Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00052/И |
Дугаар | 130/ШШ2017/00088 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2017/00088
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын * дугаар багт оршин суух, РД:БК0000000 Х овогт Д ий С ийн хүсэлттэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Д.С нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А.А тэй гэрлэсэн гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Д.С нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Н овогт Аийн Атэй гэрлэсэн. Гэрлэлтээ бүртгүүлэх гээд материалаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэний бүртгэлийн ажилтанд өгсөн. Хөдөө малд байдаг болохоор материалаа өгөөд яваад өсгөн. Тэгээд хүүхэдтэй болсны дараа хүүхдийнхээ Төрсний гэрчилгээ авах гэхэд Гэрлэлтийн гэрчилгээ аваад ир гэсэн. Гэтэл миний эхнэр А.Аийг насанд хүрээгүй байна гээд Гэрлэлтийн гэрчилгээ өгөхгүй байна. Бид хоёр анх гэр бүл болоход Монгол Улсын Иргэний үнэмлэх авсан насан хүрсэн байсан. Иймд А.А бид хоёрыг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрлэсэн гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч Д.Сийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хүсэлт гаргагч РД:БК0000000 Х овогт Дий С нь 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болох нь түүний Г№164 дугаартай Төрсний гэрчилгээ болон Монгол Улсын Иргэний Үнэмлэхээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Стэй гэрлэсэн РД:БЗ00000000 Н овогт А ийн А 2000 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь түүний №000010000 Г-32 дугаартай Төрсний гэрчилгээ болон Монгол Улсын Иргэний Үнэмлэхээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д энэ хуулийн 9.1-д заасан харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр гэрлэж болно гэж заасан байхад РД:БЗ00000000 Н овогт Аийн А нь хүсэлт гаргагч Д.Стэй гэрлэж, хурим найр хийсэн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 нас 11 сартай, өнөөдрийн байдлаар 16 нас 06 сартай буюу гэрлэх 18 насанд хүрээгүй байна.
Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 6.1-д заасан насанд хүрээгүй бол гэрлэхэд харшлах шалтгаан болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гүйцэтгэх ёстой бөгөөд гэрлэгчдийн нэг нь болох А.А гэрлэх 18 насанд хүрээгүй тул хүсэлт гаргагч Д.Сийн гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар хүсэлт гаргагч РД:БК0000000 Х овогт Дий Сийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр РД:БЗ00000000 Н овогт Аийн Атэй гэрлэсэн гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Д.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК