Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Сийн Мд холбогдох эрүүгийн 2035000000163 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Сагил сумын нэгдсэн халаалтад галч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Сийн М, РД:ОЛ 87063078.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.М нь Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг Мөст гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр буюу иргэн Д.Нгийн нэр дээр авсан 055045 дугаартай түлээний мод бэлтгэх эрхийн бичгийн төрлийг зөрчиж хэрэглээний нойтон 3.8426 метр куб шинэс мод хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүй бэлтгэж ойн экологи эдийн засагт 2.555.270 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.М нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгаль хамгаалагч Б.Бээс С.Мыг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар сонсож мэдсэн. С.Мын мод бэлдсэн гэх газар Сагил сумын 1 дүгээр баг Мөст гэх газар сумын төвөөс 17-18 км орчим газарт байдаг юм. Би тухайн үед байгаль хамгаалагч Б.Бээс С.Мыг мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар мөн өргөдөл гаргаж байсан талаар асуухад Б.Б нь “С.М надаас хэрэглээний модны эрхийн бичиг аваагүй, харин түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан” гэж хэлж байсан. С.М нь Сагил сумын Байгаль хамгаалагч Б.Бээс хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, харин түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Тухайн мод бэлтгэсэн гэх Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Мөст гэх газар нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй газар юм. Сагил сумын 1 дүгээр багийн нутаг болох Мөст гэх газарт талбайн тусгаарлалт хийгдсэн газар юм. ...би шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчинд учирсан нөхөн төлбөрийн хохирыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 63-р хуудас/,

 

2. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Увс аймгийн Сагил сумын 2020 онд хэрэгцээний шинэс төрлийн 70 м.куб, түлшний шинэс 300 м.куб, түлшний бургас 600 м.куб, улиас 20 м.куб мод бэлтгэхээр төлөвлөж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Түргэн сум дахь сум дундын ойн анги 2020 оны 6 дугаар сард Дэвсэн, Мөст, Бураат гэх газруудад 12 га талбайг мод бэлтгэх газар болгон тусгаарласан. ...М гэх хүнийг танина. Манай сумын нэгдсэн халаалтын уурын зууханд машинист ажилтай залуу байдаг ба ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Тухайн иргэн надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг бол аваагүй. Харин С.Мын хадам ээж Н гэх хүн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх багийн Мөст гэх газраас 8 метр.куб түлшний шинэс төрлийн мод авахаар эрхийн бичиг авсан байсан. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Мөст гэх газар луу явахад хэрэглээний 4 метрийн урттай нойтон мод огтолж бэлдсэн байсан. Түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ газар унасан хуурай модыг бэлтгэх ёстой. Тухайн модыг М бэлтгэсэн гэж байсан. ...модонд үзлэг хийхэд Мын бэлтгэсэн моднууд байсан ба бүгд залуу нойтон моднууд байсан. Мын мод бэлтгэсэн газарт тайрсан модны хожуулыг хүртэл үзсэн. 4-5 метрийн урттай моднууд байсан, харилцан адилгүй хэмжээтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 69-р хуудас/,

 

3. Гэрч Т.Шын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сагил сумын 1 дүгээр багт мал маллаж оршин суудаг юм. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 07 цагийн үед манай хүргэн дүү С.М утсаар над руу залгаж “Би 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сагил сумын Мөст гэх газар хэрэгцээний 4 метр урттай 52 ширхэг мод бэлдсэн юм. Өнөөдөр бэлдсэн газраас уулны бэл хэсэг рүү буулгамаар байна, танд зав чөлөө байвал надад туслаад уулнаас мод буулгалцаад өгөөч” гэж хэлсэн. Би тухайн үед зөвшөөрч “чи мод бэлдсэн газар луугаа явж бай, би араас чинь яваад очъё” гэж хэлээд 11 цагийн үед өөрийнхөө машинаар Мын мод бэлдсэн гэх газар луу явсан. Намайг очиход Мын эхнэр А, хадам ах Г нар уулнаас өөрсдийн биеэр модыг чирж ирсэн. Тэгээд би тэд нарт тусалж 4 метр урттай тайрсан модыг нь уулнаас буулгалцаж өгөөд орой 18 цагийн үед гэртээ ирсэн юм. Би тухайн үед модыг тоолоогүй сүүлд, надад хэлэхдээ 52 ширхэг мод тус бүр 4 метр урттай мод гэж хэлсэн. М.М надад хэлэхдээ 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр уг модыг бэлтгэхдээ ганцаараа өөрийнхөө “Дружба” хөрөөгөөр бэлдсэн гэж хэлсэн. С.Мын нойтон мод бэлтгэсэн Мөст гэх газар нь Сагил сумын төвөөс баруун зүгт ойролцоогоор 15 км орчим газар байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

4. Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сагил сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай хадам дүү М нь над руу утсаар ярьж “ээж Нгийн хашаа барих мод Мөстөөс бэлдмээр байна, танд зав байгаа юу” гэж асуусан. Тухайн үед надад С.Мын модонд явах зав чөлөө байхгүй байсан. Тэгээд хоёр хоногийн дараа 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хадам дүү М дахин над руу ярьж би Мөстөөс мод бэлдчихлээ, маргааш уулнаас чирж буулгамаар байна, та ирээд туслаад өгөөч гэж хэлэхээр нь би маргааш өдөр нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийнхөө мотоциклоор 11 цагийн үед Мөст гэх газар очиход С.М түүний эхнэр А болон манай хүргэн Ш нар ирчихсэн С.Мын бэлдсэн модыг уулнаас чирч буулгаж байсан. Тэгээд би модыг хамт буулгалцсан. Би тухайн үед С.Мын бэлтгэсэн нойтон модыг тоолоогүй, С.М урьд өдөр утсаар ярьж хэлэхдээ ганцаараа мод бэлтгэсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

 

5. Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч Бээс түлшний мод бэлтгэхээр төлбөрийг нь төлөөд 8 м.куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би өөрийн 3 дахь охин Аын нөхөр Мд өөрийн авсан эрхийн бичгийг өгч Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Мөст гэх газар луу явуулсан. Манай хүргэн М тухайн эрхийн бичгээр мод бэлтгээд манай төрлийн Г, охин А, Ш нар Мын бэлтгэсэн модыг уулнаас буулгасан гэж хэлж байсан. ...би ганц бие айлын хашаанд амьдардаг хүн байгаа юм. Тэгээд энэ намар тусдаа амьдрах санаатай байсан. ...хэрэглээний модны зөвшөөрөл өгөхгүй гэхээр нь түлшний модны зөвшөөрөл авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 65-р хуудас/,

 

6. Шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай хадам ээж Н Сагил сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан байгаль хамгаалагч Бээс түлшний модны зөвшөөрөл авсан байсан. Манай хадам ээж айлын хашаанд амьдардаг, ганц бие хүн байдаг ба би хадам ээжид шинэ хашаа бариад өгчихье гэж ярилцаад хашаа барих гэж хашааны шонгийн мод авах зорилгоор хэрэглээний модны зөвшөөрөл авалгүй түлшний модны зөвшөөрлийг хадам ээж авсан байсан. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ээж Н түлшний модны зөвшөөрөл авахаар нь би уг зөвшөөрлийг нь аваад ганцаараа мод бэлтгэхээр явсан. Би уг нь хамт мод бэлтгэх хүн хайсан боловч олдоогүй учраас ганцаараа явсан. Би модоо Сагил сумын Баянзүрх багийн Мөст гэх газарт ганцаараа очиж бэлтгэсэн. Би унасан хуурай модыг хайж хэдийг бэлтгэсэн боловч машин мод хүрэхгүй байх шиг болохоор нойтон модноос арав гаруй мод тайрч бэлтгэсэн. Би модоо бэлтгэхдээ “Дружба” хөрөө, 1 ширхэг сүхээр бэлтгэсэн. Ямар нэг машин техник, морь ашиглаагүй. Би модоо бэлтгээд авч чадаагүй байхад цагдаа нар ирсэн. Би түлшний модны зөвшөөрөлтэй байсан боловч нойтон мод тайрч бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бэлтгэсэн модоо уулнаас Ш, Г нарын хамтаар буулгаж бөөгнүүлсэн. Ш, Г хоёр бол надтай хамт модыг бэлтгээгүй. Би ганцаараа модоо бэлтгэчихээд маргааш нь Ш, Г хоёрыг гуйж модоо бөөгнүүлсэн. Манай эхнэр А бид нартай хамт явсан боловч мод бөөгнүүлэх ажил хийгээгүй. Бид нарт хоол цай хийж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/,

 

7. Шинжээч М.Дээшингийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “1-р хариулт. Увс аймгийн Сагил сумын Баянзүрх баг N 500 200 13.8, Е 0910 200 03,2 солбицолд орших “Мөст” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй байна. 2-р хариулт. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж болно. 2020 оны Сагил сумын “Мөст” гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдсэн бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж болно. 3-р хариулт. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Шинэс мод байна. Мод нийтдээ 3.8426 метр.куб болж байна. 4-р хариулт. Дээрх мод нь хэрэглээний мод байна. 5-р хариулт. Модыг 2020 оны 8-9 дүгээр сард бэлтгэсэн гэж үзэж байна. 6-р хариулт. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. 7-р хариулт. Уг 3.8426 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 2.555.270 /хоёр сая таван зуун тавин таван мянга хоёр зуун дал/ төгрөг болж байна” гэх 08 дугаартай дүгнэлт, хавсралтын хамт /хх-ийн 49-53-р хуудас/, 

 

8. “Увс финанс Аудит” ХХКомпанийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн “Дружба” хөрөө 108.000 /нэг зуун найман мянга/ төгрөг, төмөр иштэй сүх 5.000 /таван мянга/ төгрөг” гэх №279 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-р хуудас/,

 

9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12-р хуудас/,

 

10. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-22-р хуудас/,

 

11. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-62-р хуудас/,

 

12. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 39 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, мод бэлтгэх эрхийн бичгүүд /хх-ийн 40-45-р хуудас/,

 

13. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.М нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Мыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч С.М нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Сагил сумын Байгаль хамгаалагч Б.Бээс “Мод бэлтгэх зөвшөөрөл” /хх-ийн 45-р хуудас/-ийн бичгийг авсан боловч уг зөвшөөрлийн бичгийн зориулалтыг зөрчсөн болох нь гэрч Б.Б “...Мын бэлтгэсэн газарт тайрсан модны хожуулыг хүртэл үзсэн. 4-5 метрийн урттай моднууд байсан, харилцан адилгүй хэмжээтэй байсан” гэх /хх-ийн 69-р хуудас/ мэдүүлгээс харагдаж байна.

 

Гэрч Д.Нгийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Мод бэлтгэх зөвшөөрөл”-ийн бичгийг авахдаа түлээний мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авсныг гэрч Б.Б “...С.Мын хадам ээж Д.Н гэх хүн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Мөст” гэх газар луу явахад хэрэгцээний 4 метрийн урттай нойтон мод огтолж бэлдсэн байсан. Түлшний зориулалттай мод бэлтгэхдээ газар унасан хуурай модыг бэлтгэх ёстой. Тухайн модыг М бэлтгэсэн гэж байсан” гэх мэдүүлэг, мөн гэрч Д.Нгийн “би 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч Бээс түлшний мод бэлтгэхээр төлбөрийг нь төлөөд 8 куб.метр мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би өөрийн дээрээсээ 3 дахь охин Аын нөхөр Мд өөрийн эрхийн бичгийг өгч Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Мөст” гэх газар луу явуулсан...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

            Иймд шүүгдэгч С.М 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөст” гэх нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 3.8426 метр.куб хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, экологи эдийн засагт 2.555.270 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.555.270 /хоёр сая таван зуун тавин таван мянга хоёр зуун далан/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-53-р хуудас/-ээр тогтоогдож байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12-т “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, ...байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж тус тус хуульчилжээ.

            Түүнчлэн цаашилбал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд ойн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 2.555.270х3=7.665.810 /долоон сая зургаан зуун жаран таван мянга найман зуун арав/ төгрөгөөр илэрхийлэгдэж байна.

            Шүүгдэгч С.М нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 7.665.810 төгрөгөөс 2.555.270 төгрөгийг Увс аймгийн Сагил сумын Байгаль хамгаалах сангийн 100151255402 тоот дансанд “Төрийн банк”-аар дамжуулан төлсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн “мөнгөн шилжүүлэг” гэх 1 хуудас баримтаар тогтоогдож байна.

            Иймд дээрх хуулиудад заасны дагуу Увс аймгийн Сагил сумын Байгаль хамгаалах сангийн 100151255402 тоот данснаас шүүгдэгч С.Мын тушаасан 2.555.270 төгрөгийг буцаан гаргуулж, Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор оруулах нь зүйтэй байна.

            Түүнчлэн шүүгдэгч С.М нь ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлэн тогтоогдсон 7.665.810 төгрөгөөс 5.110.540 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч С.Маас гаргуулж дээр заасан хугацаанд буюу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь эрх бүхий албан тушаалтнаас олгосон зөвшөөрлийн дагуу мод бэлтгэдэг гэдгийг мэдсээр байж мод бэлтгэх эрхийн төрлийг зөрчиж мод бэлтгэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүй тул хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

            Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-р хуудас, Увс аймгийн Сагил сумын Хар мод багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч С.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол болох 7.665810 төгрөгөөс 2.555.270 төгрөгийг төлсөн, үлдэх хохирол 5.110.540 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

            Бусад хариуцлагын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч С.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан “Дружба” загварын цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, 66 ширхэг 3.8426 метр.куб шинэс мод зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тус тус хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор, битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбоотой 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 39 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б ургийн овогт Сийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч С.Маас 5.110.540 төгрөгийг гаргуулж, мөн Увс аймгийн Сагил сумын Байгаль хамгаалах сангийн 100151255402 тоот данснаас шүүгдэгчийн тушаасан 2.555.270 төгрөгийг буцаан гаргуулж Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор оруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, 66 ширхэг 3.8426 метр.куб шинэс мод зэргийг тус тус хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

            6. Битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбоотой 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 39 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            7. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.МӨНХСАЙХАН