Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч Л.А, хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч, хохирогч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2035000940131 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 24-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б ургийн овогт Бгийн Д. /Регистрийн дугаар: ОО 96011017/

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дүүрэн шим” ХХКомпанид туслах ажилтан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 11-87 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Ш ургийн овогт Бгийн М. /Регистрийн дугаар: ОЮ98072319/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Л.Аийн толгойн тус газар нь банзны хагархай хэсгээр цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Дг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар 2035000940131 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан дараахь бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Дгийн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

            1.1. Хохирогч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 26-ны өглөө миний найз охин Ц.М над руу утасдаад намайг хүргэсэн айлдаа хүрээд ир гэж хэлэхээр нь би найз Мыг дагуулаад өөрийнхөө мотоциклтой Улаангом сумын 9 дүгээр баг Тээврийн хороонд байдаг Б.Д гэж танихгүй айлд очсон. Тэгээд эхлээд тэдний гэрт эхнэр нь 1 ширхэг 2,5 литрийн том пиво гаргаж ирснийг тэнд байсан хүмүүс хувааж уусан. ...Тэгээд гэрийн эзэн Б.Д ах бүгдээрээ “Гашууны гол” гараад агаарт жаахан юм яриад сууж байгаад ирцгээе гэж хэлээд бид нар ярилцаж тохироод Д ах, тэдний эхнэр Э, миний найз охин М, найз М бид тавуулаа Дгийн машиныг би бариад бүгдээрээ “Гашууны гол” явцгаасан юм. ...Тэгээд бид нар “Гашууны гол” ороод архиа уугаад юм ярилцаад сууж байтал нэг мэдэхэд Д, М хоёр сууж байгаад гэнэт маргалдаад хоорондоо барьцалдаад зодолдсон юм. Тэгээд бид нар М, Д хоёрыг салгаж аваад тавуулаа “Гашууны гол”-оос яваад орой болж байхад Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт Д ахын гэрт ирсэн. Тэр үед тэдний гэрт гаднаас нэг танихгүй хүн орж ирээд “Юу болцгоож байгаа юм бэ” гээд Мтай маргалдаад барьцалдаж аваад тэдний гэрээс гараад явсан. Тэгээд би хойноос нь гарах гэтэл манай найз охин намайг гаргахгүй байсан. Тэгээд хэсэг жаахан байж байгаад би тэдний гэрээс гараад гэрийн ар талд М нэг танихгүй хүнтэй хоорондоо заамдалцаад барьцалдаад авсан байхаар нь би тэр хоёрыг салгах зорилготой очиход миний гарнаас нэг хүн бариад авах үед миний хойноос гэнэт нэг хүн хатуу зүйлээр миний толгой руу хүчтэй цохисон юм. Тэгээд би ухаан алдсан. Түүнээс хойш болсон үйл явдлын заримыг нь санаж байна. Тухайн үед миний ар талаас миний толгой руу цохиж гэмтэл учруулсан хүнийг хараагүй. Дараа нь хамт байсан хүмүүсээс асуухад намайг Д хуучин модон банзаар цохиж гэмтэл учруулсан гэж надад хэлсэн. Би Дтэй тэр өдөр л анх танилцсан. Одоо миний толгой байнга хатгаж өвдөнө, дотор муухайрна. Удаан сууж чадахгүй, юм руу удаан харж чадахгүй, нүдний угаар хатгаж хөндүүрлэж өвдөж байна. Би баримтаа бүрдүүлж байгаад хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

            -Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд бид нар М, Д хоёрыг салгаж аваад тавуулаа “Гашууны гол”-оос яваад орой болж Дгийн гэрт буцаж очсон. Манай найз охин, Б.Дгийн эхнэр, М бид дөрөв гэрт сууж байхад гаднаас нэг хүн орж ирээд энэ хүүхдийг хэн зодсон бэ? гээд Б.Мыг заамдаад чирээд гэрээс гарсан. Тэгээд би хойноос нь гарах гэтэл манай найз охин намайг гаргахгүй байсан. Тэгээд хэсэг байж байгаад би гарахад гэрийн ар талд Б.М нэг хүнтэй барьцалдаж байсан. Тэр хүнийг Б.Д байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ хоёрыг салгах гээд очиж байхад миний гарнаас нэг хүн бариад тэр хүнийг эргэж харж чадалгүй араасаа цохиулж ухаан алдсан. Тэрнээс хойш болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Би шүүгдэгчээс эмчилгээний зардал, бусад зардлыг нэхэмжилсэн. 4.381.600 төгрөгийг анх нэхэмжилсэн. Үүнээс 3.000.000 төгрөгийг өгсөн. Сая шүүх хурлын өмнө 300.000 төгрөгийг өгсөн. Би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд ирэхэд нэмж 391.000 төгрөгийн зардал гарсан. Одоо 1.472.600 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

            1.2. Гэрч Б.Эрдэнэчимэг /хохирогч Л.Аийн ээж/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний хүү Л.А нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гарч яваад шөнө 23 цагийн үед гэртээ ирээд шууд орондоо ороод амарсан юм. Тэгээд миний хүү орондоо хэвтээд 30 минут орчим болж байгаад “Ээжээ, миний толгой өвдөөд байна” гэж надад хэлсэн юм. Тэр үед би хүүгээ харахад толгой хэсэг нь баруун талдаа хавдартай, баруун нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би хүү Ахмэндийн толгойд нь хүйтэн жин тавиад, хоёр ширхэг толгойны эм давхарлаж уулгаад түүнээс хойш толгой нь өвдсөөр өглөө болсон юм. Тэгээд хүүгийнхээ биеийг ажиглаад намдахгүй болохоор нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр таксигаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлээд компьютер томографт ороход миний хүү Ахмэндийг тархины гэмтэлтэй гээд шууд гэмтлийн тасагт хэвтүүлж эмчилгээ хийж эхэлсэн. Миний хүү тархиндаа гэмтэл авсан байсан учир Улаанбаатар хотоос гэмтлийн эмч дуудаж ирүүлж Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины хагалгаанд орсон юм. Одоо миний хүүгийн толгой нь хааяа хааяадаа өвдөөд толгой нь эргээд байгаа юм. Хоёр нүд нь улайгаад зээгтэрч харагдаад байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

            1.3. Гэрч Ц.М /хохирогч Л.Аийн найз охин/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр “Гашууны гол” ороод гүүрний доод талд голын хөвөөнд очоод тэнд авч очсон 2 архиа ууж дуусгаад Ахмэнд бид хоёр голын хөвөөнд сууж байтал машины хажууд байсан Д ах, М хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд Ахмэнд бид хоёр уг зодолдож байсан хоёр хүнийг салгасан. ...Тэр үед Д ах нэг хүн рүү утсаар яриад “Намайг хүмүүс зодчихлоо” гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй нэг танихгүй ах орж ирээд шууд Мыг цохисон. Тэгээд Мыг тэдний гэрээс чирж гараад тэдний гэрийн ар талд хоорондоо зодолдож байх шиг байсан. Тэгээд 2-3 минутын дараа Ахмэнд хойноос нь гараад очсон. Тэгээд би Д ахыг гэрээс гаргахгүй гээд зууралдаад надад дийлдээгүй хойноос нь гарсан. Би бас гэрээс гарахад М, тэр улаан цамцтай танихгүй ахтай хоорондоо барьцалдаад авчихсан байсан. Тэгээд Ахмэнд тэр хоёрыг салгах  гээд очоод тэр хоёртой барьцалдаад, зууралдаж, таталцаад цааш хараад зогсож байтал хойноос нь Д ах 1 метр өнгөрүү урттай, 10 гаруй см өргөнтэй хуучин банз аваад хоёр гараараа бариад далайж байгаад Ахмэндийн толгойны ар хэсэг рүү нь нэг удаа аймаар хүчтэй цохисон. Тэр үед Д ахын хажууд нь ээж, аав, дүү нар нь байсан. Яг тэр үед Ахмэнд манараад, газарт унах гэхэд нь би очоод татаж босгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

            1.4. Гэрч Б.М /хохирогч Л.Аийн найз/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Д ахын машиныг Ахмэнд жолоодоод, тавуулаа “Гашууны гол”-ын гүүрний доод талд голын хөвөөнд очиж бид нар бүгдээрээ авч очсон 2 шил архиа хувааж уугаад дуусаж байтал Д ах над руу “чи Тариалангийн хотон, би Тэсийн баяд” гэж хэлээд надтай маргалдаж байгаад Д ах миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэгээд Д ах бид хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд тавуулаа буцаж Улаангом ороод Д ахын гэрт нь шууд очсон. Тэдний гэрт байж байтал Д ах гэрээсээ гарч яваад хэсэг байж байгаад нэг танихгүй хүн дагуулж ирсэн. Тэр хүн нь Д ахын гэрт нь орж ирээд шууд намайг цохиж газарт унагаан, чирээд гэрээс аваад гарсан. Тэгээд тэр ах намайг гэрээс гаргаж ирээд зодож байтал Ахмэнд гэрээс гарч ирсэн. Ахмэнд ирж бид хоёрыг салгах гээд бид хоёрын дундуур орж зууралдаад салгах гэж оролдож байтал Д ахын аав, ээж нь гэсэн хоёр хүн гэрээсээ гарч ирээд Ахмэндийн хоёр гарнаас бариад авсан юм. Тэр үед Ахмэндийн хойноос Д нь хуучин банзаар Ахмэндийн толгойн тус газарт нь нэг удаа хүчтэй цохисон. Ахмэнд газарт сөхрөөд суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

            1.5. Гэрч Д.О /шүүгдэгч Б.Дгийн ээж/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед хүүгийнхээ гэрт ороход нэг танихгүй охин, хажуудаа бас танихгүй хоёр залуутай хамт өдөр байсан хүмүүс ирцгээсэн байсан. Тэдгээр хүмүүс нэлээн архи уусан байдалтай согтуу байсан. Тэгээд би тэдний гэрээс гараад өөрийнхөө гэртээ ороод байж байтал хүү Д манай гэрт орж ирэхдээ хамарнаас нь цус гарсан байдалтай байхад нь “Яасан юм бэ?” гэж асуухад миний хүү Д нь “манай гэрт байгаа хар хөх цамцтай залуу миний хамрыг цохичихсон” гэж хэлсэн. Тэр үед манай гэрт миний нөхөр Ш.Б нь согтуу байж байгаад сонсчихоод хүү Дгийн гэрээс М гэдэг залууг гаргаж ирээд хоорондоо барьцалдаж аваад тэгээд Мыг газарт унагаж аваад дарж байх үед манай хүүгийн гэрээс улаан цоохор цамцтай залуу хажуудаа нэг охинтой хамт гарч ирсэн юм. Тэр үед миний хүү Д нь хашааны хуучин банз гартаа барьчихсан ирэхээр нь би хүү Дг модоор хүн цохиулахгүй гээд гүйж очоод хүү Дгийнхээ нэг гараас нь татаад бариад автал миний хүү Д нь нөгөө гартаа барьсан модон банзаар тэнд зогсож байсан улаан цоохор цамцтай Ахмэнд гэдэг хүүхдийн толгой руу нь цохичих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

            1.6. Шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “1. Үзүүлэгч Л.А-н биед гэмтэл учирсан байна. 2. Дух, баруун чамархай ясны заадас дагасан хугарал, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, духны баруун хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун нүдний алимны салстад, дээд, доод зовхинд цус хуралт, баруун дал, цээжний баруун урд доод хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, баруун чамархай ясны заадас дагасан хугарал, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, духны баруун хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун нүдний алимны салстад, дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 5. Баруун чамархай ясны заадас дагасан хугарал, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх биеийн гадаргууд  учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. 7. Л.Аийн биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр гэмтэл тогтоогдоогүй. 8. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх 460 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-37-р хуудас/,

            1.7. Хяналтын прокурорын 161 дугаартай зөвшөөрлөөр хуулбарлан авч хэрэгт хавсаргасан хохирогч Л.Аийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 42-53-р хуудас/,

            1.8. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ял, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 6 дугаар сарын 25-ны шөнө манай эхнэрийн таньдаг М гэдэг эмэгтэй манайд ирж хоносон юм. Тэгээд маргааш нь тэр эмэгтэйн найзууд гээд танихгүй хоёр залуу ороод ирсэн. Тэгээд би өөрөө уух гэж байсан пивоо гаргаж манайд ирсэн хүмүүстэй хувааж уусан. ...Тэгээд бид нар тавуулаа миний машинаар “Гашууны гол” явсан юм. “Гашууны гол” дээр очоод архи хувааж уугаад байж байгаад би ухаанаа алдсан байна лээ. Би урьд өдөр нь архи уучихсан, үргэлжлүүлээд архи уучихсан учраас согтоод юу болсныг огт санахгүй байгаа. Би тэр өдөр согтуу байхад “Гашууны гол” дээр Л.Аийн найз М нь миний хамрыг цохиод гэмтээчихсэн юм байна лээ. Тэгээд би гэртээ хашаанд очоод Б.Мыг цохих гэж байгаад дундуур нь орж ирсэн Л.А гэдэг залууг хашааны хуучин модон банзаар толгой тус газарт нь цохиж гэмтэл учруулсан юм байна лээ. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Л.Аийг эмнэлэгт байсан үеэс нь уулзаж, эргэж байсан. Л.Аэд бэлэн 3.000.000 төгрөг өгч хохирлыг барагдуулж өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,

            -Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ахмэнд найзын хамтаар манайд ирсэн. Би энэ хоёр залуутай пиво уусан. Тэгээд Л.Аийн найз охин нь арын дэлгүүрээс 0.75 литрийн архи манай эхнэртэй гарч зээлээр авч ирсэн. Тэр архийг бас уусан. Дараа нь Гашууны гол руу манай эхнэр, М, Ахмэнд, М бид нар явсан. Би согтуу машин барьж чадахгүй гээд машиныг Л.А барьж явсан. Гашууны гол явах замдаа нэмж 2 шил архи уусан. Тэр архийг уугаад би Б.Мтай маргалдаж, Б.М намайг цохисон байсан. Тэгээд гэрт хашаанд ирээд би Б.Мыг зодох гэж байхад Л.А салгах гэж дундуур ороод зодуулсан байсан. Би Л.Атэй огт маргалдаагүй” гэх мэдүүлэг,

            1.9. Хяналтын прокурорын “Эд зүйл хураан авах тухай” 164 дугаартай зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/,

            1.10. Банзанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

            1.11. Хохирогч Л.Аийн хохирлын тооцооны талаарх баримтууд /хх-ийн 133-138-р хуудас/,

            1.12. Хохирогч Л.Аэд хохирол төлсөн баримт /хх-ийн 141-р хуудас/,

    2. Шүүгдэгч Б.Мын гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

             2.1. Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“Гашууны гол”-ын гүүрний доод талд очиж архиа хувааж ууцгааж байтал бид нар нэлээд согтсон байсан учраас тэнд байсан М гэдэг залуу бид хоёр хоорондоо маргалдаад, хоёр талаасаа барьцалдаад авахад тэр үед хажууд байсан миний эхнэр Э, М хоёр босож ирээд бид хоёрыг хооронд нь зодолдуулахгүй гээд салгах гээд намайг бариад авчихсан байх үед тэр М гэдэг залуу ирээд миний хамар луу гараараа цохисон юм байна лээ. Тухайн үед архи уугаад согтсон байсан учраас М хэдэн удаа цохисныг санахгүй байна. Ямар ч байсан бид 2 хоорондоо маргалдсаныг санаж байна. Дараа нь миний эхнэр Э М хоёр намайг голын хөвөөнд М гэдэг залуу миний хамар луу цохиж цус гаргасан гэж надад хэлсэн. Одоо миний биеийн байдал хамар бага зэрэг өвдөж байгаа. Би одоо Маар хамраа янзлуулж авмаар байна. Хамар эмчлэх зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

            -Хохирогч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би Б.Мд гомдолтой байна. Хохиролд 500.200 төгрөг төлсөн байгаа” гэх мэдүүлэг,

            2.2. Гэрч Ц.М /хохирогч Л.Аийн найз охин/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гашууны голын гүүрийн доод талд голын хөвөөнд сууж байтал машины хажууд байсан Д ах, М хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Ахмэнд бид хоёр очиж зодолдож байсан хоёр хүнийг салгаад Д ахын гэрт нь 18 цагийн үед очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

            2.3. Гэрч Б.Э /хохирогч Б.Дгийн эхнэр/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гашууны гол дээр бид нар бүгдээрээ архи хувааж ууцгаасан. Тэгээд  архиа уугаад сууж байгаад миний нөхөр Д, Б.М хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад гэнэт маргалдаад босоод ирсэн. ...Тэгтэл М гэдэг залуу гараараа хоёр удаа миний нөхөр Дгийн хамар, нүд орчим газарт нь цохисон. Тэгээд Дгийн хамраас цус гараад цусыг нь голын хөвөөнд угааж тогтоогоод тэгээд бүгдээрээ харьцгаая гээд манай гэр лүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

            2.4. Гэрч Д.О /хохирогч Б.Дгийн ээж/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би тэдний гэрээс гараад өөрийнхөө гэртээ ороод байж байтал хүү Д манай гэрт орж ирэхдээ хамарнаас нь цус гарсан байдалтай байхад нь “Яасан юм бэ?” гэж асуухад миний хүү Д нь “манай гэрт байгаа хар хөх цамцтай залуу миний хамрыг цохисон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

            2.5. Шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “1. Үзүүлэгч Б.Д-н биед гэмтэл учирсан байна. 2. Хамар ясны хугарал, мурийлт, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. 2020.07.01-нд эмчид үзүүлж оношлуулсан байна. 5. Хамар ясны хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна...” гэх 459 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-70-р хуудас/,

            2.6. Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гашууны гол ороод гүүрний доод талд голын хөвөөнд очиж сууцгаагаад уг хоёр шил архиа хувааж уугаад Д бид хоёр маргалдсан. Намайг Д нь “би Тэсийн баяд, чи муу Тариалангийн хотон гэж хэлэхээр нь бид хоёр маргалдаад Д бид хоёр хоорондоо барьцалдаж аваад бид хоёр зодолдсон. Тэр үедээ түүний хамрыг нь гараараа цохисон” мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Аийн толгойн тус газар нь банзны хугархай хэсгээр цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу “Гашууны гол”-ын гүүрний доод хэсэгт 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Дг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болжээ.

Хохирогч Л.Аийн эрүүл мэндэд учирсан “Дух, баруун чамархай ясны заадас дагасан хугарал, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал” бүхий хүнд хохирол нь шүүгдэгч Б.Дгийн түүнийг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан банзны хугархай хэсгээр цохих үед үүссэн байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоотой,

хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд учирсан “...Хамар ясны хугарал, мурийлт, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Мын түүнийг гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Д, Б.М нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд болон хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Иймд шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Л.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3.381.600 төгрөгийн хохирлын тооцоог холбогдох нотлох баримтуудын хамт гаргасан байна. Мөн шүүхийн шатанд шинээр 391.000 төгрөгийн нотлох баримтыг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэмж хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс 6.000.000 төгрөгийг ямар нэг нотлох баримтгүйгээр нэмж, нийт 10.772.600 төгрөгийг шүүгдэгч Б.Дгээс гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Үүнээс шүүгдэгч Б.Д нь хохирогч Л.Аэд нотлох баримтын шаардлага хангаж буй 3.772.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Хохирогч Л.Аээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн хохирогч Б.Дгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирлын баримтыг бүрдүүлж өгөөгүй. Гэвч шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Дд 500.200 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.

Хохирогч Л.А, Б.Д нар нь хохирол, хор уршигт учирсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Д, Б.М нар нь хохирогчид учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.     

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Д, Б.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Дгийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Эгийн /хх-ийн 32-р хуудас/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-р хуудас/, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тогтоосон гэрч Н.Бгийн /хх-ийн 30-р хуудас/ мэдүүлэг, гэрч Б.Баярсүрэнгийн /хх-ийн 31-р хуудас/ мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.М нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.

            Шүүх хуралдааны шатанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нь “хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэж,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Бунжаа нь “хохирогчид хохирол нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа холбогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

            Тиймээс шүүгдэгч нарын хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх бусад нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 

            шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж тус тус шийдвэрлэсэн болно.

            Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Д, Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуучин модон банз 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Бгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч Ш ургийн овогт Бгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хохирогч Л.А хохиролд нийт 10.772.600 төгрөгийг нэхэмжилснээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс 6.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

6. Шүүгдэгч Б.Д, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь хохирогч Л.Аэд 3.772.600 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Дд 500.200 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Б.М нараас гаргуулах хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Л.А, Б.Д нар нь хохирол, хор уршигт учирсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуучин модон банз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН