Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00084

 

                

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, утас 0000000, РД:БЗ000000 О овогт А н Ж н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт оршин суух, утас 90, Н00000000 Н ХХК /захирал РД:00000000, С А Д/-нд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, орчуулагч П.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлс 7000000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Н ХХК-ны захирал А.Дтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Баяннуур сумын 100 хүүхдийн дотуур байрын ажлыг хийж дуусгаж хүлээлгэн өгсөн билээ. Уг хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу барилгын өрлөгө, шавардлага, дотуур байрны засал чимэглэл бусад холбогдох гэрээнд заасан ажил үүргээ хийж гүйцэтгэсэн юм. Гэрээнийхээ дагуу А.Ж би үүргээ гүйцэтгэж, бүрэн дуусгаж Н ХХК-ийн захирал А.Дт хүлээлгэн өгсөн юм. А.Ж миний хийж гүйцэтгэж дуусгасан дотуур байрыг ашиглах боломжтой болгож хүлээлгэн өгсөн. Баяннуур сумын 100 хүүхдийн дотуур байрны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Дармен, тус сумын сумын Засаг дарга нар оролцож, хүлээн авсан билээ. 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Н ХХК-ийн захирал А.Дтэй нийт 26000000 төгрөгтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан билээ. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ миний бие бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч ажлын үр дүнд өгөх ёстой байсан Н ХХК-ийн захирал А.Д нь нийт 26000000 төгрөгийн 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг өгөөгүй учраас миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан ба 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай Эвлэрлийн гэрээгээр Н ХХК-ны захирал А.Д нь 14000000 /арван дөрвөн сая/ төгрөгийн 7000000 /долоон сая/ төгрөгийг 2016 оны 3 дугаар 20-ны өдөр өгөхөөр тохиролцож, үлдсэн 7.000.000 /долоон сая/ төгрөгийг миний бие шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцож Эвлэрэлийн гэрээ байгуулсан билээ. Уг 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай Эвлэрлийн гэрээг, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 614 дугаартай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж, миний бие 7000000 төгрөгийг НХХК-ийн захирал А.Дээс авсан болно. НХХК-ийн захирал А.Д 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай Эвлэрлийн гэрээний дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Н ХХК-ийн захирал А.Д нь ноцтойгоор зөрчиж гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 7000000 /долоон сая/ төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Би Баяннуур сумын хүүхдийн дотуур байрны ажил эхлэхэд А.Дтэй гэрээ хийгээд 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажил хийхээр өөрсдийнхөө ажилчдаа аваад очсон. Миний хийсэн нийт ажилд 28 сая төгрөг гарсан. Одоо 7 сая төгрөг өгөөгүй. А.Дээс үлдсэн 7 сая төгрөгийг асуухад ажил дутуу хийсэн учраас өгөхгүй гэсэн. Дутуу ажил гэхээр коридорын ирмэгийн будаг, 00-ний өрөөний таазны эмульс нь дутуу үлдсэн байсан. Улсын комисст хүлээлгэж өгсний дараа одоо та нар явж болно, ажилчдын хоол нь дуусчихсан, ерөнхийдөө ажил дууссан. Гадна талын жижиг сажиг ажил үлдсэн. Чи одоо ажилчдаа аваад явж болно. Явахдаа нэг хүнийг үлдээгээд яваарай гээд 20000 төгрөг өгөөд энэ мөнгөөр бензин хийж аваарай. Би аймгаас материал ирсний дараа тэр хүнээр ажлаа хийлгэж дуусгаад 1,2 өдрийн дараа буцаана гэсэн. Тухайн үед надад 5,6 ажилчин байсан ба та өөрөө сонгож аваарай. Комиссын дутуу үлдсэн гээд байгаа ажлуудыг хийж дуусгаж өгнө. Энэ залуугийн хоолны мөнгийг нь би үлдээгээд явъя гэхэд Ханти гэдэг залуу авч үлдсэн. Тэгэхэд түүнд 40000 төгрөг өгч үлдээгээд явсан. Тэр үед будгийн ажил, хоёр 00-ний өрөөний таазны эмульсийн ажил дутуу байсан. Тэр ажлуудыг 2,3 хоногт хийж дуусгаж өгөөрэй. Дууссаны дараа Д чиний таксины мөнгийг чинь төлөөд явуулна гэж хэлээд 5,6 ажилчнаа аваад явсан. Бид нарыг явсны дараа 5 гаруй сая төгрөгөөр ажил хийлгэсэн гэсэн. Энэ бол худлаа. Бид нар явахад барилгын гадна талын бохирын цооногийн ажил дутуу үлдсэн байсан. Тэр ажил бол 2,3 хоногт хийж дуусгахаар ажил биш байсан. Тухайн үед Х гэдэг хүнээс бохирын цооногийн ажлыг дуусгасан уу гэж байнга асуудаг байсан. Тэгэхэд Х гэдэг хүн бохирын цооногийн ажил дууссаны дараа комисс дахиж ирээд хүлээж авлаа, өөр бусад ажлууд тэр чигтээ хийгдээгүй гэж хэлсэн. Зөвхөн гадна талын ажлыг хийж дуусгасан. Тэр хүн улсын комисст хүлээлгэж өгөхөд дутуу үлдсэн гэх 22 төрлийн ажлыг хийгээд хүлээлгэж өгсөн гэж хэлсэн. Дээрх 22 төрлийн дутуу ажлууд нь надад холбогдолгүй ажлууд байсан. Энэ дээр халаалт, цэвэр ус, бохир усны ажил, уран зуухны өрөөний шавардлага зэрэг ажлууд дутуу байна гэж бичсэн байсан. 2 давхрын ажлууд бас надад хамааралгүй байсан. Би өөрөө сайн дурын үндсэн дээр уран зуухны өрөөний шавардлага, хаалга, цоожны ажлуудыг хийж өгсөн. Энэ ажлуудыг хийж өгөөд явсны дараа Х гэдэг хүнтэй холбогдоод би явсны дараа ажил хийгдсэн үү?. Ямар ямар ажлууд хийгдсэн юм бэ гэж асуухад дотор талд нь ямар ч ажил хийгдээгүй. Цэвэр усны шугамыг татаж өгсөн. Угаагуурыг суулгаж өгсөн. Гадна талын бохирын цооногийн ажил дуусаагүй байна гэсэн. Дараа нь нэг ярихад бүх ажлыг хийж дуусгаад байрандаа орлоо гэж хэлсэн. Дутуу үлдсэн коридорын будаг, 00-ийн өрөөний таазны эмульс зэрэг ажлуудыг Д хийгээгүй. Ямар ч байсан байрандаа орж авлаа. Байр бол дулаахан юм байна гэж хэлж байсан. Би анх ажил хийхээр очиход 4 төрлийн ажлыг хийхээр гэрээ хийсэн. Үүнд: 1 дүгээр давхрын пундааныг суутгах, гадна, дотор талын шавардлагын ажил, 1,2 давхрын цонхыг суулгах зэрэг ажлууд байсан. Эдгээрийг хийх явцад дээврийг хийж өг гэхээр нь хийж өгсөн. Дараа нь 1 дүгээр давхрын дотор заслыг хийж өг гэхээр нь аймгаас хүн авчирч 1 метр квадратыг 5500 төгрөгөөр тохиролцож хийлгэсэн. Комисст хүлээлгэж өгөх үед та бүхний ажил дууслаа, та бүхэнд баярлалаа гээд өргөмжлөл өгөөд явуулсан. Та нарын мөнгийг 7 хоногийн дотор өгнө. Бакей гэдэг хүнтэй утсаар холбогдож ярьж байгаа. Энэ хүн 7 хоногийн дотор шийдэж өгөхөөр болсон. Тэр мөнгө орж ирэхээр та бүхний цалинг чинь өгнө гэхээр нь бүгдээрээ явсан. Тэгээд өгөөгүй болохоор 7 дугаар сард эвлэрүүлэн зуучлагчид хандаж 7 сая төгрөгийг авсан. Дараа нь би Увс аймагт барилгын ажил хийж явж байгаад мөнгө хэрэгтэй байна гээд А.Дтэй ярихад мөнгө өгөхгүй, чи надаас мөнгө нэхдэг хэн юм бэ гээд хэл амаар доромжилсон. Үлдэж байгаа 7 сая төгрөг бол 1 дүгээр давхрын доторх заслын мөнгө байгаа юм. Д бол 1000 м.кв гэж хэлээд байгаа. Тухайн компанийн инженер нь 1447 м.кв гэж хэмжиж өгсөн. Үүнийг 5500 төгрөгөөр үржүүлэхэд өчнөөн мөнгө гарна. Би 3,4 ажилчныхаа цалин хөлсийг өгч чадаагүй. Тухайн үед би Дээс ажилчид мөнгө нэхэмжилж байна гээд асуухад мөнгө байхгүй гэсэн. Үүнийг ажилчдад тайлбарлаж хэлсэн. Ажилчид маань ажил хийхгүй, бидний цалин хөлсийг өгөхгүй юм байна гэхээр нь өөрийнхөө байшингаа 18 сая төгрөгөөр худалдаж тухайн ажилчдын цалин, хөлсийг өгч ажлыг дуусгасан. Би Н ХХК-ний захирал А.Д худлаа мөнгө нэхэмжилж байгаа юм биш. Иймд хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс үлдсэн 7000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н ХХК-ийн захирал А.Д шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Манай компани 2014-2015 онуудад БСШУ-ны яамны захиалгаар тус аймгийн Баяннуур сумд сургуулийн дотуур байр барьж 2015 оны 10 сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. А.Ж надтай 26000000 төгрөгийн гэрээ байгуулсан гэж худлаа бичсэн байна. Би 2015 оны 4 дүгээр сард түүнтэй 24000000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн дүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнд ажлын нийт объём 10000000, 1 дүгээр давхрын цонхны угсралт ба цонхны тавцанг угсрах ажил 500000, 1 дүгээр давхрын дотор шавардлага 5000000, 1 дүгээр давхрын дотор засал 1000 м.кв х 5500 = 5500000 /1м.кв-5500/. дээврийн ажил 3000000, бүгд 24000000. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байна. Би А.Жд ажил гүйцэтгэх явцад цемент, нүүрс болон бэлэн мөнгө, нийт 12500000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-нд 7000000 төгрөг, бүгд 19500000 төгрөг өгсөн. Түүний одоо нэхэмжилж байгаа 7000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар А.Жд тэрээр тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан үед болон урьд нь олон удаа уулзаж хэлж байсан болно. Учир нь: 1.А.Ж гэрээгээр хүлээсэн ажил үүргээ бүрэн дуусган, ашиглах боломжтой болгож 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн байна. А.Ж улсын комисст барилгыг хүлээлгэж өгдөг субъект биш юм. Гэхдээ тухайн өдөр дотуур байрны нээлтийн ажиллагаа болж Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга барилгыг хүлээж авах улсын комисс оролцсон нь үнэн. Тухайн өдөр ГХБХБ-ын хэлтсийн дарга байсан Х.Н ахлагчтай 9 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс барилгыг хүлээж авахаас татгалзаж 2015 оны 10 сарын 16 хүртэл дутуу хийсэн ажлуудыг бүрэн хийх, чанарын шаардлага хангаагүй ажлуудыг дахиж хийж гүйцэтгэх даалгавар өгсөн. А.Ж хариуцсан барилгын 1 дүгээр давхрын өрөөнүүдийн эмульс, будаг, наасан плита зэрэг нь чанарын шаардлага хангаагүй учраас улсын комиссын өгсөн даалгаврын дагуу дахиж хийх болсон. Энэ тухай А.Жд хэлэхэд би ажлаа хийж дууссан, дахиж хийхгүй гэж явчихсан. Түүний чанаргүй хийсэн ажлыг би цалин хөлс төлж өөр хүмүүсээр дахин хийлгэж, цаг хугацаа, бараа материал, цалин хөлс, хоолны зардал зэргээр хохирсон А.Ж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж би үзэж байна.Тэрээр чанаргүй хийсэн ажлын зөрчлийг өөрөө хариуцаж арилгах ёстой байсан. 2. А.Ж 3000000 төгрөгөөр дээврийн ажлыг гүйцэтгэхэд туслах ажилтнаа өөрөө цалинжуулах ёстой байсан, гэтэл түүний туслахаар ажилласан 2 ажилчны цалинг би төлсөн юм. Үүнийг бас А.Ж мартсан юм шиг байна гэжээ.

Хариуцагч Н ХХК-ийн захирал А.Д шүүхэд бичгээр өгсөн нэмэлт тайлбарт: Манай компани урьд нь барилгын засвар, барилгын хэсэгчлэн гүйцэтгэх ажил /суурь цутгах, дээвэр хийх г.м/ ажил хийдэг байсан.Баяннуур сумын дотуур байрны барилга манай компанийн хувьд бие дааж барьсан анхны барилга бөгөөд бид уг ажлыг гүйцэтгэгч Цамхаг өргөө ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж хийсэн юм. Миний бие тухайн үед тус сумаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч байсан учраас элдэв хэл ам гаргахгүй барилгыг маш чанартай барихыг зорьсон.Иймд А.Жтай гэрээ хийхдээ түүний санал болгосон үнэ хөлсийг хэлснээр нь зөвшөөрч, хугацаанд нь чанартай хийвэл боллоо гэж тохиролцсон.Барилгын бусад компаниуд манай ажилтай ижил ажлыг хамаагүй доогуур тарифаар хийлгэдэг болохыг дараа нь мэдлээ. А.Ж ажил хийж байсан үеийн баахан зураг нотлох баримтаар өгчээ. Би түүнийг ажлаа хийгээгүй гэж үгүйсгээгүй, бидний маргааны гол шалтгаан нь түүний хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хийсэн ажлаа чанаргүй гүйцэтгэсэн явдал юм. Бид анх тохиролцохдоо А.Ж барилгын бригад аваачиж ажиллана, ажлаа 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дуусгана гэсэн. Барилгын бригад хамгийн багадаа 6-8 хүнтэй байдаг. Гэтэл А.Ж өрлөг, шавардлагад 4 хүн ажиллуулсан. Би барилгыг хурдан дуусгах гэж 1 туслах ажилтан гаргаж өгсөн. Шалны тэгшилгээ хийх үед 1 ажилчин нь А.Жтай муудалцаад явчихсан учраас 3 хүн үлдэж би дахиад 1 туслах ажилтан нэмж өгсөн. Тухайн үед А.Жд чи ажлаа хурдан, чанартай хийвэл боллоо гэж туслах ажилчны хөлсийг би өөрөө төлж байсан.Харин барилгын дээврийн ажилд А.Ж ганц хүнтэй ажиллаж байсан учраас би Т.Бекболат, А.Шугайв гэдэг 2 туслах гаргаж өгч цалинг А.Ж хариуцахаар тохиролцсон боловч А.Ж хөлсөө төлөхгүй явчихсан учраас бас л би төлсөн.Мөн бүхэл бүтэн 2 давхар барилгын гадна эмульс хийхэд 2 хүн ажиллуулсан зэрэг нь түүний үүргээ гүйцэтгэхэд маш хайхрамжгүй хандсан, чанарыг эрхэмлээгүй зөвхөн ажлаа дуусгасан болоод салах санаатай байсныг харуулж байна.

2. А.Ж барилгын дотор засал чимэглэлийн ажлыг өөрөө гардан хийгээгүй. Эхлээд Амангүл гэдэг ахлагчтай 3 хүнээр хийлгэсэн боловч хоорондоо бас л муудалцаж 2 нь явчихсан.Дараа нь Амангүл өөрийн нөхөр ба хижээл насны нэг эмэгтэйн хамт хийсэн. Хэрэв А.Ж анх надад амласан ёсоор хүрэлцээтэй хүнтэй бригад авчирч өрлөг, шавардлага болон гэрээгээр хийх ёстой бусад ажлаа цаг тухайд нь дуусгаж, дотор заслын ажлыг өөрөө хийсэн бол бидний хооронд ийм маргаан арай гарахгүй байх байсан.Тэрээр хүн хүрэлцээ муутай тул хугацаа алдсан, ажлаа хурдан дуусгах гэж яарсан, мэргэжлийн бус хүнээр ажил хийлгэсэн учраас ажил нь чанаргүй, дутуу болсон гэж бодож байна.Мөн барилгын ажилд хяналт тавих үүрэгтэй манай компанийн инженер С.С нь туршлага багатай байсныг ашигласан гэж үзэж байна.

3.Бид 2015 оны 9 дүгээр сарын 1-нд барилгыг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч барилгын ажил 2015 оны 9 дүгээр сарын 16-нд дууссан. А.Ж тухайн өдөр улсын комисс зөвхөн барилгын гадна талын бохирын шугамтай холбоотой ажлыг хүлээж аваагүй гэж тайлбарлажээ. Барилгыг хүлээж авах улсын комисс бидэнд 22 төрлийн ажил хийх үүрэг даалгавар өгсөн. Бид 2015 оны 9 дүгээр сарын 16-наас хойш өгсөн даалгаврын дагуу дахиж сар гаруй ажиллахад өөрийн биеэр хяналт тавьж компанийн ажилчид болон сумаас ажилчин авч ажиллуулсан. Дутуу чанаргүй хийсэн ажилд дахин материал авч хохирсон.Хоол унд, шатахуун, түлээ түлш, цалин хөлсөнд мөнгө төлж их хэмжээний төлөвлөөгүй зардал гаргасан. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан Улсын байцаагч Х.Хизатбекийг өөрийн зардлаар аваачиж 021/035 тоот шаардлага,зөвлөмж гаргуулж, түүний дагуу ажилласан.Ингээд 2015 оны 10 дугаар 16-ны өдөр зөрчлүүдийг ерөнхийд нь арилгаж улсын комисст хүлээлгэж өгсөн.Бидний дахиж хийсэн 22 төрлийн ажлын 15 нь А.Жн чанаргүй болон дутуу хийсэн ажлууд байсан. Гэхдээ А.Жн анхнаасаа буруу хийсэн зарим ажлыг дахиж хийж гүйцэтгэхэд цаг хугацаа их шаардаж байсан /ариун цэврийн өрөөний усанд орох хэсгийн плита налуу тавих ёстойг тэгшхэн хийсэн г.м./ учраас засварлаж засаж янзалсан боловч бас л дутагдалтай байсан. Би үнэнээ хэлэхэд өөр ямар ч аргагүй болж улсын комисст эхлээд барилгыг ашиглалтад оруулъя, дараа нь барилгын чанарын баталгааны хугацаанд бүх зөрчлийг бүрэн арилгаж, гологдол ажлыг дахиж хийж өгье гэж гуйж байж ашиглалтад өгсөн юм. Дашрамд хэлэхэд манай компани барилга угсралтын ТГБ-2014-22 тоот гэрээний дагуу БСШУЯ-ны дансанд барилгын чанарын баталгаа болгож гэрээний дүнгийн 5% буюу 49200000 төгрөг 3 жилийн хугацаатай байршуулсан байгаа /гэрээний 8-р зүйл/. Бид энэ хугацаанд барилгын засвар, гологдол ажлыг хариуцаж хийж гүйцэтгэж байх ёстой. Өөрөөр хэлбэл манай компани 2015.10.16-ны өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 жилийн турш дотуур байрны аливаа засвар үйлчилгээ, гологдол ажлыг хариуцаж дахиж хийж байх үүрэгтэй. 2015 оны 10 дугаар сарын 16-наас хойш дотуур байрны барилгын засвар ажлыг З.Б гэдэг барилгын инженер хариуцаж 2 удаа, бид өөрсдөө 4-5 удаа очиж хийсэн, хавар цаг агаар дулаарахад гадна засал дахиж хийхээр сургуулийн захиргаатай тохирсон байгаа. З.Б 2015 онд А.Жтай тохиролцож дотуур байрны гадна эмульс хийсэн хүн бөгөөд авах ёстой цалин 250000 төгрөгийг А.Жн гуйснаар бид түүнд өгсөн юм. Манай компани гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааг 3 жил хариуцаж байхад А.Ж хийсэн ажлынхаа чанар, доголдолд огт санаа зовохгүй зөвхөн мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Уг нь чанарын баталгаа А.Жд ч хамаатай зүйл гэж бодож байна.

4. А.Ж дотуур байрны эрхлэгч Ш.Хыг гэрчээр оролцуулна гэж хүсэлт гаргажээ. Ш.Х дотуур байрны эрхлэгч биш, байрны багш юм.Тэрээр барилга барих үед хяналт тавих захиалагч байгууллагын төлөөлөгчөөр ажиллаагүй, барилгыг хүлээн авах улсын комисс болон сургуулийн дотоод хяналтын комиссын гишүүн байгаагүй учраас бидний маргаж буй асуудалд ямар ч хамаагүй хүн болно. Иймд А.Жн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.Жн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Н ХХК-нийг төлөөлж тус компанийн захирал А.Д нар нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хоорондоо гарчиг нь Хөдөлмөрийн гэрээ гэсэн боловч агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

Энэ 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн нөхцөлөөр хийж гүйцэтгэх ажлыг бичиж тэмдэглэсэн байна. Үүнд: Дотуур байрны гэрээний ажил нийт обьёмоор 10000000 /арван сая/ төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн нэмж хийхээр болсон ажил дотуур байрны 1, 2 дугаар давхрын цонх, цонхны тавцанг угсрах ажил 500000 /таван зуун мянга/ төгрөг, дотуур байрны 1 дүгээр давхрын дотор шавардлага 5000000 /таван сая/ төгрөг, дотуур байрны 1 дүгээр давхрын дотор заслыг 1м.кв-ыг 5500 төгрөг, дотуур байрны дээврийн ажил 3000000 /гурван сая/ төгрөгөөр тус тус тохиролцсон болох нь нотлогдож байна. Гэхдээ 1 дүгээр давхар нь хэдэн м.кв болохыг гэрээндээ тодорхой тусгаагүй байна.

Нэхэмжлэгч А.Ж нь 1 дүгээр давхар нь 1447 м.кв гэх боловч үүнийг нотолж чадаагүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 100 ортой дотуур байрны схем зураг төслийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймээс хариуцагч талын хүлээн зөвшөөрч мэдүүлсний дагуу 1 дүгээр давхар нь 1000 м.кв гэж тооцон, гэрээнд заасны дагуу 1 м.кв 5500 төгрөгөөр тооцоход дотор заслын хөлс нь 5500000 /таван сая таван зуун мянган/ төгрөг байна.

Эдгээр нотлох баримтаар нийтдээ 24000000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг Н ХХК болон нэхэмжлэгч А.Ж нарын хооронд хийгдсэн байна гэж дүгнэв. Үүнээс нэхэмжлэгч А.Ж нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 19500000 төгрөг авсныгаа хүлээн зөвшөөрч байгаа ба энэ талаар талууд маргахгүй байна.

2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 100 ортой дотуур байрны барилгын ажлыг Гүйцэтгэгч байгууллагад барилгыг хүлээж авах улсын комиссын нарийн бичгийн дарга, Баян-Өлгий аймгийн Ерөнхий архитехтор Б.Марат нь нийт 22 төрлийн дутуу ажлын жагсаалтыг гарган 2015 оны 10 дугаар сарын 16-ны дотор хийж дуусгахыг Н ХХК-нд үүрэг даалгавар өгсөн байна. Үүний дагуу зааасан хугацаанд дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь гэрч А.Б, Н.Т /хоч нэр Х/, Х.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Улмаар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар Баяннуур сумын 100 ортой дотуур байрны ажлыг зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн, хангалттай гэж дүгнээд 2015 оны мөн өдрөөс эхлэн ашиглахыг зөвшөөрсөн байна.

Хариуцагч Н ХХК-ний захирал А.Д нь эдгээр ажлуудыг өөр хүнээр хийлгэсэн гэх боловч С.А, С.Е, А.И, Х.Х, А.Ш Ц.М, Х.А, Ж.Х, Т.Б, К.А нараар хийлгэсэн гэж эдгээр хүмүүсээс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нотариатаар гэрчлүүлэн тодорхойлолт бичүүлэн авсан боловч эдгээр баримтуудыг нөхөж бүрдүүлсэн, тухайн үед эдгээр хүмүүст бүгд 4580000 төгрөгийн хөлс төлсөн гэх цалингийн товчоог гараар бичиж гаргаж өгсөн нь хөндлөнгийн нотлох баримтаар болон нягтлан бодох бүртгэлийн баримтаар нотлогдохгүй байна.

Мөн Т.С захиралтай Ц ХХК-наас 2318500 төгрөгийн барилгын материал болон хүнсний зүйл авсан гэх зарлагын баримтын огноо буюу оныг нь засварласан, Ш.А 1382000 төгрөгийн барилгын материал авсан гэх зарлагын баримтын огноо бичигдээгүй хэзээ авсан нь тодорхойгүй, мөн Ц ХХК-ний захирал Т.С, иргэн Ш.А нар нь Н ХХК-ний захирал А.Дээс мөнгө төгрөг авсан гэх боловч хэзээ ямар байдлаар яаж төлсөн нь тодорхойгүй, санхүүгийн баримт байхгүй эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн жолооч Б 2 тонн нүүрсийг Н ХХК-нд өгсөн гэх тодорхойлолт нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт ажил гүйцэтгэх гэрээгээр авах ёстой ажлын хөлс 24000000 төгрөгөөс нэхэмжлэгч А.Жн бэлэн авсан 19500000 төгрөгийг хасаж үлдсэн ажлын хөлс 4500000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н ХХК /захирал А.Д/-аас гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 86950 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н ХХК /захирал А.Д/-аас гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Н ХХК /захирал А.Д/-аас гүйцэтгэсэн ажлын хөлс 4500000 /дөрвөн сая таван зуун/ мянган төгрөг гаргуулан нэхэмжлэгч РД:БЗ0000000 О овогт Ан Жд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч А.Жн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126500 /нэг зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н ХХК /захирал А.Д/-аас 86950 /наян зургаан мянга есөн зуун тавин төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК