Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01691

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00851 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1371 дүгээр магадлалтай,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

Э ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжид хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоолгож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгуулах тухай үндсэн,

Газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, өмгөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь Э ХХК-с 2007 онд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1698,4 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, 4680 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг худалдаж авсан. Дээрх газар болон барилга нь бүхэлдээ Э ХХК-ийн эзэмшлийн газраар хүрээлэгдсэн тул үйл ажиллагаа явуулахын тулд тус компанийн эзэмшлийн газраар дамжин гарахаар хойд болон урд гарцыг ашиглаж байна. Гэтэл урд гарцыг хаах талаар Э ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 754 тоот албан бичгээр мэдэгдсэн. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс Э ХХК-ийн эзэмшлийн газраар дамжин гардаг хойд гарцанд хаалт хийн, байнгын харуултай болгож, харуулаас зөвшөөрөл авч нэвтэрч байна. Иймд Ж ХХК нь барилга байгууламжийг хэвийн ашиглахтай холбоотойгоор Э ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжийг хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг Э ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.                                                 

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ж ХХК-ийн барилга байгууламжийг хэвийн ашиглах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан зүйл байхгүй, өнөөдрийг хүртэл барилга байгууламжаа хэвийн ашигласаар байгаа. Харин ч Ж ХХК-д барилга байгууламжаа хэвийн ашиглах боломж бололцоог өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эрх хязгаарлахгүйгээр урд, хойд талын гарцыг үнэ төлбөргүй ашиглуулсаар ирсэн. Э ХХК-ийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид тусгайлан олгоогүй. Харин Ж ХХК-иас 2014 оноос хойш  газар ашигласны төлбөрөө Э ХХК-д төлөөгүй бөгөөд удаа дараа албан бичиг хүргүүлж, төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж ХХК нь 2016 оны 01 дүгээр сараас Э ХХК-ийн газрыг хууль бусаар ашиглаж байгаа бөгөөд газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Иймд Э ХХК-ийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын газрын 2087.3 м.кв талбай, үйлдвэрийн бүсийн 4940.4 м.кв талбай, нийт 9019.1 м.кв газрыг Ж ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00851 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 150 дугаар зүйл, 151 дүгээр зүйлд заасныг баримтлан Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК-д холбогдох, барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор Э ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-ийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв талбайтай газар, үйлдвэрийн бүсийн 4940.4 м.кв талбайтай газар, нийт 9019.1 м.кв газрыг Ж ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 1.008.505 төгрөгөөс шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2016/13520 дугаар захирамжаар 938.305 төгрөгийг буцаан олгосноос үлдэх 70.200 төгрөгийг хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1371 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жем интернэшнл ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Э ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн дугаар1371 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч дахин шинжээч томилох хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд судлан үзэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль нийцсэн. Учир нь нэхэмжлэгчийн дахин шинжээч томилох хүсэлтээр хүсч байгаа “Э” ХХК- ийн БҮК-1 үйлдвэр нь ашиглалтад орчлоо, одоо энэ урд гарцыг хаах шаардлага байгаа юм уу? Энэ байдлыг тогтоож өгөөч ээ гэх, нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой хүсч байгаа бүх зүйл хэрэгт авагдсан урд, урдын шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон юм. 2017 оны 05-р сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд шинжээч томилох хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд нийт 4 асуудлыг шинжээчээр тодруулахаар хүсэлт гаргасан байсны нэг нь буюу 4 дэх асуулт нь “Э” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилга. Ингээд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 09-р сарын 05-ны өдөр “Барилгын хөгжлийн төв”-г шинжээр томилдог юм. Барилгын хөгжлийн төв нь барилгын норм, дүрэм, стандарт боловсруулах, үндсэн чиг үүрэгтэй төрийн захиргааны /мэргэшлийн/ байгууллага юм. “Барилгын хөгжлийн төв” энэхүү эрхэлж байгаа чиг Үүрэгийн хүрээнд нэхэмжлэл дээрх шинжээчээр тогтоолгох гэж байгаа асуудалд бүрэн дүгнэлт гаргах мэргэжлийн байгууллага мөнөөс мөн бөгөөд талууд ч уг байгууллагаар дүгнэлт гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд Барилгын хөгжлийн төвөөс 2018 оны 01-р сарын 18-ны өдрийн 1/93 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Одоогийн ашиглаж байгаа” Э ХХК-ийн эзэмшил газраар ертөнцийн зүгээр урд гарцыг хааснаар “Жем интэрнэшнл” ХХК-ийн эрх ашиг доордохгүй бөгөөд анхны төлөвлөлтийн дагуу орц, гарцыг ашиглах боломжтой гэх дүгнэлт гардаг юм. Ийм дүгнэлт байсаар байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч дахин дүгнэлт гаргуулъя гэж Шүүх шинжилгээний тухай хуульд заасан дахин дүгнэлт гаргуулах үндэслэл тогтоогдоогүй байхад хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүй нь хууль ёсны болсон юм. Иймээс дээр дурдсан хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтын хүрээнд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан шинжээч томилох хүсэлт, түүний агуулаг, маргаагүй үйл баримтад хамаарах эсэхийг үндэслэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2018 оны 04-р сарын 06-ны өдрийн дахин шинжээч томилох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болсон гэж үзэх үндэстэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүх, хэргийн оролцогчийн эрхийн эдлүүлээгүй, шинжээч томилох хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй байна гэж дүгнэж байгаа нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна. Угтаа бол давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаа шүүх хэргийн газарт үзлэг хийгээгүй байна, гээд байгаа асуудал нь аль хэдийнээ 2016 оны 04-р сарын 11-ний өдөр шүүхээс үзлэг хийж, маргааны үйл баримтад хамааралтай ач холбогдолтой зүйлийг тогтоосон, үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан юм. Эцэст нь дүгнэж хэлхээд “Жем интэрнэшнл” ХХК нь “Э” ХХК-ийн эзэмшил урд гарцын газрыг ашиглахгүй байснаар байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нь ямар ч хохирол, саад учруулахгүй, “Жем интэрнэшнл” ХХК нь өөрсдийн эзэмшил газрыг анхны төлөвлөлтийн дагуу орц, гарц гарган ашиглах бүрэн боломжтой байхад энэхүү заавал бусдын газраас дамжин орж, гарна гэж байгаа шударга ёсны зарчимд нийцэх болов уу. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн дугаар:1371 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг ' ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00851 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1371 дугаар магадлалд холбогдуулан энэхүү гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо хариуцагчаас худалдан авсан үйл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу хэвийн ашиглах (барилгад хариуцагчийн эзэмшлийн газраар дамжиж, нэвтрэн хүрэх)-д зайлшгүй шаардлагатай буюу тааламжтай нөхцлийг бүрдүүлэх үүргийг гэрээгээр тохирсон эсэхээс үл хамааран худалдагч этгээдэд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үеэс эхлэн бүхий л цаг хугацаанд хүлээн хэрэгжүүлнэ гэдэг презумпц, энэ нь гэрээгээр тохиролцсон эсэхээс үл хамааран гагцхүү өмчлөлийн зүйлийг шилжүүлэн авснаар түүнийг дагалдан шинэ өмчлөгчид маргаангүй үүсэх эдийн баялгийн эрх, тиймээс шууд сервитут тогтоолгох боломжтой гэж үзэж, эл үндэслэлд хамаарах хамаарах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 151 дүгээр зүйлүүд хэмээн тодорхойлсон. Гэтэл шүүхийн шийдвэрээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бодит болон хууль зүйн үндэслэлийн дүгнэлт хийсэн зүйл огт байхгүй байх ажээ. Иймд уг хэргийг шүүх шийдвэрлэсэн, ингэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байх ажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын зүгээс шаардлагын дээрх үндэслэлд дэмжлэг болгох үүднээс урд гарцыг хааснаар уг барилгын дотор явагдаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөл бодитой байгаа, түүнчлэн ажиллагсдын ажлын байранд ирэх, буцах нөхцөл байдал өнөөгийн нөхцөл байдлаас үлэмж дордож байгаа буюу хамгийн ойрын автобусны зогсоол хүрэхийн тулд 3.7 км харанхуй, гЭтүүлэггүй, мухрын, тусгаарласан явган болон автозамын байгууламжгүй газраар зорчин явах зэргээр нөхцөл байдал үлэмж муудаж байгаа сөрөг үр дагавруудыг дурдсан. Энэхүү сөрөг үр дагаврууд бодитой эсэх дээр хариуцагч тал маргадаг тул дүгнэлт гаргуулах шинжээчийг томилуулах хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлж байсан. Түүнээс бус гагцхүү шинжээчид тавьсан асуултуудад дурдагдаж буй нөхцөл байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй билээ. Зүй нь шүүгч шинжээчийн дүгнэлтийг хэрэглэх эсэх, хэрэглэх тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг бусад өрсөлдөхүйц нотлох баримт, үйл баримт, нөхцөл байдал болон хэм хэмжээ, зохицуулалтуудтай харьцуулан үнэлсний үндсэн дээр тодорхой үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, түүнийгээ шийдвэртээ тодорхой байдлаар тайлбарлах замаар шийдвэрийг гаргах учиртай. Гэтэл ингэж дүгнэлт хийсэн зүйлгүй, “сохроор” шинжээчийн дүгнэлт л зөв хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж үл болох зарчмыг зөрчсөн явдал болсон. Тодруулбал: барилга байгууламжийг худалдаж авсны дараачаар “Э” ХХК-ийн эзэмшлийн газар дээгүүр дамжин өнгөрч худалдан авсан барилга байгууламжид хүрэх автозам, тусгаарлах хана байгууламж, тээврийн хэрэгслийн түр зогсоол зэргийг нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан (эл үйл баримт нь шүүхээс хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгт тодорхой дурдагдсан, талууд маргадаггүй), ийнхүү газар ашиглуулсны төлөөх төлбөрийг “Э ХХК нь нэхэмжлэгчээс авч байсан үйл баримт, түүнд холбогдох нотлох баримтууд хэрэгт бий. Түүнчлэн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2013 оноос хойших хугацааны газрыг автозам болон автозогсоолын зориулалтаар ашиглуулсны төлөөх төлбөрийг нэхэмжилж байснаас ч эл үйл баримт нотлогдох юм. Энэ бүгдийг нэгтгэж үзвэл: үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдахдаа болон худалдсанаас хойших хугацаанд ч (хөрш зэргэлдээ буюу түүний эзэмшлийн газрын дотор орших хөрөнгө гэдэг агуулгаар) тийнхүү шилжүүлж буй хөрөнгийг зохистойгоор ашиглахад зайлшгүй шаардлагатай нөхцөл шаардлагыг худалдагч нь хангах (биет байдлын болон эрхийн доголдолгүй байх нийтлэг шаардлагад хамаарна) үүрэгтэй, энэхүү үүрэг нь үл хөдлөх хөрөнгө орших бүхий л хугацааны туршид буюу талууд болон үл хөдлөх хөрөнгүүд хөрш зэргэлдээ орших бүхий л хугацааны туршид хадгалагдах учиртай энэхүү эрх, ашиг сонирхол хуулиар хамгаалагдах учиртай энэ ч хүрээнд талуудын анхнаасаа л худалдан авагчийн эрхийг хангаж газрыг хязгаартайгаар буюу тодорхой зориулалтаар (автозам, автозогсоол), төлбөртэйгээр ашиглаж ирсэн, уг харилцаа нь талуудын хооронд сервитутын харилцаа бодитойгоор бий болсон байсан, энэ хүрээнд хариуцагчийн эзэмшлийн газар дээр нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хийж автозам, автозогсоол, хамгаалалтын тусгаарлах хана зэрэг үл хөдлөх хөрөнгө бий болгосон, уг хөрөнгийг өмчлөх эрх мөн хуулиар хамгаалагдах учиртай хэмээх үндэслэлүүдээр гаргаж буй нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх үндэслэл хяналтын шатны шүүхэд одоо ч бий хэмээн үзэж гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... “Э” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжид хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжийг олгож, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар тус компанийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв талбай, үйлдвэрийн бүсийн 4940.4 м.кв талбайг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг шаардлага гаргажээ.

“Ж” ХХК нь 2006 онд “Э” ХХК-с Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/19 тоотод байрлах металл боловсруулах үйлдвэр, конторын зориулалттай 2 давхар барилга, мөн 200/20 тоотод байрлах төмөр хийцийн цехийн зориулалттай 1002 м.кв талбайтай 1 давхар үл хөдлөх хөрөнгийг худалдан авч өмчлөгч болсон ба уг эд хөрөнгө байрлаж буй 4680 м.кв газрыг эзэмших эрхтэй байна /хэргийн 1 дүгээр хавтас 25-66 дугаар тал/.

Нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд буй дээрх үл хөдлөх хөрөнгө, газар нь хариуцагчийн эзэмшлийн газраар хүрээлэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна.

Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч урд гарцыг нээж, улмаар авто зогсоол байгуулан ашиглаж, үүний төлөө хариуцагчид тодорхой хэмжээний төлбөр төлж байжээ /хэргийн 1 дүгээр хавтас 116, 121,127-128 дугаар тал/.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 180 дугаар тогтоолоор Байшин үйлдвэрлэх комбинат-1 төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14.0 сая ам доллартай тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

“Э” ХХК дээрх төсөлд хамрагдан үйлдвэрлэлийн зураг төсөл хийгдэж байгаа тул урд гарцыг хаахыг 2015 оны 8 дугаар сарын 3-ний өдрийн А/182/15 тоот албан бичгээр “Жем интернешнл” ХХК-д мэдэгджээ /хэргийн 1 дүгээр хавтас 8 дугаар тал/.

Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч шаардлага гаргахдаа “...урд гарцыг хааснаар компанийн ажилчид үйлдвэрт нэвтрэх боломжгүй, хойд гарцыг түүхий эд, бараа материал, техник тоног төхөөрөмж, бэлэн болсон бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх зориулалтаар ашигладаг тус компанийн эрх ашиг хөндөгдөнө” гэсэн бол хариуцагч “...хойт талын гарц нээлттэй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ний өдрийн 9153 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон /хэргийн 2 дугаар хавтас 47-48 дугаар тал/.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ний өдөр гаргасан дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүгчийн 4394 дүгээр захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-т “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ”, 20 дугаар зүйлийн 20.1.-т “шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус заасан ба шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болохоор хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зохицуулсан.

Нэхэмжлэгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтэд дурдсан асуудал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс гадна бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтийг шинэ хүсэлт гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамирын гаргасан хүсэлтээр шүүх маргаан бүхий газарт 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлджээ /хэргийн 1 дүгээр хавтас 103-109 дүгээр тал/. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ өөрчилсөнтэй холбоотой үзлэгийг дахин хийлгэх шаардлагатай гэж үзсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээс гадна тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд заалгүй, зөвхөн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. дэх хэсэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд зохигчийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох” талаарх гомдлыг хангах нь зүйтэй. 

Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараах замаар хязгаарлах эрхтэй /цаашид сервитут гэх/, мөн зүйлийн 151.1.1.-т “хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжид хязгаартай ашиглах” гэж заасныг нэхэмжлэгч шаардлагын үндэслэлд дурджээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 5 дугаар зүйлийн 5.5.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 33 дугаар зүйлд сервитутыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан. Хариуцагчийн “...сервитутыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй...” талаарх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Дээр дурдсанаас үзвэл, зохигчийн хооронд сервитут үүсээгүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн газрыг төлбөртэй ашиглаж байжээ.

Эд хөрөнгийг “Жем интернешнл” ХХК-д худалдах үед тус барилга байгууламжийн эгц хойд тал, баруун хойт талын орц гарцыг ашиглаж байсан нь шинжээчийн дүгнэлт, кадастрын зургаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь анхны төлөвлөлтийн дагуу хийгдсэн дээрх гарцыг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.


Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 60.1.1.-т зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан.

Зохигчийн хооронд газар эзэмших, ашиглах талаар маргаан үүсээгүй, энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалт сөрөг нэхэмжлэлд хамааралгүй болно.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1.-т зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар эзэмших эрхээ ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

Сөрөг нэхэмжлэлийн “...урд гарцны 1991.4 м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгч “Ж” ХХК-д даалгах” шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй холбоотой байгаагаас гадна газар эзэмшигч газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхтэй тул энэ шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин сөрөг нэхэмжлэлийн “...үйлдвэрийн бүсийн 4940 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөх” тухай шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зөрчихгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын заримыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1371 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00851 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1., 117 дугаар зүйлийн 117.1.-т заасныг баримтлан “Э” ХХК-ийн эзэмшлийн урд гарцны 1991.4 м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгч “Ж” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлээс үйлдвэрийн бүсийн 4940 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн төлсөн 70.200 төгрөг, хариуцагч “Э” ХХК-с төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 35.100 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 210.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ