Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0543

 

2022.08.04-ний өдөр 221/МА2022/0543

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Д.А

Нэхэмжлэгч Ц.Б

Хариуцагч Төрийн албаны зөвлөл

Гуравдагч этгээд Л.Н

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

Хэргийн индекс: 128/2021/0888/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б-с Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “.. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд  Ц.Б-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах”-аар маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ыг Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг хариуцагч Төрийн албаны зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Д.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийэ 33 дугаар зүйлийн 33.12 дахь заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг баталж, уг журмын 7.3 дахь заалтад “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.” , 7.4 дэх заалтад “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ.” гэж тус тус заасан.

3.2. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална”, 7.1.4 дэх заалтад “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж зааж, Төрийн албаны тусгай үалгалт өгөх болзол, журмын 7.4, 7.4 дэх заалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зачимд нийцэхгүй байна. Удирдах албан тушаалтантай холбоотой харилцааг зохицуулаад гүйцэтгэх албан тушаалтантай холбоотой харилцааг зохицуулаагүй, удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудыг нэр дэвшүүлэх, томилох асуудалд өөр өөрөөр хандаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, дахин сонгон шалгаруулалт явуулах ёстой гэсэн хариуцагчийн үйлдэл үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

3.3. Нэхэмжлэгч Ц.Б нь Биеийн тамир спортын хорооны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт өгч, онооны дүнгээр 2 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд нэхэмжлэгч уг асуудалтай маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг болно. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.” гэж заасан, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт”-ыг баталсан бөгөөд уг жагсаалтад Засгийн газрын агентлагийн ахлах мэргэжилтэн нь гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэлийн ангилал, ТЗ-7 зэрэглэд хамаарч байгаа болно.

3.4. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.” гэж заасан.

3.5. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааан зохицуулалтаас үзэхэд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд  нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ гэсэн зохицуулалтыг батлахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нийцүүлэн баталж, дагаж мөрдөж байгаа болно.

4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”. 6.3 дахь хэсэгт “шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”. гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй зөвхөн журмын заалтыг тайлбарлан хэрэглэж байгаа нь учир дутагдалтай болжээ.

4.1. Нэгэнт Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмаар зохицуулсан зохицуулалтыг Төрийн албаны зөвлөл болон шүүх дагаж мөрдөх, зөв тайлбарлан хэрэглэх нь зүй ёсны хэрэг юм. Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр Үндсэн хуулийн цэцээс гараагүй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг дурдах нь зүйтэй.

4.2. Маргаж буй албан тушаал болох Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтний албан тушаал Төрийн албаны тухай хууль тогтоомжид зааснаар удирдах биш гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлэх боломжгүй тул Ц.Б дахин сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноог авах шаардлагатай.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан байхад анхан шатны шүүх уг харилцааг зөвхөн журмаар зохицуулсан мэт тайлбарлаж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

5. Анхан шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим алдагдсан” гэж дүгнэсэн үндэслэлийн тухайд төрийн албаны удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалд Монгол Улсын иргэн бүр төрийн албаны ерөнхий болон тусгай /тусгай албан тушаалын/ шалгалт өгч, зохих журмын дагуу томилогдох, Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлахгүй, давуу байдал олгохгүй, эрх тэгш байна гэж ойлгоно. Түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл, өөрийгөө хөгжүүлж сурч боловсрох, амралт эдлэх зэрэг нь төрийн албаны стандартад нийцсэн, албан хаагчдад тэгш, хүртээмжтэй байхыг ойлгоно.

5.1. Мөн шүүх “Маргаан бүхий тохиолдолд сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэн Л.Н тухайн албан тушаалд томилогдохоос татгалзаж, шалгалтын онооны дарааллыг баримтлан дарааргийн нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн байхад нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж дүгнэсэн үндэслэлийн тухайд төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн этгээд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй учир уг албан тушаалаас Л.Н татгалзах эрхтэй, харин томилох эрх бүхий этгээд болох гүйцэтгэх албан тушаалд дараагийн иргэнийг нэр дэвшүүлэхийг зөвшөөрөх эрхгүй юм.

5.2. Учир нь томилох эрх бүхий этгээд буюу төрийн байгууллага Төрийн албаны тухай хууль болон холбогдох хуулийг чанд баримтлах үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” , 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай ... холбогдон үүссэн маргааныг шийддвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тус тус заасан.

5.3. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч Ц.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар болон уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн бодит эрх хэрхэн зөрчигдөж байгааг анхан шатны шүүх дүгнээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б хамгийн өндөр оноо авсан эсэх, Биеийн тамир, спортын улсын хорооны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах эсэх нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно.

5.4. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн.

6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Ц.Б-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “... Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

-Биеийн тамир, спортын Улсын хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Сул орон тоонд захиалга хүргүүлэх тухай” 1/209 дүгээр албан бичгээр “... хорооны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалт зарлуулах” захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, улмаар Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Шалгалтын комисс байгуулах тухай 125 дугаар тушаалаар Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хорооноос ирүүлсэн захиалгын дагуу сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулж, тушаалаар байгуулагдсан комисс нь маргаан бүхий Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан,

-Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 34 дүгээр тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг -Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Л.Н-ийг томилуулахаар нэр дэвшүүлсэн,

-Нэгдүгээр байранд эрэмблэгдсэн Л.Н нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хороонд гаргасан хүсэлтдээ “... Татварын ерөнхий газрын болон Биеийн тамир, спортын улсын хороонд тус тус төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцээд улмаар Татварын ерөнхий газраас зарласан орон тоон дээр томилогдох болсон тул Биеийн тамир, спортын Улсын хорооноос зарласан орон тоон дээр онооны дарааллын дагуу дараагийн хүнийг томилохыг зөвшөөрч байна” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан,

-Төрийн албаны зөвлөл нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/851 дүгээр албан бичгээр “... Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоо зохих журмын дагуу нөхөгдөөгүй байх тул дахин захиалгаа ирүүлэхийг зөвлөсөн”

-Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/351, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/328, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/1674 дугаар албан бичгүүдээр Биеийн тамир, спортын хороо болон иргэн Ц.Б нарт хариу хүргүүлсэн байна.

3. Маргаж буй албан тушаал болох Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтний албан тушаал Төрийн албаны тухай хуульд зааснаар удирдах биш гүйцэтгэх албанд хамаарч, уг албан тушаалын сонгон шалгаруулалтад иргэн Л.Н нэгдүгээрт, нэхэмжлэгч Ц.Б хоёрдугаарт эрэмбэлэгдсэн талаар талууд маргаагүй байна.

3.1. Тус сонгон шалгаруулалтад оролцсон иргэн Л.Н уг албан тушаалд томилогдохоос татгалзаж, өөр албан тушаал эрхлэхтэй холбоотойгоор гаргасан хүсэлтэд үндэслэн Биеийн тамир, спортын улсын хороо болон нэхэмжлэгч Ц.Б нараас Төрийн албаны зөвлөлд маргаж буй албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж санал болгосныг буруутах үндэслэлгүй байна.

3.2. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох” журмыг зохицуулж, 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гээд 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” гэж тус тус зааж, уг албан тушаалын орон тоог нөхөж болох бөгөөд шалгалт өгсөн Л.Н, Ц.Б нар хэн аль нь уг албан тушаалын нөөцөд байгаа иргэн гэж үзэхээр байна.

3.3. Өөрөөр хэлбэл, иргэн Л.Н-с тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоод нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, түүнийг уг албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс санал болгоход тэрээр татгалзсан байх тул түүний дараа эрэмбэлэгдсэн Ц.Б-с Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалд нэрээ дэвшүүлснийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж зааснаар Ц.Б-г “төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэд” гэж хамааруулан хариуцагчаас тухайн албан тушаалд нэр дэвшүүлэн санал болгох эрхтэй байна.

3.4. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй бол Төрийн албаны зөвлөл ... өөр хүнийг удирдах албан тушаалд нэр дэвшүүлэхээр байна” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь маргаж байгаа албан тушаал нь “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хамаарахгүй”, гүйцэтгэх албан тушаалд хамаарснаар дээрх хуулийн заалтад хамаарахгүй гэж үзсэн хариуцагч эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуульд заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.5. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” 14 дүгээр тогтоолоор Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг баталж, журмын 7 дугаар зүйлийн 7.3-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ”, 7.4-д Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ” гэж зааснаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол хариуцагч тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэхээр журамласан байна.

3.6. Иймд анхан шатны шүүхийн “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг үндэслэн “... удирдах албан тушаалтан холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд гүйцэтгэх албан тушаалтнуудтай холбоотой харилцааг дээрх журмаар зохицуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, уг албан тушаал дээр дахин сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж үзэж, нэхэмжлэгчийг онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл үндэслэлгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд тухайн маргаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хуулиар тусгайлан шаардсан нөхцөл, болзлыг хангасан энэ тохиолдолд тус албан тушаалд томилогдох эрх хязгаарлагдах боломжгүй юм.

4.1. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч Ц.Б нь маргаж буй Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалын шалгуур болзлыг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байхад хариуцагчаас хуульд заасан журмыг буруу хэрэглэж, түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

5. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН