| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0006/э |
| Дугаар | 2021/ШЦТ/10 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч Д.О, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, тэдгээрийн өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч З ургийн овогт Дгийн Од холбогдох 1835002890185 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 32-15 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, З овгийн Дгийн О /РД: ОЮ 03282800/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Өсвөр насны шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Залуус өргөө” байрны 2-03 тоотод байрлах хохирогч Г.Бийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай байранд 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайж, 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.О нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Залуус өргөө” байрны 2-03 тоотод байрлах хохирогч Г.Бийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч насанд хүрээгүй хохирогч Б.Эын Самсунг Жи-3 загварын гар утас 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, хохирогч Г.Бийн Лакостэ брендийн 15 мл хэмжээтэй үнэртэй ус зэргийг хулгайлсан болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний ээж Б нь Улаангом сумын 11 дүгээр баг “Залуус өргөө” байрны 2-03 тоотод байх гэрээсээ гарч хүмүүстэй уулзахаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний оройн 18 цагийн орчимд гарч явсан ба 22 цагийн орчимд миний 94202402 дугаарын утас руу залгаад “Ээж нь очиж магадгүй шүү” гэж хэлээд таслахаар нь “Ээж оройтож ирэх юм байна” гэж бодоод гэрийнхээ хаалгыг дотор талаас нь цоожлолгүй унтсан. Намайг унтаж байтал хаалга дуугарах чимээ гарсан ба цочиж сэрээд орноосоо өндийж харахад гэрт ямар нэгэн хүн орж ирээгүй байсан. Тэгэхээр нь утаснаасаа цаг харах гэтэл дэрний дэргэд тавиатай байсан миний утас алга болчихсон байхаар нь “Саяны орж ирсэн хүн миний утсыг аваад явчихлаа” гэж бодоод хувцсаа өмсөөд гэрээсээ гарахад цагаан өнгийн малгайтай, хар цоохор өнгийн хувцастай, бор өнгийн цүнх барьчихсан эмэгтэй явж байхаар нь дагаад явсан. Уг хүн 55 айлын орон сууцны подваль руу орчихоор нь би цагдаагийн газар дээр ирж дуудлага өгсөн. Алдагдсан Самсунг Жи-3 загварын гар утсыг 2018 оны 02 дугаар сарын эхээр Увс аймаг дахь Мобикомын салбараас эмээ Ц 418.000 /дөрвөн зуун арван найман мянга/ төгрөгөөр лизингээр худалдаж авч өгсөн. Цагийг ээж Б 2018 оны 5 дугаар сарын сүүлээр “Сондор” дэлгүүрээс 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр худалдан авч өгсөн. Харин ээж үнэртэй усаа хэзээ хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй. Гар утас маань хар өнгийн их биетэй, хар өнгийн кейстэй, дэлгэцний зурган кодтой байсан. Алдагдсан бугуйн цаг нь хар өнгийн их биетэй, резинэн оосортой байсан. Тухайн цагны загварыг сайн хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,
2. Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 11-ний оройн 18 цагийн орчимд найзуудтайгаа уулзахаар гарсан. Хүү Б.Э гэртээ ганцаараа үлдсэн. Оройн 22 цагийн орчимд хүү рүүгээ залгаад “Хаана байна?” гэж асуухад “гэртээ ороод ирчихсэн байна, та ирэх юм уу?” гэж асуухаар нь “очиж магадгүй” гэж хэлсэн. Маргааш өглөө нь хүү маань 77246929 утаснаас над руу залгаж “ээжээ, унтаж байгаад сэртэл дэрний хажууд цэнэглээтэй байсан утас алга болсон байна” гэж хэлэхээр нь “гэрийнхээ хаалгыг цоожилж унтаагүй юм уу?” гэж асуухад “таныг ирнэ гэж бодоод хаалгаа цоожлоогүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “цагдаагийн байгууллагад дуудлага өгчих, ээж нь нэг найзыгаа чам руу явуулна” гэж хэлээд найз Сүнжидмаа руу залгаж энэ талаар хэлсэн. ...Гэртээ ирээд хүү Этой уулзаад болсон явдлын талаар сонсож гэрээс алдагдсан эд зүйлсийг бүртгэж үзэхэд хүүгийн гар утас, бугуйн цаг, миний үнэртэй ус зэрэг алга болсон байсан. Үнэртэй ус нь Лакостэ брендийн 15 мл хэмжээтэй цагаан өнгийн хайрцагтай шилэн тагтай байсан. Үнэртэй усыг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Оросын Холбооны Улсад явж байгаад 1000 рублиэр авч байсан. Бага зэрэг хэрэглэсэн шинэвтэр үнэртэй ус байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,
3. Иргэний хариуцагч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өөрийн охин Оийн бусдад учруулсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна. Манай амьдралын нөхцөл байдал муу, орлого гэх зүйл бараг байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 онд сарыг нь санахгүй байна. Гадаа дулаахан байх үед Хар хорин худалдааны төвийн шилэн гүүрний явган хүний гарцны дэргэд байрлах гар утас засвараас Самсунг Жи-3 маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд өвөл Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хүн залгаж гар утсыг надаас хурааж авсан. Тэгээд надаас “гомдолтой байна уу?” гэхээр нь гар утас худалдан авсан 150.000 төгрөгийн хохирлоо гаргуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
5. Гэрч Л.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би зээ хүү Эт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны үеэр Увс аймгийн Мобикомын салбараас Самсунг Жи-3 загварын гар утсыг 418.000 төгрөгөөр лизингээр худалдаж авч өгсөн. Тэр утас хулгайд алдагдсаныг охиноосоо сонссон. Гар утасных нь хайрцаг, худалдаж авсан баримт нь олдохгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,
6. Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 11-ний орой Отэй хамт “Их наяд” нэртэй бааранд орсон. Бааранд үл таних залуу бид хоёрын хажууд хүрч ирээд Отэй ярилцаж байсан. Тэгээд О “хоёулаа манай найзын гэрт очиж жаахан сууя, эднийд хүн байхгүй гэнэ” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд баарнаас гарч “Гашууны гол” дагуу бариатай байсан нэг гэрт очсон. Тэр гэрт бид 3 авсан архиа уунгаа хөзөр тоглож байгаад унтаж амарсан. Маргааш өглөө нь 5 цагийн орчимд нөгөө танихгүй залуу намайг сэрээгээд “энэ гэрийн эзэн ирэх гэж байна, та 2 одоо яв” гэж хэлэхээр нь Оийг сэрээгээд хамт гэрээс гараад зам дагуу аймгийн төв рүү алхсан. Ингээд явж байтал О “манай найзынх “Залуус өргөө” байранд байдаг юм. Хоёулаа тэдний гэрт очъё” гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр алхаж явсаар 11 дүгээр багт байрлах “Залуус өргөө” байранд очсон. Тухайн байрны 2 дахь орц руу О намайг дагуулж ороод 2, 3 дугаар давхраар яваад айлуудын хаалга татаж явангаа “энэ биш юм шиг байна, нөгөө талын орц юм болов уу” гэж хэлээд байхаар нь би “шээс хүрээд байна, шээчихээд ирье” гэж хэлээд байрнаас гараад булан тойрч шээчихээд буцаад тус байрны 2 дахь орц руу ороод 2-3 дугаар давхарт гарахад О байхгүй байсан. Тэгэхээр нь 4 дүгээр давхарт гараад харахад хүн байхгүй байсан ба нэг айлын хаалга хагас онгойлгосон гэмээр зайтай байхаар нь Оийг тэр айл руу орсон байх, хайгаад байсан айл нь юм байна гэж бодоод хаалга онгойлгоод дотогш ороход О байхгүй байсан. Тухайн үед яагаад ч юм мэдэхгүй гэнэт хулгай хийх сэдэл төрөөд тэр айлаас 2 ширхэг гар утас аваад гарсан. Намайг тэр байрнаас гараад явж байтал уг байрны эхний орцноос О гарч ирсэн. Тэгэхээр нь би “хаашаа яваад ирж байгаа юм” гэж асуухад О “ээж намайг дуудаад байна, одоо гэр лүүгээ явлаа” гэж хэлээд хар зам дагаад явахаар нь би бас тэндээс салаад гэртээ харьсан. Маргааш 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн дүү А Оийн хамтаар Улаанбаатар хот руу явсан байсан. Ингээд удалгүй Цагдаагийн байгууллагаас намайг дуудаж миний хийсэн буруу үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс надад 1 жилийн хорих ял оногдуулсан ба хуулийн дагуу хариуцлагаа хүлээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,
7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19-р хуудас/,
8. “Юнител” ХХКомпанийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05-01/147 дугаартай албан бичиг /хх-ийн 24-р хуудас/,
9. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/372 тоот “Эд зүйл хураан авах тухай” зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 45-46-р хуудас/,
10. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-48-р хуудас/,
11. “Гэрэгэ эстимэйт” ХХКомпанийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн УВ/01/480 дугаартай Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолтоор:
-Увс аймгийн Улаангом суманд Самсунг Жи-3 загварын гар утасны зах зээлийн дундаж үнэ цэнэ 2018 оны 8 дугаар сарын байдлаар 337.000 төгрөг болохыг тодорхойлов.
-Увс аймгийн Улаангом суманд бугуйн цагны зах зээлийн дундаж үнэ 2018 оны 8 дугаар сарын байдлаар 13.000 төгрөг болохыг тодорхойлов.
-Увс аймгийн Улаангом суманд Лакостэ брэндийн 15 мл хэмжээтэй үнэртэй усны зах зээлийн дундаж үнэ 2018 оны 8 дугаар сарын байдлаар 20.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх үнэлгээ /хх-ийн 80-р хуудас/,
12. Шүүгдэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөөний 5 цагийн орчим найз Тгийн хамт 11 дүгээр баг “Залуус өргөө” гэх байранд байх манай нэг найзын гэр лүү очихоор явсан. Тус байрны 2 дугаар орц руу ороод нөгөө айлаа хайгаад явж байтал Т орцноос гараад явчихсан. Тэгээд 1 дүгээр давхрын 3 тоот хаалгыг татаж үзэхэд хаалга онгорхой байсан бөгөөд тэр айл руу ороход гэрт нэг эрэгтэй хүүхэд унтаж байсан бөгөөд орных нь хажууд хар өнгийн самсунг маркийн гар утас байхаар нь аваад үүдэнд байсан бугуйн цаг, жижиг хэмжээтэй үнэртэй ус зэргийг аваад тэднийхээс гарсан. Орцноос гарч ирэхэд Т зогсож байсан. Тэгэхээр нь Тд харилаа гэж хэлээд тэндээсээ бид хоёр салаад явсан. Тэр өдрөө найз Атай уулзаад хамт хот руу явах автобусанд суугаад явсан. ...Улаанбаатар хотод хулгайлсан самсунг утсаа гар утас засварын газарт хямдхан өгсөн. 11 дүгээр сарын дунд хүртэл хотод ажиллаж байгаад Увсад ирсэн. Би тухайн айлаас хулгайлсан бугуйн цаг болон үнэртэй усыг гэртээ харих замдаа унагааж гээсэн. Хулгайн хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107-р хуудас/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж шүүх дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд өсвөр насны шүүгдэгч Д.О нь хохирогч Г.Бийн гэрт нэвтэрч насанд хүрээгүй хохирогч Б.Эыг гэртээ ганцаараа унтаж байхад нь Самсунг Жи-3 загварын гар утас 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, хохирогч Г.Бийн Лакостэ брэндийн 15 мл хэмжээтэй үнэртэй ус 1 ширхгийг тус тус нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
“Гэрэгэ эстимэйт” ХХКомпанийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн УВ/01/480 дугаартай “Самсунг Жи-3 загварын гар утасны үнэ 2018 оны 8 дугаар сарын байдлаар 337.000 төгрөг, бугуйн цаг 13.000 төгрөг, Лакостэ брэндийн 15 мл хэмжээтэй үнэртэй ус 20.000 төгрөг” гэх дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас 370.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Хохирогч Г.Бийн гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр бөгөөд прокуророос хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.О болон түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Д.Оийн нууц далд аргаар авсан насанд хүрээгүй хохирогч Б.Эын Самсунг Жи-3 загварын гар утас 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, хохирогч Г.Бийн Лакостэ брэндийн 15 мл хэмжээтэй үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйл нь нийт 370.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Самсунг Жи 3 загварын гар утсыг иргэний нэхэмжлэгч С.Саас эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан нь прокурорын эд зүйл хураан авах тухай /хх-ийн 45-46-р хуудас/ зөвшөөрлөөр тогтоогдож байна.
Гэвч эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг Жи-3 загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч Б.Э нь буцааж авахгүй мөнгөн дүнгээр нь буюу бэлэн мөнгөөр нь авна, утасны төлбөрийг төлөөгүй байгаа гэж мэдэгдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ.
Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг, эх харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч Д.О нь одоогоор 17 нас 4 сартай бөгөөд ямар нэг мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байхаас гадна 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрж хүүхэдтэй болсон, эцэг, эхийн асрамж хамгаалалтаас гараагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгчийн төрсөн эх болох Б.Дг иргэний хариуцагчаар татаж оролцуулсан нь үндэслэлтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг иргэний хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 503 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Б.Дгаас 350.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Эт, 20.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт, 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.С нарт тус тус олгохоор шийдвэрлэв.
2. Өсвөр насны шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага болон бусад хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Оийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Б.Дгийн “...О зан аашийн хувьд нэг их ааш зан байдаггүй бөгөөд хааяа гэр орноосоо гарч ороод алга болчихдог. О нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд одоо хүүхдээ хараад манай гэрт байдаг. Хүүхэд нь одоо 3 сар гарантай болж байна. О нь 9 дүгээр ангийн боловсролтой бөгөөд бичиг үсэг мэддэг уул нь сэргэлэн цовоо зантай хүүхэд юм. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, урьд өмнө нь гэр орноосоо гараад хэсээд алга болчихдог, гадуур их тэнэдэг байсан бөгөөд одоо хүүхэдтэй болсноосоо хойш гэрээсээ гарахгүй, төлөвшил хүмүүжил сайн байгаа юм. Оийн амьдралын хувьд өрхийн орлого гэх зүйл байдаггүй бөгөөд өөрөө ажил хийдэггүй, би ямар нэгэн ажилгүй, манай нөхөр Эрдэнэтогтох нь гадуур хар бор ажил хийгээд хэдэн төгрөг олж амьдралаа авч явдаг юм. О нь эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/, гэрч С.Бы “...О нь ам бүл 5 аав, ээж, дүү, өөрийн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт амьдардаг бөгөөд өөрөө хүүхдээ хараад байж байгаа ба ямар нэгэн ажил хийдэггүй, өөрөө нэг найз залуутай болоод өнгөрсөн жил жирэмсэн болж 2020 оны 9 дүгээр сарын 04-нд төрсөн. Д.О нь зан аашийн хувьд цовоо сэргэлэн хүүхэд бөгөөд олон үггүй, дуу цөөтэй, хүнд үнэнээ хэлдэггүй, дотроо нуугаад байдаг хүүхэд юм. О нь амьдралын нөхцөл байдлын хувьд муу, аав нь хар бор ажил хийдэг, ээж нь ажилгүй бөгөөд өрхийн амьжиргаа муу өрх юм. Д.О эрүүл мэндийн хувьд гайгүй, ямар нэгэн архаг хууч өвчин гэх зүйл байдаггүй юм. О нь арван жилийн сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд дахин хичээлд сураагүй, мөн О нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/-үүд хэрэгт авагдсан байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно” гэж заасан.
Өсвөр насны шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 нас 11 сар 15 хоногтой байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 130-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 124-р хуудас/-аар нотлогдож байх бөгөөд эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед тэрээр 17 нас 4 сартай байна. Иймд түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзнэ.
Иймд өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Оийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Од хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Од шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсан болно.
Өсвөр насны шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 370.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Д.О, хууль ёсны төлөөлөгч Б.Д нараас гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Э, хохирогч Г.Б нарт учирсан нийт 370.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Самсунг жи-3 маркийн гар утсыг өсвөр насны шүүгдэгч Д.Од буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч З ургийн овогт Дгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Оийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Од хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Од шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 503 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Б.Дгаас 350.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Эт, 20.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт, 150’000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.С нарт тус тус олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 370.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Д.О, хууль ёсны төлөөлөгч Б.Д нараас гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Э, хохирогч Г.Б нарт учирсан нийт 370.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Самсунг Жи3 маркийн гар утсыг өсвөр насны шүүгдэгч Д.Од буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН