Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 769

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А овогт Б-ын А, .............,        

Хариуцагч: Х-У д Х, х ү х д,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х-У д Х, х ү х д-ын 2018 орны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Л.М, өмгөөлөгч Л.Б, гэрч Н.Э, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.А 2010 оноос хойш Х******* дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.

Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ба үүнийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, олгон, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Х******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд Б-ын А-ийг томилохыг Х-У д Х, х ү х дд даалгаж" шийдвэрлэсэн.

... давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар магадлалаар “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийн нэг дэх заалтын “Б/128 дугаар” гэсний дараах “тушаалыг хүчингүй болгосугай” гэснийг “тушаалын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Б.А-ийг Х******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргаар томилохыг тус хэлтсийн даргад даалгасугай.” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалын нэг дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тухайн шүүхийн шийдвэрүүдийн дагуу хүсэлт гаргаснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар намайг  тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар томилсон.

Гэвч ердөө 14 хоногийн дараа 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаараа намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

Ингэхдээ “..төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг гаргасан” гэсэн боловч яг ямар зөрчлийг гаргасан болох, тэр нь хэрхэн тогтоогдож байгааг тодорхой заагаагүй бөгөөд миний бие ёс зүй болон сахилгын зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, сахилгын зөрчил гаргасан гэвэл тухайн зөрчил бүрийг шалган тогтоосон байх хуулийн шаардлагыг мөн хангаагүй байна.

Үүнээс гадна уг тушаалд төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан, эсвэл ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхой заагаагүйгээс ойлгомжгүй бөгөөд үүний эрх зүйн үр дагавар тодорхойгүй үлдэж байгаа зэргээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Мөн ажилд эгүүлэн томилоод удалгүй дахин ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь анхнаасаа гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд тогтоогдсон намайг ажиллуулах хүсэлгүй байсныг илтгэж байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн дагуу төрийн албан хаагч бидний анхан шатны нэгж болох Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлд хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан боловч хүлээж бай хариу өгнө, ажил өгнө, шийдэлд хүрнэ гэж явсаар хариу өгөхгүй байсаар өдий хүрлээ. Шүүхийн шийдвэрийг үл тоож ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохгүй эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй хугацаа хожиж намайг хохироож ирлээ. Хүсэлтийн хариугаа нэхэж удаа дараа очсоны эцэст 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичиг хэргийн ширээнээс ухаж байж гаргуулж авсан.

Иймээс удаа дараалан миний эрхийг зөрчсөөр байгаа Х-У д Х, х ү х д-ын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж эрхийг минь сэргээж өгнө үү.

... Д.А гэмтсэн байгаа 12 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа ирнэ. Тэр үед нь чи ирээрэй гэсэн. Хуучин надтай хамт ажиллаж байсан н.П гэдэг хүн рүү 13-ны өдөр 08 цаг өнгөрч байхад залгаад Б.Б дарга байна уу? би өнөөдөр ажилдаа орох ёстой гэж асуухад байхгүй гэсэн хариу өгсөн. Яасан бэ хаашаа явсан бэ гэхэд гадагшаа явсан гэсэн. Дарга байхгүй, дээрээс нь намайг дуудаагүй учир тушаал шийдвэр гараагүй юм байна гэж бодсон. Үүний дараа н.П ярьж дарга ирсэн үгүйг лавлаж 2 удаа ярьсан. 24-25-ны үед ярихад дарга ирсэн гэсэн. Уулзахаар очиход эзгүй байсан. Хүлээж байгаад үдээс хойш нь уулзсан. Шүүхийн шийдвэр гарсан байгаа тул Д.А-ийг чөлөөлж, Б.А-ийг ажилд томилно гэж хэлсэн. Өнөөдөр 5 дахь өдөр байгаа тул 1 дэх өдөр ирж ажилдаа ор гэсэн. 1 дэх өдөр Тусгаар тогтнолын баяр таарч байсан учир би өөрөө 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд орох санал гаргаж, тохиролцсон.

н.Б дарга надад хандаж “..та ажлаа мэдэж байгаа тул энд суух шаардлага байхгүй. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төв байгуулж байгаа. н.Б орлогч даргатай байрны асуудлаар уулз. Он гаргаад шийдэж өгнө гэсэн. Д.А ажиллаж байхдаа дүүрэгтэй холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг байсан. Чамайг хүлээж авахгүй байх. Гэхдээ тушаал гаргана.” гэж хэлж байсан. Хөдөлмөр эрхлэлтийн албаны нарийн бичгийн дарга нь албан тушаалаараа би болох ёстой. Дарга нь орлогч дарга н.Б байсан. Эдгээр ажлуудынхаа өмнөх онд хийсэн ажлаа тайлагнах, ирэх онд хийх ажлуудын саналыг ярих ажлуудыг амжуул гэсэн. Эдгээр ажлуудыг надад даалгасны дагуу би дүүрэг дээр хэд хэдэн удаа очиж уулзаж байсан. 10-12-ны өдрүүдэд Засаг даргатай уулзсан тухай дэвтэр дээр бичсэн. Би өөрөө биечлэн уулзсан.

... н.Н гэдэг хүн сэтгэцийн өвчтэй. 5 дахь өдрийн орой орлогч даргатай уулзаад гарахад н.Б дарга өрөөндөө байж л байсан. Орлогч дарга чи надтай 2 удаа уулзсан байж яагаад 3 удаа уулзсан гэж байгаа юм бэ гэж уулзсан гэдгийг баталсан. Орлогч дарга гаргаж өгөх байр байхгүй гэж уурлаж, 3 дахь удаагаа уулзахад намайг хөөж гаргасан. н.Б дарга ч гэсэн надтай уулзаад чи мэргэжилтэн болчих гэсэн санал тавьсан. Бодож хоноод маргааш нь би дэвтрийн ил тавьж байгаад ураад, шинээр ахиж бичсэн. Дэвтэр урснаас болоод хэлтэст хохирол учирсан зүйл байхгүй. Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан уу гэж асуусан. Дүгнэлтийг надад танилцуулаагүй. Ёс зүйн хорооноос дуудаж уулзсан мөртлөө, дүгнэлтээ танилцуулаагүй. Намайг дуудахад нь очсон. Захиргаа, санхүүгийн хэлтсийнхэн сууж байсан. Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан тухай н.Б дарга надад хэлсэн. Надад дүгнэлтийг өгөхгүй, уншиж сонсгочхоод л тушаалаа гаргасан. Тушаал гарсан байна гэхээр нь өргөдлөө өгсөн байгаа юм чинь мэргэжилтэн болгож байгаа байх гэж бодсон. Гэтэл шууд чөлөөлсөн. Ажил хүлээлцэхэд Б.М байгаагүй. Хавтас дотор дотоод журам байсан эсэхийг би мэдэхгүй. Ажлын байрны тодорхойлолт намайг чөлөөлөгдөж Д.А-ийг томилогдоход өөрчлөгдсөн” гэжээ.

 

Хариуцагч Х-У д Х, х ү х д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...

1. 2017 онд шүүхийн шийдвэр гарсны дараа Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын эрүүл мэндийн байдлыг харгалзан харилцан тохиролцсоны дагуу Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа орохоор тохиролцсон байсан ч огт ирээгүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирсэн. Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирсэн хэлтсийн мэргэжилтэнүүдтэй уулзсан, хэлтсийн дарга байгаагүй тул буцаад явсан гэж тайлбарладаг. Б.А-ийн уулзаж мэдээлэл авсан гэх мэргэжилтэн Х.П нь “Б.А-ийг огт ирээгүй” гэж хэлж тайлбар гаргасан. Хүний нэр барьж худал хэлж явдаг.

2. Б.А нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төвийн асуудлаар дүүргийн Засаг дарга болон Засаг даргын орлогчтой уулзах ажилтай байсан боловч уулзсан гэж “гадуур ажлын дэвтэр”-т бичилт хийж байсан. Гэтэл Засаг даргын туслах Б.А болон Засаг даргын орлогч Г.Б нь уулзаагүй гэдгийг нь нотолдог. Дээрх нөхцөл илэрмэгц 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр жижүүр Ш.М-ийг өрөөндөө дуудан “гадуур ажлын дэвтэр”-ийг авч 14 дүгээр хуудсыг урж 15 дугаар хуудсанд өөрийн бичсэн зүйлийг өөрчлөн нөхөн бичилт хийсэн. /2018 оны 1 дүгээр сарын 10-12-ны өдрүүдийнх/

Дээрх үйлдлүүд нь ёс зүйн зөрчил мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Ёс зүйн хороонд хандсан бөгөөд Ёс зүйн хороо 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Б.А-ийг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-т “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах” болон 5.2.1-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.

Б.А төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл, дүгнэлтээр мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.8.3, 5.8.6 дахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Б.А-ийн гаргасан сахилгын ноцтой зөрчилтэй холбоотой сонсгох ажиллагааг хийж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар 26.1.3 дахь заалтыг үндэслэн, мөн хуулийн 26.3 дахь хэсгийг баримтлан 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Түүнчлэн 2016 оны 9 дүгээр сард Нийгмийн халамж үйлчилгээний болон Хөдөлмөрийн хэлтэс нэгдэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болох үед Б.А нь эд хөрөнгийн картаар эзэмшиж байсан 1 ширээ, 3 сандал, 1 ламинатор зэргийг тухайн үед хүлээлгэн өгөөгүй. Мөн Dell Inspiron маркийн зөөврийн компьютерийн хүлээлгэн өгөх ёстой байтал Acer маркийн огт ажилладагбайгүй эвдэрхий компьютер хүлээлгэн өгсөн байсан. Байгууллагын 2 ижил сейфний нэгийг бас л эвдэрхий жижиг сейфээр сольж өгсөн байдаг. Өмч хамгаалах зөвлөлийн гишүүд сольсон болон хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгийн талаар шаардлага тавихад “... Б.Б та нар хэдэн сандал ширээгүй үхлээ юу гэх зэргээр уурлаж загнадаг” байсан ба удаа дараа шаардуулсны эцэст 2017 оны 2 дугаар сард ширээ сандал ламинаторыг авчирч компьютерийг сольж өгч байсан. Одоог хүртэл нэг сейфийг байгууллагад хүлээлгэн өгөөгүй байна. Мөн Б.А нь Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцүүлнэ гэж 500,000 төгрөг авсан гэж иргэн н.Нина гомдол өргөдлөө ирүүлсэн байдаг.

Х******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсгийг зөрчөөгүй болно.

... 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тушаал нь 15-ны өдрийн Ёс зүйн хорооны дүгнэлт, хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албаны тухай хуулийг үндэслэж гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримттай танилцаагүй, танилцах боломж байгаагүй гэсэн тайлбар хэлдэг. Мэргэжилтэн хүн даргадаа танилцуулаад одоо та гарын үсэг зур гэж шаардаж чадахгүй нь тодорхой. Мэргэжилтэн нь танилцаж, гарын үсэг зураарай гэж хэлсэн байсан. Эрх зүйн харилцаанд оролцож байгаагийн хувьд танилцах нь тэр хүний өөрийнх нь үүрэг. Дотоод журмыг нэхэмжлэгч өөрөө анх тогтоож, хэрэгжүүлж байсан. Тэгээд өөр дээр нь ирэхээр үүнийг мэдэхгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч эрх, үүргээ хүнээр хэлүүлэхгүй өөрөө мэдэж байх ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан нь эрх бүхий этгээдийн шийдвэрлэх асуудал. Цаас урснаар хүний амьдралыг шийдвэрлэх гэж байна гэсэн тайлбар өгч байна. Ажилтан ажлаа хийхдээ цаг баримтлан, ёс зүйн дүрмийг баримтлах ёстой. Өөрийн ажлаа амжуулчхаад түүнийгээ бичсэн зүйлээ урсан байгаа нь дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 4-5 гомдол гаргасан байна. Салбар зөвлөлд гомдол гаргасан нь тогтоогдож байна. 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн гомдолд хариу ирүүлэхгүй бол хүлээлгүйгээр 03 дугаар сарын 14-ний өдөр гээд шүүхэд хандах ёстой байсан. Хуулиар тийм боломж олгож байгаа. Үүнийг харгалзаж үзнэ үү. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “...Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно...” гэж заасан байдаг. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шууданд хийгдсэн гэдэг нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Үүнээс хойш 17-ны өдөр мөн нэхэмжлэл гаргах эрх нь байсан. Бид нэхэмжлэгчийг харлуулах гэсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд ярьж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээ гэж байгаа. Үүнийг нэхэмжлэгч ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд 2,000,000 төгрөг өгсөн. Хамааралтай гэдэг хүн хаяг болон дугаараар нотлогдоно ... ёс зүйн олон удаагийн зөрчлийг гаргасан болохоор Ёс зүйн хороо хуралдаж дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гаргасан. Ёс зүйн хорооны дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн зүгээс ёс зүйн зөрчил гаргаагүй гэж маргаагүй, үүнтэй холбоотой гомдол ч гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Х-У д Х, х ү х д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 хэлтэс нэгдэхэд өмч хөрөнгийн асуудал гарсан. Тэр үеэс эхлээд н.Б дарга болон Б.А нарын хооронд зөрчил гарч эхэлсэн. Б.А дарга ажилтны картаар хүлээж авсан эд хөрөнгөө буцааж өгөхгүй,  асуудал үүсгэж байсан. DELL гэсэн нөтбүт байсныг ACER гэсэн хуучин нөтбүкээр сольж өгсөн. Тухайн үед биш гэсэн шаардлага тавихад мөн гэсэн. Өмч хөрөнгөө хүлээлгэж өгөхгүй байгаатай холбоотойгоор Б.А даргад итгэх итгэл үнэмшил буурсан. Тухайн үед ажиллаж байсан нягтлан, нярав нар бүртгэлгүй хөрөнгө зөндөө байгаа. Түүнийг Б.А дарга өөрөө авч явна гэж хэлсэн гэсэн. Үүнд нь н.Б дарга маш их бухимдсан. Оны өмнөхөн дутаасан эд хөрөнгүүдээ хүлээлгэж өгсөн. 12 дугаар сарын 13-ны өдөр ирж уулзах ёстой байсан. Гэтэл өөрөө ирсэн та байгаагүй гэсэн тайлбар хэлж байсан. Би өөрөө 2 давхарт сууж байсан. Б.А дарга ирээгүй.

... Бид дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс. Бидэнд улс төрийн дарамт үзүүлэх ямар ч боломж байхгүй. н.Б дарга өмнөх даргын үед 1 дүгээр сард багтааж байрны асуудал шийдэж өгнө гэж байсан. Нэхэмжлэгч тэр асуудлыг хариуцаж авсан. Хэрвээ очиж уулзсан бол тэр асуудал шийдвэрлэгдэх боломжтой байсан ч холбогдох хүмүүстэй нь очиж уулзаагүй байсан. Буцаж ирээд хэлтсийн даргад хэлэхдээ очиж уулзлаа бүтэх юм шиг байна гэж хэлсэн байдаг.  Танай байр яасан бэ эд хөрөнгөө оруулах гээд байна гэхэд нь уулзахад Засаг даргын орлогчтой уулзаагүй байсан. Уулзаагүй гэдэг нь илрэхэд дэвтэр дээр бичсэн зүйлээ ураад бичсэн зүйлийнхээ агуулгыг өөрчилж бичсэн байсан. Төрийн байгууллагын ажил цаасан дээр явагддаг. Цаас урснаас болж ажлаас халсан гэсэн тайлбар гаргасан нь ойлгомжгүй байна. Ёс зүйн хорооны дүгнэлттэй холбоотой тайлбараа нэхэмжлэгч гаргаж өгсөн байсан. Бид дуудаж уулзаж байсан. Дүгнэлтэд тайлбар байхгүй, тушаалаа авъя гэж хэлж байсан” гэв.

Хариуцагч Х-У д Х, х ү х д-ын өмгөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ёс зүйн хорооны дүгнэлт нь хүчинтэй, үндэслэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаар тогтоолоор Б.А-ийг Х******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Б.А 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзалт зохион байгуулж “түүний томилогдох албан тушаалд ажиллаж байгаа Д.А-ийн эмнэлгийн магадалгааны хугацаа” дуусмагц 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилд томилохоор шийдвэрлэжээ.[1]

            Үүний дараа мөн сарын 22-ны өдөр дахин уулзалт хийж дараа оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар томилж тушаал гаргахаар шийдвэрлэсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Б.А-ийг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаа томилсон боловч Х-У д Х, х ү х д-ын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.А-ийг “төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг гаргасан” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ[2].

Нэхэмжлэгч Б.А нь маргаан бүхий актад 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргасан байх ба гомдлын тус зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 07-нгы өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн тухай мөн өдрийн 44 тоот албан бичгийг Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан болох нь гэрч О.М, Н.Э нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгчээс “Х******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст мөрдөгдөж байсан “Гадуур ажлын бүртгэлийн дэвтэр”-т 3 удаа нөхөж бичих үед гарсан өдөр цаг нь дарааллын хувьд хойно, өмнөө орж замбараагүй болсон учраас хуудсыг урж авсан” хэмээн тайлбарлаж дэвтэрт нөхөж бичсэн тухайд маргахгүй байх бөгөөд харин “дээрх дэвтрийн хуудсыг урсан явдал нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц ноцтой зөрчил биш бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар ажиллуулахгүй гэж байгаа бол мэргэжилтнээр ажиллая гэсэн өргөдөл өгсөн байхад шийдвэрлэлгүйгээр албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Б.А-ийн зөрчлийг тус байгууллагын Ёс зүйн хороогоор хэлэлцэж дүгнэлт гарсныг үндэслэсэн тул Б/09 дүгээр тушаал хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

 

            Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх ба эрх бүхий албан тушаалтнаас хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд албан хаагчийн гаргасан зөрчил нэг бүрийг шалган тогтоосны үндсэн дээр тухайн зөрчлийн шинж байдалд тохируулан сахилгын шийтгэл ногдуулах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Х-У д Х, х ү х д нь маргаан бүхий Б/09 дүгээр тушаалыг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэсэн байх боловч Б.А-ийг үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тушаалын үндэслэлийг “ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан” агуулгатай гэж тайлбарласан тул шүүх энэхүү тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, хариуцагч нь Б.А-ийг буруутгаж буй ёс зүйн зөрчилд холбогдуулж түүнээс гаргасан тайлбарыг анхаараагүй, шалгаж тогтоогоогүй, зөрчлийн шинж байдлыг харгалзаагүй нь буруу гэж дүгнэв. Тодруулбал,

Х******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Ёс зүйн хорооны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр хуралдаанаар “Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.А нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.9 дэх заалт, 3.2.14 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-ын “...ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах”, 5.2.1-ийн “...байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах” гэсэн хэм хэмжээг дагаж мөрдөөгүй, ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэжээ.[3]

Гэвч дээрх хуралдааны тэмдэглэлийн “ШИЙДВЭРЛЭСЭН нь” хэсгийн 1-т “Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажил дээр ирсэн хүнтэй уулзаагүй гэж бичгээр тайлбар өгсөн байна. Тус өдөр хэлтсийн даргын эзгүйд орлож байгаа Захиргаа хяналтын дарга Л.М-той/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нь шүүх хуралдаанд “уулзаагүй гэж худлаа ярьсан гэж тэмдэглэгдсэн” гэж тайлбарласан/ гэх зөрчил нь цаг хугацааны хувьд Б.А нь Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар томилогдон ажиллахаас өмнө болсон үйл явдал байх ба Б.А-ээс Ёс зүйн хорооны хуралдаанд “99096765 дугаарт хэдэн цагт холбогдсон вэ гэдгийг харж болох байх. ...ирэхэд Алтай байгаагүй, Х.П байсан” гэж тайлбарласныг анхаараагүй, шалгаж тодруулаагүй, камерийн бичлэг хадгалагдсан эсэхийг шалгаагүй нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “Сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулсан  байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.  

Мөн тус өдрүүдэд хэлтсийн дарга Б.Б эзгүй байсантай хариуцагч маргаагүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.А-тэй дахин уулзалт зохион байгуулж 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн атлаа өмнөх цаг хугацааны үйл явдлыг зөрчилд тооцсон байх тул Б.А-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.9-т “Хэлтсийн даргын эзгүй байх үед Захиргаа, хяналтын албаны дарга хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй, дотоод журмын энэхүү заалт нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.

 

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ёс зүйн хуралдааны тэмдэглэлийн “ШИЙДВЭРЛЭСЭН нь” хэсгийн 2, 3, 4-т тэмдэглэгдсэн “Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 10-аас 12-ны өдрүүдэд “Гадуур ажлын бүртгэлийн дэвтэр”-т Засаг дарга болон Засаг даргын орлогчтой уулзаагүй атлаа уулзсан” гэж зөрүүтэй бичсэн, дэвтрийн хуудсыг урж авсан зөрчил”-ийн тухайд:

Хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд авагдсан дэвтрийн хуудасны фото зураг Х******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “Гадуур ажлын бүртгэлийн дэвтэр”-ээс Б.А-ийн урж авсан 14 дугаартай хуудасны зураг мөн гэдэгтэй хэргийн оролцогчид маргахгүй байна.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Урагдсан хуудаст “2018 оны 01 дүгээр сарын 11-нд 10.00-11.00 хүртэл ХУД ЗДТГ руу очиж ЗДОрлогчтой уулзах гээд амжаагүй тул ЗД-тай уулзав” гэж бичсэн байснаа нөхөж бичихдээ Засаг даргатай уулзав гэдгээ бичээгүй[4]. Засаг даргатай уулзаагүй болох нь Засаг даргын туслахаас авсан тайлбараар[5] тогтоогдож байгаа” гэж тайлбарлан маргаж байх боловч дүүргийн Засаг даргаас энэ талаар тодруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.А-ээс Засаг даргатай уулзсан талаараа 15 дугаар хуудсанд нөхөж бичээгүй тухайд мөн маргахгүй байх ба Х-У д Х, х ү х дас “Ёс зүйн хороонд” хийсэн цохолтод “... орлогч Г.Б даргатай утсаар ярихад... “Би танай албаны даргатай 1 удаа уулзсан. Засаг даргатай уулзаагүй...” гэж тэмдэглэснээс үзвэл нэхэмжлэгчийн “Засаг даргын орлогчтой уулзах гээд хүлээж байх зуураа Засаг даргатай ажлаар бус хувийн асуудлаар уулзсан тул нөхөж бичээгүй” гэсэн тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Б.А-ийн гадуур ажлын дэвтрээс урж авсан гэх 14 дугаартай хуудсанд “09.30-10.20 ХУД ЗДТГ-т орлогчтой уулзахаар очоод ирэв” гэж тэмдэглэгдсэн байх ба Засаг даргын туслахын тэмдэглэлд “...12-ны өдрийн өглөө даргын туслахаас даргатай уулзах талаар ирж асуусан болно” гэснээс үзвэл зөрүүтэй, худал бичсэн гэж үзэхээргүй, харин нөхөж бичсэн гэх 15 дугаартай хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 08.30-10.00 цагийн хооронд “Ээжтэйгээ эмнэлэг оров” гэж тэмдэглэснээ Б.А нь Ёс зүйн хорооны хуралдаанд “...эмнэлэг дээр байхдаа М руу ярьсан. Миний утсыг аваагүй...”[6] гэж тайлбарласан байхад хариуцагч нь Б.А-ийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж тодруулаагүй нь сахилгын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан гэж үзэхээр байх тул Б.А нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.14-т “Ажлаас хоцрох, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

 

Хэдийгээр Б.А нь “Гадуур ажлын бүртгэлийн дэвтэр”-ийн хуудсыг урж авсан нь буруу боловч түүний “урсан” гэх 14 дүгээр хуудсанд түүний гадуур ажлаар явсан байдал нь 2018 оны 01 дүгээр сарын 12, 10, 11, 12-ны өдөр гэсэн дарааллаар тэмдэглэгдсэн, харин нөхөж бичсэн гэх 15 дугаар хуудсанд өдөр дарааллаар тэмдэглэгдсэн байх ба дээр дурьдсан дүүргийн Засаг даргатай уулзсан эсэх асуудлаас бусад агуулга зөрүүгүй, түүнчлэн гэрчээс “...Үдээс өмнө 2 удаа орж дэвтэрт бичилт хийлгэсэн...Өнөөдөр болон өчигдөр гарснаа та бичээгүй байна гэж хэлсэн...”[7] гэж мэдүүлсэн болон Б.А-ээс Ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа мөн энэ шалтгааныг тайлбарлаж[8], урсан хуудсыг гаргаж өгсөн зэргээс үзвэл нэхэмжлэгчийн “... эмх замбараагүй болсон тул засаж бичих зорилгоор хуудсыг урж авч, нөхөж бичсэн” гэсэн тайлбарыг харгалзан үзэх үндэслэлтэй байсан байх бөгөөд энэ нь тус байгууллагыг Хөдөлмөрийн дотоод журмын 5.8.6-д заасан сахилгын ноцтой зөрчлийг санаатайгаар үйлдсэн гэж үзэхээргүй байсан байна.

Мөн Б.А нь Х******* дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг уг албан тушаалд томилж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх чин эрмэлзэлгүй байсан нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд “...Д-ын А-ийг Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар ажиллуулснаар дүүргээр асуудал шийдвэрлүүлэх, дэмжлэг авахад хэрэгтэй байна”[9] гэж тэмдэглэгдсэнээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогдсон намайг ажиллуулах хүсэлгүй байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Дээрхээс дүгнэн үзвэл Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн албаны хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлт гаргасан байхад хариуцагч нь уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, мөн зөрчлийн шинж байдлыг харгалзалгүйгээр маргаан бүхий Б/09 дүгээр актыг гаргаж түүнийг төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “...бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасны дагуу хангагдвал зохих нэмэгдэл баталгааг алдагдуулсан хууль бус шийдвэр болсон байх тул Х-У д Х, х ү х д-ын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.А-ийн тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д гэж заасны дагуу хариуцагчаас Б.А-ийн ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 17-оос 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх хугацааны олговрыг ажлын 217 хоногоор, сарын цалин хөлсийг үндсэн цалин/677,436.00 төгрөг/, ажилласан жилийн нэмэгдэл/15 хувь/, зэрэг дэвийн нэмэгдэл/20 хувь/-ийн нийлбэрээр /677,436+101,651.00+135,487.00=914,574.00/, сарын ажлын хоногийг 22 хоногоор, нэг өдрийн цалин хөлсийг 41,571.00 төгрөгөөр тус тус тооцож, нийт 9,021,025.00 төгрөгийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Х******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар ажиллаж байгаа Д.А нь “түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллаж байгаа болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарласан тул шүүхийн энэхүү шийдвэрийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй болохыг тэмдэглэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Х-У д Х, х ү х д-ын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.А-ийг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.А-ийн ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох 9,021,025.00  /есөн сая хорин нэгэн мянга хорин таван/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж Б.А олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х-У д Х, х ү х дд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ

 


[1] Хавтаст хэргийн 47-49 дэх талд

[2] Хавтаст хэргийн 68 дахь талд

[3] Хавтаст хэргийн 61 дэх талд

[4] Хавтаст хэргийн 87 дахь талд

[5] Хавтаст хэргийн 55 дахь талд

[6] Хавтаст хэргийн 60 дахь талд

[7] Хавтаст хэргийн 181 дэх талд

[8] Хавтаст хэргийн 62-64 дэх талд

[9] Хавтаст хэргийн 52 дахь талд