр нь зугтаах гэхэд хойноос татаад байхаар нь би цээж хэсэгт нь өшиглөөд толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. 2020 оны 07 дугаар сард би ээжийнхээ гэрт байтал өглөө Б ирээд хүүхдийн шинжилгээний бичгээс болоод бид хоёр маргалдсан. Б ирээд хаалга өшиглөн, эвдэж ороод аавын минь гэрт орилоод байхаар нь би гаргах гээд чангаах үед хана мөргөсөн. Быг зодсон нь миний буруу. Намайг доромжилж болно харин миний эцэг, эх, хамаатан саданг элдвээр хэлж, хараагаад байхаар нь миний уур хүрдэг. Энэ хугацаанд өөрийн буруугаа маш сайн ойлгосон. 2 хүүхдээ бодоод гэрлэлтээ цуцлуулж чадахгүй байна. Цаашид энэ асуудлаа шийдэхээр арга хэмжээ авна гэж бодож байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2. Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Гтай 2007 онд танилцаад 2010 онд анхны хүүгээ төрүүлээд 12 жил хамт амьдарч байна. Эхний хэдэн жил сайхан амьдарч байсан. Үүний дараагаар ар гэрийн гачигдал, янз бүрийн асуудлаас болж нэг нэгнээ ойлгохгүй хоорондоо маргаж намайг ганц, хоёр удаа цохидог болсон. Ингэж явсаар сүүлийн 2015 оноос хойш гар хүрэх нь ихэссэн. Би гэртээ ажил хийхгүй хүүхдүүдээ хараад удаан байсан, зодуулдгаасаа болж их бухимдаж, ааш зан эвдэрсэн. Г Шивээговь сумын уурхайд ажилд ороод бид нар байр лизингээр аваад 2 жил сайхан амьдарсан. Тэр үед манай нөхөр уурласан ч буруугаа ойлгодог, амьдралынхаа төлөө зүтгэдэг байсан боловч одоо ойр ойрхон гар хүрдэг болсон. Би нэг цохиход нь уурлаад гараад явчихдаггүй. Ихэнхдээ хардалт, санхүүгийн асуудлаас болж хэрүүл маргаан гардаг. Хардалтаас болж хэрүүл маргаан гарч байсан гэхдээ нэг нэгнээ зодсон асуудал байхгүй. Г намайг 2020 оны 02 дугаар сард, 03-04 дүгээр сарын хооронд, 07 дугаар сард зодсон. Г толгой руу цохих үед миний толгой өвдөж, ядардаг. Бид хоёр юунаас болж маргаад надад гар хүрдгийг нь ойлгохгүй байна. Би гэр бүлээ элэг бүтэн байлгах гэж зөндөө хичээж эргэж, буцаж явсан. Одоо ингээд шүүхээр 2 удаа асуудлаа шийдвэрлүүлж байгаадаа харамсаж байна. Г намайг зодоход манай ээж 2 удаа ирж авч байсан. Би Гийг тэлээ, утасны цэнэглэгчээр ороолгож, маажиж самардаж байсан. Г архи дарс уухгүй амьдралыг төлөө зүтгэдэг хүн. Би өөрийн зан аашиндаа дүгнэлт хийж байгаа гэв.

1.3. Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 06 цаг 40 минутын үед Б гэдэг хүн цагдаа дээр байна толгой өвдөөд үзүүлье гэсэн дуудлага өгсөн. Тэгээд цагдаа дээр ирээд цагдаагийн байранд оруулж ирээд Бын биед үзлэг хийсэн. Ямар зовуурь байна гэхэд толгой өвдөөд байна би нөхөртөө зодуулчихсан юм гэсэн. Асуусан асуултад зөв хариулна, байрлал идэвхтэй, орчиндоо харьцаатай, арьс салст цэвэр, зүрхний авиа тод, хэмжихэд артерын даралт зүүн талдаа 110/70, баруун талдаа 100/70-тай зүрхний цохилт 72 удаа, амьсгал 1 минутад 18 хүчил төрөгчийн хангамж 98%-тай. Хэвлий тэмтрэлтээр ямар нэгэн эмзэглэл байхгүй. Нүдэнд ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй. Өмдийг тайлж харахад зүүн гар талын гуяны дээд талд 2,5 см хэмжээтэй хөхөрсөн байсан. Зүүн талын бөөрний дээд хэсэгт бас бага хэмжээний хөхрөлттэй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 197-199 хуудас/

1.4. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр дүгнэлтэнд: Ч.Бын биед духанд, баруун хацарт, зүүн нүдний гадна өнцөгт, зүүн хацарт, зүүн чихний ар талаар, зүүн бугалгад, зүүн шуунд, зүүн сарвуунд, баруун бугалгад, баруун шуунд, баруун гуянд, баруун өгзөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2020 оны 06 дугаар сарын 14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Духны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Баруун хацрын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Зүүн нүдний гадна өнцгийн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Зүүн хацрын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Зүүн чихний ар талын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Зүүн бугалгын цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шууны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Зүүн сарвууны ар талаарх цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Баруун бугалгын цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өгзөгний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 166 хуудас/

1.5. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1088 дугаар дүгнэлтэд: Л.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Г нь өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Л.Г нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. Л.Г нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Л.Гт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Дүгнэлт гаргасан Ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч О.Баатаржав, ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч Л.Баттулга, сэтгэцийн эмч Я.Ганхүү гэжээ. /х.х-ийн 103-104 хуудас/

1.6. Түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбар /х.х-ийн 144 хуудас/  зэрэг болно.

Иймд шүүгдэгч Л.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Б, гэрч Н.О, Н.Т, Д.Э, Т.Ч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Л.Гийг 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Быг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

- Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж нь гэрлэгчдийн хэн нэг гэр бүлийн харилцаанд давуу эрх олж авах, өөрийн дарамт, эрхшээлдээ байлгах зорилгоор хяналт тогтоон өөрийн хамааралд оруулж тэгш бус харилцааг бий болгон хүчээр давамгайлж нөгөө этгээдийнхээ бие махбодид халдаж буй идэвхтэй үйлдэл ба энэ үйлдэл удаан хугацаагаар дадал зуршил болсон тогтмол байхыг ойлгоно. Шүүгдэгч Л.Г нь хохирогч Ч.Бын бие махбодид халдах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн харилцаанд давуу эрх олж авах, өөрийн дарамт, эрхшээлдээ байлгах, хяналт тогтоон өөрийн хамааралд оруулж тэгш бус харилцааг бий болгох зорилгогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Баас гаргаж буй ааш зан, түүний хувийн байдал, шүүгдэгч Л.Гт халдаж байгаа үйлдлүүд, хоорондын гэр бүлийн таарамжгүй харьцаа, байнгын хэрүүл маргаан, бие биедээ халдаж харилцан зодолдох, хэн хэнийх нь хүүхдүүдээ асарч халамжлах нөхцөл байдал зэргээс шалтгаалдаг болох нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч Н.Т, А.Б, Л.Ц, Л.Э, Ш.М, Т.Ч, Б.Б, Х.С, З.Б, Б.З нарын мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн ярилцлагын тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

- 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Г нь хохирогч Ч.Быг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Б болон гэрч Н.О нарын удаа дараагийн мэдүүлгүүд нь зөрүүтэй, бусад гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч Л.Г, хохирогч Ч.Б нарыг зодсон талаар тодорхой мэдүүлээгүй, харин тэд нарыг байнгын хэрүүл маргаантай дуу чимээ гардаг болох талаар мэдүүлсэн байна.

- шүүгдэгч Л.Гийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ч.Быг зодсон үйлдэл нь өөр гэмт хэргийн шинж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байгааг дурдлаа. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байна. Иймд Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Л.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний нөхөр хэдий ууртай боловч яахаа алдсан хүн биш. Хоёр хүүхдийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлдэг. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний бие хэвийн байгаа гэв.

2.2. Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь төлөв даруу зантай, архи байнга хэрэглээд байдаггүй, ажилд их гарын уртай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 67-68 хуудас/

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, 2017 оноос хойш гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх  Цагдаагийн хэлтсийн лавлагаа /х.х-ийн 127, 129-135, 141 хуудас/

2.4. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 137 хуудас/

Шүүгдэгч Л.Г-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Л.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Т овогт Л-ийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА